Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Цэрэнпагма өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Урианхан овогт Бундаагийн Цэрэнпагмад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706007360049 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Урианхан овогт Бундаагийн Цэрэнпагма, 1971 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Цэргийн төв эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 13-201Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЦЖ71102861/,

Шүүгдэгч Б.Цэрэнпагма нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 13-201А тоотод Улаанбаатар цахилгаан түгээх ХХК-ний ажилтан С.Болорчимэгийг гэрийн тогны утас тасаллаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Цэрэнпагма шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогч С.Болорчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 13-201А тоотод оршин суух Жүгдэр овогтой Баярбат гэх айл нь 4 дүгээр сарын эрчим хүчний төлбөр болох 183.722 төгрөгийн төлбөрөө төлөөгүй учир тогийг нь тасалчихаад хашаанаас нь гарч яваад, хамар хашаанд нь байрлах айлын тогийг нь залгах гээд буцаад ортол тогны утас тасаллаа гэж Баярбатын эхнэр гэх эмэгтэй гэрээсээ гарч ирээд тогондоо наалдаж үхээрэй гэх мэтээр доромжлон, үсдэж аваад, хоолой боосон, зүүн талын хацар хумсаараа урсан, миний толгойг хоёр удаа контейнер мөргүүлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-7/,

             Гэрч Б.Анираа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ээж Цэрэнпагма бид хоёр зуслан руу явах гээд гарах гэж байтал тогны хүн ирээд тог тасалсан. Тэгэхэд гаднаас хүүхэд орж ирээд “аниа танай гэрийн тогны утсыг хүн таслаад байна” гэж хэлэхэд ээж гэрээсээ гарсан. Тэгээд эмэгтэй хүмүүс хэрэлдээд байгаа бололтой орилолдоод байхаар нь очиход ээж тогны хүн бололтой эмэгтэй хүнийг контейнерт шахсан заамдаад зогсож байхаар нь очоод салгасан. Тэр хүний хацрыг маажсан бололтой шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

              Гэрч З.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...гудамжинд эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь гарахад 201 тоотод байрлах тогны шийдийн гадаа гэрлийн байцаагч эмэгтэйг манай хойно байдаг Цэрэнпагма заамдаад контейнер налуулаад үснээс нь зулгааж байсан. ...Цэрэнпагмын охин хажууд нь байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-22/,

              Яллагдагч Б.Цэрэнпагма мэдүүлэхдээ: “...тэр хүнийг заамдаж аваад цамцаар нь хоолойг нь боогоод сэгсэрсэн. Тэр үед манай охин ирээд салгасан. Хохирогчийг цамцаар нь бооход хүзүү, эгэмд цус хуралт, тархи доргисон байх, мөн ноцолдож байхад хацар нь бага зэрэг  хумсаар зурагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-32/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №9618 тоот дүгнэлтэд: 

  1. С.Болорчимэгийн биед тархи доргилт, толгойн дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн  хацарт зулгаралт, хүзүү, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурав ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-24/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Цэрэнпагма нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 13-201А тоотод Улаанбаатар цахилгаан түгээх ХХК-ний ажилтан С.Болорчимэгийг гэрийн тог тасаллаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цэрэнпагма нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цэрэнпагма учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч С.Болорчимэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Урианхан овогт Бундаагийн Цэрэнпагмыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Цэрэнпагмыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэнпагмад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 21-ний дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Цэрэнпагма нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Цэрэнпагма нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Цэрэнпагма нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэнпагмад хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР