Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01112

 

2023 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01112 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............тоотод оршин суух, А овогт С-ын Д /РД:.............../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .................. байранд байрлах, НШШГГ холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Ж.А, С.Д араас 124.974.297 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамж, 23 дугаар байр, 9 тоот, 59,27 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 145.263.000 төгрөгөөр үнэлүүлсэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 тоот мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь 2013 онд анх ашиглалтад орсон бөгөөд 12 давхар орон сууцны 2 давхарт байдаг бүтэн засвар хийсэн, том өрөө гал тогооны өрөө хамтдаа 2 унтлагын өрөөтэй дээд зэрэглэлийн орон сууц юм. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцууд м.кв нь 2.900.000-3.000.000 төгрөг буюу 171-177 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Баян модот ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамж, 23 дугаар байр, 9 тоот, 59,27 м.кв талбайтай улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зэх зээлийн үнээс хэт доогуур 145.263.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэрлэн заасан эд хөрөнгүүдийг битүүмжлэх тогтоол гаргасан. Холбогдох мэдэгдэл, тайлбаруудыг нэхэмжлэгч С.Д-д гардуулж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр Баян модот компанийг оролцуулан үнэлгээг хийлгэсэн. Манайхаас ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Үнэлгээний компани хуулийн хугацаандаа үнэлгээ гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.22-ны өдрийн 0000 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, 2022.09.26-ны өдрийн итгэмлэл, иргэний үнэмлэхний хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: 2022.03.02-ны өдрийн 183/ГХ2022/000гүйцэтгэх хуудас, 2021.12.08-ны өдрийн 183/ШШ2021/0000 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022.03.02-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дүгээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 2022.03.09-ний өдрийн 22/130 албан бичиг, 2022.03.10-ны өдрийн хүсэлт, 2022.03.14-ний өдрийн 224/0113 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.03.23-ны өдрийн 0000 Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан бичиг, 2022.03.23-ны өдрийн Хөрөнгийн эрх түдэлзүүлэх тухай тогтоол, 2022.04.01-ний өдрийн тэмдэглэл, 2022.04.01-ний өдрийн албан бичиг, 2022.03.28-ны өдрийн 372 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.05.17-ны өдрийн0000000 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.09.02-ны өдрийн 0000000дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.09.02-ны өдрийн 00000 мэдэгдэл, 2022.09.12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан хүсэлт, 2022.09.15-ны өдрийн0000 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2022.09.15-ны шинжээч, орчуулга, хэлмэрчид хууль тайлбарласан тухай, 2022.09.15-ны өдрийн талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022.09.21-ний өдрийн Хөрөнгөний үнэлгээний тухай, 2022.09.21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Баянмодот ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлбан, 2022.09.22-ны өдрийн 4-92/17754 ХБ ХХК-д үнэлгээний мэдэгдэл, 2022.09.22-ны өдрийн 0000 дугаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, шинэ өглөө хотхон 23 дугаар байр, 7 тоотод оршин суух Ж.Аг, С.Д нарт үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Д Н газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/0000 дугаар шүүгчийн захирамжаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.А С.Д нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 138.664.000 төгрөгийг 14.112.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 124.552.000 төгрөгийг хариуцагч нар нь 2022.02.17-ны дотор төлж барагдуулах, үл биелүүлсэн тохиолдолд С.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө хотхон /16030/ Энгельсийн гудамжны 23 дугаар байрны 9 тоот хаягт байршилтай, 59.27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Ж.А, С.Д нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22410113 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн00000дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө хотхон /16030/ Энгельсийн гудамжны 23 дугаар байрны 9 тоот хаягт байршилтай, 59.27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хураан авсан болох нь хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар тогтоогдох бөгөөд, тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, хөрөнгийг ...зах зээлийн үнэ ханшаас хэт багаар тогтоогдсон, үнэгүйдүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухаар 2022 он 09 сарын 02-ны өдрийн00000 дугаар Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлж, талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 09 сарын 15-ны өдрийн0000дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С.Ц-ыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

 

Шинжээчээр томилогдсон Б-ийн үнэлгээчин С.Цм Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө хотхон /16030/ Энгельсийн гудамжны 23 дугаар байрны 9 тоот орон сууцыг 145.263.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2022 оны 9 сарын 22-ны өдрийн 4-92/17754 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.А, С.Д нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч С.Д нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч Б ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2022 оны 9 сарын 28-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Б ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

 

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр С.Д-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО