| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2023/0007/з |
| Дугаар | 119/ШШ2023/0011 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 119/ШШ2023/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ө” ХХК,
Нэхэмжлэгч: Иргэн П-ийн Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОАУБХ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,
Гуравдагч этгээд: Л.Ж нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Л.Ж-ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Л.Ж, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” ХХК болон иргэн П.Э нар нь ОАУБХ-т холбогдуулан “Л.Ж-ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад залруулж, “Л.Ж-ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, энэ тухайгаа дэмжиж шүүх хуралдаанд оролцов. /хавтаст хэргийн 1-2 дахь тал/
2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. “П.Э-ыг ... өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх “Иргэний хэрэг” үүсгэн ажиллагаа явуулж байгаа,
2.2. маргаан бүхий 7.. тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагааг дээрх иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хийхгүй байхыг холбогдох байгууллагуудад даалгасан байхад улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн тул тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон.
3. Нэхэмжлэгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А” ХХК-ийн захирал Т.Б-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гурван орон сууцыг миний нэр дээр гэрчилгээг гаргуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Т.Б-аас гэрчилгээ гарсан уу гэж асуухад, “та хүлээж бай” гэдэг байсан. Тэгж байж байгаад 2017 онд 704 тоот байранд чинь Л.Ж гэдэг хүнийг оруулчихлаа та тэр хүнээс мөнгөө ав гээд намайг өөрийн ажлын оффиссын өрөөндөө дуудаж уулзсан. Л.Ж гэдэг хүнийг би мэдэхгүй ба анх Т.Б-тай уулзахад таарч байсан. Бид гурав мөнгө төлөх график гаргаж гуравласан гэрээ байгуулаад Л.Ж гарын үсгээ зурсан.
Тэр гэрээний дагуу Л.Ж 20.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 40.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Гурав дахь удаагийн төлөх хугацаа хэтрэхээр нь Л.Ж рүү ярихад энэ байрны ордерыг миний нэр дээр болгосны дараагаар үлдэгдэл мөнгө өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гээд Т.Б луу ярихад удахгүй ордерыг нь гаргаж өгнө одоогоор Төрийн банкны барьцаанд байгаа гэж хэлээд хэсэг хугацаанд нам жим байсан. Л.Ж-ийн эхнэр гээд хүн над руу байрны ордерыг гаргаж өг, тэгэхгүй бол “М” ХХК авна гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өмгөөлөгч аваад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний дагуу авсан 3 байрныхаа ордерыг миний нэр дээр болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүсээд байрнуудыг битүүмжлээд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу албан бичгийг явуулсан.
Л.Ж нь ОАУБХ-т өргөдөл гаргаад гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах гээд хөөцөлдөөд явж байхад энэ байр чинь битүүмжлэгдсэн учраас болохгүй гэдгийг тайлбарлаж хэлсээр байхад улсын бүртгэгч О.С гэж хүн дээр очиж хуурамч бичиг баримт бүрдүүлээд Л.Ж өөрийн нэр дээр тухайн байрны гэрчилгээг гаргуулсан байсан. Энэ нь хууль зөрчиж байгаа учир Л.Ж-ийн нэр дээрх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ү-21010268... дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тухайн бүртгэлийг хийх, хянагдах хугацаанд улсын бүртгэлийн Ү-2101029... дугаартай үндсэн хувийн хэрэгт хууль хяналт, шүүхийн байгууллагаас ямар нэгэн эрх түдгэлзүүлсэн, хязгаарласан бүртгэл огт хийгдээгүй байсан ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулий 8 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул дээрх бүртгэлийг улсын бүртгэгч Э.О хийсэн байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/05971 дугаартай захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2а хороолол, Блю Даймонд хотхоны 7.. тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагааг хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэсэн ба Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2044 дугаартай албан бичгийг улсын бүртгэгч О.С хувийн хэрэгт тодорхой шалтгаанаар аваагүй байна.
Өнөөдрийн байдлаар Ү-2101026... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2а хороолол, Блю Даймонд хотхоны 1в байрны 7... тоот 68,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хувийн хэрэг бүртгэлд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2044 дугаартай албан бичгээр шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн бүртгэлтэй байна...” гэжээ /хавтаст хэргийн 30, 31 дүгээр тал/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр тайлбараа гаргасан байгаа учраас дараах хэдэн тайлбарыг нэмж хэлье. Нэхэмжлэлд дурдаад байгаа орон сууцуудад үндсэн хувийн хэрэг гэж байгаа. Энэ үндсэн хувийн хэрэгт урьдчилсан тэмдэглэл, тусгай тэмдэглэл гэдэг зүйл байдаг. Миний хийсэн бүртгэлийн хувьд гэвэл иргэн Л.Ж дээр энэ тэмдэглэгээнүүд байхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн бичиг нь бичиг хэргээр дамжаад дараа нь О.С гээд манай бүргэгч дээр хувийн хэрэг нээлгүй бүртгэсэн байсан. Энэ талаарх тайлбараа манайхаас бичгээр өгсөн байгаа. Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гарах хүртэл иргэний хэргийг нь түдгэлзүүлсэн байгаа юм байна гэж ойлгож байгаа. Энэ маргаан иргэний хэргийн журмаар шийдэгдчих юм бол заавал ингэж захиргааны хэрэгт манайх хариуцагчаас орохгүйгээр аль талд нь шийдвэр гарсан бай хамаагүй бүртгэлийг нь засаж залруулах боломжтой. Захиргааны хэргийг түдгэлзүүлэх саналыг манай зүгээс бичгээр өгсөн боловч иргэний хэргийг нь түдгэлзүүлсэн байгаа юм байна лээ. Манай байгууллагын дотоод зохион байгуулалтаас болж ийм зүйл болсон” гэв.
Гуравдагч этгээд Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн банкинд төлөх мөнгө нь төлөгдөж дууссан учир бүх бичиг баримт банкнаас ирсэн. Үүний дагуу би ОАУБХ-т өөрийн амьдарч байгаа орон сууцныхаа гэрчилгээг авах гэж очсон боловч бүрдүүлэх материал дутуу байна гэж хэлж байсан. Өмнө нь манай байранд амьдарч байсан С гэдэг хүнээс гэрчилгээгээ яаж гаргуулж авсан талаар нь асуусан. Тэгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар хэлж өгсөн. Тэгээд бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байх үед “М ТМЗ” ХХК-аас над руу залгаад “ОАУБХ-т бичиг баримтаа аваачиж өг” гэхээр нь би ОАУБХ дээр Э.О гэдэг бүртгэгч дээр очсон. Тэгэхэд “одоо энэ бичиг баримтыг чинь Улаанбаатар хот руу явуулна, гэрчилгээг гарах үгүйг бид мэдэхгүй 11 хоногийн дараа хариу нь гарна” гэж хэлсэн. 11 хоногийн дараа очиход гэрчилгээ миний нэр дээр гарсан байсан. Байрныхаа төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. 2017 оноос хойш энэ байрандаа амьдарч байгаа. П.Э, “А” ХХК-ийн захирал Т.Б бид гурав гуравласан гэрээ байгуулаад, би 20.00.000 төгрөгийг 2 удаа нийт 40.000.000 төгрөгийг П.Э гэдэг хүнд өгсөн. П.Э гэдэг хүн нь гурав дахь төлөлтөө яагаад хийхгүй байна гэхээр нь байрны гэрчилгээг миний нэр дээр болгосны дараа би үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд үүнээс хойш төлөлт хийгээгүй.
Тэгээд сүүлд “М ТМЗ” ХХК дээр очиж уулзахад мөнгөө бүрэн төлчих, байрны чинь гэрчилгээг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд бүх мөнгөө төлж дуусгаад байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Би П.Э гэдэг хүнд 40,000,000 төгрөгийг илүү өгсөн, энэ мөнгөө бас авмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2015 онд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-р хороолол Блю Даймонд хотхоны 2а байр ашиглалт ороогүй байх үед “А” ХХК-ийн захирал Т.Б нь П.Э-аас хөрөнгө оруулах тусламж хүссэн. Тэгээд тухайн үед “Ө” ХХК-ийн захирал, “А” ХХК-ийн захирал Т.Б нар 140.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалын гэрээ байгуулсан. Энэ мөнгөө хүүтэй нь цуг төлөх байсан, нэхэмжлэгч би хөрөнгө оруулсан мөнгөө яаж авах вэ гэж баталгаа асуухад тус байрны 5.., 7.., 7.. тоот орон сууцуудыг та өөрийн нэр дээр болгож аваарай гэсэн байдаг. Манай компани Төрийн банкнаас зээл аваад хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг чинь хүүтэй нь цуг хангалттай төлнө гэж хэлээд авсан. “А” ХХК-д удаа дараа мэдэгдэл өгсөн байдаг, уг мэдэгдлүүдийг харахаар би мөнгөө буцааж авмаар байна, хэрэв үгүй бол 3 орон сууцны гэрчилгээг миний нэр дээр болгож өг гэж мэдэгдэл өгсөн байсан. “А” ХХК-ийн захирал Т.Б нь Төрийн банкнаас зээл гарсаны дараагаар мөнгийг хүүтэй нь цуг төлнө гэж гараар бичиж өгсөн баримт иргэний хэргийн хавтаст хэрэг дотор байдаг. Энэ хугацаанд “А” ХХК дампуурч, 2.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ байдлаа П.Э-д мэдэгдээгүй, тэр байтугай П.Э-ны нэр лүү гэрчилгээг шилжүүлж өгнө гэж байсан гурван орон сууцаа болон 12 давхрын бүх байраа банкны барьцаанд тавьсан байсан. Энэ байдлаа яагаад хэлээгүй юм бэ гэхэд, “та түр хүлээж бай би шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байгаа тэгэхээр энэ байрнаас нилээдгүй өмч хөрөнгө над дээр ирнэ та санаа амар хүлээж бай” гэж хэлсэн. Энэхүү маргаантайгаар өнөөдрийг хүрсэн.
Тус байрны 7.. тоот байранд Л.Ж гэдэг хүнийг орууллаа та энэ хүнээс мөнгөө аваарай гэж хэлсэн. Гуравласан гэрээгээр Л.Ж энэ байрны мөнгийг “А” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний өрөнд П.Э-д төлөхөөр тохиролцоод, төлөлт бүрэн дууссаны дараагаар гэрчилгээг нь гаргаж өгөх ийм зохицуулалттай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлөлт хийгдэж явж байгаад 3 дахь төлөлтөөс хийгээгүй. “А” ХХК-ийн захирал “та захиалсан байраа ав” гэж хэлсэний дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймаг Баян- Өндөр сум Оюут баг, 2-р хороолол Блю Даймонд хотхоны 2 а байрны 5.., 7.., 7.. тоот орон сууцуудыг “А” ХХК-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нүүдийн дагуу өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд иргэний хэрэг үүссэн явж байгаад 2022 оны 12 дугаар сард энэ 7.. тоотыг зарах гээд байна гэдэг шуум сонссон, яагаад гэхээр Фэйсбүүк дээр Эрдэнэт зар гэсэн группэд “7.. тоот байрыг зарна өмчлөх эрхийн гэрчилгээтэй” гэсэн зарыг харсан. Тэгээд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах асуудлыг зогсоож өгнө үү гэж иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж аваад 704 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагааг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хийхгүй байхыг ОАУБХ болон “М ТМ” ХХК, Төрийн банк зэрэг байгууллагуудад даалгасан тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 05971 дугаар Шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид “М ТМЗ” ХХК зүгээс гомдол гаргаад үндэслэлгүй учир гомдлыг хангахгүй орхисон. Үүний дагуу захирамжийг биелүүлэх тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2043 тоот албан бичгийг ОАУБХ-т хүргүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Гэтэл энэ шүүгчийн захирамжийг санаатайгаар ОАУБХ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэргээс харахад Л.Ж-ийн Улсын бүртгэлийн хэлтэс бүрдүүлж өгсөн материал нь хуурамч байсан. Т.Б гэдэг хүн нь тухайн үед Солонгос улсад байсан, энэ хүний гарын үсэг байсан мөн дампуурсан компанийн тамга тэмдэгт хураагдсан байх ёстой. Гэтэл тухайн баримт дээр тамга дарагдсан байсан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж бүртгэсэн учир Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Ж-ийн нэр дээр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Y-2101026... дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл бид Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг маргаанаа шийдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсгээ яг Захиргааны ерөнхий хуулийн аль зүйл заалтыг үндэслэж хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй, энэ талаар өмгөөлөгч ярьсангүй. Миний зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т зааснаар мэтгэлцэх болов уу гэж бодсон. Нэхэмжлэгчээс таны эрх ашиг яаж хөндөгдсөн бэ гэж асуусан. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь хууль ёсны дагуу гарсан. Хариуцагч тал буюу Э.О гэдэг бүртгэгч бүртгэж байх үед Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан найман татгалзах үндэслэл байдаг. Эдгээр үндэслэл байхгүй байсан учир бүртгэсэн.
Харин О.С байцаагчийн бүртгэх үед тэр албан бичиг очоогүй байсан. Хэрвээ тэр албан бичиг очсон байхад бүртгэсэн бол буруудах байсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар битүүмжлэх, гэрчилгээ гаргаж өгөхгүй байх гэсэн албан бичиг очоогүй байсан учир хууль зөрчиж олгосон гэдэг нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар цаашид энэ байрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа. Нэхэмжлэгч тал ямар эрх ашиг нь зөрчигдсөн гэдгээ нотлож чадаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр 126, 127, 128 гээд гурван байрыг авах гээд тохиролцсон гэрээ байгаа. Харин 7.. тоот байрыг дурдаагүй байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэсэн байдаг гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нараас анх шүүхэд “Л.Ж-ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг гаргасан,
-шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас маргаан бүхий улсын бүртгэлийг хийсэн огноо, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарын зөрүүтэй байдлыг залруулж “Л.Ж-ийг өмчлөгчөөр бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон 001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргасан талаараа тодруулсан ба уг шаардлагын хүрээнд мэтгэлцэж оролцов.
2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудад дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. “Ө” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт хотын 2А хороололд орших “Блю Даймонд” хотхоны 1в байрны 7 давхрын 7.. тоот 68.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг “А” ХХК-аар бариулах /гүйцэтгүүлэх/-аар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлж, гэрээний хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэж өгснөөр дуусгавар болохыг харилцан тохиролцож байгуулжээ. /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/
4. П.Э нь “М” ХХК-д холбогдуулан “өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүх уг шаардлагыг хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 142/ШЗ2022/02168 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн, маргаан бүхий 7.. тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагааг иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хийхгүй байхыг ОАУБХ болон холбогдох этгээдүүдэд даалгаж, ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №142/ШЗ2022/05971 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 73-81 дүгээр тал/
5. Дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Л гүйцэтгэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” 58/02 дугаар тогтоол үйлдэж, уг тогтоолыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2044 дугаартай албан бичгээр /...7.. тоот орон сууцыг битүүмжилсэн тул ямар нэгэн бүртгэл хийхгүй байхыг мэдэгдье/ ОАУБХ-т хүргүүлжээ. /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/.
6. Түүнчлэн, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 03/2044 дугаартай албан бичгийг ОАУБХ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан болох нь улсын бүртгэгч О.С-ийн “...7.. тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох ажиллагааг хэрэг шийдвэрлэх хүртэл олгохгүй байхаар шийдвэрлэсэн албан бичгийг 2022-12-22-ны өдөр хүлээн авч түдгэлзүүлэх албан бичгийг хувийн хэрэгт хийх гэсэн боловч олдохгүй байсан болохоор архивт конандаж өгөн хувийн хэргийг олуулахаар өгсөн...” гэх тайлбар /хавтаст хэргийн 33, 92 дугаар тал/, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралданд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
7. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй/ дэх хэсэгт заасанчлан шүүхээс гарч буй хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн боловч заавал биелүүлэх үүрэгтэй.
8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална/, 4.1.1 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 4.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 11 дүгээр зүйлийн 11.2 /Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна/, 20 дугаар зүйлийн 20.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно/, 20.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/ гэж тус тус заасан.
9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл хариуцагч нь бүртгэлийг үнэн зөв, бодитой, хууль журмын дагуу бүртгэх үүрэгтэй бөгөөд Л.Ж-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” болон түүнд хавсаргасан баримтуудыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 /Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана/, 29.1.5 /мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа/ дахь хэсэгт зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин маргаан бүхий бүртгэлийг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
10. Иймд дээрх үндэслэлүүдээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 /Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно/ дахь хэсэгт зааснаар маргаан бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, 2а хороолол, Блю Даймонд хотхон, 1в байр, 7.. тоот 68.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Ж-ийг бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026834 дугаар бүртгэл болон №001049881 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК болон иргэн П.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, 2а хороолол, Блю Даймонд хотхон, 1в байр, 7.. тоот 68.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Ж-ийг бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026… дугаар бүртгэл болон №001049... дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ