Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Д.Жамъянсүрэн, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Жамъянсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706003450056 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Нумчин овогт Даваагийн Жамъянсүрэн, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13-68А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЙЮ76010196/,

 

Шүүгдэгч Д.Жамъянсүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын автобусны буудлын дэргэдэх дугуй засварын гадаа хамт архи ууж байсан Т.Баянмөнхтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Жамъянсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Хохиролд 200.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.

Хохирогч Т.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Жамъянсүрэнтэй хамт архи ууж байсан чинь гэнэт хоолой боогоод газар хажуу талаар унагаагаад би ухаан алдсан байсан. Ухаан ороход би гэртээ байсан хамаг хувцас урд хэсгээрээ цус болсон миний үүдэн шүд унасан, цус гарсан байдалтай, урууд сэтэрсэн байсан. Манай дүү Ганзориг гэрт авчирсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. “...Жамъянсүрэн нь миний үүдэн шүд рүү гараараа цохиж 2 шүд унасан, 1 шүд хөдөлсөн, хоолой боосон тэр нь эдгэрсэн. Жамъянсүрэн нь энэ үйлдэлдээ надаас уучлалт гуйж хохирлын 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-8-9/,

             Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг очиход Жамъянсүрэн дээр гараад суусан Баянмөнхийн нүүр рүү гараараа цохиж байсан тэгээд бид нар салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-12-13/,

              Яллагдагч Д.Жамъянсүрэн мэдүүлэхдээ: “...Тэгээд би дахин 1 шил 0.75 литрийн архи аваад Баянмөнх бид хоёр хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад 15 цаг өнгөрч байхад Баянмөнх над руу олон юм яриад намайг байнга ажиллуулдаггүй гэж элдэв хэрүүлийн чанартай үг хэлээд бид хоёр зууралдаж, газарт унаж, өнхөрч босоод байж байхад Ганзориг машин авчирч өгсөн. “...Бид хоёр бие биенээ цамцнаасаа зулгааж байгаад тавьсан чинь тэр газарт унасан. Тэгээд л зодолдож байхдаа би түүний шүдийг гэмтээсэн юм шиг байна лээ. Хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх25-26/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №9618 тоот дүгнэлтэд: 

  1. Т.Баянмөнхийн биед зүүн хөмсөг, дээд уруулын цус хуралт, хамрын нурууны хажуу хэсэг, зүүн хацар, хүзүүний зулгаралт, доод уруулын шарх, цус хуралт, 1 шүдний хугарал, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна. гэсэн дүгнэлт. /хх-18/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Жамъянсүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын автобусны буудлын дэргэдэх дугуй засварын гадаа хамт архи ууж байсан Т.Баянмөнхтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Жамъянсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Жамъянсүрэн учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Т.Баянмөнх нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нумчин овогт Даваагийн Жамъянсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Жамъянсүрэнийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жамъянсүрэнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Жамъянсүрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Жамъянсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жамъянсүрэнд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР