Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,      

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Х.Жанболат, түүний өмгөөлөгч Ш.Аманкел нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бахат овогт Хосбүркитын Жанболатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011089 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бахат овогт Хосбүркитын Жанболат, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг, Ах хус тау 8-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ 93041059,

Шүүгдэгч Х.Жанболат нь 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Б.Бат-Ирээдүйг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Жанболат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд дахиад намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад бүжгийн талбай дээр нөгөө хүүхэн байж л байсан. Гэтэл хажуунаас нэг казак залуу хүрч ирээд надад ямар нэгэн юм хэлэхгүй шууд миний зүүн нүд, духны хэсэгт баруун гараа цохьсон. Тэгээд би газар савж унаад босож ирсэн. “...ширээрүүгээ хараад алхаж байтал нөгөө бүжгийн талбай дээр намайг цохьсон залуу дахиад миний урдаас гарч ирээд мөн миний нүүр духны хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх-9/,

Гэрч Г.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...шөнө 01 цагийн үед бүжгийн талбай дээр нүүрэндээ сахалтай нимгэн цагаан цамцтай казак залуу гэнэт хажуудаа байсан нэг намхан биетэй баруун хувцастай залуугийн нүүр рүү гараараа цохиод авсан. Гэтэл нөгөө залуу нь газар унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-36/,

 

Гэрч Б.Гомбодорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд намайг дээр 2 давхарт бүжгийн талбайн хажууд байхад...эрүүндээ сахалтай залуу очоод нөгөө жижиг залууг цохиод унагаачихсан. “...Гэтэл нөгөө казак залуу нь явж очоод жижиг залууг дахиад гараараа нүүр рүү нь цохиод унагаачихсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-28/,

Гэрч А.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Бат-Ирээдүйн араас нь дагаад явж байтал текний баруун талаас биерхүү бүдүүн шар царайтай залуу гүйж ирээд манай найзын нүүр рүү гараа нэг удаа цохьсон. Гэтэл газар унасны дараа нөгөө залуу гүйж ирээд манай найз Бат-Ирээдүйн нүд рүү өшиглөхөд Бат-Ирээдүй гараараа хаах шиг болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-30/,

 

Хохирогч Б.Бат-Ирээдүйн мэдүүлэг /хх9-10/, хохирлын баримтууд /12-23/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-26/, гэрч Г.Ганхуягийн мэдүүлэг /хх-27/, гэрч Б.Гомбодоржийн мэдүүлэг /хх-28/, гэрч Г.Сүхтулгын мэдүүлэг /хх-29/, шинжээчийн №4077 дугаартай дүгнэлт /хх-36/, сэжигтэн Х.Жанболатын мэдүүлэг /хх-46/, ял шалгах хуудас /хх-50/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх54-75/, хохирогч Б.Бат-Ирээдүйн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Жанболат нь 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Б.Бат-Ирээдүйг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Х.Жанболатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Жанболатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Жанболатад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Хохирогч Б.Бат-Ирээдүй нь шүүгдэгч Х.Жанболатаас хохирол төлбөрт 1.860.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бахат овогт Хосбүркитын Жанболатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Х.Жанболатыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Жанболатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Жанболат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Жанболатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Жанболатад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР