Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/820

 

Б.Ц-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

цагаатгагдсан этгээд Б.Ц-ын өмгөөлөгч Ш.Ганбат, Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/805 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2008 00000 1326 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Ц-, 1971 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 13 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2 жил 6 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Б.Ц- нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүйн гол” гэх газарт Ч.Д-тэй газрын маргаан хийж Ч.Д-ийн хүзүү, цээжин хэсэгт нь маажиж, нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Ц- ба Д.Б нар харилцан хүч чадлаа дайчлан хүрз булаацалдахад Б.Ц- нартай маргалдаж байсан Ч.Д тус маргаанд дур зоргоор оролцох үедээ тийнхүү булаагдан савчигдаж байсан хүрзэнд оногдсон болох нь огт үгүйсгэгдээгүй байна. Хохирогч Ч.Д-ийн мэдүүлэг /хх 10/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх 26/, гэрч С.Э-ийн мэдүүлэг /хх 16/, гэрч Д.Ц-ийн /хх 58/, гэрч Э.Д-ын мэдүүлэг /хх 43/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх 12/, Б.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/ зэрэг нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын  зөрчилгүй бөгөөд тухайн нотлох баримт тус бүр эх сурвалжаа тус тус харилцан давхар нотолж байх тул тухайн нотлох баримтуудыг худал гэж үгүйсгэн няцаах үндэслэлгүй.

Нотолгооны чадваргүй буюу эх сурвалжгүй болох нь тогтоогдсон нотлох баримтаар шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй. Хохирогч  нь тийнхүү бусдын харилцан булаалдаж байсан хүрзэнд оногдсон болохыг нотолж буй хохирогч Ч.Д /хх 4-5, 10/, гэрч Д.Б /хх 26/, гэрч С.Э /хх 16/, гэрч Д.Ц /хх 58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /хх 12, 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-66, 54-55/ зэрэг нотлох баримтуудаар гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх 18/, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “...Тэгтэл Ц чи ямар ядаргаатай пизда вэ гээд хүрзээ бариад хүрээд ирсэн. Хүрзээ бариад дайраад маргалдсан. Би барьж байсан бичгээ ард байсан хүндээ өгөөд эргэж харахад намайг хүрзээрээ нүдний доод зовхи руу цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 105-106/ тус тус худал буюу эх сурвалжгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул нотолгооны чадваргүй эх сурвалжгүй худал мэдээлэл гэж үзнэ. Хохирогч Ч.Д нь өөрийн барьж байсан цаасан баримтыг ард байсан хүндээ өгөөд эргэж харахад намайг хүрзээрээ цохисон гэж мэдүүлсэн боловч тийнхүү эргэн харсан гэх тухайн үед Б.Ц ба Д.Б нарын харилцан хүрз булаацалдах үйл явц хэдийн эхэлчихсэн буюу хохирогч талаас анхлан үүсгэсэн маргааны эхлэл, өрнөл, дэс дараалалд өөрчлөлт ороогүйгээр тасралтгүй үргэлжилж байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн өмнөх шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр камерын бичлэгүүдийг дахин шинжлэн судлахад тухайн асуудалд эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй ба энэ талаарх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг бусад оролцогч талууд огт үгүйсгээгүй /хх 108-109/.

Иргэн Д.Ц-д “жимс, жимсгэнийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамж, эзэмшлийн газартаа эргэлтийн цэгийн дагуу хашаа барих, зориулалтын дагуу ашиглахыг мэдэгдсэн баримт /хх-40, 50, 46/, гэрч Д.Ц /хх-58/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 37-39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Д.Ц нар эзэмшил газар дээрээ хашаа барьж буй үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл, баримт огт тогтоогдоогүй байхад хохирогч Ч.Д нь төрийн бус байгууллагын нэр барин зарим иргэдийг уриалан 2020.08.23, 2020.08.25-ны өдрүүдэд Д.Ц нарын эзэмшил газар дээрээ хашаа барьж буй үйл ажиллагааг хүч хэрэглэн таслан зогсоох, хашаа барьж буй хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлэх, зүй зохисгүй авирлах зэргээр хууль бус, зүй бус үйлдлүүдийг тодорхой давтамжтайгаар хийсэн байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.

Зүй нь Ч.Д хэрэв бусад этгээд нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж нийтийн эрх ашигт хохирол учруулж байна гэж үзэх баримт сэлт үнэхээр байгаа бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, улмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхэд чиглэгдсэн үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж болохыг үгүйсгэхгүй ба харин төрийн бус байгууллагын нэр барин өөрийн дур зоргоор, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн тухайн асуудлыг хүчээр, дур зоргоор шийдвэрлэх эрх хэмжээ хууль тогтоомжоор түүнд олгогдоогүй байх тул хохирогч, түүнтэй хамт байсан зарим хүмүүсийн зүгээс цаг хугацааны тодорхой давтамжтай хийгдсэн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тийнхүү 2 талын хоорондын маргааны эхлэл, өрнөл, тасралтгүй үргэлжлэх шалтгаан хийгээд энэ явцад хор уршиг үүсэж болох анхдагч нөхцөлийг бүрдүүлжээ.

Хохирогч нь тийнхүү бусдын харилцан булаалдсанаас савчигдаж байсан хүрзэнд оногдсон болохыг нотолж буй хохирогч Ч.Д /хх-04-05,10/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлүүд/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтууд үгүйсгэгдэж няцаагдаагүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэмт санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй. Мөн тухайн нотлох баримтууд болон хохирогчийн...Ц-тай яагаад намайг цохидог юм гээд маргалдаж байхад Ц миний хүзүүг боож цээж маажсан байна лээ. Тэрнээс өөр зодоон цохион болоогүй бөгөөд нутгийн ах нар тэр хүнийг надаас салгасан...гэх мэдүүлэг/хх-10/ зэргээс үзэхэд бусдын харилцан булаалдаж байсан хүрзэнд Ч.Д оногдсон байхаас энэ явцад Ц-тай дахин хүрзээр цохисон эсэхээр маргалдаж, харилцан бие биедээ хүч хэрэглэсэн болох нь үгүйсгэгдээгүй байх тул өөрийн гарт байсан хүрзээ бусдад булаалгаж болон Ч.Д-ийн заналхийлж, хүч хэрэглэсэн үйлдэл бүхий тухайн нөхцөл байдлын хүрээнд Б.Ц нь хохирогчийн хүзүүг боож цээжийг маажсан гэх үйлдэл эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдоогүй байх төдийгүй хохирогч талын хууль бус, зүй бус үйлдлийн эсрэг хэн боловч таслан зогсооход чиглэгдсэн үйлдэл хийж болохыг Эрүүгийн хуулиар хориглоогүй.

Түүнчлэн хохирогч нь Ц-ийн эзэмшлийн тухайн газарт 2020 оны 8 дугаар сарын 23-нд очихдоо нэг залууд цохиулсан тухай мэдүүлсэн /хх 4/ байх тул хохирогчийн цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт зэрэг шарх гэмтэл үүссэн нь чухам хэзээ буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр эсхүл 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр учирсан эсэх асуудлыг зохих шалгуур үндэслэлээр ялгаа заагтайгаар тогтоосон тусгай мэдлэгийн баримтгүй байх тул таамаглах боломжгүй.

Нэгэнт шүүгдэгчийн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтэл шархад хамаарах дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэн байх тул шинжээчийн дүгнэлтэд заасан “дээрх гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй байх төдийгүй тухайн гэмтлүүдийг хүрзэнд оногдсон болон бусад хүчин зүйлсээс үүссэн гэж ялган зааглахад “дээрх гэмтлүүд” гэсэн нь задарч улмаар тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх үндэслэл, үйл баримт болж байна.

Дээрх үндэслэлүүдэд хамаарах нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай болох нь тогтоогдсон ба тус нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийг цагаатгах тухай түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч гэм буруутай тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан шалгаж, үнэлэх замаар хэргийн бодит байдал буюу гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ц- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Гэрч Д.Б-ийн “...тэр хүмүүстэй уулзаад хашааг чинь бариулахгүй гээд маргалдаж муудалцсан. Тэгэхэд хашаа барьж байсан нэг залуу хүрзээ далайгаад Д-ийн нүүрэнд хальт цохисон. Тэгэхээр нь би хүрзээрээ дахиад хүн цохиж магадгүй гэж бодоод хүрзийг нь булааж авах гээд хүрзнээс нь барьж аваад булаацалдаад Д-ээс холдуулсан...” гэх мэдүүлэг /хх 18/ өгсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ц, Д.Б нарын хоорондоо булаацалдаж байсан хүрзэнд оногдсон бус эхлээд Б.Ц нь хохирогч Ч.Д-ийн нүүрэн тус газарт хүрзээр цохисон үйл баримт тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдал бий болсны дараагаар буюу шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан шүүгдэгч Б.Ц-, гэрч Д.Б нарын хооронд “хүрз булаацалдсан” үйл явц дууссаны дараа шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Д-ийн “...Би барьж байсан цаасаа хүнд өгөх гээд эргэж харж өгчихөөд эргээд хартал хүрзээр цохисон. Тэгээд чи муу яахаараа намайг цохидог юм гэж бид хоёр зууралдсан. Зууралдах хооронд миний цээжин тус газарт самардсан бас нүүрэн тус газар цохисон. Миний гэмтлүүдийг Ц- гэдэг хүн учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9851 дугаартай дүгнэлт /хх 20-21/ зэргээр тогтоогдож байна. Мөн шинжээчийн 9851 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр бусдын булаацалдаж байсан хүрзэнд оногдсон 1 удаагийн үйлдэл гэж дүгнэж, хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд хохирогч Ч.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа эх сурвалжаа заан шүүгдэгч Б.Ц-тай “Зөвшөөрөлгүй хашаа барилаа” гэж маргалдан улмаар зууралдаж, цээжин тус газарт нь самардсан, нүүрэн тус газарт нь цохисон талаар мэдүүлдэг бөгөөд өмнөх анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Ч.Д нь мөн энэ талаар тогтвортой мэдүүлсэн.

Ч.Д-ийн үйлдэл шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан зүй зохисгүй авирласан, зүй бус үйлдлүүдийг тодорхой давтамжтайгаар хийсэн байгаа боловч тухайн үйлдлийг таслан зогсоосон шүүгдэгч Б.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

Хэргийн үйл баримт нь хохирогч Ч.Д, шүүгдэгч Б.Ц-, гэрч Д.Б нарын хооронд өрнөдөг бөгөөд хохирогч Ч.Д нь өөрийнх нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүгдэгч Б.Ц нь ямар байдлаар хэрхэн, яаж учруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус тус мэдүүлэг өгсөн байдаг.

Хохирогч Ч.Д-ийн “...Та нарын газар хашаа барь гэсэн зөвшөөрөл байхгүй байна гэтэл чи ямар ядаргаатай хар пизда вэ, ална тална гэж дайрсан. ...Тэгээд чи муу яахаараа намайг цохидог юм гэж бид 2 зууралдсан. Зууралдах хооронд миний цээжин тус газар самардсан бас нүүрэн тус газар цохисон. ...” /хх 4-5/,

гэрч М.Б-ийн “...Маргаан дунд хашаа барьж байсан тарган намхан гартаа хүрз барьсан чинь хүрз нүүрийг нь цохисон чинь хоорондоо хүрзээр цохилоо гээд маргалдсан. ...” /хх 26/,

гэрч Д.Б-ийн“...Тэр хүмүүстэй уулзаад хашааг чинь бариулахгүй гээд маргалдаж муудалцсан. Тэгэхэд хашаа барьж байсан нэг залуу хүрзээ далайгаад Д-ийн нүүрэнд нь хальт цохисон. Тэгэхээр нь би хүрзээрээ дахиад хүн цохиж магадгүй гэж бодоод хүрзийг нь булааж авах гээд хүрзнээс нь барьж аваад булаацалдаад Д-ээс холдуулсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц, хохирогч Ч.Д нарын маргах болсон шалтгаан, хохирогч Ч.Д-г, шүүгдэгч Б.Ц нарын ямар үйлдэл хийж байсан талаарх үйлдлийн дэс дараалал, үйлдэлдээ хандаж буй байдал, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт санаа зорилго тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9851 дугаартай дүгнэлтэд “Ч.Д-ийн биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлттэй /хх 20-21/ холбогдуулан гомдол хүсэлт хэргийн оролцогч нараас гаргаагүй байх бөгөөд тухайн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа болно. Шүүгдэгч Б.Ц, хохирогч Ч.Д нар нь хүрзээр цохисон цохиогүй гэх асуудлын улмаас хоорондоо маргалдаж улмаар зууралдан шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ч.Д-ийн нүүрэн тус газар нь цохиж, цээжийг нь маажиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хөнгөн хохирлыг санаатай учруулсан байхад анхан шатны шүүх дээрх байдалд огт дүгнэлт хийгээгүй ба улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч, гэрч, шинжээч эмч нарыг оролцуулах санал гаргасан боловч шүүх хүлээн аваагүй бөгөөд хэргийн оролцогч нарыг оролцуулснаар гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой байсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ДШМ/242 дугаартай магадлалаар хэргийн оролцогч нарыг оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан асууж хэргийг шийдвэрлэх боломжтой талаар дүгнэсэн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/805 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэргийн 10 дугаар хуудаст хохирогч “Хүрзээр яагаад намайг цохидог юм бэ гэж маргалдаад, сүүлд нь Ц миний хүзүүн тус газар маажаад, нүүрэн тус газар цохисон” гэж тодорхой мэдүүлсэн. Хоёр талаасаа газартай холбоотой асуудлаас болж маргалдсан нь бичлэг дээрээс харагддаг. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ц-ын өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ц, гэрч Б нарын хооронд хүрз булаацалдсан үйл явц дууссаны дараа шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Д-ийн мэдүүлгээр тогтоогдсон гээд дүгнээд байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс Б.Ц нь хохирогч Ч.Д-ийн нүүрэн тус газар гараараа цохисон, хүзүү хоолойг нь маажсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Зөвхөн хохирогч Ч.Д л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлээд байдаг. Анхны мэдүүлэгтээ хохирогч Ч.Д “Хүрзээр цохисон. Өөр байдлаар цохиж зодоогүй” гэсэн байдаг. Сүүлдээ мэдүүлгээ өөрчилж яриад байдаг. Анхан шатны шүүхээс бодит дүгнэлтийг хийсэн. Хамгийн гол баримт бичлэг байдаг. Прокурор уг бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр сайн үзэж чадаагүй. Бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бүрэн шинжлэн судалсан. Бичлэг нийтдээ 50 минутын бичлэг байгаа. Маргааны үеийнх нь бичлэг 5 минутын бичлэг байдаг. 3 минут 17 секундээс эхлээд Б, Б.Ц хоёр хүрзээ булаацалдаад эхэлж байгаа нөхцөл байдал тогтоогддог. 3 минут 30 секундэд Б.Ц, Б хоёр хүрзээ булаацалдаад хүрзийг хоёр тийш саваад байгаа нөхцөл байдал харагддаг. Энэ үед Ч.Д хол байгаа харагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Э, Ц нарын мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Б.Ц нь Ч.Д-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг үйл баримт тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ц-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос уг хэргийн гол агуулга, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд хууль зүйн үүднээс бодитойгоор дүгнэлт хийж чадаагүй. Хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газар дээрээ үйл ажиллагаа явуулж байхад нь нутгийн гэх нэрээр, мөн төрийн бус байгууллага гэх нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, лайв хэлбэрээр бичлэг хийж залуучуудыг турхирсан, зохион байгуулалттай үйлдлийг хийсэн байхад мөрдөгч нь зөв дүгнэж шалгаагүй, прокурор нь хяналтаа зөв тавьж чадаагүй байдаг. Жил гаруй хугацаанд Б.Ц гэх хүнийг чирэгдүүлж байна. Б, Б гэх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогч Ч.Д “Хүрзээр цохисонд нь гомдолтой байна” гээд байдаг. Гэтэл дүрс бичлэгийг үзэхэд хүрз булаацалдаж байхад Ч.Д хол явж байдаг. Хүрз булаацалдах үйл явцад Б оролцоод явсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хүний гэм буруутай аливаа үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг болно.

Мөрдөн байцаалтаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Ц- нь Ш.Н, Д.Э, Р.Д, Д.Ц нарын хамт жимс жимсгэнэ тарих зориулалтаар авсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт гэх газарт хашаа барьж байхад нь Ч.Д нь Д.Б, М.Б, Б, П зэрэг хүмүүсийн хамт тухайн газрыг “Иргэдийн малын бэлчээр... хашаа бариулахгүй” гэж маргаж, тэдний хашаа барьж байсныг нь таслан зогсоох зорилгоор хүч хэрэглэж эсэргүүцсэн байх бөгөөд ингэх явцад гартаа хүрз барьсан байсан Б.Ц-тай Д.Б гэгч нь хүрзийг булаацалдаж байх явцад Ч.Д нь хүрзэнд оногдож, цохиулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Б.Ц- нь Ч.Д-ийн биед халдаж, гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, Ч.Д рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан:

хохирогч  Ч.Д-ийн: “...Бид хоёр маргалдсан. Тэр үед Ц гартаа хүрз барьсан байсан бөгөөд намайг цохих гэсэн чинь нутгийн ах Батка гэдэг хүний дүү хүрзнээс бариад авсан чинь миний нүүр, нүд хэсэгт хүрз цохисон. ...” /хх 10/,

гэрч С.Э-ын: “...Ц- тухайн үед хүрз барьсан байсан бөгөөд ногоон цамцтай өндөр залуу хүрзнээс нь бариад, тэр хоёр хүрзээ булаацалдаж байсан чинь Д гэдэг залуу хүрзэнд хальт шүргэгдсэн юм шиг байна лээ. ...” /хх 16/,

гэрч М.Б-ийн: “...Маргаан дунд хашаа барьж байсан тарган, намхан, гартаа хүрз барьсан хүн Д рүү дайраад хүрзээр цохих гэж байхад Б хүрзийг барьсан чинь хүрз нүүрийг нь цохисон чинь хоорондоо хүрзээр цохилоо гээд маргалдсан. Б хүрзийг тавихгүй бариад байсан. ...” /хх 26/,

гэрч Д.Ц-ийн: “...Д, Б нартай цуг ирсэн ногоон өнгийн футболктой, бор өнгийн бөөрөнхий малгай тавьсан согтуу залуу Ц-ын барьсан байсан хүрзийг булаацалдаж эхэлсэн. Тэр үед Д нүүр рүү цохичихлоо гээд гэнэт орилж чарлаад байсан бөгөөд Д, Ц хоёр хоорондоо ерөөсөө зодолдоогүй. Ц хүрзээр хүнийг цохиж зодоогүй. ...” /хх 58/

гэрч Р.Д-ын: “...Ц Д-г хүрзээр цохиж, зодоогүй. Тухайн үед байсан ногоон өнгийн футболктой, бөөрөнхий бор малгайтай залуу “Би хүрз булаацалдаж байсан чинь Д хүрзэнд цохигдсон” гэж хэлсэн. ...” /хх 43/,

цагаатгагдсан этгээд Б.Ц-ын: “...Би тэр үед гартаа хүрз барьсан байсан чинь ногоон малгайтай, ногоон футболктой залуу миний хүрзнээс барьж аваад булаах гээд байхаар нь би хүрзээ өгөхгүй гээд булаацалдсан. Тэгж байх хооронд Д нь нүүр рүү хүрзээр цохилоо гээд над руу дайраад хэрүүл хийгээд байсан. Би Д-г хүрзээр цохисон асуудал байхгүй. ...” /хх 39/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн, Ч.Д нь хэрэг болсон гэх газарт өмнө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр очиход өөрийг нь нэг залуу цохиж, ална гэж заналхийлсэн тухай мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан /хх 4/ байх бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9851 дугаартай дүгнэлтээр Ч.Д-ийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг Б.Ц, Д.Б нарын хүрз булаалдах үед цохиулсан гэх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.Ц нь бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах гэсэн сэдэлт, Ч.Д-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хангалттай нотлогдоогүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзэв.

Иймд, давж заалдах шатны шүүх прокурор Н.Улсболдын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/805 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/805 дугаартай дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ