Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0474

 

С.Бөхбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.Бөхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагч Б.Баян-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Бөхбаатарын  нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Бөхбаатарыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул 1.5 дахин бодож нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу С.Бөхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 18 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 101 хоногийн олговор 5084014 /таван сая наян дөрвөн мянга арван дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Мал эмнэлгийн дарга С.Бөхбаатар нь ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, 2.1, 2.2, 4.2, 4.3 дахь хэсэгт заагдсан гол чиг үүргээ хангалтгүй биелүүлж, Ховд аймгаас орж ирсэн 364 ухна ишгийг хяналтандаа авч үзлэг шинжилгээнд хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас мялзан өвчин Говь-Алтай аймагт тархсан.

Мялзан өвчний вакцин хийх явцад зохион байгуулалтын болох хяналт тавих үүргээ Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хууль, ажлын байранд заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Халиун суманд 2017 оны 01 дүгээр сард мялзан өвчин, Хөх морьт суманд мөн гарч нийт 6624 бог малыг вакцинжуулалгүй үлдээсэн байсныг вакцин хийсэн.

Тонхил суманд зарим аймгуудын мал таригдаагүй үлдсэнийг гэрч мэдүүлсэн байгаа. Цаашид дахин тоо нэмэгдэх магадлалтай байна. Мялзан өвчин бол олон улсын хорио цээрт А зэрэглэлийн өвчин. Энэ гамшгийг өндөржүүлсэн байдал зарлаж асар их өндөр хариуцлагаар зохион байгуулах ажил байдаг. Зүгээр нэг архи уусан, ажлаа тасалсан хүнийг хянах асуудал биш.

Мөн хүн ам, хүнсний аюулгүй байдлыг хангаж, мах сүүг 21 хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрч байж хэрэглэх ёстой байтал С.Бөхбаатар өөрөө 14-21 хоног гэж 7 хоногоор нааш татаж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Мөн Тонхил суманд вакцин хийсэн эмч н.Төмөрбаатар, н.Амгалан нар 3 хоногийн дараа сүүг хэрэглэж болно гэсэн мэдээлэл малчдад өгсөн. Мөн Халиун суманд н.Эрдэнэбаяр эмч 7 хоногийн дараа сүүг хэрэглэж болно гэсэн мэдээлэл өгсөн. Энэ нь малын эмч нарыг мэдлэгжүүлж, сурталчилгаа хийлгээгүйгээс болсон.

Мөн эмч нар вакцин хийхийн хажуугаар мялзан өвчний хор уршиг, заавал малаа хамруулах талаар зөвлөгөө өгөөгүйн улмаас малчид малаа авч үлдсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатороос удаа дараа зөвлөмж, зааварчилгаа өгсөн ч хангалтгүй биелүүлж, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн онцгой комиссын шийдвэрийг хангалтгүй биелүүлсний улмаас аймгийн Засаг даргын шийдвэрээр нийлүүлэгт оруулж болохгүй гэж хориглосон Халиун сумын Гүү бариач багийн хуц ухнын сүргээс 57 ухна тараагдсан.

Мөн С.Бөхбаатар нь уг ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар орсон, ажил дээрээ янз бүрийн ёс зүйн зөрчил гаргадаг байсан нь нотлох баримтаар орсон байгаа.

Дээрх алдсан зөрчил, ажлын хариуцлага алдсан байхад шүүх түүнийг ажил үүргээ биелүүлж байсан гэх үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн хэргийн үнэн бодит байдлыг тал бүрээс нь нягтлан шалгаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг нэг бүрчлэн шалган үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

С.Бөхбаатар Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баян-Эрдэнэд холбогдуулан “Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2016 онд ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул хуулийн дагуу 1.5 дахин бодож нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдсэнээс хойш 21 хоногийн дотор мах сүүг хэрэглэж болохгүй гэсэн зааварчилгааг зөрчиж, 14-21 хоногийн дараа хэрэглэнэ гэсэн албан бичиг сумдад явуулж ноцтой зөрчил гаргасан, мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж, орон нутагт ажиллаж байгаа Мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр дутуу хангасны улмаас Төгрөг, Хөхморьт сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, бог малд вакцин тарьснаас хойш Тонхил сумд 3 хоногийн дараа, Халиун сумд 7 хоногийн дараа сүү хэрэглэж болно хэмээн буруу мэдээллийг эмч нар түгээсэн, малчдад уг өвчний талаар мэдээлэл, ухуулга сайн зохион байгуулаагүйн улмаас Тонхил сумын Бүс-Уул багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн асуудал гарсан зэрэг удаа дараа ажлын хариуцлага алдсан” гэж тайлбарлан маргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх зөрчлүүдээс мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдсэнээс хойш 21 хоногийн дотор мах сүүг хэрэглэж болохгүй гэсэн зааварчилгааг зөрчиж, 14-21 хоногийн дараа хэрэглэнэ гэсэн албан бичиг сумдад явуулсан, Мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр дутуу хангасны улмаас Төгрөг, Хөхморьт сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, малчдад уг өвчний талаар мэдээлэл, ухуулга сайн зохион байгуулаагүйн улмаас Тонхил сумын Бүс-Уул багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн гэх зөрчлүүдийн тухайд дүгнэлт хийсэн ч бусад зөрчлүүдэд нэхэмжлэгч буруутай эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

1. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд:

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм даргалж, тус аймагт бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Харин маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч С.Бөхбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хэрэгт аваагүй байх тул нэхэмжлэгчид ямар үүрэг даалгавар өгсөн, тэрээр энэ үүрэг даалгаврыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан болохыг тогтоох боломжгүй байна. Иймд тус аймагт малын гоц халдварт мялзан өвчин гарснаас хойш Говь-Алтай аймгийн Онцгой комисс хэдэн удаа хуралдсан болохыг тодруулж, аль хуралдаанаас өгсөн ямар үүрэг даалгаврыг нэхэмжлэгч биелүүлээгүй болохыг шалгаж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдсэнээс хойш 21 хоногийн дотор мах сүүг хэрэглэж болохгүй гэсэн зааварчилгааг зөрчиж, 14-21 хоногийн дараа хэрэглэнэ гэсэн албан бичиг сумдад явуулж ноцтой зөрчил гаргасан гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгчээс “...вакцины зааврыг орчуулсан Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Батбаяр мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдсэнээс хойш хориотой заалт байхгүй, Хятадад ч хориглодоггүй, мах сүүг шууд хэрэглэдэг гэж хэлсэн. Гэхдээ гаднаас авч байгаа вакцин эрсдэлтэй байж мэднэ гэж бодоод 21 хоногийн дотор мах сүүг хэрэглэж болохгүй гэсэн зааварчилгааг би өөрөө эхэлж гаргасан...” гэж, хариуцагчаас “...вакциныг найруулах, хадгалах, тээвэрлэхэд л стандарт мөрддөг. Түүнээс вакцин хийчихээд тэд хоногийн дараа мах, сүүг хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй. Харин Онцгой байдлын ерөнхий газраас 21 хоног ба түүнээс дээш хугацаанд мах, сүүг хэрэглэнэ гэсэн зөвлөмж ирсэн...” гэж тайлбарласан байхад дээрх зөрүүг гаргаагүй, энэ талаар холбогдох баримтыг цуглуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр захирамжаар “вакцинжуулалтад хамрагдсан малын мах, сүүг 21 хоног хүнсэнд хэрэглэхгүй болсонтой холбогдуулан постыг 14 хоногийн хугацаатайгаар сунгаж, амьд мал, мах сүүнд хяналт тавьж ажиллах”-ыг даалгасан байхад нэхэмжлэгч Мал эмнэлгийн хэлтсийн дарга 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумдын Засаг дарга нарт “вакцин хийгдсэнээс хойш 14-21 хоногт вакцин хийгдсэн малын мах, сүүг хэрэглэж болохгүй” гэсэн зөрүүтэй албан бичиг явуулсан нь зөрчил мөн эсэх, үүнээс үүдэн ямар үр дагавар үүссэн зэрэг нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

3. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 414 тоот албан бичгээр Ховд аймгийн 8 суманд бог малын мялзан өвчин гарч, энэ өвчин Монгол Улсын хэмжээнд анх удаа оношлогдож байгаа, хил дамжин халдварладаг, гоц халдварт, эрсдэл өндөртэй өвчин болохтой холбогдуулан Говь-Алтай зэрэг баруун аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн хэлтэст хандаж, 15 асуудлаар зөвлөмж хүргүүлсний дотор уг өвчнөөс учирч болох хор холбогдлыг малчид, ард иргэд, малын эмч, мэргэжилтэн нарт сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийхийг зөвлөжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халах үндэслэл болсон Мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр хэрхэн хангаж ажиллаж байсан, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан нэхэмжлэгч нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүйгээс ямар хохирол учирсан, хүний биед тариур алдахаас урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авч ажиллаж байсан,  түүнчлэн өвчний голомтод байгаа малчдад уг өвчний талаар мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх ямар ажиллагаа хийсэн зэргийг нарийвчлан шалгаж, эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй  хэрхэн уялдаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/337 дугаар захирамжаар “бусад аймгаас ирсэн малд халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх, шилжин ирсэн малыг мал эмнэлгийн хяналтад хорио цээрийн дэглэмд 30 хоног байлгаж, шинжилгээнд хамруулсны дараа нутгийн сүрэгт нийлүүлэх”-ийг даалгажээ.

Хариуцагчаас С.Бөхбаатар нь ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2,  2.1, 2.2, 4.2, 4.3-д заагдсан гол чиг үүргээ хангалтгүй биелүүлж, Ховд аймгаас орж ирсэн 364 ухна ишгийг хяналтандаа авч, үзлэг шинжилгээнд хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас мялзан өвчин Говь-Алтай аймагт тархсан гэж маргаж байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий актын аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Харин нэхэмжлэгчээс “Анх Мал эмнэлгийн үржлийн албаны дарга н.Баянмөнх ухна, ишгийг Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 09 дүгээр сарын эхээр авчирсан байсан. Тэр үед Алтай суманд мялзан өвчин оношлогдоогүй бөгөөд одоо ч гэсэн уг өвчин оношлогдоогүй үлдсэн сумын нэг. Харин өвчин оношлогдсон айлууд нь Ховд аймгаас мал аваагүй бүгд нутгийн малтай айл байсан. Ховдод оношлогдоогүй удсан учраас нааш зэргэлдээ айлуудаар дамжаад ороод ирсэн” гэж маргаж байна.

Иймд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар батлагдсан Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих журамд зааснаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн хэлтэс, Мал эмнэлгийн үржлийн алба зэрэг байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүргийг тодруулж, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт дээрх асуудал хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН