Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 116

 

А.П, Х.Н нарын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                 Д.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч Х.Н-ээс гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох, Х.Н-ийг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин болон мэргэжилтний бага цалинтай ажил хийсэн хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг тус газрын даргад даалгах тухай”,

Нэхэмжлэгч А.П-ээс гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, эсхүл захиргааны хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг газрын даргад даалгаж, мэргэжилтний бага цалинтай ажил хийсэн хугацааны цалингийн зөрүүг гаргуулж, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг газрын даргад даалгах тухай”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч А.П-ийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,

Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Н-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар нэхэмжлэгч Х.Н-ийг томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал хууль бус байсан болохыг тус тус тогтоож, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд Х.Н-ийг томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Х.Н-ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5,708,704 /таван сая долоон зуун найман мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 5,708,704 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөхийг тус газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.П-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд А.П-ийг томилохыг тус газрын даргад даалгаж, А.П-ийн мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1,207,359 /нэг сая хоёр зуун долоон мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Б, Д.А, өмгөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч нарын урьд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт, одоо томилуулахыг шаардаж буй ажлын байрны тодорхойлолт өөр байхад Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэсэн. Нотлох баримт буруу үнэлсэн.

5. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, Захиргааны хяналтын хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилохыг хариуцагчид даалгаж, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4.1-д заасан зарчимд нийцэж байгаа талаар шүүхийн шийдвэртээ дурдсан байна. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байна гэсэн зарчим хэрхэн хэрэгжих талаар Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3-т заасан томилох эрх бүхий этгээдийн эрх хэрхэн хэрэгжих талаар шүүхийн шийдвэр, магадлалд дурдаагүй байна.

6. Тухайн өөрчлөн зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэсний дагуу ажиллуулах үүрэгтэй боловч уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн эрхээ бас эдлэх ёстой.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал Төрийн албаны тухай хуулийн 4.2.4 дэх заалт, томилох эрх бүхий этгээдийн Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3, 27.2.3-т заасан эрхийг хязгаарлаж хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа тул энэхүү үндэслэлээр хянаж өгнө үү.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлээгүй зөрчлүүд байхад хэргийг шийдвэрлэсэн.

9. Хяналтын шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ыг оролцуулах тул хурлын тов мэдэгдэнэ үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 110/Ш32017/0061 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Х.Н, А.П нарын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

12. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 5/21 тоот тушаалыг тус тус үндэслэн А.П-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон байна. Дараа нь ажил олгогч 2016 оны 02 тоот тушаалыг хүчингүй болгон Монгол улсын Авилгатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 05/8997 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот тушаалаар тус газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилсон байна. Ингээд хэсэг хугацааны дараа ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот тушаалыг хүчингүй болгосон учраас А.П өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тухайн албан тушаалд эгүүлэн томилохыг хүсэж нэхэмжлэл гаргасан билээ. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн анхны шаардлага дэмжиж байгаа бөгөөд намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын гэсэн шаардлага хэвээр байгаа болно.” гэж дурджээ. Үүнээс үзэхэд А.П нь анхнаасаа тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд маргаагүй байгаа ба харин тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргад эгүүлэн томилогдохыг хүсэж маргасан нь тодорхой байна. А.П нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллахаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гарган уг мэдүүлэгт гарын үсгээ зурсан нь тухайн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн асуудал гэж үзэж байна.

13. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсан “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэ бүтэц орон тоог батлан өгсөн ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/179 дугаар тушаалаар газрын даргаар Б.С намайг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд би шинэ байгууллагыг шинэ орон тоо бүтцээр хүлээн авч шинээр ажилтан ажилчдыг шалгаруулж авсан. Ингэхдээ урьд олон жил ажилласан туршлага зүтгэлийг нь харгалзан үзэж А.П-ийг өөрийнх нь хүсэлтээр тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар томилсон юм. Гэвч ажлын шаардлага, зарим нөхцөл байдал шалтгаануудаас болж А.П-ийг уг ажлаас чөлөөлж, захиргааны хяналтын хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр өөртэй нь ярьж тохиролцсоны дагуу өөрчлөн томилсон” гэснээс үзэхэд тухайн үед А.П нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад өөрөө хүсэж сайн дурын үндсэн дээр томилогдсон болохыг давхар нотолж байна. А.П нь тус байгууллагын даргаар Б.С нь томилогдоод байгууллагад анхлан бүтэц, зохион байгуулалт хийж албан тушаалын хуваарилалт хийсэн үед тухайлбал 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр тус газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар ажиллах талаар хүсэлт гаргаагүй юм.

14. А.П нь тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзээд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Хуульд өөрөөр заагаагүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.2. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан юм. Гэтэл А.П нь 3 сарын дараа маргаан бүхий албан тушаалд ажиллах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Энэхүү  нөхцөл байдал нь А.П нь гуравдагч этгээд Д.А тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилогдсон асуудлыг мэдэж байсан Д.А-тэй хамт ажиллаж байсан, анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Д.А-ийн албан тушаалд маргаагүй байгаа, ажил олгогчтой тохиролцсон байдал зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй явдалд гомдолтой байна.

15. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн “2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгч А.П-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд А.П-ийг томилохыг тус газрын даргад даалгаж, А.П-ийн мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1,207,359 /нэг сая хоёр зуун долоон мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг тус газрын даргад даалгаж ...” гэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А миний хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хяналтын гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбарыг хавсаргав.

16. Хяналтын гомдлыг хянан хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.А би болон миний сонгож авсан өмгөөлөгч Я.С нар заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна гэжээ.

17. Гуравдагч этгээд Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА/2017/0876 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

18. Монгол улсын Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс тус тусдаа ажиллаж байх үед нэхэмжлэгч Х.Н Халамжийн үйлчилгээний хэлтэст нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргаар ажиллаж байх хугацаанд миний бие 2015 он хүртэл Засаг даргын Тамгын газрын Нийгмийн халамж үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Засаг даргын Тамгын газарт ажиллаж байх хугацаандаа миний эрхэлж байсан ажил төрөөс баримталж буй нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хүргэх чиг үүрэгтэй байсан. Тийм учраас нэхэмжлэгч Х.Н бид хоёрын хувьд одоогийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлага, чиг үүргийн хувьд хэн нэгэн илүү хангах асуудал байхгүй гэж үзэж байна.

19. Мөн одоогийн Халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага нь өмнөх Халамжийн үйлчилгээний хэлтэст Нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргын ажлын байрны тодорхойлолт өөр байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн халамж үйлчилгээний 69 төрлийн багц үйлчилгээний ахмад настанд чиглэсэн 10 төрлийн багц үйлчилгээг л халамжийн хэлтсийн дарга хариуцан хэрэгжүүлэхээр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц, орон тоо баталсан хавсралтанд тодорхой тусгасан.

20. Миний хувьд төрийн албанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй хариуцсан үүрэгт ажлаа хэлбэрэлтгүй гүйцэтгэж ирсэн. Халамжийн салбарт удаан жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн хүн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд Х.Б миний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү. Хяналтын журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбарыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

22. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...-аар заасан байхад хариуцагч Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Х.Н-ийг орон тоо, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн нийгмийн халамжийн хэлтсийн даргын, А.П-ыг захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

23. Мөн хариуцагч шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар А.П-ийг томилон ажиллуулсан, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 74 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг тус тус үндэслэн мөн  ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд тушаалын үндэслэлд заасан нөхцөл байдал үүсээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.   

24. Захиргааны хэргийг нэгтгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд нэхэмжлэгч нар хэргийг нэгтгэсэн асуудлаар гомдол гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн, тодруулбал маргааны үйл баримт нэг буюу ажилд эгүүлэн томилуулах асуудлаар нэг хариуцагчид холбогдуулан маргасан тул хэргийг нэгтгэсэн асуудлыг буруу гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу хэргийг нэгтгэсэн нь буруу” гэсэн гомдлыг шүүх хүлээж авах үндэслэлгүй юм.

25. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0061 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0876 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Д.А, Х.Б нарын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН