Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03192

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/ ** 192 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

 

СӨХ-ны төлбөрт 397 614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э,

хариуцагчийн төлөөлөгч Ч.Б

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ШИ СӨХ хариуцагч Н.Шад холбогдуулан СӨХ-ны төлбөр 397 614 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгч Н.Шнь дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардал 397 614 төгрөг төлөлгүй өнөөг хүрсэн, төлбөр шаардаж мэдэгдэл шаардлага өгч байсан. Иргэний хуулийн 143 зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Сууц өмчлөгч гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бүх зориулалттай хэсгийн халаалт дулаан, цэвэр бохир ус, ариутгал, хог цахилгаан холбоо зэрэг ашиглал засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн холбоонд төлбөр шаардаж байна. Иймд ШИ СӨХ-ын гишүүн Ивээл хотхоны 41в байрны **** тоотын өмчлөгчөөс тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй дундын өмчлөлийн ашиглалтын засвар үйлчилгээний зардал 397 614 төгрөгийг Намхайгаравын Шижирбатаас гаргуулахаар Иргэний хуулийн 147.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан ШИ СӨХ нь 2022.04 сараас 2023 оны 5 дугаар сар хүртэлх нийт 14 сарын СӨХ-ны төлбөр болох 397 614 төгрөгийн нэхэмжилсэн байна. Миний хувьд тухайн нэхэмжилсэн саруудад огт төлбөрийн үлдэгдэл байхгүй болно. Төлбөр төлөгдсөн мэдээллийг СӨХ өөрөө тус нэхэмжлэлдээ мөн дурдсан байна. 2022 оны 4 сард СӨХ-ийн даргатай тооцоо нийлж 766 800 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлж ирсэн, баримт хэрэгт байгаа. СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ тусгагдсан байх ёстой байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар тус ШИ СӨХ удирдах зөвлөлийн даргагүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинээр томилогдсон гэх Удирдах зөвлөлийн дарга нь оршин суугчдын хурлаар томилогдоогүй учир хүчин төгөлдөр бус. Иймд шүүхэд гаргасан тус нэхэмжлэлд албан ёсны удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул тус нэхэмжлэл болон ШИ СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, холбогдох бусад бичиг баримтуудыг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. ШИ СӨХ-ны дарга болох Ө.Э нь өөрөө оршин суугчдын фэйсбүүк хуудсанд энэ талаарх мэдээллийг нийтэлснийг баримт болгон хавсаргав. Тус баримтад шүүхийн нэхэмжлэлд гарын үсэг зурсан Ц.Ц гэж хүнийг өмнөх УЗД гэж тодотгосон байна. Өмнөх УЗ дарга яагаад одоогийн СӨХ-ны үйл ажиллагаанд оролцоод байгаа вэ. Өмнөх болон шинж УЗ дарга гэсэн 2 хүнтэй дуртай үедээ ээлжлэн хамтран ажиллаад байгааг хууль бус гэж үзэж байна. Дээрх нотлох баримт, мэдээлэлд үндэслэн Н.Ш миний бие тус нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлд тусгасан төлбөрийг төлөхөөс татгалзаж буйгаа үүгээр илэрхийлж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс СӨХ-ны гэрчилгээний хуулбар, ШИ СӨХ-ны дүрэм, ШИ СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Төрийн банкны төлбөрийн баримт, Хан-Оргил СӨХ-ийн гэрчилгээ, Хан-Оргил СӨХ-ийн 2020.05.25-ны өдрийн ** дугаар удирдах зөвлөлийн 2012.04.28-ны өдрийн ** дугаар тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, Ивээл хотхоны 240 айлын орон сууцны оршин суугчдын СӨХ байгуулах тухай хурлын протокол, төлбөрийн задаргаа, СӨХ-ийг хурал зохион байгуулах оршин суугчдын жагсаалт, хуралд оролцсон оршин суугчдын нэрс, ШИ СӨХ-ны 2023.06.13-ны өдрийн 002 дугаар удирдах зөвлөлийн тогтоол, 2023.05.31-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2023.05.30-ны өдрийн мэдэгдэл, 41в байрны **** тоотын 1 сард бичигдэх нэхэмжлэлийн дүн, төлбөрийн үлдэгдлийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-29/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Н.Ш нь дундын өмчлөлийн ашиглалт засварын үйлчилгээний зардалд 397 614 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан саруудад миний бие ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй, 2022 оны 4 сард СӨХ-ийн даргатай тооцоо нийлж 766 800 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлж ирсэн, зөвшөөрөхгүй. гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан.

 

6. Хан-Уул дүүргийн Засаг даргаас ШИ СӨХ-г Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн даргын 2020.05.25-ны өдрийн ** дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ө.Э ийг томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

8. Хариуцагч Н.Ш нь Хан-Уул дүүрэг, Ивээл хотхон 41в байр **** тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба ШИ СӨХ нь 41В байрны **** тоотын 1 сард бичигдэх нэхэмжлэлийн дүнг 1 м.кв тутмыг 300 төгрөгөөр байхаар нийт 15 801 төгрөг, лифтны үнэ 10 000 төгрөг, хог 2 500 төгрөг, баримт 100 төгрөг, нийт сарын төлбөрийг 28 401 төгрөг байхаар тогтоосон 2020 оны 05 сарын 25-ны өдрийн ШИ СӨХ-ийн Удирдах зөвлөлийн № ** тогтоол, хурлын тэмдэглэл, нэг айл өрхөөс авах төлбөрийн задаргаа зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 9,11-13/

 

9. Нэхэмжлэгч нь уг СӨХ-ийн ажлыг авахад хариуцагч Н.Ш нь өмнөх онуудын өртэй байсан ба 2022 онд төлөгдөөгүй төлбөр 255 609 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй төлбөр 142 005 төгрөг, нийт 397 614 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж, холбогдох авлагын дэлгэрэнгүй тайлан, Төрийн банк ХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

10. Хариуцагч Н.Ш нь би СӨХ-ны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан төлбөр тооцооны асуудал байхгүй гэж маргаж өөрийн дансны хуулгыг гаргаж ирүүлсэн.

 

11. Хэрэгт авагдсан Ш СӨХ-ийн гаргаж ирүүлсэн Н.Ш гэсэн нэртэй Авлагын дэлгэрэнгүй тайлан баримтаас хариуцагч нь 2022 оны 04 сарын 14-ний өдөр 766 800 төгрөгийг төлсөн байх ба түүнээс хойш СӨХ-ны төлбөрт 340 800 төгрөгийг төлсөн байгаагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2022 он, 2023 оны төлөгдөөгүй төлбөр гэж шаардаж,нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Н.Ш нь Ш  СӨХ-ны Удирдах зөвлөл болон СӨХ-ийн үйл ажиллагаа холбоотой асуудлаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Шаас СӨХ-ны төлбөрт 397 614 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ШИ СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш  СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ