Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хантайшир овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 17100000440021 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Ж, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралданы тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

........................................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр сургуулийн байрны 1 дүгээр давхарт эхнэр Я.С-тэй “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг  нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн мэдүүлсэн:  

“...Хэрэг бүртгэлтийн шатанд миний бие үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Одоо шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл алга. Үйлдсэн хэрэгтээ маргаан байхгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулж хамт амьдраад 10 гаран жил болж байна. Бид ой 8 сартайгаас 10 насны хоёр хүүхэдтэй. Одоогоор эхнэрээсээ тусдаа амьдарч байна. Би урьд нь Төмөр замд ажиллаж байгаад хөлөө гэмтээснээс хойш ажлаасаа гарч групп-т орсон юм. Манай эхнэр цалингаа буухаас өмнө ямар нэг хэрүүл маргаан үүсгээд гэрээсээ гараад явчихдаг. Намайг гэрт хоол ундгүй, 2-3 хонуулдаг байсан. Би заримдаа арга буюу өөрийн эгчийг дуудаж хоол унд хийлгэдэг байсан удаатай. Тухайн хэрэг гардаг өдөр би хүний гагнуурын аппаратыг хүргэж өгөх ёстой байсан учир эхнэрээс машиныг нь гуйхаар сургууль дээр очсон. Бага зэрэг архи үнэртүүлсэн байсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид согтууруулах  ундааны зүйл хэрэглэхгүй, дахин ийм зүйл гаргахгүй, хэрэгт холбогдохгүй байж чадна. Прокурорын гаргаж байгаа торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

  Эрүүгийн 1710000440021 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Я.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Би нөхөр Б.Г-тэй гэр бүл болоод 10 жил болж байна. Бид хоёр дундаас 10 настай, 1,8 настай хүүхдүүдтэй. Энэ хугацаанд манай нөхөр Гансүх архи их уудаг байсан. Тэгээд архи их уусан үедээ таарамжгүй харьцаанаас болж намайг зоддог байсан. Тухайн үед нь би Цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй.

Харин 2017 оны 06 сарын 21-ний өдөр ХУД-н 5-р хороо 41-р сургууль дээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороонд үүрэг гүйцэтгэж байхад манай нөхөр Гансүх нь 14:00 цагийн үед над руу өөрийнхөө 94835223 гэсэн дугаарын утсаар залгаад “хаана байна” гэж асуухаар нь би “41-р цэцэрлэг рүү ажил руугаа явж байна” гэж худлаа хэлээд утсаа тасалсан. Гэтэл 15:00 цагийн орчим над руу ахиж залгаад “миний унаж явсан машиныг авч явна” гэсэн. Тэгэхээр нь би “согтуу байж яах гээд байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би цонхоор хараад байж байтал манай нөхөр 41-р сургуулийн гадаа ирсэн байсан. Би нөхрийгөө хараад зугтаагаад сургуулийн баруун талын шатаар хүүгээ дагуулаад бууж байтал нөхөртэйгөө шатан дээр таарсан.

Тэгэхэд манай нөхөр “чи надад ажил руугаа явж байна гэж худлаа хэллээ” гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход миний зүүж явсан харааны шил хагарч, хамар зүссэн. Мөн цохиулснаас болж миний хамраас цус гараад би доошоо хартал манай хүү Ган-Эрдэнэ нөхрийг надаас холдуулсан. Мөн сургуулийн 1 давхарт засвар хийж байсан хэсэг залуус салгасан.

Тэгээд тэр залуусын нэг нь хорооны хэсгийн цагдааг дуудаж манай нөхрийг эрүүлжүүлэх рүү авч явсан. Би цагдаа дээр ирээд тайлбар өгөөд, орой 20:00 цагийн орчим Шүүх эмнэлэг орж үзүүлээд, төрсөн эцэг, эхийнхээ гэр лүү явсан. Маргааш нь ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт очиж хамарны зургаа авхуулахад дүүргийн гэмтлийн эмч хамрын зургийг хараад хамар зүүн тийш муруйсан байна гэж хэлсэн. Түүнээс хойш нөхөртэйгөө уулзаагүй. Бид хоёр хамт амьдрахаа болиод нэг жил болж байна. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл учраагүй, намайг өөрт нь худлаа хэллээ гэсэн шалтгаанаас болж зодсон. Одоо Гансүхэд ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, манай нөхөр надаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5х, 38х/,

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 8170 тоот дүгнэлт:

1. Я.С-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 24х/,

 

3. Шүүгдэгч Б.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийн эхнэр Я.Стэй 2007 онд гэр бүл болоод 10 жил болж байна. Бид хоёр гэр бүл болсноос хойш дундаасаа 2 хүүхэдтэй. Би Я.Стэй 2016 оны 08 дугаар сараас эхлэн хамт амьдрахаа больсон юм. 2017 оны 06 сарын 21-нд найз Мижиддоржийн гагнуурын аппаратыг айлд хүргэж өгөх гээд машины хэрэг болоод эхнэр Я.С-ийн ажиллаж байсан ХУД-ийн 41-р сургуульд байрлаж байсан Хэсгийн хороон дээр очиж эхнэрээс машиныг нь гуйсан. Тэгээд хэсгийн хороонд очоод тэнд ажиллаж байсан хүнээс эхнэрээ асуутал “дөнгөж сая гарлаа” гэж хэлсэн.

Би араас нь гараад сургуулийн нэг давхарт эхнэртэйгээ таарсан. Манай эхнэр, хүү Ган-Эрдэнэтэй хамт явж байсан. Би “машины хэрэг гараад байна, машинаа өгөөч” гэхэд эхнэр маань “өгөхгүй, чи согтуу байна” гэхээр нь би “тэгвэл чи хүргээч өгөөч” гэхэд манай эхнэр “би одоо амжихгүй, гэртээ харьлаа” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүрэн тус газар нь зүүн гараараа хамар луу нэг удаа цохисон. Тэгтэл манай эхнэрийн хамраас цус гараад, зүүж явсан харааны нүдний шил хагараад доошоо шалан дээр унасан. Тэгэхэд манай хүү намайг холдуулахаар нь би өмсөж явсан цамцаа тайлаад цусыг нь арчиж өгөх гэтэл эхнэр уурлаад намайг “цаашаа бай” гээд хүүг “дээр Сонгуулийн хэсгийн хорооноос хүн дуудаад ир” гээд явуулсан. Тэгтэл удалгүй сонгуулийн хэсгийн хорооны хамгаалалтад ажиллаж байсан цагдаа ирээд намайг саатуулах руу явуулсан. Би тэр өдрөө эрүүлжүүлэх байранд хоноод гарсан.

Би өмнө нь эхнэрээ гэр бүлийн харилцаанаас болж зоддог байсан үнэн. Яг хэдэн удаа зодож байснаа сайн санахгүй байна. Я.Сувд-Эрдэнийг цохиход түүнд гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан. Би санаатайгаар цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэр Я.С-с уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-8х, 31-32х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.      

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр сургуулийн 1 дүгээр давхарт эхнэр Я.Стэй “машины түлхүүр өгсөнгүй, худлаа хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хохирогч Я.С-ийн биед “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал” бүхий  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Я.С-ийн мэдүүлэг /хэргийн 4-5х, 38х/, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 8170 тоот дүгнэлт /хэргийн 24х/, шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Г-ийн хохирогч Я.С-ийг алгадаж биед “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал” бүхий  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Я.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хэргийн 42-43х/ 2017 оны 08 сарын 29-ны өдрийн 184 дугаартай прокурорын тогтоолоор Б.Гэд холбогдох эрүүгийн 1710000440021 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүх, шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Б.Г-ийн гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Я.С нь хохирол нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байдал /хэргийн 4-5х, 38х, 42х/ хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, хүсэлтэд тусгагдсан байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Хантайшир овогт Б-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг ялтан Б.Г-д мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД