| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/01043/И |
| Дугаар | 183/ШШ2023/02258 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2023/02258
2023 оны 7 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2023/02258 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * дүүргийн * хороо, *** тоот хаягт байрлах ***д ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** дүүргийн ** хороо, ** гудамж ** тоот хаягт оршин суух Б овогт И.З /РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 22,552,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ***д ХХК нь хариуцагч И.Зд холбогдуулан 22,552,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн З нь 2021 оны 12 сарын 02-ны өдөр дугаар ** тоот зээлийн гэрээ байгуулж авто машин худалдан авах зорилгоор 14,500,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдсэн. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан. Үүрэг гүйцэтгэх баталгаа болгож *** приус 30 автомашинаа зээлдүүлэгчид барьцаа болгон шилжүүлэн унаж явах эрхтэй гэрээ байгуулж Э.З нь машинаа ашиглаж байгаа болно. 2022 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөрөөс болон хүүг сар бүрийн 2 өдөр төлөхөөр гэрээнд тусгаж графикаар тохирсон. Зээлдэгч 2022 оны 01 сарын 25-ны өдөр 731,933.60 төгрөг төлсөн нь үндсэн зээлд 303,369.14 төгрөг хүүнд 428.5648,46 төгрөгийг хуваарийн дагуу тооцож авсан. Зээлдэгч үүнээс хойш хуваарь зөрчиж 2022 оны 0** сарын 22-ны өдөр 431,933.60 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 731,933.60 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 750,000 төгрөг нийт 2,213,867 төгрөг төлсөн бөгөөд хүүгийн төлбөрт тооцож авсан. Зээлдэгч 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар график ёсоор үндсэн зээлийн төлбөрөөс 4,972,999 төгрөг төлсөн байх ёстой боловч төлөөгүй, хүүгийн төлбөрт 3,152,812 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нийт 8,125,811 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн зөрчилтэй байгаа болно. Үүнээс гэрээнд заагдсан алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар тооцож 4,062,905 төгрөг болж байгаа болно. Зээлдэгч нь зээл төлөх хуваарийг байнга зөрчиж ирсэн. Утсаар холбогдоход төлнө гэж анх хэлж байсан боловч төлдөггүй. Бид боломжит хугацааг өгч хүлээцтэй хандаж ирсэн. Одоо утсаар залгахаар утсаа авдаггүй, гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй. Арга барагдаад гар утас луу нь мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу байхгүй, холбогдохгүй байгаа болно. Үүрэг гүйцэтгэх баталгаа барьцаа болгож шилжүүлсэн авто машин нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, худалдан борлуулж үүргийг хангуулах боломжгүй байгаа болно. Зээлдэгч зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ төлдөггүй, хугацаа олгосон ч үр дүн гарахгүй нь тодорхой байгаа болно. Бид өмгөөлөгч авч шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулж 1,140,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Иймд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ** тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 14,196,630 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,152,812 төгрөг алданги 4,062,905 төгрөг, өмгөөллийн хөлс 1,140,000 төгрөг нийт 22,552,347 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дугаар ** тоот зээлийн гэрээ байгуулж авто машин худалдан авах зорилгоор 14,500,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдсэн. 2022 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөрөөс болон хүүг сар бүрийн 2 өдөр төлөхөөр гэрээнд тусгаж графикаар тохирсон. Зээлдэгч 2022 оны 01 сарын 25-ны өдөр 731,933.60 төгрөг төлсөн үндсэн зээлд 303,369.14 төгрөг хүүд 428,5648.46 төгрөгийг хуваарийн дагуу тооцож авсан. Зээлдэгч үүнээс хойш хуваарь зөрчиж 2022 оны 0** сарын 22-ны өдөр 431,933.60 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 731,933.60 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 750,000 төгрөг нийт 2,213,867 төгрөг төлсөн бөгөөд хүүгийн төлбөрт тооцож авсан. Зээлдэгч 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар график ёсоор үндсэн зээлийн төлбөрөөс 4,972,999 төгрөг төлсөн байх ёстой боловч төлөөгүй, хүүгийн төлбөрт 3,152,812 төгрөгийн үлдэгдэлтэй. Өөрөө хэлбэл сард 731,933 төгрөг хүү болон үндсэн зээлийн төлбөрт хасагдаад явах байсан боловч төлөлт хийгдэхгүй бидний зүгээс удаа дараа шаардаж утсаар холбогдоход төлнө гэж анх хэлж байсан боловч төлдөггүй. Бид боломжит хугацааг өгч хүлээцтэй хандаж ирсэн. Одоо утсаар залгахаар утсаа авдаггүй, гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй. Арга барагдаад 2023 оны 01 сарын 13-нд гар утас луу нь мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу байхгүй, холбогдохгүй. 2023 оны 02 дугаар сарын 17-нд шүүхэд өгсөн. Шүүхэд өгсөн үеэс хойш ирж уулзахад машинаа зараад та нарын өрийг төлнө гэхэд үндсэн мөнгөө төлчих гэж хэлсэн боловч төлөөгүй. Зээлийн гэрээний 1.1.7-т зээл төлөх хуваарийг 14 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлбэл гэрээнд машин тэрэг хурааж авах хэлцэл хийсэн боловч машин хаана байгаа нь мэдэгдэхгүй манай компанийг хохироож байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 20-ний 21332 тоот зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 14,196,630 төгрөг хүүгийн үлдэгдэл 3,152,812 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ний хүртэл төлөгдөөгүй хүү болгон алдангийг тооцоход 50 хувиасаа хэтэрч байх тул 4,062,905 төгрөг болж байгаа. Иймд зээлийн гэрээг цуцалж 14,196,630 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт хүүгийн үлдэгдэл төлбөр 3,152,812 төгрөг, алданги 4,062,905 төгрөг өмгөөллийн хөлс 1,140,000 төгрөгийн хууль зүйн зардал гаргасан ба нийт 22,552,347 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна. гэв.
3.Хариуцагч И.Зд нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүй.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчийн ирүүлсэн зээлийн өргөдөл, зээл төлөлтийн дансны хуулга, ***д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ** дүүргийн Засаг даргын тамгын газрын олгосон батламж, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай албан бичиг, Нийслэлийн ** дүүргийн онцгой байдлын хэлтэс гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдийн 022/14 дугаартай дүгнэлт, И.Згийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, И.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ****тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ***д ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай өмгөөлөгчид олгосон итгэмжлэл, ***д ХХК-ийн И.З руу бичсэн мессежний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***д ХХК нь хариуцагч И.Зд холбогдуулан 22,552,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч И.Зд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул И.Згийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд: Иргэн З нь 2021 оны 12 сарын 02-ны өдөр дугаар ** тоот зээлийн гэрээ байгуулж авто машин худалдан авах зорилгоор 14,500,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдсэн. Зээлдэгч нь төлбөрөө хугацаанд нь графикийн дагуу төлөөгүй. Мөн олдохгүй байсан. Автомашин нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Бид өмгөөлөгч авч 1,140,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Иймд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ** тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 14,196,630 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,152,812 төгрөг алданги 4,062,905 төгрөг, өмгөөллийн хөлс 1,140,000 төгрөг, нийт 22,552,347 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгч ***д ХХК нь И.Зтай 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ** тоот зээлийн гэрээ байгуулж, 14,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлжээ.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ** тоот зээлийн гэрээ нь зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн /хх-23/ байх тул зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан бөгөөд хариуцагч И.Зг зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэж байсан болох нь И.Згийн ***д ХХК-д гаргасан зээлийг хугацаандаа төлж барагдуулах талаар гаргасан өргөдлөөр тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж үндэслэлтэй.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын шинжлэн үзвэл хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрт үндсэн төлбөр 14,196,630 төгрөг, хүүгийн төлбөрт 3,152,812 төгрөг, алданги 4,062,905 төгрөг, нийт 21,412,347 төгрөг хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс авах эсэх нь түүний хуульд заасан эрх байх тул тус эрхээ хэрэгжүүлсний зардлыг хариуцагчаас шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1,140,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Иймд дээрх дурдсан үндэслэлээр 21.412.347 төгрөгийг хариуцагч И.Згаас гаргуулж ***д ХХК-д олгож, үлдэх 1,140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Згаас 21.412.347 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***д ХХК-д олгож, үлдэх 1,140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Згаас 265,012 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***д ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА