Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Урангоо,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2438003330599 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол улсын иргэн, Б.Т-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг ... тоотод байх хашаан дотор 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас газарт хэвтэж байсан Ө.Н-ийг дайрч, эрүүл мэндэд нь аарцаг ясанд хугарал бүхий хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар баг ... тоотод байх хашаан дотор 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас газарт хэвтэж байсан Ө.Н-ийг дайрч, эрүүл мэндэд нь аарцаг ясанд хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 тал/ хохирогч Ө.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 33, 35, 37, 40 тал/, гэрч Ш.Б-ы мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, гэрч Б.Э-н мэдүүлэг /хх-ийн 45 тал/, гэрч Ш.Э-н мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, гэрч З.Даваажаргалын мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 432 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт /хх-ийн 60 тал/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68 тал/, “...” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1002158 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 73-74 тал/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 76-77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Т- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Т- нь хохирогч Ө.Н-ийн эмнэлгийн эмчилгээ, оношилгоо үйлчилгээний төлбөр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ө.Н-ийн “...гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 268,890 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Т- нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-аас 268,890 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Т-д тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-аас 268,890 (хоёр зуун жаран найман мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн 2438003330599 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Н-д төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР