Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02842

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг, 340 тоотод оршин суух, Ловогт Д.Ө /РД:********/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хдүүрэг, 18 давхарт байрлах, Ж ХХК /РД:******/,

Гуравдагч этгээд: С дүүрэг,  хаягт байрлах, Х ХХК /РД:*******/-д тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүрэг, 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,  (2 ширхэг) автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов. 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Ж ХХК-д  холбогдуулан Б дүүрэг, 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, (2 ширхэг) автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Д.Ө миний бие Ж ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200918 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Б дүүрэг,  "Д" блок буюу шинэчилсэн хаягаар П******* хотхоны 4 өрөө орон сууцыг нийт 300 464 640 төгрөгөөр, мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200922 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, тус байрны B1 зогсоолын 2 ширхэг автозогсоолыг нийт 70 000 000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Тус гэрээнүүд нь өмнө нь Л овогтой Д-ийн нэр дээр байгуулагдсан байсан бөгөөд миний бие 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн буюу өглөг, авлагын тооцоо дууссан болох нь гэрээн дээрх төлбөр тооцооны бичилт болон Ж ХХК-аас гаргаж өгсөн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдоно. Гэрээ байгуулахдаа Ж ХХК-ын оффист очиж, гэрээ шилжүүлсний хураамж болох 200 ам.доллар /570 000 төгрөг/-ыг гэрээ тус бүрт төлж, нийт 400 ам.доллар буюу 1 140 000 төгрөгийг төлж, гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн байгуулсан. Гэрээг байгуулах үед "хураамжаа төлөөд гэрээгээ нэр дээрээ шилжүүлээд авчих юм бол үл хөдлөхийн гэрчилгээ нь удахгүй таны нэр дээр гарчихна" гэж ойлгуулсан боловч Ж ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхийн эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй удаасаар байсан. Судлаад үзтэл, тухайн барилга нь Х банкны барьцаанд байгаа бөгөөд маш олон айл гэрчилгээгээ авч чадахгүй 2, 3 жил болсон учраас байраа зарж эхэлсэн байсан. Цаад учир шалтгааныг нь мэдээгүй маш олон хүмүүс тухайн барилгад орон сууц, авто зогсоол худалдан авч хохирсон байдаг бөгөөд миний бие тэдгээр иргэдийн нэг тод жишээ юм. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах асуудлаар Ж ХХК-д удаа дараа хандаж, 6 сарын турш шаардлага тавьсны эцэст 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ гаргуулахад шаардагдах зарим бичиг баримтыг гаргаж өгсний дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Бүртгэлийн байгууллага Ж ХХК-аас гаргаж өгсөн бичиг баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгөх боломжгүй хэмээн татгалзсан хариу өгсөн бөгөөд учир нь тухайн барилга нь бүхэлдээ Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа тул миний худалдан авсан орон сууцыг банкны барьцаанаа хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг банкнаас авч ирэхийг шаардсан. Ж ХХК Үүнийг мэдсээр байж манай байрыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөлгүй, дутуу бичиг баримт гаргаж өгсөн байсан. Ийнхүү, миний бие бүтэн 2 жилийн турш худалдан авсан орон сууц болон 2 ширхэг авто зогсоолынхоо өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч чадахгүй хохирч байна. Сүүлийн жилүүдэд Ж ХХК-аас гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлж, орон сууц болон 2 ширхэг авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг байнга шаардаж, амаар болон бичгээр хүсэлт, шаардлага тавьж байгаа боловч тус компанийн удирдлага, ажилтнууд нь сүүлийн үед бидэнтэй уулзахаас зугтааж, ямар ч хариу өгөхөө больсон тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Мөнгөө бүрэн төлж, орон сууцыг 2 ширхэг авто зогсоолын хамт худалдан авсан худалдан авагчийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөлгүй, бусдад барьцаалж, урт удаан хугацаагаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд маань саад учруулж, өмчлөх эрхийг маань зөрчиж, хохироож байгаа явдалд маш их гомдолтой байна. Иймд, Д.Ө намайг Б дүүргийн 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, (2 ширхэг) автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууц болон 2 ширхэг авто зогсоолыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Ө миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.    

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ хийж ашиглалтад оруулсан Б дүүргийн  4 өрөө орон сууцыг 300 464 640 төгрөгөөр, 4 хоногийн дараа барилгад хөрөнгө оруулах гэрээ хийж 753 дугаар байрны В1 давхрын 2 авто зогсоолыг тус бүрийг 35 000 000 төгрөг буюу нийт 70 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Нэхэмжлэгч нь Л.Д-гээс эрх шилжүүлэх гэрээний дагуу захиалгын гэрээг шилжүүлж авсан. Захиалгын гэрээг шилжүүлж авах үед бүх төлбөр төлөгдсөн байсан. Эрх шилжүүлэх гэрээгээр захиалгын гэрээг шилжүүлж авах үед үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний 2 хувийн татвар төлдөг учраас Ж ХХК нь гэрчилгээг Л.Д-гийн нэр дээр гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг. Орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэх юм бол Улсын бүртгэлийн газар шилжээд 60 хоногийн дараа гэрчилгээ гарна гэх мэдээллийг тухайн үеийн Ж  ХХК-ийн борлуулалтын ажилтан хэлж байсан. Одоо хүртэл гэрчилгээ гараагүй байгаа. Авто зогсоолын тухайд гэрээ байгуулснаас 4 хоногийн дараа авсан учраас тухайн үед гэрчилгээ гарахгүй байгаа гэдгийг мэдээгүй. 2020 оны 9 дүгээр сард гэрээ байгуулаад 2021 оны 9 дүгээр сар хүртэл Улсын бүртгэлийн газарт бичгээ гаргаж өгөөгүй. Удахгүй гаргаж өгнө, дотоод ажилтай гэх мэтээр явсаар жилийн дараа бичгээ гаргаж өгсөн. Үүний дагуу гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлнэ гээд Улсын бүртгэлийн газарт очиход энэ барилга банкны барьцаанд байгаа учраас гэрчилгээ гарахгүй байгаа гэсэн. Жилийн дараа дахин Улсын бүртгэлийн газар очиход өргөдлийг чинь хүлээж авъя гэхдээ гэрчилгээ олгохгүй гэсэн. Тухайн барилга нь бүхэлдээ Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байна. Тиймээс барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлэх бичгийг банкнаас авч ир гэсэн. Үүний дагуу Д.Ө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байр болон авто зогсоол нь Д.Ө-ны нэр дээр шилжихгүй байгаа нь банкны барьцаанаас шалтгаалаад байна. Өмчлөлдөө шилжүүлээд авсан ч гэсэн энэ байр авто зогсоолыг банкны барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг хариуцагчид даалгахгүй бол өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байна. Эд хөрөнгийн эрхийн доголдолтой байна гэж үзээд барьцаанаас чөлөөлж өгөх шаардлагыг гаргаж байгаа. Барьцаанаас чөлөөлсөн бичгээ банкнаас гаргуулаад өгөх юм бол гэрчилгээгээ авах боломжтой байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.Ө ы нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа богөөд манай компанийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай компани иргэн Д.Ө тай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №200918 дугаартай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулан тус гэрээний дагуу нэхэмжлэгч тал Б дүүрэг, 111,78м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг бариулж, орон сууцны төлбөрийг 100% барагдуулсан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №200922 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-гээр В1 давхрын  2 ширхэг зогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог 100% барагдуулсан. Иймд Д.Ө ы нэхэмжлэлийн шаардлага болох 7“Д” блок орон сууц, В1 давхрын 2 ширхэг зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй болно. Харин нөгөө нэхэмжлэлийн шаардлага болох дээрх орон сууц, 2 ширхэг зогсоолыг Худалдаа Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Ө ы нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк болон манай компанийн хооронд үл ойлголцол үүсч багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Х банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэхүү бичигнээс бусад шаардлагатай материалыг манай компанийн зүгээс нэхэмжлэгч талд гаргаж өгсөн болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 3 төрлийн шаардлага гаргаж байгаа. Манай зүгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлага дээр татгалзах зүйл байхгүй. Нөгөө хоёр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа. Учир нь бид нарын хүсэл зоригоос шалтгаалахгүй болоод байна. Ж ХХК болон Х банкны хэрэг шүүхийн хяналтын шатан дээрээ явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор зөвшөөрч байна гэж хэлж чадахгүй байна. Өмнө нь захиалгын гэрээ хийсэн байсан айлаас нэр шилжүүлж авсан, төлбөр тооцоо бүрэн дууссан гэдгийг зөвшөөрч байна. Барьцаанаас чөлөөлүүлнэ гэхээр банкнаас хэсэгчлэн чөлөөлөх албан тоотыг гаргах шаардлагатай болж байгаа. Гэтэл банк 2 байгууллагын хооронд хэрэг маргаан явж байгаа учраас эцэслэн шийдвэрлэгдтэл ямар нэгэн албан бичиг гаргаж өгөхгүй гэсэн. Манай зүгээс бичгээр болон уулзалтаар удаа дараа захиалагчдынхаа өмнөөс хэлэлцээрт орсон. Тиймээс хэрэг шийдэгдэхээс өмнө манай компани шууд барьцаанаас чөлөөлж өгье гэж хэлэх аргагүй байна гэв.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани зээлээ төлтөл барьцаанаасаа чөлөөлөх боломжгүй. Барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх талаар одоо шийдвэрлэх боломжгүй. Банк хурлаар орж барьцаа хөрөнгийг чөлөөлөх үү, үгүй юу гэдгээ шийддэг. Манай дансанд мөнгө орох юм бол цаашаа танилцуулаад хурлаар ордог. Хурлаараа танилцуулаад шийдвэрлэсний дараа чөлөөлдөг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын үүссэн барьцааны зүйл өөрсдийнх нь асуудал. Нэхэмжлэгч Д.Ө байраа авахдаа барьцаалбараа өөрөө шалгах байсан. Банктай ямар ч хамааралгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 200918 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 200922 тоо Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, хавсралт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21/426-2 тоот албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21/427-2 тоот албан бичиг хавсралт, Н.Н-д олгосон итгэмжлэл /хэргийн 2-21, 38-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөрийн баримт /хэргийн 26-27, 32-35-р хуудас/

гуравдагч этгээдээс М.Э-т олгосон итгэмжлэл, Э.О, М.Э нарт олгосон итгэмжлэл /хэргийн 75, 79-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд  хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтуудыг /хэргийн 45-72-р хуудас/ бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууц, автозогсоолуудын үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хариуцагч Ж ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрх зөрчиж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Х банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Ж ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, Х ХХК-ийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ байгаа, банктай шүүхэд маргаж ойлголцохгүй нөхцөл байдал үүссэн учраас улсын бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй байсан учраас барьцаанаас чөлөөлж, өмчлөгчөөр тогтооход шаардлагатай баримт бичгийг өгөх боломжгүй байсан гэж тайлбарласан.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК нь орон сууц нь хариуцагч Ж ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн нэмэлт гэрээгээр орон сууцны үнийг манай банкинд байршуулаагүй, мөн манай банкны дансанд төлөөгүй гэж тайлбарласан. 

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ж ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200918 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Д.Ө нь Б дүүрэг,  "Д" блок буюу шинэчилсэн хаягаар П 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нийт 300 464 640 төгрөгөөр, мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №200922 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээгээр тус байрны B1 зогсоолын  2 ширхэг автозогсоолыг нийт 70 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч Ж ХХК нь орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь орон сууц, автозогсоолуудын өмчлөх эрхийг шилжүүлэх, барьцаанаас чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар байна, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан, орон сууц, автозогсоолуудын үнэ бүрэн төлөгдсөн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.

 

6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200918 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №200922 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох Б дүүрэг, "Д" блок буюу шинэчилсэн хаягаар П******* хотхоны  111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны төлбөр болох 300 464 640 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200922 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу тус байрны B1 зогсоолын  2 ширхэг автозогсоолыг нийт 70 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууц, автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

 

6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200918 тоот, 2020 оны 9 дүгээр саырн 22-ны өдрийн №200922 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох орон сууцны барилга, автозогсоолууд нь 2020 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.   

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

6.2.Гэрээний зүйл болох орон сууц, автозогсоолуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууц, автозогсоолуудын үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй болно.

6.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууц, автозогсоолуудыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.  

6.4.Талуудын хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д “гэрээний 1.1.-д заасан хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5/5487 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гуравдагч этгээд Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

7. Хариуцагч Ж ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээгээр дээрх маргаан бүхий орон сууц буюу Б дүүрэг 753 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Х ХХК-иас зээл авсан болох нь тогтоогдож байна.

 

7.1.Иймд хариуцагч Ж ХХК нь барьцааны гэрээний зүйл болох орон сууц болон автозогсоолыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №200918 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №200922 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-гээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

 

7.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж ХХК-ийг зээлээ төлтөл барьцаанаасаа чөлөөлөх боломжгүй, байгууллагын дансанд мөнгө орох тохиолдолд хурлаар танилцуулж барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийддэг, нэхэмжлэгч нь өөрөө гэрээ байгуулах үедээ барьцаалбартай эсэх талаар шалгах ёстой байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хариуцагч Ж ХХК нь орон сууцны төлбөрийг Х банкны дансанд шилжүүлээгүй байна.

7.4.Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Д.Ө ы гэрээгээр авсан 753 дугаар байрны 340 тоот орон сууцны барилгыг бүхэлд нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ногдох зээлийн төлбөрийг гуравдагч этгээд Х банкинд төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй байх бөгөөд шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.

 

8.Иймд нэхэмжлэгч Д.Ө ыг Б дүүрэг, 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны В1 давхрын 155, 157 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууц болон автозогсоолуудыг банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгахаар шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 150 674 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 150 674  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ө д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л овогт Д.Ө-ыг Б дүүрэг, 111.78 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны В1 давхрын 2 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 150 674 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 150 674  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ө д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН