Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0238

 

2023 03 16 128/ШШ2023/0238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Б*******

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******, А.С*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э*******

Маргааны төрөл: Ашигт малтмал

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч "Д*******" ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь "Д*******" ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV-4 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, "Д*******" ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах/хэргийн 1 дүгээр хавтас, 110-116 дахь тал/-аар,

Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан[1] "Д*******" ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг, шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Д*******" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож, хүсэлт хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох/хэргийн 2 дугаар хавтас, 8-11 дэх тал/-оор маргаж байна.

2.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилох боломжгүй гэжээ.

3.Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, бичигт гомдол гаргасан боловч 2022 оны 07 дугаар сарын 05-нд болон 2022 оны 08 дугаар сарын 12-нд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэхийг эрх бүхий байгууллагаар тодруулсны үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандана уу гэх хариу ирүүлсэн бөгөөд шүүхэд анх 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот дугаартай 390 га талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, барилгын материалын түүний эд, дайрга, хайрганы хайгуулын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт 11 цаг 30 минутад 2020/002 тоот шинжээч томилуулах албан хүсэлтээ бичиг хэрэг хүлээн авах ажилтанд өгсөн боловч хүлээн авч шийдвэрлүүлж хариу өгөх ёстой байтал дур мэдэн хүлээн авахаас татгалзаж хүлээн аваагүйн улмаас манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацаа гэсэн нэрийдлээр хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь шинжээч томилохгүй эс үйлдэхүй гаргаж биднийг хохироож байна.

Бидэнд Уул уурхайн Мэргэжлийн зөвлөл нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ Танай эзэмшиж буй хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тус хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилох боломжгүй гэсэн хариу ирүүлж бид арга буюу энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг нь шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө., 48.4-т Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана. гэж тус тус заасны дагуу бид зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт 11 цаг 30 минутад 2020/002 тоот шинжээч томилуулах албан хүсэлтэй бичиг хэрэг хүлээн авах ажилтанд өгсөн боловч зарим буруутай ажилтны буруугаас шинжээч томилогдохгүй өнөөдрийг хүрч байна.

Манай зүгээс 2020, 2021 онуудад Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт, гомдлуудыг удаа дараа гаргаж байсан боловч хариу ирүүлэхгүй байсан тул холбогдох бичиг хэргийн ажилтан болон захиргааны ажилтны буруутай үйлдлийг шалган тогтоолгох үүднээс Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ Статистикийн хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж улмаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмал хайгуул хариуцсан ахлах мэргэжилтэн Ү.Г, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн ажилтан Б.О нарын үйлдлийг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ыг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах санал гаргаж улмаар хариуцлага тооцсон тухай манайд амаар мэдэгдсэн байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22/03 тоот албан бичгээр ирүүлсэн ... шинжээч томилуулах хүсэлттэй танилцлаа. Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагуудын санал болон тус газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн чиглэлийн дагуу танай хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс шинжээч томилуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байгааг үүгээр мэдэгдье. гэж манай хуулийн хугацаандаа материалаа өгснийг нотолж, албан хаагчдадаа хариуцлага тооцон манай хүсэлтийг шийдвэрлэхээр болсон тухайгаа мэдсэн юм.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13/3010 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Эд хандан "Д*******" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/01 тоот албан бичгээр ирүүлсэн Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот дугаартай 390 га талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлттэй танилцлаа. Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагуудын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсээс хийсэн гомдлын илтгэх хуудсанд дурдсан санал, тус газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн чиглэлийн дагуу компанийн хүсэлтийг шийдвэрлэх болсон. Иймд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс шинжээч томилж өгнө үү гэж тодорхой бичиг явуулсан.

Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Э нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ Танай эзэмшиж буй хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилох боломжгүй гэсэн хариу ирүүлж бид арга буюу энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг нь шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, бичигт гомдол гаргасан боловч 2022 оны 07 дугаар сарын 05-нд болон 2022 оны 08 дугаар сарын 12-нд тус тус тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэхийг эрх бүхий байгууллагаар тодруулсны үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандана уу хэмээн хариу ирүүлсэн билээ. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу процесс ажиллагаа явагдаж шинжээч томилогдож байж тухайн нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа тухайн орон нутгийн Засаг даргад хандах нөхцөл үүсэх тул манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Учир нь Дорноговь аймгийн Засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1316 Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн зөвлөлд болон 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 01/541 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Э танаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай гэсэн албан бичгүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон боловч 2019 онд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгээр барилгын материалын түүний эд болох хайрга, хайрганы нөөцийг тооцож тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2020 оны 05 сараас хойш хэлэлцүүлж батлуулахаар, эцэслэн батлагдаагүй байгааг дурдсан "Д*******" ХХК-ийн олон удаагийн албан хүсэлтүүд ирж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлээс уг талбайг хасалт хийж өөрчлөлт оруулаагүй хүлээгдэж байгаа болно хуулийн дагуу орон нутгаас удаа дараа бичиг явуулаад байхад энэхүү бичгийн дагуу мэдээллийн сангаас хасалт хийгдээгүй хүчин төгөлдөр хүлээгдэж байгаа нь харагдаж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруул, эсвэл хугацаа чинь дууссан тул шинжээч томилохгүй мэтээр тайлбарлан бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

... Бид анх эрх ашиг зөрчигдсөнөөсөө эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх бүхий л ирүүлсэн, явуулсан албан тоот бичгүүдээ хавсаргаж өгсөн бөгөөд хавсаргасан нотлох баримтуудаас харагдах болно. Бидний шинжээч томилуулах талаарх төрийн захиргааны байгууллагын бичиг хэргийн ажилтны буруугаас болж хохирсныг бид уйгагүй хөөцөлдсөний улмаас 2022 оны 3 сард Ашигт малтмал, газрын тосны газрын дотоод хяналт шалгалтаар шалгуулах хүсэлт гаргаж улмаас манай асуудлыг дахин сэргээн шийдвэрлэхээр болсон тухайгаа манайд 2022 оны 05 сард ирүүлж улмаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ онлайнаар гаргаж шинжээч томилуулах журамтай талаарх хариу ирсэн байдаг. Үүний дагуу бид 2022 оны 05 дугаар сарын 18-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Хүсэлт гаргах тухай албан бичиг журмын дагуу гаргасан байдаг. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 06 дугаар сарын 02-ны 13/3010 тоот Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр манай асуудлыг ажлын хэсэг болон хэлтсийн даргын өгсөн чиглэлийн дагуу шийдвэрлэхээр болсон тул шинжээч томилж өгнө үү хэмээн уламжилсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах процесстой шинжээч томилогдож байж тухайн нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа тухайн орон нутгийн Засаг даргад хандах нөхцөл үүсэх учир бид хариуцагчаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг татсан юм. Мөн шууд харьяалах дээд байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон сайд, төрийн нарийн бичгийн даргад нь хандаад улмаар хуульд заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Мөн хуульд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нэг л байх бөгөөд Дорноговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай компанийн хугацаа дуусаж хасалт хийгдээгүй талаарх албан бичгүүдэд техник алдааны улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд гэсэн толгой өгсөн байснаас биш бид тийм албан бичиг өгч байгаагүй нь нотлох баримтуудаас харагдана.

... хэзээний, ямар эс үйлдэхүй гэж үзэж нэхэмжлэл гаргасныг тодруулах шаардлагатай, 2 жилийн дараа маргаж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. гэсэн байна. Эдгээрт хамтад нь тайлбар өгөхөд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэн өгөөд тус газар нь саналаа шинжээч томилох эрх бүхий субъект болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлдэг хуультай учир бид хугацаа дуусахаас өмнө тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэн өгсөн боловч тус газрын ажилтны хариуцлагагүйгээс болж 2 жилийн дараа буюу Ашигт малтмал, газрын тосны газар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд манай тайланд шинжээч томилуулахаар хүсэлтүүдийг гаргаад байхад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж биднийг хохироож байгаа нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дэлгэрэнгүй дурдах нотлох баримтуудыг хавсаргасан байгаа болно.

Иймд манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон гаргаж өгсөн нотлох баримтуудыг нухацтай судлан үзэж манай хуулийн этгээдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон шүүхэд хандаж эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг минь хангаж, хэрэг үүсгэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт өгсөн боловч тухайн үед ажиллаж байсан бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүйгээс болж асуудал үүссэн. Монгол улсад 2020 оны 11 дүгээр сард /ковид-19/ халдварт өвчин дотооддоо бүртгэгдэж хөл хорио тогтоосон. Үүнээс өмнө тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х даргад бичиг хэргийн ажилтан албан бичиг хүлээж аваагүй тухай 2020 оны 08 дугаар сарын 11-ий өдөр гомдол гаргасан боловч гомдлын хариуг одоогийн байдлаар ирүүлээгүй. Хүсэлт гаргасны дагуу программ дээр ирсэн хүсэлт мэдээллийг харахад Х.Х дарга нь хүлээж аваад энэ асуудлыг судалж, шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн. Хэлтсийн дарга Б.С нь тухайн хүсэлт, гомдлын хариуг хүргүүлэх тухай Ү.Г мэргэжилтэнд үүрэг болгосон. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлт нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний албан бичигтэй холбоотой. Учир нь манай албан бичгийг ямар үндэслэлээр хүлээж авахгүй тухай тодруулсан байдаг. Тухайн үед бичиг хэргийн ажилтан Б.О нь хавсралт гэдэг зүйл огт хэлж байгаагүй бөгөөд Ү.Г гэдэг мэргэжилтнээр зөвшөөрсөн гэдэг гарын үсэг зуруулж ир гэдэг ганцхан зүйл хэлсэн. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө хавсралт байхгүй байсан учраас хүлээж аваагүй гэдэг зүйл нэмж яриад байх бөгөөд тухайн үед огт хавсралтын тухай ярьж байгаагүй.

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлого зохицуулалтын хороонд 06 дугаартай албан бичгийг давхар хүргүүлж байсан боловч мөн адил хариу ирүүлээгүй. Үүнтэй холбогдуулан тухайн мэргэжилтэнтэй уулзахад мэргэжилтэн н.М бид нарт тухайн орон нутгийн Засаг даргаас Улсын бүртгэлийн газраас хасалт хийж өөрчлөлт оруулаагүй гэдэг бичиг гаргуул гэдэг зүйл хэлсэн. Энэхүү албан тоотыг ирүүлсэн тохиолдолд үүсэж буй асуудлын тухай даргад танилцуулна гэдэг зүйл хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч Д******* ХХК-аас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 01 тоот хүсэлтийг судалж үзээд барилгын материалын түүхий эд болох хайрга, дайргын нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж холбогдох материалыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргахгүй болно гэдэг албан тоотыг хүргүүлсэн. Тухайн асуудал шийдэгдэхгүй ямар нэгэн хариу ирүүлэхгүй байсаар 2020 оны 11 дүгээр сард Монгол Улсын хөл хорио тогтоосон. Үүнээс хойш Ашигт малтмал, газрын тосны газарт Д******* ХХК-аас цахимаар албан бичиг, хүсэлтүүд явуулсан бөгөөд нийтдээ 3 удаа и-мэйл хаягаар нь явуулсан боловч мөн хариу бичиг ирүүлээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөл хорио тавигдаж албан байгууллагатай бичиг хэргийн ажилтнаар дамжиж харилцана гэдэг журмын дагуу албан тоотыг өгсөн. Тухайн үеийн бичиг хэргийн ажилтан Б.О гарч ирээд энэхүү хүсэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд холбогдох мэргэжилтэнтэй уулзсан эсэхийг асууж байсан. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж уулзах боломжгүй байсан тухай хэлэхэд уулзаж зөвшөөрсөн тухай гарын үсэг зуруулсан тохиолдолд хүсэлтийг чинь хүлээн авах боломжтой гэдэг зүйл хэлсэн. Хүсэлт хүлээж авахгүй удсан болохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н*******д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр албан хүсэлт хүлээж авахгүй буюу нөхцөл байдлын талаар хандаж хүсэлт гаргасан боловч мөн хариу албан бичиг ирээгүй.

Гэтэл 2022 он гарснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Б гэдэг хүн даргаар томилогдсон. Л.Б даргад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22/01 албан хүсэлтийг гаргаж өгсөн. Хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн хугацаанд хариу өгөх хугацаа заасан боловч заасан хугацаанд хариу өгөөгүй. Хариу өгөөгүй учраас удаа дараа очсон боловч тухайн хариуцаж байсан даргын туслах нь шинээр ажлаа аваад удаагүй учраас зарим асуудалтай танилцаж амжаагүй газар дээр нь шийдэж өгье гэдэг зүйл хэлсэн. Төрийн захиргааны удирдлагын дарга нь н.Д гэдэг хүн байсан бөгөөд энэ компанийн хүсэлтийг өнөөдрийг хүртэл яагаад шийдвэрлээгүй тухай зүйл ярьсан. Холбогдох хүмүүст нь арга хэмжээг нь авах шаардлагатай гэж үзэж бичиг хэргийн ажилтан, тухайн хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга нарыг дуудаж үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй холбоотойгоор судалж байна гэдэг хариу өгдөг байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд агуулгын тухайд болсон бүх процессыг тайлбарлаж, холбогдох материалын хамт хүргүүлсэн боловч мөн адил гарын үсэг зуруулж ирэх тухай зүйл ярьсан. Иргэн, аж ахуй нэгжүүдтэй ийм байдалтай харьцаж байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж тодорхойлж байна. Тухайн үед н.М Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуул хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалыг тус тус давхар эрхэлдэг байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын тухай албан бичиг, хүсэлтүүдийг хүлээж аваад дараагийн шатанд дамжуулдаг хүн нь давхар нарийн бичгийн дарга хийж байсан. Миний хувьд хардаж байгаа бөгөөд хардах эрх нь надад байгаа гэж бодож байна. Албан хүсэлт өгөхөөр өөртэй нь тохиролцсон эсэх ойлголт төрүүлэхээр зүйл болдог. Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байгаа аж ахуй нэгжүүдийн ирүүлсэн хүсэлтийг зөвлөлд танилцуулах эсэхийг н.М гэдэг хүн шийддэг.

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д******* ХХК-д албан бичиг ирсэн. Уг албан бичигт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн албан бичиг болох шинжээч томилуулах хүсэлттэй танилцсан тухай агуулгатай байсан. Шинжээч томилуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн санал болон Ашигт малтмал, хайгуулын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн чиглэлийн дагуу танай компанийн хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдэг албан тоот ирүүлсэн. Анхдагч материал болох тайланг н.М гэдэг хүнд танилцуулахад бүгдийг нь эргүүлж хараад болсон гэдэг хариу хэлсэн. Хайгуулын хэлтсийн дарга н.Э гэдэг хүн надад 2 хоногийн дараа ир гэж хэлсэн бөгөөд тухайн хугацааны дараа ирэхэд н.М мэргэжилтэн нь Л.Б даргын туслахад манай компанийн анхдагч материал болох тайланг үзээгүй гэж хэлсэн. Тухайн үед Л.Б дарга өрөөндөө байсан бөгөөд тухайн өдөр хурал болж байсан учраас бүх дарга нар ирсэн байсан. Миний хувьд тухайн дарга нар байсан өрөөнд орж уулзсан бөгөөд Д******* ХХК-аас хүсэлт гаргасан бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбарлаж хэлсэн. Удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу албан бичгийг цахимаар хүлээж авч байгаа бөгөөд албан хүсэлт болон анхдагч материалуудын хамт цахимаар гаргаж өг гэж хэлсэн. Хүсэлт хүлээж авсны дараа материал олгох эрх үүссэн. Аж ахуй нэгж нь тухайн анхдагч материалын 40-50%-ийг бүрдүүлэх үүрэгтэй. Үлдсэн хувийг нь бүрдүүлэхээр төрийн нэрийн өмнөөс шинжээч томилогдож тухайн томилогдсон шинжээч очиж ажилладаг. Шинжээч томилох эрх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 30 хоногийн дотор шинжээч томилох бөгөөд томилогдсон шинжээч нь хуульд заасан дүрэм, журмын дагуу тухайн тайланг хуралд ороход бэлэн болгодог. Тэр материалыг яаж бэлтгэх эсэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэдэж байсан. Мэдсэн шалтгаан нь тухайн давхар албан тушаал эрхэлж байсан н.М гэдэг хүн мэдэж байсан. Тэгэхээр уг материал болох, болохгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. 2022 оны 05 дугаар сарын албан бичигтэй холбоотойгоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б албан бичиг хүргүүлсэн. Үүний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилох боломжгүй гэдэг хариу ирүүлсэн. гэжээ.

5.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энгийнээр тайлбарлахад тухайн тусгай зөвшөөрөл нь ямар зөвшөөрөл вэ гэхээр 2015 оны 08 дугаар сарын 03-нд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл бөгөөд уг тусгай зөвшөөрлийг ямар байгууллага өгдөг вэ гэхээр тухайн орон нутгийн Засаг дарга нь өгдөг. Үүний дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-нд дахин 2 жилийн хугацаагаар сунгасан байдаг. Ингэснээр 2020 оны 08 дугаар сарын 03-нд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг хариу ирүүлсэн. Д******* ХХК-ийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагааны ашигт малтмалын нөөц ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээч томилуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Практикт хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаад тухайн хийгдсэн шинжээчийн тайлангуудыг бүрдүүлбэрт хавсаргадаг. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмал, газрын тосны газар учраас Д******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээж аваад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд уламжлах үүрэгтэй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь тухайн хүсэлтийн дагуу тайлан болон холбогдох материалуудыг хүлээж аваад шинжээч томилох эсэх шийдвэр гаргадаг. Ашигт малтмал, газрын тосны газар нь хүргүүлсэн хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд уламжлах үүрэгтэй. Албан хүсэлт болон бичиг баримт цахимаар авдаг болсон учраас анхдагч материалаа цахимаар явуул гэж хэлснээр нэхэмжлэгч талаас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд цахимаар хүсэлт явуулсан.

Нэхэмжлэгч талаас 2020 оны 07 дугаар сарын 28-нд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан. Хариуцагч байгууллага өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дотоод хяналт шалгалтаараа гаргаж ирсэн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ уламжлаад байхад хүлээж авахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн ашигт малтмалын лицензтэй холбоотой болон асуудлаар төрийн захиргааны байгууллагад хандаагүй. Түгээмэл тархацтай орон нутгийн тусгай зөвшөөрлийн тухай асуудал яригдаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд Д******* ХХК-аас гаргасан хүсэлтийг хүлээж аваад хугацаандаа хандсан гэж үзэж байхад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс танай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг хариу өгч байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Хүсэлтийг хүлээж аваад шинжээч томилсноор тухайн шинжээч нь ямар дүгнэлт гаргах нь дараагийн асуудал. Нэхэмжлэгч талаас заавал тусгай зөвшөөрөл сунгаж өг, шинжээч заавал манай компанийн ашиг сонирхолд нийцсэн дүгнэлт гаргах ёстой гэж хэлээгүй. Энгийнээр хэлэхэд хуульд заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт л гаргасан. Төрийн байгууллагын эс үйлдэхүй буюу бичиг хэргийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд дотоод хяналт шалгалтаараа тогтоосон. Нэхэмжлэгч Д******* ХХК-аас Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 болон 48.4 дэх хэсэгт тус тус зааснаар хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ хүргүүлсэн боловч хүлээж аваагүй бөгөөд аваагүй улмаас өнөөдөр шүүхэд маргаан үүсээд явж байна. гэжээ.

6.Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дор дурдсан тохиолдолд дуусгавар болно., 35.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж тус тус заасан бөгөөд "Д*******" ХХК-ийн эзэмшиж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасан.

Ашигт малтмал, газрын тосны газраас "Д*******" ХХК-ийн эзэмшиж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах тухай хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө гаргаагүй, хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13/3010 тоот бичгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд гаргасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм-ийг баталсан бөгөөд энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5413 дугаарт бүртгэгдсэн.

Дээрх дүрмийн 13.1-т Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасан хугацаанд багтаан холбогдох шинжээчийг дараах этгээд томилно., 13.1.2-т Зөвлөлийн салбар хуралдаанаар хэлэлцэх асуудалд тухайн салбар хуралдааны даргын саналыг харгалзан Зөвлөлийн дарга гэж тус тус заасан байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн дээрх заалтуудыг үндэслэн "Д*******" ХХК-ийн эзэмшиж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохоос татгалзсан болно.

Иймд "Д*******" ХХК-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус компанийн эзэмшиж буй Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.1. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилдог. Шинжээч томилох бичгийг шинжээч томилуулах компаниуд тайлангаа албан бичгийн хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалаар баталсан журмын дагуу боловсруулсан эсэхийг хариуцсан мэргэжилтэн шалгадаг. Журмын дагуу боловсруулсан тохиолдолд албан бичиг дээр нь хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурдаг бөгөөд тухайн албан бичгийг бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгөөд тайлангаа авч явдаг. Иймд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.Д нь хүсэлт гаргахад бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй гэдэг зүйл ярьсан. Гэрч Д.Д нь 2020 оны 07 дугаар сарын 28-нд Ашигт малтмал, газрын тосны газар албан хүсэлт гаргахаа очихдоо тайлангаа авч очоогүй бөгөөд зөвхөн албан бичиг авч очсон тухай мэдүүлсэн. Тайлангаа авч ирээгүй учраас түр орлон гүйцэтгэгч Ү.Г мэргэжилтэн нь тухайн албан бичиг дээр нь гарын цохолт хийгээгүй учраас бичиг хэргийн ажилтан тухайн албан бичгийг хүлээж аваагүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Д******* ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт нь Ашиг малтмал, газрын тосны газраас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Түүнээс өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас ямар нэгэн байдлаар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлээгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл яагаад шинжээч томилохгүй байгаа тухайд 2022 оны 06 дугаар сарын 02-нд Д******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан тул шинжээч томилох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

7.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "Д*******" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлж, хамтран хариуцагч татах тухай шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

"Д*******" ХХК нь Дорноговь аймгийн Айраг, ******* сумдын нутагт орших Д нэртэй 382.2 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ХV- тусгай зөвшөөрлийг анх 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар анх эзэмшиж эхэлсэн байна.

Улмаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/610 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан байна.

"Д*******" ХХК нь анх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/005 дугаартай Гомдол, хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр хандсан байдаг. Тус албан бичигт 2020 ооны 07 дугаар сарын 28-нд 2020/002 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Айраг, ******* сумдын нутагт орших Д нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд барилгын чулуун ордод хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар хандсан тухай бичсэн байдаг.

Гэтэл "Д*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа 2020 ооны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/002 дугаартай албан бичиг агентлагийн бичиг хэргийн системд ирсэн бүртгэлгүй байдаг. Энэ талаар шүүхэд тухай бүр нотлох баримтыг гаргаж өгсөн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд шинжээч томилуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т ... Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана ... гэж заасан шаардлагыг хангаж ирүүлсэн нь нотлогдохгүй байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 1/8147 дугаартай албан бичгийн хариуг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 58 хуудас хавсралт бүхий 6/4835 дугаартай албан бичгээр "Д*******" ХХК-аас тус байгууллагад хандан гаргасан 2020 оноос хойших өргөдөл, гомдол, хүсэлт, түүнд өгсөн хариу болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилуулахтай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 1/8147 дугаартай албан бичгийн хариуг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9 хуудас хавсралт бүхий 1/5218 дугаартай албан бичгээр "Д*******" ХХК-аас тус газарт ирүүлсэн гэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/002 дугаартай албан бичиг ирүүлсэн гэх бүртгэл байхгүй талаар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны А/195 дугаар тушаалаар батлагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг нотлох баримтаар шаардлага хангуулан хүргүүлсэн байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж нэхэмжлэгч "Д*******" ХХК-ийн хамтран хариуцагчаар татах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

7.1.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэж тайлбарладаг. Анх 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаагаар олгогдсон байдаг. Үүний дараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах гэж заасан байдаг. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийтдээ 5 жилийн хугацаатай байна. Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх асуудал яригдаж байх бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу хэрэгжүүлээгүй гэдгээ гэрч Д.Д хэлсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ү.Г мэргэжилтэнтэй уулзахдаа ямар ч баримт, тайлан хэвлэж очоогүй гэж хэлсэн. Энэ асуудалд төрийн захиргааны байгууллагыг буруутгахаас илүүтэйгээр тухайн асуудлыг хариуцаж буй геологийн мэргэжилтэн үүргээ биелүүлэх ёстой байсан. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 35.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж заасан. Ингэснээр Д******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч талын маргаж буй үйл баримтуудаар нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал ярьсан бөгөөд үүнд тодорхой үндэслэл бүхий тайлбар өгөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын өгсөн хариу эс үйлдэхүйтэй маргах, хөөн хэлэлцэх хугацаа болон гомдол гаргах журмын заасан хугацаа нэгэнт алдагдсан тул маргах боломжгүй. А/20 дугаар тушаалаар баталсан журмын дагуу тайлан боловсруулах ёстой бөгөөд эрэл хайгуул хийж буй бүх компаниуд энэхүү журмын дагуу боловсруулдаг. Гэрч Д.Д олон жил геологич хийсэн хүн гэсэн бөгөөд тэр хүн үүргээ биелүүлсэн бол өнөөдөр Д******* ХХК нь төрийн захиргааны байгууллага болон холбогдох мэргэжилтнүүдийг удаа дараа гүтгэлгийн шинж чанартай үйлдэл гаргахгүй байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч "Д*******" ХХК-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан 1.Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь "Д*******" ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2."Д*******" ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Д******* ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг, шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Д*******" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож, хүсэлт хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэж ихэсгэснийг шүүх хүлээн авч холбогдох ажиллагааг хийсэн болно.

1.2.Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тодруулсны дагуу эцсийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Д******* ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн айраг ******* суманд орших Д нэртэй ХV-, энэ нь 2015/001Х тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох, тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах болон Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Д******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож хүсэлт аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тус тус дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.1.Хэргийг хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд нэмэлтээр нотлох баримт гаргах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлтдээ хавсаргаж өгсөн гэх баримтуудыг нэхэмжлэгч эх хувиар нь авчирсан байх тул нотлох баримт шинжлэн судлах явцад үзлэг хийж, нотлох баримтаар үнэлэх боломжтой үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Д******* ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Айраг, ******* сумын нутагт орших Д нэртэй ХV- тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг, шинжээч томилуулах хүсэлтдээ хавсаргаж өгсөн баримтуудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийж, тэмдэглэлд тусгасан болно.

3.Шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Д******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож хүсэлт аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Анх 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Дорноговь аймгийн *******, Аймаг сумын нутаг Д нэртэй газарт орших 392 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай Дайрганы зориулалттай хүрмэн чулуу ашигт малтмалын хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011534069 тоот гэрчилгээтэй "Д*******" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

3.2.Улмаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай А/610 дугаар захирамжаар дээрх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай сунгасан байна.

3.3.Нэхэмжлэгчээс ...бид зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт 11 цаг 30 минутад 2020/002 тоот шинжээч томилуулах албан хүсэлтээ бичиг хэрэг хүлээн авах ажилтанд өгсөн боловч зарим буруутай ажилтны буруугаас шинжээч томилогдохгүй өнөөдрийг хүрч байна. Манай зүгээс 2020, 2021 онуудад Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт, гомдлуудыг удаа дараа гаргаж байсан боловч хариу ирүүлэхгүй байсан тул холбогдох бичиг хэргийн ажилтан болон захиргааны ажилтны буруутай үйлдлийг шалган тогтоолгох үүднээс Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ Статистикийн хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж улмаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмал хайгуул хариуцсан ахлах мэргэжилтэн Ү.Г, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэргийн ажилтан Б.О нарын үйлдлийг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ыг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах санал гаргаж улмаар хариуцлага тооцсон тухай манайд амаар мэдэгдсэн ... хэмээн тайлбарлан маргаж байна.

3.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид төрийн захиргааны байгууллага гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:10.1.4.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах; гэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам-ын 1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зорилгоор геологи, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулахдаа Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно. тус тус заасан.

3.5.Хэдийгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дээрхээс өөрөөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохтой холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй ч хууль хэрэглэх зарчмын дагуу шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж заасныг баримтлан тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулаагүй хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

3.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө. гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө., 48.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана. гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч "Д*******" ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг хуульд заасны дагуу боловсруулж төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй байх ба Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь түүний ирүүлсэн тайлан, техник-эдийн засгийн үндэслэлд шинжээчээр томилуулахаар байна.

3.7.Гэвч нэхэмжлэгч "Д*******" ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт шинжээч томилуулах албан хүсэлтийг гаргасан гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл ийнхүү хандсантай холбоотой нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан бичгээс өөр баримт байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын ... "Д*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/002 дугаартай албан бичиг агентлагийн бичиг хэргийн системд ирсэн бүртгэлгүй байдаг. гэх хариу тайлбар, мөн гэрч Д.Д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгтээ 2020 оны 07 дугаар сарын 28-нд хандсан. Нөөцийн тайланг зохиогч Д.Д, н.С******* гэх хоёр хүн гарын үсэг зураагүй бөгөөд тайлан компьютерт байсан гэж ойлгож болох уу гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******ын асуултад тийм гэж хариулсан болон гэрч Б.О хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд "Д*******" ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт өгөхдөө хавсралт байхгүй нэг хуудас албан бичиг өгсөн ..., түүнчлэн "Д*******" ХХК-ийн гаргасан хүсэлт, гомдлыг судалсан ажлын илтгэх хуудас/хэргийн 1 дүгээр хавтас, 63-68 дахь тал/-ын Дүгнэлт хэсэгт ... Гэвч тусгай зөвшөөрлийн хуулийн хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө үр дүнгийн тайланг Ашигт малтмалын хайгуулын хэлтэст хүлээлгэн өгөлгүйгээр шинжээч томилуулах албан бичиг ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.3 дахь заалтыг зөрчсөн байна. гэснээс тус тус дүгнэвэл нэхэмжлэгч "Д*******" ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шинжээч томилуулах хүсэлтээ зохих баримтуудын хамт хуулийн дагуу гаргасан гэж үзэхээргүй байна.

3.8.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй. гэж заасны дагуу хуульд заасан бүрдэл дутуу буюу зохих журмын дагуу гаргаагүй хүсэлтийг хүлээж аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журамд заасны дагуу тайлан боловсруулаагүй буюу археологи, палеонтологийн судалгаа байхгүй тул шинжээч томилох боломжгүй. гэх тайлбар үндэслэлтэй байх тул Шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Д******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож хүсэлт аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Д******* ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн айраг ******* суманд орших Д нэртэй ХV-, энэ нь 2015/001Х тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох, тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгч "Д*******" ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Э нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ Танай эзэмшиж буй хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилох боломжгүй гэсэн хариу ирүүлж бид арга буюу энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

4.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан.

4.3.Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Д*******" ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 06/1694 дугаартай албан бичгээр .. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно., 35.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан. гэж тус тус заасан байна. Танай эзэмшиж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бүрдсэн байх тул дээрх хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэснээс үзвэл хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг дээрх хуульд заасны дагуу эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн гэж үзэхээр байна.

4.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Засаг даргаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэлээс хасах тухай 01/776 дугаар албан бичгийг/хэргийн 1 дүгээр хавтас, 127 дахь тал/ "Д*******" ХХК-д, хувийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байх ба "Д*******" ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаснаас өөрөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэлээс хассан шийдвэртэй маргаагүй, энэ талаараа шүүх хуралдаанд тайлбарласан тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр шинжээч томилохоос татгалзсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх боломжгүй юм.

5.Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 34 дүгээр зүйлийн 34.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Д******* ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн айраг ******* суманд орших Д нэртэй ХV-, энэ нь 2015/001Х тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох, тайланд шинжээч томилохыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах, шинжээч томилуулах хүсэлтийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Д******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу гаргасан болохыг тогтоолгож хүсэлт аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА