Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/01004

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01004

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,............ тоотод оршин суух ,  Х-ын М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................тоотод оршин суух, В

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4.............. тоотод оршин суух, Б-т овогтой Ц-гийн Э /РД:0000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 70.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 8 болон 9 сард өөрийн сайн танил БНХАУ-н иргэн В, түүний эхнэр Ц.Э нарт хүсэлтийнх нь дагуу нийтдээ 70.000.000 төгрөг зээлүүлсэн. Зээлүүлсэн мөнгөний тухайд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг В-гийн эхнэр Ц.Э-лын 3655100098 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие В-д ихээхэн итгэж найддаг байсан, хүү тооцож өгнө гэж амлаж байсан учраас В захирлын мөнгө зээлэх ээлжит хүсэлтийг харгалзан өөрийн банкны картыг түүний эхнэр Ц.Э-д үлдээсэн. Учир нь В бид 2 хөдөө явах зайлшгүй шаардлага гарсны улмаас Ц.Э-д миний карт байх хугацаанд буюу 2020 оны 8 сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 сарын 07-ныг хүртэл тэрээр нийт 25 удаагийн, тус бүр нь 800.000 төгрөгийн бэлэн мөнгө гаргах зарлагын гүйлгээг хийсэн бөгөөд нийлбэр дүн нь 20.000.000 төгрөг болж байгаа. В дахин мөнгө зээлээч гэсэн учраас 2020 оны 08 сарын 17-ны иргэн Т.Д дансаар дамжуулан түүний Хаан банк дахь 5009291696 тоот дансанд 20.000.000 төгрөгийг, дахин В-гийн хүсэлтээр тухайн дансаар дамжуулан 2020 оны 9 сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг түүний явуулсан харилцагчийн дансанд тус тус шилжүүлэн зээлүүлсэн. В болон Ц.Э нар картнаас зарлагдсан 20.000.000 төгрөг болон тэдний дансанд бусад байдлаар шилжүүлсэн 50.000.000 төгрөг, нийлбэр дүнгээр нийт 70.000.000 төгрөгийг хийж байсан ажлынх нь санхүүжилт орж ирэхээр өгөхөөр надтай харилцан тохиролцсон. Эдгээр хүмүүс санхүүжилтээ авсан боловч надаас зээлсэн мөнгөний тухайд ямар ч эргэн төлөлт хийлгүй, үүргээ биелүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Бие биенээ мэддэг хүмүүсийн хувьд зээлээ эргэн төлөхийг удаа дараа шаардаж биечлэн уулзаж, хэдэнтээ шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Иймд хариуцагч нараас 70.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В   Ц.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч В нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Opah /Zhang Haoran/-ын найз бөгөөд Э ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах асуудлыг зохион байгуулдаг байсан. Нэхэмжлэгч Х.М нь тухайн компанид Монгол талыг хариуцсан орлогч захирал гэх албан тушаалд ажилладаг байсан ба хариуцагчтай шууд харилцдаг албан тушаалтан байсан. Уг маргаан нь зээл биш иргэд хоорондоо зээл авч байгаа харилцаа биш гэж тайлбарлаж байгаа, анхнаасаа ингэж тохиролцсон. 2020 оны 8 дугаар сарын 01, 2020 оны 8 дугаар сарын 17, 2020 оны 9 дүгээр сарын 9, 2020 оны 8 дугаар сарын 02 гэдэг хугацаатай холбоотой асуудлууд 2 жилийн өмнө болсон ажил байгаа. Тэгэхээр ажил гүйцэтгэсэн дээр талууд огт маргахгүй. Жишээ нь хариуцагч нар нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан гэдэг дээр маргахгүй, гэрч үүнийг нотолж байгаа. Харин Х.М-ыг орлогч захирал байсан гэдгийг гэрч хэлж байгаа. Нэхэмжлэгч уг ажлыг хариуцдаг байсан. Тухайн үед хөл хорио, ковидын нөхцөл байдал байсныг талууд бүгд мэдэж байгаа. Гадаад захирлууд нь гадаадад байсан энд ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болсон. Туслан гүйцэтгэгч компани санхүүжилт байхгүйгээр, санхүүжилт өгөхгүйгээр ажил явахгүй гэдгийг тодорхой хэлсэн. Ингээд ажлаа явуулахын тулд Х.М-аас мөнгө өгөөд байгаа юм. Харин 2020 оны 8 дугаар сарын 01, 2020 оны 8 дугаар сарын 17 өдрийн төлбөрүүдийг шилжүүлэхдээ зээлэв гэж бичсэн байсан. Үүнийг сүүлд харж ойлгосон. Тухайн үед зээлийн харилцаа байгаагүй учраас хариуцагч нар нь мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргатал уг мөнгийг зээлэв гэж шилжүүлсэн учраас зээл гэж нэхэмжилж байна гэж ойлгосон. Энгийн логикоор бодоход хүүтэй мөнгө зээлээч гэж хүсэлт гаргасан гэж тайлбарлаад байгаа. Туслан гүйцэтгэгч компани ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч компаниасаа хүүтэй мөнгө олоод өгөөч, танай ажлыг гүйцэтгэсэн гэдэг логик хэзээ ч байхгүй. Мөн хэрэв хүүтэй мөнгө гэж тохирсон бол заавал бичгээр гэрээ хийх ёстой. Гэтэл зүгээр мөнгө өгөөд байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэл нь няцаагдана. Мөн нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл дээр 4 удаагийн зээлийн асуудал яригдана. Өмнөх зээлийнхээ асуудлыг шийдвэрлээгүй байж нэмж мөнгө өгөөд байна гэдэг логик огт байхгүй. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10.000.000 төгрөгийг хариуцагч В дансны дугаар өгөөд түүний дагуу шилжүүлсэн гэж байгаа. Гэвч хариуцагч нарын дансанд уг өдөр огт мөнгө ороогүй, хамаагүй. Нэхэмжлэгч юу гэж тайлбарлаж байна гэхээр хариуцагч В энэ данс руу шилжүүл гэсэн гэж тайлбарлаж байгаа гэвч энэ нь нотлогдохгүй. Гэрч уг дансны дугаарыг Мамбет өгсөн гэдгээ мэдүүлдэг. Мөн картаа өгөөд үүнээс хүссэн мөнгөө ав гэдэг логик байхгүй. Тухайн өдөр зээл гэж бичсэнээрээ үйл ажиллагаанд зарцуулсан, ажлын санхүүжилт өгсөн мөнгөө буцааж нэхэмжилж авна гэдэг байдлаар хандаж болохгүй. Хэрэв 2020 оны 8 дугаар сарын 01 болон 8 дугаар сарын 10-ны өдрийн мөнгийг зээлсэн гэж ойлгоё. Тэгвэл буцаан авах нөхцөлөө хоорондоо тохирсон байдаг. Нэхэмжлэгч өөрөө санхүүжилт орж ирэхээр төлнө гэж бичсэн байдаг. Гэвч үнэндээ санхүүжилт орж ирээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022.08.09-ний өдрийн итгэмжлэл, Х.М-ын Голомт банкны дансны хуулга, Т.Д-ийн Хаан банкны дансны хуулга, Х.М Т.Д нарын тодорхойлолт, Голомт банкны мемориал баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: 2022.10.01-ний өдрийн итгэмжлэл, 2022.09.29-ний өдрийн итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.12-ны өдрийн цагдаагийн газрын тодорхойлолт, 2023.01.23-ны өдрийн Ц.Э-оос Д.Д-д олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2023.03.07-ны өдрийн өдрийн Б ХХК-ийн албан бичиг, Б******* констракшн ХХК-ийн баримтууд, Хаан банкны2020.08.04, 2020.08.10, 2020.08.24-ний өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримт, 0000нэхэмжлэх, 2020.08.24, 2020.08.25-ны өдрүүдийн Хаан банкны шилжүүлэгийн баримт, 17 хуудас фото зураг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Д-оос гэрчийн мэдүүлгийг шүүх авсан болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М хариуцагч БНХАУ-ын иргэн В  Ц.Э  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.М хариуцагч В, Ц.Э нарын хүсэлтийн дагуу 50.000.000 төгрөг, өөрийн банкын картыг үлдээж, түүнээс хариуцагч нар 20.000.000 төгрөг авсан тул нийт 70.000.000 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ 70.000.000 төгрөг зээл байгаагүй, ажил гүйцэтгэх гэрээний мөнгө байсан, 2020.08.01, 2020.08.17-ны өдрийн 2 төлбөрийн утга зээл гэх утгатай шилжүүлсэн байна гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан Х.М-ын Голомт банк ХХК-ийн дансны хуулгад 2020.08.07-ний өдөр 19.999.999 төгрөг зээлэв, 2020.08.17-ны өдрийн Т.Д-ийн В дарга зээл гэх утгатай 20.000.000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж шүүх үзэв.

 

Учир нь 2020.08.01-ний өдрийн 19.999.999 төгрөгийг хариуцагч Ц.Э дансанд шилжүүлсэн, 2020.08.17-ны өдөр Т.Д-ийн данснаас 20.000.000 төгрөгийг Ван тингид шилжүүлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.

Мөн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Д-ийн Х.М-ын хүсэлтийн дагуу өөрийнхөө данснаас 20.000.000 төгрөгийг В дансанд, 10.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт ажил хийлгэж байгаа хүмүүст шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн гэх мэдүүлгээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ заасны дагуу хариуцагч В, Ц.Э нарын дансанд мөнгийг шилжүүлж, энэ хуулийн заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч өөрийн банкны картаа Ц.Э  үлдээж, тэрээр 2020.08.02-ноос 2020.08.07-ны хооронд 800.000 төгрөгөөр нийт 20.000.000 төгрөгийг зарлага гаргасан, Т.Д-ийн данснаас 2020.09.09-ний өдрийн дам нурууны угсралтын урьдчилгаа гэх утгатай шилжүүлэг нь Иргэний хуульд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэд хоорондын зээл гэдэг нь нэг этгээд өөр этгээдэд мөнгийг чөлөөтэй эсхүл тодорхой нэг зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх бөгөөд хүлээн авсан этгээд тохирсон хугацаанд тухайн үнэ дүн бүхий мөнгийг хүүтэй эсхүл хүүгүүгээр буцаан төлөхийг ойлгодог.

 

Гэтэл Т.Д-ийн шилжүүлсэн 10.000.000 төгрөг зээл гэж үзэх үндэслэлгүй, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийг хариуцагч нарт зээлсэн гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгчийн картаа үлдээж, 20.000.000 төгрөгийг Ц.Э авсан гэх байдал тогтоохгүй, гэрч Т.Д  Х.М картаа Ц.Э-д картаа үлдээж байхыг харсан гэх боловч 20.000.000 төгрөгийг Ц.Э захиран зарцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоодохгүй байна.

 

Эдгээр үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Э-оос 19.999.999 төгрөг, Ван тингээс 20.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.000.001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Э-оос 19.999.999 төгрөг,  20.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.000.001 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 357.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО