Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Балжмаа |
Хэргийн индекс | 127/2023/0003/3 |
Дугаар | 127/ШШ2023/0020 |
Огноо | 2023-05-08 |
Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 127/ШШ2023/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2023/0003/3
Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХАЖСЗД-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ЖСЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гаргахыг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч ХАЖСЗД- Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь хариуцагч ЖСЗДд холбогдуулан, түүний эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч нь түүний дээд шатны албан тушаалтан-Хэнтий АЗД-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасны дагуу Хэнтий АЗД-ас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/255 тоот албан бичгийг Жаргалтхаан сумын Засаг даргад хүргүүлж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна.
Гэвч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Б.М- нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг /Чулуут баг/-т 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нүүж ирсэн.
Тус сумын иргэн Ж.Ц-ын эзэмшдэг, Дунд нурамтын адаг гэх газарт байрлах өвөлжөө, хаваржааны газрыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрх шилжүүлэх гэрээний дагуу авсан.
Үүний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гаргаж, эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг ЖСЗДд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд бид дээд шатны захиргааны байгууллага, Хэнтий АЗД-д гомдол гаргасан бөгөөд АЗД- 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9/255 тоот албан бичгийг ЖСЗДд хүргүүлсэн. Уг албан бичгээр, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад мэдэгдсэн.
Гэвч СЗД-бидний хүсэлтийг шийдвэрлээгүй, бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Иймд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагч ЖСЗДд даалгаж өгнө үү.
Нотариатчаар баталгаажуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хариуцагч “хүчингүй гэрээ” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийг зөрчиж байна.
Хариуцагчийн гаргасан, Ж.Ц-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 тоот захирамжийг АЗД- 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/282 дугаар захирамжаар хүчингүй болгосон.
Хариуцагч мөн дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр захирамж гаргасан байсан. Үүнийг нь газрын даамлаас аваад АЗД-д гомдол гаргахад дахин хүчингүй болгосон” гэв.
4. Хариуцагч ХАЖСЗД- Л.Ц нь шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа, “...иргэн Ж.Цнь өнөөдрийг хүртэл газар эзэмших гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, түүнчлэн газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл хангагдсан байх тул газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөх үндэслэлгүй” гэжээ.
5. Хариуцагч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Ц-ын газар эзэмших эрхийг Б.М-т шилжүүлэх тухай хүсэлт 2022 оны 12 дугаар сард ирсэн.
Газар эзэмших эрх хүчинтэй эсэхийг Газрын удирдлагын мэдээллийн нэгдсэн сангаас авч болдог. Тухайн иргэний газар эзэмших эрх үргэлж хүчинтэй байдаггүй, тодорхой шалтгааны улмаас газар эзэмших эрх нь хүчингүй болж болно.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж хийсэн байсан. Гэтэл иргэн Ж.Ц-ын Дунд нурамт гэх газрын өвөлжөө, хаваржааны зориулалттай газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан. Үүний дагуу Газрын мэдээллийн нэгдсэн санд шивэгдэж, тухайн газрыг эзэмших эрх хүчингүй болсон төлөвтэй байсан.
Иймээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Иргэн Б.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу аймгаас ажлын хэсэг суманд ажиллаж, захиргааны акт гаргасан асуудлаар хяналт шалгалт хийсэн. Сонсох ажиллагааг учир дутагдалтай хийсэн гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/282 дугаар захирамжаар миний гаргасан А/39 тоот захирамжийг хүчингүй болгосон.
Ж.Ц-ын газар эзэмших эрхийг мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/117 дугаар захирамжаар хүчингүй болгосон ч уг захирамжид техникийн алдаа гарсны улмаас аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/575 дугаар захирамжаар А/117 дугаар захирамж хүчингүй болсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг хүсэлтэд нь хариу өгөөгүй гэж тайлбарлаж байна. Миний хувьд газрын гэрчилгээг шилжүүлэх боломжгүй тухай газрын даамлаар дамжуулан мэдэгдсэн. Хариуг амаар болон бичгээр, аль ч хэлбэрээр өгч болно гэж үзэж байна.
Б.М- нь зөвшөөрөлгүйгээр ирж суурьшин, хашаа саравч барьж, худаг гаргасан. Ж.Цнь өвөлжөө, хаваржааны газраа өөрөө ашиглаагүй атлаа бусдад шилжүүлэх нь буруу юм. Иймээс нэхэмжлэгч Б.М-т газрын гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг зөвшөөрөхгүй. Манай суманд бэлчээрийн даац хэтэрсэн, иргэдээс гомдол их ирдэг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.М- нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг /Чулуут баг/-ийн нутаг Дунд нурамт гэх газарт тус сумын иргэн Ж.Цогтбаатараас өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын гэрчилгээг нь шилжүүлэн авахаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, Хэнтий аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлж, улмаар нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ЖСЗДд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
3. Уг хүсэлтийн дагуу хариуцагч ЖСЗД Л.Ц нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.
4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт, “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж заасан байхад хариуцагч нь шийдвэр гаргаагүй, уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
5. Энэ нь хариуцагчийн эс үйлдэхүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт, “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
6. Хариуцагч ЖСЗД шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийн хүсэлтэд амаар хариу өгсөн, сумын газрын даамлаар дамжуулан мэдэгдсэн” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.
7. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасан байдаг ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу гаргах шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан тохиолдолд хамаарахгүй.
8. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д, Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалд бүртгүүлэх зохицуулалтыг тусгасан. Иймээс хариуцагч нь газрын гэрчилгээ шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийг бичгээр гаргах ёстой.
9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:
-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “...иргэн Ж.Цнь өнөөдрийг хүртэл газар эзэмших гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, түүнчлэн газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл хангагдсан байх тул газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөх үндэслэлгүй” гэж,
-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, “...иргэн Ж.Ц-ын газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон, иймээс газар эзэмших эрх хүчингүй болсон үед буюу 2022 оны 05 дугаар сарын 3-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн нь хүчин төгөлдөр бус” гэж тус тус тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
9.1. Хариуцагчийн гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 дүгээр захирамж нь Хэнтий аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/282 дугаар захирамжаар хүчингүй болсон.
9.2. Хариуцагч нь иргэн Ж.Ц-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан ч уг шийдвэр нь Хэнтий аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/575 дугаар захирамжаар хүчингүй болсон.
9.3. Нэхэмжлэгч Б.М- болон иргэн Ж.Цнарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан ямар нэгэн шийдвэр байхгүй байна.
10. Иймээс иргэн Ж.Ц-ын Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг Дунд нурамтын адаг гэх газарт байрлах өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн 0000050158 тоот гэрчилгээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
11. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан нөхцөлүүд хангагдсан байхад хууль бус үндэслэл дурдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.
12. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
13. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “...газар эзэмшигч Ж.Цнь газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дурдсан байгаа ч, Ж.Ц-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай сумын Засаг даргын 2 удаагийн захирамжийг АЗД- тухай бүр нь хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрүүд нь хүчинтэй байгаа тул шүүх эдгээр асуудлаар /Ж.Ц-ын гаргасан гэх зөрчлийн талаар/ дүгнэлт хийх шаардлагагүй байна.
14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар, газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-, иргэн Ж.Ц нарын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Хэнтий аймгийн ЖСЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.М-т иргэн Ж.Ц-ын газар эзэмших эрхийн 0000050158 тоот гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч ХАЖСЗД-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАЖСЗД-ас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.М-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЛЖМАА