Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/02770

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг,  өөрийн байранд байрлах, У ОНӨААТҮГ /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, 16-4 тоотод байрлах, Д ХХК /РД:*******/,

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг,  451 тоотод оршин суух, Б овогт Ч.Т /РД:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 20 113 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эмүжин нар оролцов.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Ө нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч талууд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул тэдний зөвшөөрснөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 20 113 355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д ХХК-ийн жолооч Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг 2*** УНЕ улсын дугаартай машин дээр эксковатор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдэн хэргийн газраас явсан байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэсгээс олж илрүүлэн Д ХХК-ийн жолооч Ч.Т-ын буруутай үйлдлээс болсныг олж тогтоон нотолж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд Д ХХК-ийн жолооч Ч.Т-ын буруутай үйлдлээс учирсан хохирол 20 113 355 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-ийн жолооч Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө 24 цагийн үед Х дүүрэг,  замын хийморь овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг 2*** УНЕ улсын дугаартай Д ХХК-ийн эзэмшлийн автомашин дээр экскаватор ачиж тээвэрлэн явахдаа мөргөж, эвдэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж Д ХХК-ийн жолооч Ч ын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэдгийг тогтоож Ч т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс уг жолооч Ч ын ажил олгогч болох Д ХХК-иас өндрийн хязгаарлалтын шонг эвдэлсний хохирол болох 20 113 355 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь манайхыг шаардах эрхгүй гэж байгаа боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор манай байгууллагын дүрмийг баталж өгсөн байдаг. Тухайн дүрэмд У нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж заасан. Жил бүр Нийслэлийн Засаг даргаас захирамж гардаг. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга түүнээс эрх олгогдсон этгээд байна” гэж заасны дагуу Нийслэлийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны А\273 тоот захирамжаар манай байгууллагад Нийслэлийн замын засвар арчлалт гүйцэтгэл бүх асуудлыг засварлаж хариуцахаар эрх олгосон. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 дугаартай гэрээг байгуулан ажилласан. Гэрээний дагуу авто замд учирсан хохирлыг засахад гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Бид энэ үндэслэлээр шүүхэд хохирол хариуцаад хариуцагчаар ороод явдаг. Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нь нийслэлийн авто замын хөгжлийн газар байх ёстой манай байгууллага биш гэж тайлбарлаж байна. Энэ тухай Засаг даргын захирамжийн 2 дугаар хэсэгт заагаад өгсөн байгаа. Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 4 454 700 000 төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан "Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал-аас холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Н.Н-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар Г.Б-д, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар М.Б-д даалгасугай гэж заасан. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу Засаг дарга өөрийн бүрэн эрхийн дагуу захирамжаараа манай байгууллагад замын засвар арчлалтыг хариуцуулсан. Тиймээс уг эвдэлсэн өндрийн шонг бид өөрсдийн зардлаар засварлаж, хэвийн болгосон. Мөн төсвийг урьдчилаад замын тэмдэг, тэмдэглэгээ, бусад байгууламж ийм байна гээд гаргачихсан, үүнийг нь баталсан байдаг бөгөөд бид энэ төсвийн дагуу л завсар үйлчилгээг буюу, байгууламжийг хийдэг болно. Тиймээс хариуцагч Д ХХК-иас эвдэлсэн эд зүйлийг засварлаж, хэвийн ажиллагаатай болгосон тул хохирлыг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага түүнийхээ үндэслэлийг нотолсон баримтуудаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн жолооч Ч ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан, энэ талаар маргахгүй. Эрх бүхий албан тушаалтны шийтгэх хуудсаар 300 000 төгрөгөөр торгуулсан. Нэхэмжлэгч нь дүрэм болон хуульд зааснаар тухайн шонгийн хууль ёсны өмчлөгч биш. Засвар хамгаалалт, арчлалтыг л хариуцах үүрэгтэй. Хууль ёсны өмчлөгч нь хэн юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэж тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. У нь нэхэмжлэгч мөн гэж тайлбарлаж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тогтоол 2 дугаар хавсралт гээд хавтас хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн дүрэм дээр Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцна гэсэн байна. Арчлалтыг хариуцна гэсэн болохоос биш уг шон нь нэхэмжлэгчийн өмч биш юм. Нийслэлийн Засаг даргаас олгосон эрх шилжүүлэх гэрээ нь 4 454 700 000 төгрөгөөр Улаанбаатар хотын хэмжээнд гарсан зам засварын ажлыг хийж гүйцэтгээд санхүүжилтээ авна гэсэн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл зөвхөн зам засварын арчлалт хамгаалалтыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу нийслэлээс санхүүжилтээ авна. Гэтэл тухайн гарсан зардлаа өөрөөсөө гаргасан гээд нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Д ХХК-ийн эзэмшлийн 2*** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж яваад Нисэхийн Чингисийн хүрээ орчимоос экскеватор ачаад хонхорын чиглэлд явж байхдаа Хийморийн овооны өндөрийн хязгаарын шонг мөргөж гэмтээсэн гэх зам тээврийн осолд холбогдож дуудагдсан байна. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Миний жолоодож явсан өгсүүр газар хүч алдан цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тухайн үед экскеваторын оператор хамт цуг явах байсан бөгөөд яваагүй. Мөн миний бие Төв аймгийн нутгаар явъя гэсэн. Тухайн үед постны мөнгө болон замын хөдөлгөөний мөнгө олгоогүй. Тиймээс уулын замаар явах болсон. Энэ авто замын аваар осолд ямар ч холбоогүй болно. Одоо миний бие Өмнөговийн Гурван тэс сумын харъяа нүүрс тээврийн ажил алба хашиж байгаа. Миний ээж элэг солиулсан, эмчийн хяналтанд байгаа. Миний бие асарч багйаа тул шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс У ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гэрэл зургууд, Эрх бүхий албан тушаалтны 2021.09.29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2021.101.12-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн магадлагаа, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, эрх бүхий албан тушаалтны 2021.10.15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021.10.18-ны өдрийн №0028521 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны 2021.10.18-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021.10.01-ний өдрийн албан бичиг, оврын хаалт суурилуулах төсөвт өртгийн товчоо, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг баримтыг, Замын хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/2384 тоот албан бичиг, У ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 470 тоот албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн УБЗЗАГ/А/273-03 тоот Нийслэлийн автозамын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил /Багц-3/, /Засвар, арчлалт/, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/273 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж, хавсралт /хэргийн  5-7, 8-32, 121-130-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 хариуцагчаас 2021.06.29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2021.06.29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Д ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт, Ц.Б-д олгосон итгэмжлэлүүд /хэргийн 48-58, 137, 172-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээдээс хариу тайлбар /хэргийн 185-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас Б.Б-ийн хилээр гарсан эсэх лавлагаа /хэргийн 170-р хуудас/-г бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч нь Д ХХК-ийн жолооч Ч нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Х дүүргийн  овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг мөргөж эвдсэний улмаас уг шонг завсарлаж, хэвийн ажиллагаанд оруулсан тул учирсан хохирол 20 113 355 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь У нь нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч нь өндрийн хязгаарлалтын шонгийн зам засварын арчлалт хамгаалалтыг л хийж гүйцэтгэх үүрэгтэй, өмчлөгч биш тул хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, манай компанийн ажилтан Ч ын буруутай үйлдлийн улмаас осол гарч, шон эвдэрсэн бөгөөд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу буруутай этгээдэд нь шийтгэлийн хуудас оногдуулсан тул хохирлыг байгууллага хариуцахгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Д ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эзэмшлийн 2*** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Хийморын овооны өндрийн хязгаарын шонг мөргөж гэмтээсэн нь үнэн,  тухайн үед экскаваторын оператор цуг явах байсан боловч яваагүй, постын мөнгө болон замын хураамжийн мөнгө олгоогүй тул уулын замаар явж осол болсон гэж тайлбарласан.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Х дүүрэг, 1 овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг Д ХХК-ийн жолооч Ч 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнө 24 цагийн үед 2*** УНЕ улсын дугаартай автомашин дээр экскаватор ачиж тээвэрлэн явахдаа мөргөж, гэмтээсэн болох нь зохигчийн тайлбар, Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн 210300148 дугаартай гомдлыг хянасан магадлагаа, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0028521 тоот шийтгэлийн хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн эсэх, өндрийн шонг сэргээн засварласны зардалд 20 113 355 төгрөгний төсөвт өртөг үндэслэлтэй эсэх талаар маргаж байна, осол болсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь эвдэрсэн шонгийн хууль ёсны өмчлөгч биш бөгөөд зөвхөн арчлалт хамгаалалтыг л хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж маргасан боловч нэхэмжлэгч У ОНӨААТҮГазар нь зам засвар, арчлалт хамгаалалт, замын будаг, тэмдэг тэмдэглэгээ хийх, асфальт бетон бүтээц хайрга, дайрганы үйлдвэрлэл, гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт ашиглалтыг хариуцах, хяналт тавих үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У ОНӨААТҮГазрын дүрмээр тус тус тогтоогдож байна.

 

7.1.Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12"зам хариуцагч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан, 23 дугаар зүйлийн 23.1-д “авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна” гэж зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар зам завсар, арчлалтын газар нь зам хариуцагч байгууллага бөгөөд замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, замын байгууламжийн засвар ашиглалтыг хариуцахаар заасан байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж үзэв.

7.2.Мөн Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга түүнээс эрх олгогдсон этгээд байна” гэж заасан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/273 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжийн 1-т “...Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт бусад ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж ажиллахыг У ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай...” гэж нийслэлийн замын засвар арчлалт гүйцэтгэлийн асуудлыг засварлаж хариуцах эрхийг У ОНӨААТҮГ-т бүрэн олгосон байх бөгөөд Нийслэлийн замын хөгжлийн газраас “...У нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүрмээр хүлээсэн чиг үүргийн дагуу 20 113  355 төгрөгийн өөрийн зардлаар эвдэлсэн өндрийн хязгаарыг шинэчлэн байршуулсан нь үнэн болно” гэжээ.

7.3.Иймд нэхэмжлэгч нь Д ХХК-ийн ажилтан Ч ыг ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осол гаргаж, замын хязгаарлалтын шонг мөргөж, гэмтээсэн тул уг эвдэлсэн замын байгууламж болох өндрийн шонг засаж, шинэчлэн байршуулахад 20 113 355 төгрөгний зардал гарсан гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хохирлоо шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

8.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч хариуцагч Д ХХК-нд ажиллаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №02/21-155 тоот Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч талууд маргаагүй болно.

 

9.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчээс өндрийн шонг сэргээн засварлаж, шинээр байршуулахад гарсан зардал гэж гэм хорын хохиролд 20 113 355 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг зардал гарсан болох нь “Оврын хаалт суурилуулах төсөвт өртгийн товчоо”, ажлын явцын зураг, “Наадамчдын замд хамгаалалтын оврын хаалт байгуулах ажлын төсөв” гэсэн баримтуудаар тогтоогдоно гэсэн.

9.1.Хариуцагч нь өндрийн хязгаарын шонг 20 113 355 төгрөгөөр засч шинэчилсэн төсөв нь нотлогдохгүй байна гэж маргаж, У ОНӨААТҮГ нь нийслэлийн Засаг даргаас олгосон эрх шилжүүлэх гэрээний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд гарсан зам засварын ажлыг хийж гүйцэтгээд санхүүжилтээ авах тул өөрийн зардлаар засвар хийж уг төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч, хэрэгт авагдсан Авто замын хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/2084 тоот үнэлгээгээр хохирлын үнэлгээг нийт 20 113 355 төгрөгөөр тогтоосон, Нийслэлийн Замын хөгжлийн газраас өндрийн хязгаарын шонг 20 113 355 төгрөгийн өөрийн зардлаар нэхэмжлэгчийг шинэчлэн байршуулсан гэжээ.

9.2.Мөн Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18"зураг төсөл" гэж авто зам, замын байгууламжийг барих, засварлах, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичгийг” хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь оврын хаалт шинээр засаж байршуулахад 20 113 355 төгрөгийн зардлыг гарсан гэж шаардсан нь үндэслэлтэй, эвдэрч гэмтсэн шонг засаж, дахин байршуулсан болох нь хэрэгт авагдсан ажлын явцын гэрэл зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзэв .

 

10.Иймд хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохиролд буюу эвдэрч гэмтсэн өндрийн хязгаарын шонг засаж шинэчлэн байршуулсан зардалд 20 113 355 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

11.Иргэдийн төлөөлөгч Б.Ө-т шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

 12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 258 517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохиролд 20 113 355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 258 517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                               

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХУЛАН

 

                                     ШҮҮГЧИД                               Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                  Г.СОЛОНГО