| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03847/И |
| Дугаар | 183/ШШ2023/02841 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2023/02841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНСУ-ын 304 тоотод оршин суух, Д овогт Ч.Б /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 18 давхарт байрлах, Ж ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эмүжин нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Ж ХХК нь Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Ч.Б нь хариу төлбөрт нь 263 860 370 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу худалдан авагч Ч.Б орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан. Харин худалдагч Ж ХХК нь орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж, худалдан авагч Ч.Б нь 2020 оны 1 дүгээр сараас хойш тухайн орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа боловч Ж ХХК нь Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бөгөөд худалдан авагч Ч.Б нь ийнхүү үнийг бүрэн төлсөн тул Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй. Нэхэмжлэгч Ч.Б нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч Ж ХХК гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй.
Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн өмчлөх эрхийг сэргээж, Ч.Б ийг Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж ” ХХК болон иргэн Б.Д /Ч.Б ийн хүү/ нар нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №160919 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу захиалагч нь Б дүүрэг, 118.27м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг захиалан бариулж, орон сууцны төлбөрт 272 021 000 төгрөгийг төлөх ёстойгоос компани 8 160 630 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 263 860 370 төгрөгийг 10 хувааж 100% төлж дуусгасан. Сүүлд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Д-ийн хүсэлтээр аав Ч.Б-ийн нэр дээр гэрээг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь орон сууцыг барьж, ашиглалтанд оруулан, улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид түлхүүр гардуулсан. Нэхэмжлэгч орон сууцандаа орсоноос хойш одоог хүртэл хэвийн эзэмшиж, ашиглаж байна. Мөн манайх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтуудыг захиалагчид өгсөн. /Аваагүй тохиолдолд борлуулалтын албанаас авах боломжтой/ Манай компани бусад барилгын компаниудын жишгээр төслийн зарим санхүүжилтийг банкнаас тэр дундаа Худалдаа Хөгжлийн банкнаас авсан. Худалдаа Хөгжлийн банк манай компани хоёрын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээ байгуулагдах үед 751-р байр нь блокоороо 85% гүйцэтгэлтэй, Ү-22****9463 улсын бүртгэлийн дугаартай, дуусаагүй барилгын 1 гэрчилгээтэй байсан. Манай зүгээс захиалга хийгдсэн айлуудаа банкинд мэдэгдэж, борлуулалтын тайлан мэдээгээ явуулж байсан. Банкны зүгээс судалгаа хийхдээ борлуулалт хийгдсэн байрыг барьцаанд үнэлэхгүй гэж байсан. /И-мэйлийг хавсаргав/ Өөрөөр хэлбэл, захиалгын гэрээгээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн айлуудыг барьцаанд бариулахгүй байхаар тохирсон юм. Харин банк сүүлд энэ тохиролцооноосоо буцаж анхны захиалагчдын бичиг баримтыг гаргаж өгөхгүй хүндрэл учруулаад байгаа юм. Уг нь нэхэмжлэгчийн хувьд барьцааны гэрээ байгуулагдах 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр захиалгын гэрээ байгуулсан тул дээрх барьцааны гэрээтэй ямар ч хамаагүй юм. Барьцаа хөрөнгө, үнэлгээний асуудлаас болоод банк манай компани хоёрын хооронд үл ойлголцол үүссэн ба уг маргаан нь даамжирсаар 2021 оны 12-р сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Худалдаа хөгжлийн банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг үүссэн. Одоогийн байдлаар хэрэг хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байна. Банк анхан шатны хуралдаан дээр 11 айлын 14 орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрсөнөөр анхан шатны шүүх зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь манай компанийн барьж ашиглалтанд оруулсан Б дүүргийн 118.27 м.кв талбайтай, 4 өрөө байрыг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 260919 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу захиалж бариулсан. Компанийн зүгээс захиалгын гэрээний дагуу байраа бариад ашиглалтанд оруулаад түлхүүрийг гардуулж өгсөн. Энэ байр 2019 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсноос хойш тухайн байранд нэхэмжлэгч амьдарч байгаа. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй өдий хүрсэн. Үүний шалтгаан нь Ж ХХК болон Х банкны маргаанаас болоод ийм байдалтай байгаа. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан. Энэ байр урьдчилгаа хийгдсэн зарагдсан гэдгийг мэдээлсэн. Банк амлалтаасаа буцаад хүндрэл учруулаад байгаа. Энэ айлыг өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Д-д олгосон итгэмжлэл, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №160919 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ /хэргийн 3-9-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Л.Э-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар /хэргийн 13-14, 19-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, уг орон сууцанд амьдарч байгаа боловч хариуцагч Ж ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрх зөрчиж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Ж ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ байгаа, гэхдээ нэхэмжлэгчтэй барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас өмнө хийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №160919 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Ч.Б нь Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 263 860 370 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж ХХК нь орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 30-ний дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх талаар байна, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №160919 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны төлбөр болох 263 860 370 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №160919 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох орон сууцны барилгыг нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сард хүлээн авсан, уг орон сууц нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй байсан талаар зохигч талууд маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.
6.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
6.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6.4.Талуудын хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д “гэрээний 1.1.-д заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7.Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №160919 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсны дараа Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласан бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, үнийг төлсөн захиалагчийн өмчлөлд өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
7.1.Хариуцагч Ж ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан, мөн зохигч талууд хэн аль нь Худалдаа хөгжлийн банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй болно.
8.Иймд нэхэмжлэгч Ч.Б ийг Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Ж ХХК-д даалгахаар шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 1 477 252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-д 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх”-ээр зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Ч.Б-ийг Б дүүргийн 118.27 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Ж ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 1 477 252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН