Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 21

 

 

                             

      *******д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн 2037000070010 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Раднаабазар прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нар оролцов. 

 

Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд Говь-Алтай аймгийн сум дундын дундын шүүхийн 2012 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Эмчийнхэн овогт Чулуунцэцэгийн Баатарсүрэн /ПА89022146/,  

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 1-3-нд шилжих шөнө Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг Шил Булаг гэх газарт эвдэрсэн байсан иргэн Г.Баяндалайгийн эзэмшлийн 05-60 ХОҮ улсын дугаартай авто машинаас 430 литр түлш, 2 ширхэг фаяалинк хулгайлж 1087000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “1. Шүүгдэгч Эмчийнхэн овогтт Чулуунцэцэгийн Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарлаж  шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг ”Шил булаг” гэх газарт эвдэрсэн байсан иргэн Г.Баяндалайгийн эзэмшлийн 05-60ХОҮ улсын дугаартай авто машинаас 430л түлш, 2 ширхэг фаяалник хулгайлж 1087000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн”-ийг, прокурор  “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичжээ.

        Шүүгдэгч ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Ховд аймгийн  Алтай сумын Барлаг багийн нутаг ”Шил булаг” гэх газарт эвдэрсэн байсан иргэн Г.Баяндалайгийн эзэмшлийн 05-60ХОҮ улсын дугаартай авто машинаас 430л түлш, 2 ширхэг фаяалник хулгайлж 1087000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Ч.Баттулга хохирогч Г.Баяндалай, шүүдэгч ******* нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         Харин анхан шатны шүүх *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах байтал мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамласан байх тул үүнийг зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч шүүдэгч *******гийн үйлдэл нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамрагдаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.          

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан” гэж өөрчлөн, тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.                               

                      

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР