Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Э.-д холбогдох эрүүгийн 1710000120037 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Ж, шүүгдэгч Э.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-16 тоотод хамтран амьдрагч Д.Д-г хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой, нүүрэн тус газар нь гараар цохиж, мөн цээжний зүүн хэсэгт 1 удаа, гарын шуунд 1 удаа, хөлний зүүн гуянд 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-ий өгсөн:  

“...Хэрэг бүртгэлтийн шатанд миний бие үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоо шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл алга. Үйлдсэн хэрэгтээ маргаан байхгүй, хохирогчид хохиролд 500.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дэлгэрмаатай урьд хамтран амьдарч байгаад салсан учир бид хоёрын хооронд урьдын хувийн таарамжгүй харилцаа байсан нь үнэн. Согтуудаа ийм хэрэг хийсэн байна.  Дахин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, биеэ зөв авч явж, засарч хүмүүжиж чадна. Эмэгтэй хүнийг зодож согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Би одоо хөдөө орон нутагт ажил хийж байгаа. Цаашдаа аав, хүү хоёртойгоо сайхан амьдрахыг хүсэж байна. Улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000120037 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Д-н өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед би урд өмнө хамтран амьдарч байсан Э.Мтэй уулзаад, түүний гэрт очиж хоносон. Тэгээд өглөө 10:00 цагийн үед миний таньдаг эгч болох Солонго гэх хүний гэрт буюу ХУД-н 4-р хороо, Арцатын 1-16 тоотод очсон. Мөнх-Эрдэнэ, Солонго эгч, бид гурав гадуур явж байгаад гэрт нь буцаж ирээд дэлгүүрээс 3 шил пиво, 0,75 литрийн архи 1 шилийг аваад ууланд очиж уучихаад буцаж гэрт нь ирсэн. Тухайн үед би архи пивоноос уугаагүй байсан.

Дэлгүүрээс дахиж нэг шил архи авч гэрт нь хувааж уухад би их согтсон байсан. Гэтэл нэг мэдсэн манай найз Мөнх-Эрдэнэ намайг гадаа унагаад зодож байсан ба би сэргээд гэр рүү нь буцаж ороод хаалгаа хаагаад үүдэнд нь байсан шкафанд орох гэтэл намайг үстэж унагаад хутгалсан. Тухайн үед юу болсон талаар одоо сайн санахгүй байна.

Тэгээд эмнэлэгт ирсэн. Миний цээжний зүүн талд нэг удаа, зүүн гарын шуунд, зүүн хөлийн гуянд 2 удаа хутгалсан байна. Мөн миний нүүр хавдсан, мөн миний эрхтэн хавдсан, миний хөл их өвдөж байна. Бид хоёр юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Намайг ямар хутгаар хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Эмчилгээний төлбөрөө барагдуулмаар байна, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-19х/,

2. Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Б-ын өгсөн:

“...Иргэн В.Дэлгэрмаа нь манай эмнэлэгт 2017 оны 07 сарын 04-ний өдрийн орой 22:42 цагт 103 тусламжийн тэргээр харъяаллын дагуу ирсэн. Анх өвчтөний биеийн байдал дунд зэрэг, согтолтын зэрэг өндөртэй, ухаан санаа нь хөөрлийн байдалтай, бүх бие нь цусанд будагдсан, зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой, биеийн зүүн хөхний дээд хэсгээс баруун хөхний доод хэсэг рүү чиглэлтэй арьсны доогуур хавсан 20 см орчим гүнзгий шархтай, мөн зүүн гарын шуу хэсэгт нэвт хатгагдсан шархтай, зүүн гуяны урд хэсгээс болон ар талаас хатгагдсан шархтай байсан.

Нийт 4 удаа хутгалагдсан шархтай анхны тусламж үзүүлсэн боолттой ирсэн. Манай эмнэлэгт өвчтөний шархыг шалгаж, шархны цэгчлэлтийг хийж, шарх тус бүрт оёдол тавьж, боолт хийгээд, рентген болон ЭХО-ны шинжилгээнд цээж, хэвлийг харахад цээжний хөндий, хэвлийн хөндийд хий болон шингэн байхгүй байсан тул өвчтөнг ажиглалтанд авч, шингэн нөхөх, цус тогтоох, антибиотик, өвчин намдаах эмчилгээг хийсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

3. Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ю.С-с өгсөн:

“...2017 оны 07 сарын 04-ний өдөр 11:00 цагийн орчим манай гэрт миний таньдаг дүү Дээгий /Дэлгэрмаа/ найз залуу Мөнх-Эрдэнэтэйгээ хамт ирсэн. Тэгээд бид гурав манай нөхрийн ажил дээр очиж бараа бүтээгдэхүүн аваад, захиалагч нарт нь хаягаар хүргэж өгөхөөр явсан. Тэгээд замдаа бид гурав Цайз захын орчимд автомашин засварын газар очиж машинаа үзүүлчихээд буцахдаа Сандэй Плазагаар орж бараагаа тарааж өгчихөөд,  шууд манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт ирээд бууз хийж идчихээд, салхинд гарахаар болж Яармагийн Нэгдсэн эмнэлгийн урагшаа Богд уул руу явсан. Явах замдаа дэлгүүр орж 0,75 литрийн савалгаатай Соёрхол архи нэг шилийг, 0,5 литрийн Сэрүүн шар айраг 3 лаазыг авсан.

Тэгээд бид гурав уулын энгэрт очиж уг авсан архи, шар айргаа ууж дуусгаад 19:00 цагийн орчим манай гэрт буцаж ирсэн. Ирэх үедээ мөн дэлгүүр орж дахин 0,75 литрийн Соёрхол архи нэг шилийг авсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Дээгий, бид гурав хашаан дотор байшингийн хажууд гадаа ширээ засаад архиа уусан. Тэгээд архи ууж байх үед Дээгий Мөнх-Эрдэнийг урд өмнө нь намайг 2 удаа зодож байсан гээд гомдоллоод байсан. Тэгэхэд нь Мөнх-Эрдэнэ түүнийг “чи намайг хардаад байдаг биздээ” гэх зэргээр хэлж, тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд архи дуусаж байх үед Мөнх-Эрдэнэ “дахин нэг шил архи ууя” гэсэн боловч Дээгий зөвшөөрөхгүй байсан.

Мөнх-Эрдэнэ тэгээд л уурласан байх, гэнэт л Дээгийгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин, үснээс нь зулгааж газар чирсэн. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг салгаад, Дээгийг гэрт оруулаад гэрийн хаалгаа хаагаад, дараад зогсож байтал Мөнх-Эрдэнэ миний гарнаас татаж намайг холдуулаад гэрт орсон.  

Тэгэхэд хүү Бямбасүрэнтэй хамт араас нь ороход Мөнх-Эрдэнэ манай гэрийн мухарын унтлагын өрөөнд Дээгийг газар унагаасан үснээс нь зулгаагаад шалан дээр чирээд өшиглөж байсан. Тэр үед Мөнх-Эрдэнийг салгаад гэрээс гарган хаалгаа хаах гэтэл миний араас нэг удаа нуруу руу өшиглөж, намайг газар унагачихаад дахин гэрт орж Дээгийг газар унагаан өшиглөж байсан. Тэгээд би хүүтэйгээ хамт Мөнх-Эрдэнийг түлхэж гаргаад хаалганыхаа бариулыг онгойлгохгүй гээд дараад зогстол Мөнх-Эрдэнэ гартаа хар иштэй хутга барьчихсан хаалга руу цохиод байсан. Мөнх-Эрдэнэ үүдний амбаарын хаалгыг цохиж байх үедээ хаалганы шилийг хагалсан. Тэгэхээр нь би хүүтэйгээ гартал тэр хооронд Мөнх-Эрдэнэ манай байшингийн унтлагын өрөөний вакум цонхны торыг эвдлээд гэрт орсон.  

Тэр үед би цагдаа дуудахгүй бол болохгүй нь гэж бодоод 102-т залгаж дуудлага өгчихөөд гэртээ ортол Мөнх-Эрдэнэ өөдөөс гартаа хутга барьчихсан, гар нь цус болсон байдалтай хүрээд ирсэн. Тэгээд надад хандан “муу авгай минь чамаас боллоо” гэж хэлээд намайг түлхэж унагаагаад гараад зугтаасан. Тэгээд би түргэн дуудсан. Удалгүй түргэний эмч ирээд, араас нь цагдаа нар ирсэн. Мөнх-Эрдэнийг явсны дараа унтлагын өрөө рүү ороход Дээгий шалан дээр хэвтсэн, бие нь нилэнхүйдээ цус болсон байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

4. Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Б-н өгсөн:

“...2017 оны 07 сарын 04-ний өдөр манай ээж Ю.Солонгын таньдаг хүмүүс болох Дээгий, Мөнх-Эрдэнэ нар 14:00 цагийн орчим манай гэрт ирсэн. Тэгээд хоол унд хийж идчихээд 16:00 цагийн орчим манай ээж Дээгий, Мөнх-Эрдэнэ нарын хамт гадагшаа гараад, би гэртээ ганцаараа үлдсэн. Би тэр үед мөн гэрээсээ гараад гэрийн ойролцоо байх РС тоглоомын төвд очиж 2 цаг тоглочихоод 19:00 цагийн үед гэртээ ирэхэд гэрт ээж, Дээгий, Мөнх-Эрдэнэ нар ирчихсэн, байшингийн гадаа ширээ засаад суусан, архи ууж байсан.

Тэгээд би өрөөндөө ороод гар утасныхаа тоглоомоор тоглоод байж байтал 21:00 цагийн үед Мөнх-Эрдэнэ миний өрөөнд орж ирээд “ах нь эхнэрээ аваад явдаг юм билүү, уул нь хоноод явбал зүгээр байна” гэж хэлсэн. Тэр үед би түүнд “гэрт хоноод явахгүй юу” гэж хэлсэн ба Мөнх-Эрдэнэ буцаад гараад явсан.

Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа гадаа хэрүүл маргаан болоод байх шиг байхаар нь гараад хартал Мөнх-Эрдэнэ эхнэр лүүгээ чанга дуугаар “чи ийм биздээ” гэх зэргээр загнаж байгаад шууд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, үргэлжлүүлээд үснээс нь зулгаан газар чирсэн. Тэгэхээр нь би ээжтэй хамт тэр хоёрыг салгаад ээж Дээгийг аваад гэр лүү орсон ба би гадаа хашаанд Мөнх-Эрдэнэтэй үлдсэн.

Тэр үед Мөнх-Эрдэнэ уурлаад байсан болохоор би тайвшруулах гээд хамт гадаа хэсэг хугацаанд зогссон. Тэгээд удалгүй Мөнх-Эрдэнэ “би тайвширчихлаа, одоо эхнэрээ яваад явлаа” гэхээр нь би “за” гэж хэлээд байшин руу орох гэтэл ээж, Дээгий хоёр байшингийн хаалгыг дотор талаас нь түгжсэн байсан бөгөөд хаалга онгойлгохгүй байсан. Тэр үед дахин үснээс нь зулгаан газар чирч, дээрээс нь хэд хэдэн удаа гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Тэгэхээр нь ээж, бид хоёр дахин салгатал Дээгий босоод манай байшингийн мухрын өрөө рүү гүйгээд явсан. Тэр үед ээж Мөнх-Эрдэнийг гэрээсээ хөөсөн боловч Мөнх-Эрдэнэ “эхнэрээ авч явна, чамд хамаагүй” гэж хэлээд явахгүй байсан.

Тэгээд Мөнх-Эрдэнэ ээжтэй маргалдаж байгаад Дээгийгийн гүйж орсон өрөө рүү гүйж ороод дахин үснээс нь зулгаан газар чирсэн. Энэ үед газар чирэхдээ Мөнх-Эрдэнэ Дээгийгийн толгой руу 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн гараараа толгойруу нь хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр дахин салгах гэсэн боловч дийлэхгүй байсан.

Мөнх-Эрдэнэ Дээгийгийн хувцаснаас нь зуурч байгаад түүний өмсөж явсан жинсэн шорт болон хар өнгийн цамцыг нь урсан. Тэгээд хэсэг хугацаанд ноцолдож байгаад түүнийг салгахад Мөнх-Эрдэнэ дахин дайраад байсан ба ээж бид хоёрыг ойртуулахгүй байсан чинь Мөнх-Эрдэнэ “би наад хүүхнийг чинь дүрчихэе” гэж хэлээд манай гал тогооны тавилганы хамгийн дээд талын шургуулганаас хар иштэй нарийхан хутга аваад дайрсан.

Тэгэхээр нь ээж бид хоёр түүнийг түлхэсээр байгаад гэрээс гаргаад гэрийн хаалга хаасан. Тэр үед Мөнх-Эрдэнэ барьж байсан хутгаараа үүдний амбаарын хаалганы шилтэй хэсгийг цохиод хагалсан. Тэгэхээр нь би түүний хутгыг нь булааж авах гээд хутгатай гарнаас нь барьсан боловч авч чадаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Мөнх-Эрдэнэ байшингийн баруун тийш гүйгээд манай гэрийн унтлагын өрөөний вакум цонхны торыг эвдлээд дотогш орсон.

Энэ үед ээж цагдаагийн газар луу утсаар яриад үүдний амбаар хэсэгт зогсож байсан ба унтлагын өрөөнд Дээгий орилоод байсан. Тэгсэн удалгүй Мөнх-Эрдэний гар нь цус болчихсон, гартаа хар иштэй хутга барьсан гарч ирсэн. Тэгээд хаалга өшиглөж гараад хаалганы цаанаас ээж рүү “та хаалгаа онгойлгож өгөөгүй учраас би гараа ийм болгочихлоо шүү, маргааш таньтай уулзана” гэж хэлээд хашааны хаалгаар гараад явсан. Би Мөнх-Эрдэнэ Дээгийг хутгалж байхыг хараагүй. Тэр үед би үүдний амбаарт ээжтэй хамт зогсож байсан. Би Мөнх-Эрдэнээс хутгыг нь булааж авах гэж байгаад баруун гарны сарвууны ар талд бага зэрэг зүсүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

5. 2017 оны 07 сарын 14-ний өдрийн 8742 дугаартай ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  дүгнэлт:

1. Дэлгэрмаа-н биед зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, зүүн шуу, зүүн гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,  

 

6. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-12х/

 

7. Э.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/,

 

8. Хохирогч Д.Дэлгэрмаа “...эмчилгээний зардлын 500.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй болсон” тухай ХУД-ийн прокурорын газарт болон тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 54х, 72х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрэр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 1-16 тоот дахь энэ хэргийн гэрч Ю.Солонгийн гэрт урьд хамран амьдарч байсан Д.Дэлгэрмаатай маргалдаж, түүний толгой, нүүр тус газарт гараараа цохих, үснээс нь зулгааж чирэх, өшиглөх зэргээр цохиж зодон, улмаар гал тогооны тавилгын шургуулганаас хутга авч түүний цээж, гарын шуу, хөлийн зүүн гуянд тус бүр нэг удаа хутгалж, хохирогч Д.Дэлгэрмаагийн биед “зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, зүүн шуу, зүүн гуяны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт авагдсан хохирогч Д.Дэлгэрмаа /хэргийн 16-19х/, гэрч Б.Болд /хэргийн 20-21х/, гэрч Ю.Солонго /хэргийн 22-23х/, гэрч Н.Бямбасүрэн /хэргийн 24-25х/ нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8742 тоот дүгнэлт /хэргийн 28х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-12х/, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн Д.Дэлгэрмааг зодож, зэвсэг хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Э.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Д.Дэлгэрмаагийн биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлэх эмчилгээний зардалд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон 500.000 төгрөг нөхөн төлж, хохирогчийн гомдлыг барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ бичгээр гаргасан, улмаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хэргийн 53-54х/ 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 185 дугаартай прокурорын тогтоолоор Э.Мд холбогдох  17110000120037 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчийн гаргасан санлын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Э.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Дэлгэрмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. .................... овогт Э-ийн М-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг ялтан Э.М-д мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Э.М цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Д.Д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Э.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД