Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/848

 

 

 

 

 

 

   2021             9               22                                      2021/ДШМ/848

 

Н.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Г.Хандсүрэн,

иргэний хариуцагч Э.П,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1840 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2103000940128 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Засгууд овогт Н.Э, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .............. төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ............... хамт, ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Н.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 6-ны 16 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 16 дугаар гудамжны замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн 81-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээ асаагаад урагш хөдлөхдөө тээврийн хэрэгслийн урд талд сууж байсан Ж.Б-ыг дайрсны улмаас Ж.Бын амь нас хохирч, мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг өөрчлөх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 16 дугаар гудамжинд 2021 оны 4 дүгээр сарын 6-ны 16 цаг 50 минутын үед хохирогч Ж.Б нь “Toyota Prius маркийн 81-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас түүний биед “зүрхний дээд, доод хөндий тараагуур судасны урагдал, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт, голт, уушгины угийн цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун бөөрний дээд булчирхайн ар хананд цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, баруун 2,3, зүүн 2,3,4,5,6,7,8 дугаар хавирга, өвчүүний хугарал, цус хуралт, нурууны нугаламд цус хуралт, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохой, шилбэнд зулгаралт” бүхий гэмтэл учирч, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 79 дугаартай дүгнэлтээр /1хх 104-105/ тогтоогдож байна. Хохирогч Ж.Б нь автомашинд дайруулах үедээ ямар байр байдалтай байсан /хэвтээ, суугаа, явган суусан г.м/ талаар гэрч Б.Ж “...гудамжинд алхаж байсан чинь Хуягаагийн хашааны үүдэнд цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийх үедээ газар хэвтэж байсан танихгүй эрэгтэй хүний цээжин дээгүүр нь зөв талын урд дугуйгаараа гарсан. Тэгэхээр нь явж очоод тухайн тээврийн хэрэгслийн хойд хэсэгт нь гараараа цохиод хөөе гэж дуудсан чинь шууд ухарсаар байгаад Хуягаагийн урд талын гудмаар ертөнцийн зүгээр зүүн тийш уруудаад төв замаар ороод яваад өгсөн” гэж мэдүүлсэн /хх 67/, мөн гэрч Б.Ж “...Н.Э машинаа асаагаад урагшаа хөдлөхдөө машины урд талд явган сууж байсан Ж.Б гэх залууг жолоочийн эсрэг талын дугуй буюу зөв талын дугуйгаар цээжин хэсгээр нь дайраад дээгүүр нь гарчихсан, тэгээд шууд буцаж ухрах үйлдэл хийх үедээ дахиад Ж.Б гэх хүний цээжний хэсгээр дайраад ухарсаар байгаад гудамжны үзүүрт ирээд доошоо уруудаад явчихсан юм” гэж мэдүүлснээс /хх 69/ зөрүүтэй байх ба гэрч Б.Ж “тэгээд би нөгөө дайруулсан залуу дээр очиж толгойг нь түшиж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн, гэрч П.П-ийн “...машин дотор өөр хүн харагдаагүй, би буцаж хашаан дотор жорлон ороод хашааны хаалгаа онгойлгож харсан чинь машин байхгүй талийгаач гудамжинд дээш харсан байдалтай хэвтэж байсан. Би машинаар тэр хүнийг дайраад явсан гэж бодсон, тэр шар үстэй эмэгтэй талийгаач нар бүр их архи уусан, миний уур хүрээнд хамаг байдаг чадлаараа хашааны хаалга нүдсэн. Хуягаа гэрээсээ гараад ирсэн нөгөө цуг байсан хүмүүс бүгд алга болсон, зугтаасан байх. Би талийгаачийн баруун гарын судсыг чагнаж үзэхэд цохихгүй байсан. Тэгээд тэнд явсан танихгүй хүнийг дуудаад өөрийнхөө чадлаар заасан, тэр хүн дуудлага өгсөн байх...” гэсэн мэдүүлэг /1хх 88/ нь мөн зөрүүтэй байна. Мөн гэрч П.П “...талийгаач найзтайгаа маргалдаад байсан. Хуягаа үглээд яншаад байгаа харагдсан, би сонсохгүй учраас юу ярьсныг мэдэхгүй, талийгаачийн найз нь хамар нь мурийсан харагдсан хашаан дотор талийгаачийн найз нь талийгаачийг доороо оруулаад нүүр нүдгүй цохиод зодоод байсан. Би хашаан дотор Хуягаагийн шатан дээр суугаад харсан талийгаач босоод байж байтал Хуягаа утсаар яриад дуустал гаднаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн, тэгээд тэд нар архи уугаад хиам идээд сууж байгаад үлдсэн 1 шил архи ууж дуусаад намайг жорлон орох хооронд хамар нь мурийсан залуу, талийгаачийн найз намайг дуудсан эмэгтэй хоёр хашаанаас гараад явсан” гэж мэдүүлсэн нь гэрч Б.Ж, Ч.О, В нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй байх бөгөөд талийгаач автомашинд дайруулахаасаа өмнө хүнд зодуулсан байдал тогтоогдож байна.

Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогч Ж.Б-ыг автомашинд дайруулахаас өмнө болон дайруулах үед, дайруулсны дараа тухайн хэргийн газарт байсан хүмүүсийг гүйцэд тогтоож мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн зөрүүг гаргаагүй дутуу шалгасны улмаас гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр нь тодорхойгүй, гэмт хэрэг гарсан байдал /Ж.Б нь автомашинд аль талаасаа хэрхэн мөргүүлсэн эсэх, тээврийн хэрэгсэл түүнийг ямар байр байдалтай байхад нь хэдэн удаа дайрсан эсэх г.м/, цаг хугацаа, нөхцөл байдал, хүмүүс нь өөр хоорондоо тохирохгүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байна.

Тухайн ослыг харсан ганц хүн гэх Б.Ж-ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, аль мэдүүлгийг үнэн зөвд тооцох эсэх нь ойлгомжгүй байна. Түүний мэдүүлгийг нэг мөр болгож ирүүлэх, энэ хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Дээр дурьдсан нөхцөл байдлыг тодруулахтай холбоотой ажиллагааг /шинээр гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагаа г.м/ шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа өмгөөлөгч, прокурор нараас гаргаж өгсөн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Шүүгдэгч Н.Э нь гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, бие дааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд тул Г.Б гэгчийн гар утсаар бичиж авсан гэх дууны бичлэгийг шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн аваагүй дурьдах нь зүйтэй. Мөн түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа хууль бус ажиллагаа хийсэн гэх мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан журмын дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаж шалгуулах нь зүйтэй байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Н.Э-т холбогдох эрүүгийн 2103000940128 тоот хэрэг Тээврийн прокурорын газарт очтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийн хамт Тээврийн прокурорын газарт хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа би, эрүүгийн 2103000940128 дугаартай Н.Э-т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/1840 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх “...шинээр гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагаа гэх мэт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв...” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 8 дугаар арын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд,

Хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар;

1. Ж.Б нь уг зам тээврийн гэмт хэргийн улмаас нас барсан болох нь:

Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн 709 дугаартай “...1. Талийгаач Ж.Б-ын цогцост зүрхний дээд, доод хөндий тараагуур судасны урагдал, үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт /200.0мл/, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт, голт, уушгины угийн цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, Баруун 2,3, зүүн 2,3,4,5,6,7,8 дугаар хавирга, өвчүүний хугарал, цус хуралт. Нурууны нугаламд цус хуралт. Цээжинд цус хуралт, цээж, зүүн тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач цээж, хэвлийн  хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 104-115/,

шинжээч эмч Э.Баасанжавын “...Талийгаачийн цогцост тогтоогдсон зүрхний дээд, доод хөндий тараагуур судасны урагдал, үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт /200.0мл/, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт, голт, уушгины угийн цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, Баруун 2,3, зүүн 2,3,4,5,6,7,8 дугаар хавирга, өвчүүний хугарал, цус хуралт. Нурууны нугаламд цус хуралт. Цээжинд цус хуралт гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Цээжний зүүн хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь машины дугуйнд дайрагдах үед үүсэх боломжтой. ...Цээжний баруун хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт. Зүүн тохой, шилбэний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах, цохигдох үед үүсэх боломжтой. Мөн тухайн гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1хх 225-226/,

Мөр судлалын шинжилгээний лабораторийн 1191 дугаартай “...2. Бор өмдөнд гарсан 40х65мм шинэ гогодолт, хар алаг цамцанд гарсан 90х40мм шинэ гогодолт тус бүр тээврийн хэрэгслээр хүнийг дайрах, мөргөх үед тээврийн хэрэгслийн хатуу үзүүртэй эд анги болон эд ангийн үзүүрээр гогодогдож үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /1хх 151-157/,

гэрч Б.Ж-ын “...бид нар Хуягаагийн гэрээс гарч салхинд гарч архи уухаар болоод гэрээс гарсан чинь Н.Э согтуу машин барих гээд байхаар нь түлхүүрийг нь өгөхгүй гэсэн чинь Н.Э уурлаад түлхүүрээ булаагаад авчихсан юм. Тэгээд би машины ар талд тамхи татаад зогсож байсан чинь Н.Э машинаа асаагаад урагшаа хөдлөхдөө машины урд талд явган сууж байсан Ж.Б гэх залууг жолоочийн эсрэг талын дугуй буюу зөв талын дугуйгаар цээжин хэсгээр нь дайраад дээгүүр нь гарчихсан тэгээд шууд буцаж ухрах үйлдэл хийх үедээ дахиад Ж.Б гэх хүний цээжин хэсгээр дайраад ухарсаар байхад гудамжны үзүүрт ирээд доошоо уруудаад явчихсан юм. Тэгээд би нөгөө дайруулсан залуу дээр очиж толгойг нь түшиж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Осол болох үед Н.Э их согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /1хх 67-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд гэрч Б.Ж нь шүүх хуралдаанд оролцохдоо мөн энэ мэдүүлгээ баталсан болно.

2. Гэрч Б.Ж-ын мэдүүлэг нь тогтвортой, үнэн зөв болох нь зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байсан гэрч Ч.О нь шүүх хуралдаанд оролцож, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болох “...Н.Э жолоочийн суудал дээр суугаад машинаа бариад, би арын багажинд талийгаачаас нуугдаж суусан. Н.Э машиныг ухраагаад гудамжнаас үзүүрт очиж гудамж руу уруудаж яваад засмал зам руу ороод хойшоо өгсөөд 780 дугаар худгийн гадаа очиж машиныг тавиад бид хоёр буугаад Алтанхуягийн гэр рүү алхаад буцаж очсон. Ц.А-ийн гэрийн гадаа очиход талийгаач зам дээр хэвтсэн байдалтай толгойг нь Б.Ж өвдөг дээрээ тавьсан сууж байсан. Цагдаа тухайн үед ирсэн байсан. ...Талийгаач болон талийгаачийн найз хоёр надад “манай гэрт очиж архи ууя” гэж хэлээд байхаар нь цуг явахгүй гээд арын багажинд суусан юм аа. ...Н.Э автомашиныг жолоодоод ухрах үйлдэл хийхдээ хүн мөргөсөн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. ...780 дугаар худгийн гадаа машинаа тавиад машинаас буугаад би Н.Э-т “нөгөө хэдийгээ үлдээчих муухай юм аа, хоёулаа буцаж очих уу” гэж хэлээд бид хоёр буцаад алхаад очтол талийгаач нас барсан байсныг мэдээд Н.Э “би айгаад байна” гэж хэлээд яваад өгсөн. Н.Э надад хүн мөргөсөн гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх 75-81/, энэ мэдүүлгээ шүүх хуралдаанд мөн мэдүүлсэн.

Мөн гэрч Ц.А-ийн “...гэрийн үүдэнд гарсан чинь Цээгий /Б.Ж-г найзууд нь Цээгий гэж дууддаг/ танихгүй нэг эрэгтэй хүнийг өвөр дээрээ суулгасан машин дээгүүр нь гараад зугтаачихлаа гэсэн намайг доошоо гүйж очоод цагдаа дууд гэж Цээгий хэлсэн би доошоо гүйгээд утас хайсан боловч олдоогүй буцаж иртэл Цээгий цагдаа дуудсан байсан, удаагүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 92/-ээр нотлогдож байгаа болно.

3. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.Э нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч П.П-ээр таниулахад 1-6 дугаарт байрлуулсан хүмүүсийн зургийг харж байгаад 2 дугаарт байрлуулсан гэрэл зураг жолооны ард нүүрээ будаад сууж байсан Н.Э-ийн гэрэл зургийг таньж зааж байсан...” гэсэн тэмдэглэл /1хх 36-40/-ээр нотлогдож байна.

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нараас шинжлэн судлуулахаар танилцуулсан бичлэгийг хэрэгт холбогдолгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа шүүгчийн захирамжид уг баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох сидиг шинжилгээнд өгч, гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн 1411 дугаартай “...2. ... гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-04-06 17:09:10 секундэд дүрслэгдсэн “Toyota Prius” маркийн 81-16 УНЧ улсын дугаартай автомашин нь гэрлийн эсрэг талаас дүрслэгдсэн камерын линзний бохирдсон хэсэгт гэрэл ойж гялбалт үүсгэснээс, ...гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-04-06 17:09:18 секундэд дүрслэгдсэн уг автомашины хажуу талын салхины шил бараан өнгийн теньтэй, жолооч талын гялбаанаас хамгаалах саравчийг дэлгэснээс тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолоочийг болон зорчигчийн зүс царай болон хувцасны өнгийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /1хх 201-207/ нь хэрэгт авагдсан байгаа.

5. Н.Э нь согтуурсан үедээ зам тээврийн гэмт хэргийг үйлдсэн болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 22 цаг 25 минут ...Н.Э-ийг драйгер багаж ашиглан шалгахад 2,09 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /1хх 5/ болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар хангалттай шалгасан бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мөн нотолсон.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч /Б.Ж, Ч.О нар/-үүдийг оролцуулж, тэдний мэдүүлэгт дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/1840 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв

Шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Б.Чинбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа нь “гэрч Б.Ж, Ч.О нарын мэдүүлгүүд тогтвортой, үнэн зөв байна” гэж илтэд үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байна. Учир нь, гэрч Ч.О шүүх хуралдаанд “би машины арын багажинд нуугдаж суухдаа машины кабинаар дамжиж суусан” гэж мэдүүлдэг. Гэтэл бодит байдал дээр “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн кабинаас арын багаж руу хүн дамжин орох ямар ч нөхцөл байхгүй.

Мөн гэрч Б.Ж-ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, аль мэдүүлэг нь үнэн зөв болох нь тодорхойгүй. Гэрч П.П-ийн “...Сүүлд ирдэг эмэгтэй машины жолоон дээр суугаад нүүрээ будаад, машин асаалттай байсан. Машин дотор өөр хүн харагдаагүй. Би буцаж хашаан дотор жорлон ороод хашааны хаалга онгойлгоход машин байхгүй, талийгаач гудамжинд дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Тэр хавьд өөр хүн харагдаагүй” гэх мэдүүлэг /1хх 36-40/ нь гэрч Б.Ж-ын “Н.Э машинаа асаагаад урагш хөдлөөд машины урд талд явган сууж байсан Ж.Б-ыг жолоочийн эсрэг талын дугуйгаар цээжин хэсгээр дайраад... Би Ж.Б-ын толгойг нь түшиж Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, цагдаа эмнэлэг иртэл байсан гэх мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй байхад прокурор Б.Дэлгэрмаа “гэрч Б.Ж үнэн зөв, тогтвортой мэдүүлсэн” гэж илтэд үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байна.

2. Прокурорын эсэргүүцлийн 4 дүгээрт “ярианы бичлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэсэн” гэж илтэд үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн. Учир нь, миний үйлчлүүлэгч яллагдагч Н.Э-ийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт болон түүнд хавсаргасан фото зураг, гэрч Ч.О, Г.Б нарын ярианы бичлэг бүхий флаш нэг ширхэг, иргэний хариуцагч Э.П-ийн хүсэлт, тайлбар зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар тооцуулж, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргахад Ч.О, Г.Б нарын ярианы бичлэгийг нь шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжид “...Г.Б гэгчийн гар утсаар бичиж авсан гэх дууны бичлэгийг шүүхэд гарган өгснийг шүүх хүлээн аваагүйг дурьдах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн юм.

3. Хяналтын прокурор Б.Дэлгэрмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу “мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн илтэд үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалт нь “тухайн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба тухайн хэргийн хүрээнд шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтаар тооцуулж, шинжлэн судлуулж болохгүй гэсэн хуулийн заалт биш байхад хуулийг буруу тайлбарлаж, эсэргүүцэл бичсэн байна. Учир нь, иргэний хариуцагч Э.Пүрэвцэрэнгийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон түүнд хавсаргасан бусад нотлох баримтуудаас үзэхэд Б.Ж нь найз нөхөдтэйгээ хамт архи уух үедээ “Би 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Тоёота Приус 20” маркийн 81-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Ж.Б-ыг дайрч амь насыг нь хохироосон юм. Миний өмнөөс Н.Э шүүхээр шийтгүүлэх гэж байгаа. Засал ном хийлгүүлмээр байна” гэж Эрдэнэбаатар /99771926/ болон түүний дүү үзмэрч Г.Б /99821029/ нарт хэлж, Г.Баар засал хийлгүүлэхээр гуйсан байдаг. Эрдэнэбаатар, үзмэрч Г.Б нар нь иргэний хариуцагч Э.П-тэй уулзаж дээрх үйл баримтын талаар ярьж “Н.Э хилсээр шийтгүүлэх гэж байгаа юм байна. Бид та нарт яаж туслах вэ” гэж хэлсэн байдаг. Мөн гэрч Одончимэг нь үзмэрч Г.Бтай ганцаар уулзахдаа “Б.Ж нь Ж.Б-ыг машинаар дайрч байхыг нь би машины багажнаас харсан юм. Би Б.Ж-тай ойр дотно харьцаатай учир түүнийг нууж Э.П-ийн шүүхэд гаргаж өгсөн Г.Б гэгчийн тайлбарт тодорхой дурьдсан байдаг тул дээрх нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгуулах зайлшгүй шаардлагатай байна.

4. Прокурорын эсэргүүцэлд “хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох сидиг шинжилгээнд өгч, гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээ явуулахад тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч болон зорчигчийн зүс царай болон хувцасны өнгийг тогтоох боломжгүй” гэж энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй зүйл дурьдсан байна. Учир нь, авто замын хөдөлгөөнийг хянадаг дээрх камер нь осол болсон газраас хол зайтай байдаг, энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Харин яллагдагч Н.Э-ийн нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн фото зургаас үзэхэд “Олон нарын цацраг”, “Төгөлдөр” нэртэй хүнсний 2 дэлгүүрийн камерын байрлал нь зам тээврийн осол гарсан 16 дугаар гудамж руу орж, гарч байгаа тээврийн хэрэгсэл болон жолоочийг эрэгтэй, эмэгтэй, зүс царай, ямар хувцастай болохыг нотолж тогтоох бүрэн боломжтой байдаг. Иймд дээрх 2 дэлгүүрийн камерын бичлэгийг шалгуулж, 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хэрэгт дээрх машиныг хэн жолоодож явсан болохыг тогтоох бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэв 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн камерын бичлэг арилсан бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн камерын бичлэгийг нөхөн сэргээх боломжтой.

5. Прокурорын эсэргүүцэлд Н.Э нь согтуурсан үедээ зам тээврийн гэмт хэргийг үйлдсэн болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл ...зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон” гэж илтэд үндэслэлгүй зүйл дурьдсан байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Н.Э нь “осол болох үед өөрөө машинаа жолоодоогүй, жолоочийн хажуугийн суудал дээр сууж Б.Ж машин жолоодож явсныг Ванганжил гэрчилнэ” гэж тодорхой мэдүүлээд байхад мөрдөн байцаалтын шатанд энэ талаар гэрчээс тодорхой мэдүүлэг аваагүй, гэрч В-ийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн, үнэн зөв шалгаж тогтоогоогүй байхад “согтуурлын зэргийг шалгахад согтуу байсан учир согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон” гэж илтэд үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, “Н.Э-ийн согтуурлын зэргийг шалгахад согтуу байсан учир согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурьдсан “...Дээр дурьдсан нөхцөл байдлыг тодруулахтай холбоотой ажиллагааг /шинээр гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагаа г.м/ шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаав. Хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа өмгөөлөгч, прокурор нараас гаргаж өгсөн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ба энэ талаар прокурор эсэргүүцэлдээ дурьдаагүйг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Э-ийг согтуурсан үедээ зам тээврийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн. Гэтэл шүүгдэгч Н.Э “би тээврийн хэрэгслээ жолоодоогүй. Жолоочийн хажуу талийн суудал дээр суусан. Б.Ж миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодсон” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй. Гэрч В-ийг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч хүрэлцэн ирээгүй. Хавтаст хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоож чадаагүй. Согтуурлын зэргийг шалгаж тогтоосон байхад тогтоосон гэж үндэслэлгүй бичсэн байна. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийх шаардлагатай. Гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах гэх мэт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүгчийн захирамжид дурьдсан нь үндэслэлтэй байна. Хэрэг шүүхэд ирсний дараа өмгөөлөгч, прокурор нараас гаргасан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай байна. Шүүхийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн дараах нөхцөл байдал тогтоогдоод байна. Үүнд,

1. Гэрч Б.Ж, В, Ч.О, П.П нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Мөн талийгаач автомашинд дайруулахаасаа өмнө хүнд зодуулсан байдал тогтоогдож байгаа, мөн автомашинд дайруулах үедээ хэвтээ, босоо байрлалд байсан нь тодорхойгүй. Гэрч П.П “намайг хашаан дээгүүр харахад Батболд газар хэвтэж байсан, хажууд нь ямар ч хүн байгаагүй гэж мэдүүлж байхад гэрч Б.Ж “би талийгаачийн толгойг түшээд цагдаа иртэл сууж байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.

2. Хяналтын прокурор Б.Дэлгэрмаа нь гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр Н.Э нь машинаараа хүн дайрч амь насыг нь хохироохоос өмнө жолоочийн суудал дээр нүүрээ будаад сууж байсан гэх мэдүүлгээр Н.Э гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдсон гэж илтэд үндэслэлгүй зүйл бичсэн байна. Учир нь, тухайн үед би жолоочийн эсрэг талын суудал дээр ухаангүй унтаж байсан ба миний цүнх, нүүрний будаг гэрт байсныг манай нөхөр Пүрэвцэрэн гэрчилнэ.

3. Миний шүүхэд гаргаж өгч нотлох баримтаар тооцуулсан материалд Б.Ж машин бариад Ванганжил бид гурав 16 дугаар гудамжаар явж байгаа дэлгүүрийн камерын бичлэг мөн В, Б.Ж бид гурав дэлгүүр дээр зогсож архи авч байгаа камерын бичлэг, мөн Эрдэнэбаатар, Г.Б нарын тайлбар зэргийг шүүхээс нягтлан шалгах шаардлагатай гэсэн юм. Энэ талаар дурьдаагүй байна.

4. Мөрдөн байцаагч Э.Мандах надаас анх гэрчээр мэдүүлэг авахдаа гэрч Б.Ж-тай нүүрэлдүүлж худал мэдүүлэг бичиж, надад миний өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулаагүй гарын үсэг зуруулж авсан тухай дурьдаагүй байна. Энэ талаар гэрч Б.Ж-ыг шүүгч дүгнээд шалгах шаардлагатай гэж үзсэнийг прокурор дурьдаагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Э.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүхэд шилжсэний дараа Эрдэнэбаатар, Г.Б гэх хүмүүстэй уулзахад Б.Ж, Ч.О нар нь өдөр бүр хүмүүс цуглуулж архи ууж согтуурч байхдаа Н.Э-ийн машинаар хүн мөргөсөн тухайгаа ярьж байсныг сонссон. Мөн Б.Ж, Ч.О нар архи ууж согтуурч байхдаа хэрэлдэж Б.Жыг Одонтуяа “алуурчин минь, чи хүн дайрч алсан биз дээ” гэж хэрэлдэж байхыг Эрдэнэбаатар сонссон. Мөн Г.Б гэх юм үздэг дүүд Б.Ж “чи энэ хэргийг аргалаад дараад өгөөч, би хөдөө явж чиний малыг өсгөж үржүүлж өгье” гэж ярьж байсныг, мөн Одонтуяа Г.Бт “Б.Ж Н.Э-ийн машинаар хүн мөргөөд дээгүүр нь гарсныг би харсан, Б.Ж-д сайн болохоороо түүнийг өмөөрч худал мэдүүлэг өгсөн” гэж ярьж байсныг гар утсан дээр ярианы бичлэг хийж өгсөн. Эрдэнэбаатар, Г.Б гэх хоёр хүн нь хуулийн байгууллагад очоод гэрчээр мэдүүлэг өгөх хүсэлтээ гаргасан зэргийг шүүх анхаарч үзээд энэ нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн шүүхээс В, Б.Ж, Н.Э нарын явсан газрыг нэг бүрчлэн шалгаж осол болох үед хэн машин барьж явсныг нарийвчлах тогтоох шаардлагатай гэж үзсэн.

Талийгаач Батболд нь машинд дайруулахаас өмнө бусдад зодуулсан, зам дээр ямар байдалтай байхад нь машинаар мөргүүлснийг үнэн зөв шалгаж тогтоох шаардлагатай гэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Гэрч П.П “хашааны хаалгаар харахад ойр хавьд нь ямар ч хүн харагдаагүй” гэж мэдүүлсэн нь Б.Ж “цагдаа иртэл талийгаачийн толгойг түшиж сууж байсан” гэх мэдүүлэгтэй зөрж байгааг шүүх шалгах шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй. Гэтэл хяналтын прокурор Б.Дэлгэрмаа нь дээрх асуудлуудыг анхаарч дүгнэхгүйгээр шийдвэрлэх гэж байгаа нь үндэслэлгүй.

Миний шүүхэд гаргаж өгсөн ярианы бичлэгийг хэрэгт холбогдолгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа шүүгчийн захирамжид уг баримтыг хуульд заасан журмын дагуу хүлээн авах шаардлагатай гэж дүгнэсэн илтэд үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Учир нь, дээрх ярианы бичлэгийг хяналтын прокурор Б.Дэлгэрмаа “согтуу хүний ярианы бичлэг байна” гээд хүлээж аваагүй ба шүүгчийн захирамжид Г.Б-ын гар утсаар авсан гэх дууны бичлэгийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дурьдан бичсэн байгааг буруу ойлгож эсэргүүцэлдээ дурьдсан байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нар сидиг нотлох баримтаар хүлээж авсангүй талаар тайлбар хэлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад бичлэгийг сонсоод нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ямар замаар, хэрхэн хийгдсэн бичлэг нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй бичлэг байдаг. Сонсоход ойлгомжгүй согтуу хүмүүсийн ярианы бичлэг байдаг. Шүүгдэгч Н.Э бүх зүйлээ санаад тодорхой тайлбар хэлж байна. Б.Ж-ыг хүн дайрсан гэж тайлбар хэлж байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Э “би юу ч санахгүй байна” гэж мэдүүлдэг. Мөн “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э өөр зүйл ярьж байна. Гэрч Б.Ж мэдүүлгүүдээ тогтвортой өгч ирсэн байдаг. Түүний мэдүүлгийн гэрч Ц.Адавхар нотолдог. “Б.Ж талийгаачийг өвөр дээрээ тавьчихсан сууж байдаг” гэж мэдүүлдэг. Харин Пүрэвсүрэн өөр мэдүүлэг өгсөн байдаг. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг хавтаст хэргийн хүрээнд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Н.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогч Ж.Б-ыг автомашинд дайруулахаас өмнө болон дайруулах үед, дайруулсны дараа тухайн хэргийн газарт байсан хүмүүсийг гүйцэд тогтоож мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн зөрүүг гаргаагүй дутуу шалгасны улмаас гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр нь тодорхойгүй, гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацаа, нөхцөл байдал, хүмүүс нь өөр хоорондоо тохирохгүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байна. Тухайн ослыг харсан ганц хүн гэх Б.Ж-ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, аль мэдүүлгийг үнэн зөвд тооцох эсэх нь ойлгомжгүй тул түүний мэдүүлгийг нэг мөр болгож ирүүлэх, энэ хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой эсэхийг тогтоох шаардлагатай тул шинээр гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагаа хийх, түүнчлэн шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа оролцогч нараас гаргаж өгсөн баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамж үйлдэн хэргийг прокурорт буцаасан байна. 

Хэргийг прокурорт буцаасан дээрх шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, шаардлагатай бол мэдүүлэг зөрүүтэй өгөгдсөн гэх гэрч, бусад оролцогчдыг оролцуулж асуудлыг тодруулж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1840 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ