Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********** овогт **********гийн **********д холбогдох 2526000000257 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны оны 02 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ********** сумын 01 дүгээр баг ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт  **********гийн ********** /РД:**********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт **********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун гарт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

  

Хохирогч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн "...Би 2025 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 00 цаг өнгөрч байхад  сумаас өөрийнхөө машинтай хөдлөөд *******ын гэрийнх нь гадаа машинаа үлдээчихээд *******ын машинд суугаад  сумын урд байх Морины шүтээний хойд талд аймгаас ирж байгаа найз болох ********** уулзах гээд очсон. ******* бид хоёр дээр 02 цаг өнгөрөөгөөд нэг хар машин дагуулаад ирсэн. Тэгээд бид нар машинаас буусан чинь нэг махлаг танихгүй залуу, 3 охин байсан. Бас ******* нэг охинтой хамт явж байсан би *******ын дагуулж ирсэн хүмүүсийг танихгүй. Бид 2 пиво 3 шил том экс нэртэй архи хувааж уучихаад ******* өөрийнхөө машинаар дрипт хийж байгаад дугуйгаа хагалаад бид 3 дугуйгаа солиод байж байсан чинь тэр танихгүй ********** гэх махлаг залуу хажуугаар дрипт хийгээд шороо босгоод байхаар нь “бид 3 дугуйгаа сольж байна, битгий шороо босгоод бай” гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирэхээр нь ******* “чи өөрөө боогоод үз” гээд дорцовоо шидсэн чинь ********** уурлаад *******тай хэрэлдээд барилцаж аваад байхаар нь би очоод салгах гээд **********ыг барих гэтэл хутга гаргаж ирээд миний баруун гарын мөрний доод талын булчин хэсгийг нэг удаа зүсэх шиг болсон. Тэгээд *******, ******* хоёр ирж салгаад хутгыг нь булаагаад авсан. Тэгээд машинд орж суугаад гар луугаа харахад том зүсэгдсэн, цус гоожоод байхаар нь юмаар дарж байсан. Удалгүй би *******, ******* хоёртой машинтай аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2025 оны 07 дугаар сарын 13-ны орой 00 цаг өнгөрөөгөөд найз болох Золжаргалтай уулзаад найз **********, ******* нартай утсаар ярихад хаана байгаа юм бэ? аас бид хоёр очиж байна, өөр хүн байна уу? ууя гэхээр нь за тэгье гэж хэлээд байж байтал Золжаргал би найзуудаа дуудчихъя гээд Өндөрлөгийн зогсоол дээр байж байтал нэг хар машинтай хүмүүс ирээд харсан чинь Золжаргалын найзууд гээд танихгүй 3 охин, бас нэг танихгүй махлаг залуу байсан. Тэгээд бид нар хамт Морины шүтээний хойд талд ******* ********** нар дээр очоод танилцацгаагаад том 3 шил экс нэртэй архи 2 том пиво уугаад хэсэг хугацааны дараа *******, ********** бид 3 машиныхаа хагарсан дугуйг солиод байж байсан чинь ********** нөгөө 3 охинтойгоо дрипт хийгээд орилуулаад шороо босгоод байхаар нь яагаад дугуй сольж байхад шороо босгоод байгаа юм бэ гээд хэлсэн чинь ******* ********** хоёр хэрэлдээд барилцаад байж байхад ********** салгах гээд зууралдаад хойноос нь **********тай хамт явсан Эгшиглэн гээд охин **********ыг өмөөрөөд төмөр бариад ********** луу явж байхад би Эгшиглэнгийн барьсан төмрийг салгаж холдуулаад эргээд харсан чинь ********** ********** нар салчихсан ********** машиныхаа хажууд очоод гараа барьчихсан сууж байсан ********** гартаа хутга барьчихсан хашгираад байж байхаар нь ******* бид хоёр очиж уулзаад хутгаа тавь гээд хэлж тавиулахад ********** хутгаа цааш нь шидчихсэн. Тэгээд би ********** дээр очоод гарыг нь харсан чинь баруун гарын мөрний доод талын булчин хэсэгт нь гүн зүсчихсэн цус гоожоод байсан. Бид хэд салцгаагаад ******* бид хоёр ********** машинтай аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад ********** нэг хар машин дагуулчихсан бид хоёр дээр хүрч ирсэн. ******* нэг охинтой хамт явж байсан. Хар машинд ********** гээд танихгүй махлаг залуу байсан, бас танихгүй 3 охин байсан. Тэгээд бид хэд нийлээд 3 машиндаа орж сууцгаагаад 3 шил экс нэртэй архи 2 том пиво хувааж ууцгаагаад хэсэг хугацааны дараа би  **********, ********** нартай дугуйгаа сольж байтал ********** машинтайгаа тоос бужигнуулаад орилуулаад дрипт хийж эргээд байхаар нь дугуй сольж байна шүү дээ болиоч гэж хэлээд ********** бид хоёр очоод дугуй хамт нөхөлцөе гэж хэлсэн чинь зодох гээд байхаар нь би барилцаж аваад байж байсан чинь ******* салгах гээд **********ыг надаас холдуулах гээд зуурч байхад гэнэт хутга гаргаж ирээд гараараа цавчих шиг болоод ********** баруун гараа бариад газар суухаар нь  ********** бид хоёр яваад очсон чинь **********ын гарнаас нь цус гоожиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Иргэн ********** нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 8 сарын 19-ний хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын бүсийн оношилгооны төвд хэвтүүлэн эмчлэн тусламж үйлчилгээ үзүүлж нийт 1,782,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул уг мөнгийг зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 518 дугаартай

“1. **********ын биед баруун баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул  хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч **********ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 97 дугаартай тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 дугаар хуудас/,

Шүүгдэгч **********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгч **********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэлт хийхэд хийхэд ********** нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн  сумын 2 дугаар багт байрлах “*******” гэх газарт **********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдан зодож, эрүүл мэндэд баруун гарт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлсөн хохирол төлбөр байхгүй. Хохирогчоос шүүхэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авсантай холбоотой 712.606 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн байна. Хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.782.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна. ...Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********** нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн  сумын 2 дугаар багт “*******” гэх газарт **********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутга хэрэглэн биед нь халдаж баруун гарт нь шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

  

Шүүгдэгч ********** нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                         

Хохирогч **********ын "...******* “чи өөрөө боогоод үз” гээд дорцовоо шидсэн чинь ********** уурлаад *******тай хэрэлдээд барилцаж аваад байхаар нь би очоод салгах гээд **********ыг барих гэтэл хутга гаргаж ирээд миний баруун гарын мөрний доод талын булчин хэсгийг нэг удаа зүсэх шиг болсон. Тэгээд *******, ******* хоёр ирж салгаад хутгыг нь булаагаад авсан. Тэгээд машинд орж суугаад гар луугаа харахад том зүсэгдсэн, цус гоожоод байхаар нь юмаар дарж байсан. Удалгүй би *******, ******* хоёртой машинтай аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, гэрч **********ын "...******* ********** хоёр хэрэлдээд барилцаад байж байхад ********** салгах гээд зууралдаад хойноос нь **********тай хамт явсан Эгшиглэн гээд охин **********ыг өмөөрөөд төмөр бариад ********** луу явж байхад би Эгшиглэнгийн барьсан төмрийг салгаж холдуулаад эргээд харсан чинь ********** ********** нар салчихсан ********** машиныхаа хажууд очоод гараа барьчихсан сууж байсан ********** гартаа хутга барьчихсан хашгираад байж байхаар нь ******* бид хоёр очиж уулзаад хутгаа тавь гээд хэлж тавиулахад ********** хутгаа цааш нь шидчихсэн. Тэгээд би ********** дээр очоод гарыг нь харсан чинь баруун гарын мөрний доод талын булчин хэсэгт нь гүн зүсчихсэн цус гоожоод байсан. Бид хэд салцгаагаад ******* бид хоёр ********** машинтай аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч **********ын "... ******* салгах гээд **********ыг надаас холдуулах гээд зуурч байхад гэнэт хутга гаргаж ирээд гараараа цавчих шиг болоод ********** баруун гараа бариад газар суухаар нь  ********** бид хоёр яваад очсон чинь **********ын гарнаас нь цус гоожиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “ ...Иргэн ********** нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 8 сарын 19-ний хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын бүсийн оношилгооны төвд хэвтүүлэн эмчлэн тусламж үйлчилгээ үзүүлж нийт 1,782,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул уг мөнгийг зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 518 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч **********ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч **********ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбар нэхэмжлэхгүй гэсэн, харин 712.000 төгрөгийг эмчилгээний зардалд  нэхэмжилсэн бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх тул 712,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **********аас 712,000 төгрөг гаргуулж хохирогч **********т олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********** нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нийт 1,782,000 төгрөгийн төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тул дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжилсэн.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.       

 

Иймд Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т  тус тус зааснаар шүүгдэгч **********аас хохирогч **********ын Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөнгөлөлт эдэлсэн нийт  1,782,000 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч **********т 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  1,782,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн тайлбар, ХААН банкны 10 сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шадлгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч **********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол хор уршгийг арилгасан зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Хохирогч **********т 2.500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.782.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгч ********** нь өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаараа: “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч **********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********гийн **********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун нэгжтэй тэнцэх/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **********т 2,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,782,000  төгрөг тус тус төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР