| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2021/0079/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 19
Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолтой Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн 2136000000191 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Ш.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, дүүгийн хамт Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЛ02270532 дугаарын регистртэй Молхы машан ургийн овогт Бабахумарын Тойлыбай нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Тилеугүлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Молхы машан овогт Бабахумарын Тойлыбайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Молхы машан овогт Бабахумарын Тойлыбайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Тойлыбайд тайлбарлаж, шүүгдэгч Б.Тойлыбай нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч Б.Тойлыбайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан “ Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж зааснаар үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах тогтоогоогүй нь Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтад хамаарч байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн 2036000000191 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, бүхэлд нь хяналаа.
Ховд аймгийн прокурорын газраас Б.Тойлыбайг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Тилеугүлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Тойлыбай нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Тилеугүлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Тойлыбайгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Тойлыбай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй нь нотлогдсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тойлыбайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн тохиолдолд энэ хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр зохицуулсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т : “ Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан нь шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрлөөс сонгож, заавал хэрэглэх ойлголтыг агуулж байхаас гадна тэнсэгдсэн этгээд албадлагын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг зохицуулсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тойлыбайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх боловч шүүгдэгч Б.Тойлыбайн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Тойлыбай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан Б.Тойлыбайд холбогдох, 2036000000191 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Н.ТУЯА