Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/01071

 

2023 оны 04 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/01071 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Гончигсумлаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ................ байрлах, М ХК /РД:.............. /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............., өөрийн байранд байрлах, О СӨХ /РД:............ /-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 754.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С , нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. МХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай авто тээврийн хэрэгслийн даатгалын 000000000000 тоот гэрээний даатгуулагч Б.Б-гийн 0000 УНК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүрэг, ...................... нийтийн зогсоолд зогсож байх үед машины дээд талын буюу таазны шугамаас ус алдаж машины орой , өнгө норж, баруун хойд хаалга будаг болон зурагдсан, баруун хормой будаг урсаж баруун хойд крыло будаг болж зурагдсан, баруун хойд гурвалжин шил, баруун хойд хаалганы шил борооны хаалт будаг болж даатгуулагч Б.Б  тээврийн хэрэгсэлд нийт 754.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Оранж хотхоны сууц өмчлөгчдийн холбоо нь О  СӨХ бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж зааснаар О СӨХ нь тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 754.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М   ХК нь нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх авах гэрээний дагуу шилжүүлж авсан. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирол 754.000 төгрөгийг О СӨХ-өөс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч О  СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн .......................... байрны доорх машины гражийн халуун усны шугам цоорч, 4 тоот зогсоолтой, 61а байрны 27 тоот Цогтжаргалын машин дээр дусаал гоожин шүүхэд хандсан байсны өөрийн гэрийн төлбөр шүүхэд хандсантай адил байгаа учир СӨХ-тэй тохирч өөрөө төлөх болсныг тохиролцож цаашид шүүхээр явах шаардлагагүй гэж үзсэн байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.06.29-ний өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022.01.12-ны өдрийн 000 албан тоот, 2022.01.12-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, зураг, Хаан банкны шилжүүлэгийн мэдээллийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: СӨХ-ны гэрчилгээ, хариу тайлбар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

МХК гэм хорын хохиролд 754.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Оранж СӨХ-нд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч О СӨХ-д шүүх нэхэмжлэлийн хувийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч М  ХК Б.Б-тай тээврийн хэрэгслийн 21003586 тоот даатгалын гэрээ байгуулж, даатгалын эрсдлүүдийг тодорхойлж, 000000 улсын дугаартай, Тоёота 30 маркын тээврийн хэрэгсэлийг даатгажээ.

 

Даатгуулагч Б.Б-гийн 0000 УНК тээврийн хэрэгсэл зогсоолд байх үед дээврээс ус алдаж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, 21003586 тоот даатгалын гэрээний 2.8b-д заасны дагуу даатгалын тохиолдолд бий болж, М  ХК даатгалын төлбөрт 754.000 төгрөгийг Б.Б-гийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Даатгуулагчийн автомашинд учруулсан хохирол нь хариуцагч О -ны буруутай үйлдлээс шалтгаалсан болох нь Б  ХХК-ийн 2022.01.12-ны өдрийн 2/08 албан тоотод 61-р байрны 27 тоотод тайлбар хүргүүлснээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг албан тоотод Нийтийн орон сууцны байшингийн шугам сүлжээ болон ашиглалт үйлчилгээг хариуцах засвар үйлчилгээний зардал гаргах субъектыг ОСНААК, СӨХ, иргэн гэж тус тус заагладаг. Харилцаанд оролцогч талууд доорх заагийн дагуу засвар үйлчилгээний зардал төлбөрийг хариуцан гаргаж нийтийн орон сууцны инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Танай тохиолдолд нийтийн эзэмшлийн зогсоолд зогсдог машины дээд талын шугамнаас ус алдаж байгаа Сууц өмчлөгчид, Сууц өмчлөгчдийн холбооны мөрдөх эрх зүйн актуудын эмхэтгэлийн 15.1-д заасан заагийн дагуу СӨХ нь засварын зардлыг гарган засварлуулах үүрэгтэй тул та СӨХ-д хандан засварын зардлыг гаргуулснаар контор засварыг шуурхай хийж өгөх болно гэжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбоооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөллийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасан бөгөөд 61а байрны автомашины зогсоол нь тус СӨХ-ны хариуцах эд хөрөнгөд хамаарч байна.

 

Иймд О СӨХ-ны эд хөрөнгөд хамаарах автомашины зогсоол шугам задарсаны улмаас даатгуулагчид хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 449 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу М  ХХК О СӨХ-ноос шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар О  СӨХ нь М ХК-ийн хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч О  СӨХ нь шүүхэд хариу тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул О  СӨХ-ноос 754.000 төгрөг гаргуулж, М  ХК-д олгож шийдвэрлэв.

 

Шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч О СӨХ-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О  СӨХ-өөс 22.646 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М  ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О СӨХ-ноос 754.000 төгрөг гаргуулж, М ХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М  ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О  СӨХ-өөс 22.646 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М л ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.ГОНЧИГСУМЛАА