| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03667/И |
| Дугаар | 183/ШШ2023/03255 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2023/03255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, * тоотод оршин суух, С овогт Ц.О /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, * тоотод байрлах, С ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 32 849 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч О.В
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.О нь С ХХК-д холбогдуулан 32 849 293 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Ц.О миний бие 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр С ХХК-ийг төлөөлж буй борлуулалтын менежер албан тушаалтай Э.Птай 210426/03 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С*******-2 үйлчилгээ, 144 айлын орон сууцны цогцолборын ******* блокны 15 давхарын ******* тоот 1 өрөө 21.84 мкв орон сууцыг нэгж мкв-ийг 1 290 000 төгрөгөөр тооцож, нийт 28 173 600 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захиалга өгсөн. Гэрээнд заасны дагуу орон сууцны үнэд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 8 173 000 төгрөг, нийт 28 173 000 төгрөгийг С ХХК-ийн Голомт банк дахь 27*******8 дугаартай дансанд шилжүүлж төлбөрөө 100 хувь төлсөн. Гэвч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210426/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь 1.1 дэх хэсэгт дурьдсан барилгыг чанар сайтай барьж 2021 оны 4 дүгээр улиралын дотор багтаан бүрэн ашиглалтанд оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэснийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны байдлаар зөрчсөны улмаас Ц.О миний бие уг орон сууцыг хүлээж аваагүй байна. Нэхэмжлэгч би дээрх гэрээний ******* зүйлийн 2.5-д энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан графикийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй гэсний дагуу төлбөрийг мөн зүйлийн 2.8-д зааснаар гүйцэтгэгчийн нэрлэсэн банк, түүний дансанд бүрэн төлж, төлбөр тооцооны үлдэгдэлгүй байна. Орон сууц захиалгын гэрээний гүйцэтгэгч тал болох С ХХК-ийн буруугаас барилгын ажлыг гэрээнд заасан хугацаандаа дуусгаж захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд болон гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан захиалагч тал уг гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн байна. Орон сууц захиалгын гэрээнд бүхэлдээ гүйцэтгэгч талын эрх ашгийг хамгаалсан нэг талыг баримталсан гэрээ болсон ба ялангуяа Иргэний хуулийн 23******* зүйлд заасан анзтай холбоотой зохицуулалтыг ноцтой зөрчсөн бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2 сарын дараагаас эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу нэхэмжлэлийн 28 173 000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 595 хоногийн хугацааны алданги нийт 1 676 293 төгрөг байна. Орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээтэй холбогдож гарсан аливаа маргааныг харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ гэсний дагуу хариуцагч С ХХК-иас дараах төлбөрийг гаруулахаар нэхэмжилж байна. Үүнд: нэг өрөө орон сууцны үндсэн төлбөр 28 173 000 төгрөг, үндсэн төлбөрөөс үүссэн алданги 1 676 293 төгрөг, өмгөөллийн зардалд 3 000 000 төгрөг, нийт 32 849 293 төгрөгийг С ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ц.О нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр С ХХК-ийг төлөөлж буй борлуулалтын менежер албан тушаалтай Э.Птай 210426/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С*******-2 үйлчилгээ, 144 айлын орон сууцны цогцолборын ******* блокийн 15 давхрын ******* тоот 1 өрөө 21.84 мкв орон сууцыг нэгж мкв-ийг 1 290 000 төгрөгөөр тооцож, нийт 28 173 600 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захиалга өгсөн. Гэрээнд заасны дагуу орон сууцны үнэд нийт 28 173 000 төгрөгийг С ХХК-ийн Голомт банк дахь * дугаартай дансанд шилжүүлж 100 хувь төлсөн. Гэвч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210426/03 дугаартай орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь 1.1 дэх хэсэгт дурдсан барилгыг чанар сайтай барьж 2021 оны 4 дүгээр улирлын дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэснийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны байдлаар зөрчсөний улмаас орон сууцыг хүлээж аваагүй, С ХХК-ийн буруугаас барилгын ажлыг гэрээнд заасан хугацаандаа дуусгаж захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд болон гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан захиалагч тал уг гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн байна. Орон сууц захиалгын гэрээнд бүхэлдээ гүйцэтгэгч талын эрх ашгийг хамгаалсан нэг талыг баримталсан гэрээ болсон ба ялангуяа Иргэний хуулийн 23******* зүйлд заасан анзтай холбоотой зохицуулалтыг ноцтой зөрчсөн бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2 сарын дараагаас эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу нэхэмжлэлийн 28 173 000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 595 хоногийн хугацааны алданги нийт 1 676 293 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 32 849 293 төгрөгийг С ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хүсэл зоригийн илэрхийллээ гэрээндээ тусгасан. С ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой. Захиалагч тал болох Ц.О нь орон сууцны үнийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөх үүрэгтэй. Энэ үүргээ 100 хувь хангалттай биелүүлсэн. Гэрээний үүргээ С ХХК биелүүлээгүй. С ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй зогсонги байдалтай байгаа. Гэрээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах нөхцөл журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйл, 226 дугаар зүйл, татгалзалтай холбоотой 205 дугаар зүйл, 227.1 дэх хэсэгт зааснаар зохицуулж байгаа. Гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч хариу тайлбар дээрээ нэхэмжлэгч талын шаардлага болох алданги, өмгөөлөгчийн хөлсийг зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Нэхэмжлэгч тал гэрээний нөхцөлийг бүрэн биелүүлж ирсэн. С ХХК-ийн удирдлагатай олон удаа уулзсан. 2021 оны 5 дугаар сараас хойш давхар нэмэгдэж байна уу, барилгын ажил явагдаж байна уу гэдгийг байнга харж байсан. Гэтэл энэ ажил огт явагдаагүй. Гэрээнд захиалагчийн үүрэг гэж байгаа. Үүнд захиалагч тал гэрээг цуцалсан тохиолдолд төлсөн нийт төлбөрийнхөө 10 хувийг татварт суутган үндсэн төлбөрийг гүйцэтгэгч тал буцаан олгоно гэж заасан. 10 хувийн татвар гэдэг нь ямар татвар гэдэг нь тодорхойгүй. Гэрээ байгуулсан захиалагч тал гэрээнийхээ утга агуулгыг сайн ойлгоогүй. Хуулийн мэдлэггүй. Иргэний хуулийн 23******* зүйлд заасан алдангийн заалтыг С ХХК-ийн гэрээн дээр зөрчсөн. Мөн гэрээнд гүйцэтгэгчийн үүрэг гэж байгаа. Хэрэв гүйцэтгэгч гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бол 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2 сарын дараагаас эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан. Захиалагч эрх зүйн мэдлэг дутагдалтай учраас гэрээг зөвшөөрч байгуулсан. Захиалагчийн эрхийг гэрээний 4 дүгээр зүйл дээр тодорхойлсон байгаа. Гүйцэтгэгч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас захиалагч гэрээг цуцлахыг хүсвэл энэ тухайгаа үндэслэл бүхий саналын хамт бичгээр гарган өгнө гэж заасан. Үндэслэл бүхийн санал гэдэг нь юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Гүйцэтгэгчийн эрх дээр захиалагч тал нь нэг удаа албан ёсоор бичгээр мэдэгдсэний үндсэн дээр гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрийн 10 хувийг торгуульд суутган үлдсэн төлбөрийг буцаан олгоно гэж заасан. Гэрээгээр С ХХК давуу эрх эдэлж байна. Ажил гүйцэтгэгчийн хариуцлагад гомдлын шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 340 дүгээр зүйл, 35******* зүйлд заасныг баримтлана. Мөн хуулийн 225 дугаар зүйл, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Захиалагч тал хэдийд ч энэ гэрээг цуцлах эрхтэй. Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал гэдгийг өмгөөллийн зардал гэж ойлгож байна. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Иргэн Үндсэн хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах, гаргасан зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Өмгөөллийн хөлс хохиролд тооцогдох ёстой.
Мөн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулах үед корона вирус аль хэдийн гарсан байсан. Тийм нөхцөл үүссэн байхад С ХХК Ц.Отай барилгын ажлыг 2022 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгнө гэж хэлж гэрээ байгуулан мөнгийг нь авсан. Мөнгөө буцаан авъя гэхэд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл байсан учраас төлбөр төлөх ёсгүй гэж тайлбарлаж байна. Алдангийг 2 тал гэрээгээр тохиролцоод гарын үсэг зурсан. Энэ алдангийг яагаад өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Гэрээн дээрээ тусгасан. Хуульд мөн заасан. Нэхэмжлэгч эрх зүйн мэдлэггүй, чадваргүй хүн. Нэхэмжлэгч тал гэрээний зарим агуулгыг ойлгоогүй. Эрх зүйн туслалцаа зайлшгүй авах шаардлагатай болсон. Гэрээний зарим зүйлийг тайлбарлаж чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдалд нэхэмжлэгч өмгөөлөгч авах эрх нь байгаа. Өмгөөлөгч энэ гэрээг ямар агуулгатай гэдгийг нэхэмжлэгч талд тайлбарлан өгч үр дагаврыг хэлж, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч тал үүргээ зөрчсөн учраас аргагүй эрхэнд зөвлөгөө авсан. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага гээд Иргэний хуулийн 227 дугаар зүйлд тодорхой заасан. Тиймээс Иргэний хуулийн 227.1 дэх хэсэг болон 227.3 дахь хэсэгт зааснаар хохирлыг шаардаж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ц.Оын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдуулан орон сууцын төлбөр 28 173 000 төгрөг, алданги 1 676 293 төгрөг, өмгөөллийн зардал 3 000 000 төгрөг, нийт 32 849 293 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Бид нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. С ХХК нь иргэн Ц.Отай 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж захиалагч нийт 28 173 600 төгрөгийг орон сууц захиалгын төлбөрт шилжүүлсэн. Орон сууцны төлбөр 28 173 600 төгрөг дээр манай талаас маргаан байхгүй бид зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг төлнө. Харин алданги 1 676 293 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 01 дүгээр сараас БНХАУ-аас Ковид 19 цар тахал, дэлхий нийтээр тархаж, Монгол улсын Засгийн газар, Онцгой комисс Гамшгийн тухай хуулийн дагуу онц байдал зарлаж, бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хааж, хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Нэхэмжлэгчтэй 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Корона вирусын эд дэгдэлтийн үе байсан. Үүнийг нэг бүрчлэн нотлох шаардлагагүй. Нийтэд илэрхий байгаа. Импортын ачаа барааны 80 хувийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирдэг. С ХХК-ийн худалдан авсан барилгын бараа материалыг хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон талаар компаниудаас мэдэгдэл ирж байсан. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь С ХХК-ийн Х******* дүүрэг ******* хороонд баригдаж буй С******* 2 төслийн барилгын ажлын гэрээний хэрэгжилтийн байдлыг судлан үзэж талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болохыг нотолж С ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон. Барилгын ажил хугацаандаа орохгүй болсон шалтгаан нь С ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш гэдгийг нотолсон. Корона вирусын улмаас урд хил хаасан. Үүнтэй холбоотойгоор бараа материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Бараа материал тээвэрлэлтийн ажил тодорхой хугацаагаар саатсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг нийтэд илэрхий учраас дахин нотлох шаардлагагүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Манай зүгээс хилийн хориг, Засгийн газрын тогтоолыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн. Хугацаа хэтрүүлсэн нь С ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Гэрээний 5.2 дахь хэсэгт гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хэтэрсэн, үүнийгээ нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3 дахь хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Тиймээс алданги төлөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Талууд өөрсдийн сайн дурын үндсэн дээр эрхээ хэрэгжүүлж гэрээ байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой төлбөрийг хариуцагч тал төлөх боломжгүй. Хууль зүйн үндэслэлгүй. Алданги болон өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч О.В шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 онд аль хэдийн корона гарсан байсан гэж тайлбарлаж байна. Гэрээний талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд гэрээ хийсэн бол эрсдэлийг тооцох байсан. Зөвхөн хариуцагчийн буруу байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Корона вирусын нөхцөл байдал 7 хоног, 14 хоног, 21 хоног гээд тодорхойгүй байдлаар үргэлжилдэг байсан. Эргэлзээтэй байдалд оруулаад ажиллахад хүндрэлтэй байсан. Энэ байдал төрийн байгууллагын шийдвэртэй холбоотой. Хариуцагчийн үйл ажиллагаанаас шууд хамаараад хойшлоод байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч хууль мэдэхгүй, эрх зүйн мэдлэггүй байсан учраас гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулинд хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн үндсэн зарчим байгаа. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн зохицуулалттай. Ц.О тухайн үед хууль мэдэхгүй байх нь энэ гэрээг байгуулахтай ямар ч хамааралгүй. Тухайн үед хууль зүйн зөвлөгөө авах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч гэрээ байгуулахгүй байх ч эрхтэй байсан. Гэрээг ямар нэгэн байдлаар албадаж хүчээр байгуулаагүй. Корона вирусын үед гүйцэтгэгч компанид сөргөөр нөлөөлсөн. Борлуулалтын эрч буурах, бизнесийн үйл ажиллагаа саатах, ажил хугацаандаа явагдахгүй хойшлох гэх мэтээр компани санхүүгийн эрсдэлд орсон. Энэ үр дагаварыг захиалагчдын мөнгөөр нөхөөд байх боломжгүй байсан. 2022 он гараад захиалагч нар гэрээгээ цуцалж эхэлсэн. 2024 онд санхүүжилт ороод ирэхээр барилгын ажил үргэлжилнэ гэж ярьж байгаа. Зөвхөн С ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Хаан банкны дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн гэрээ, Ц.Оаас Н.Төд олгосон итгэмжлэл, Ц.Оын иргэний үнэмлэхний /хэргийн 4-13-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, Р.Б*******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хүсэлт /хэргийн 17-18, 27-30-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Оын нэхэмжлэлээс 28 173 600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4 676 293 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, орох эсэх нь ч тодорхойгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 28 173 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 1 676 293 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох өмгөөллийн зардалд 3 000 000 төгрөг, нийт 32 849 293 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Отай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, барилгын ажил явагдаж орон сууцыг хүлээлгэн өгөх байсан боловч улс даяар Корана вирусын цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тул барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, барилгын материалын үнэ өсч хугацаандаа ашиглалтад орохгүй болсон тул гэрээнээс татгалзахыг хүлээн зөвшөөрч, орон сууцны үнэд шилжүүлсэн 28 173 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй, харин үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 1 676 293 төгрөг, өмгөөллийн зардалд 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчаас хамаараагүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч С ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №210426/03 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С*******-2 үйлчилгээ, 144 айлын орон сууцны цогцолборын ******* блокны 15 давхарын ******* тоот 21.84 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг нэгж мкв-ийг 1 290 000 төгрөгөөр тооцож, нийт 28 173 600 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирлын дотор багтаан бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулах талаар маргаж байна, орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан, гэрээний үнэд 28 173 600 төгрөгийг төлсөн, гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 28 173 600 төгрөгийг буцаан өгөх талаар маргаагүй.
6.Зохигч талууд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №210426/03 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулахад орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил явагдаж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 28 173 600 төгрөгийг гэрээний 2.8-д заасан хугацаанд төлөх, хариуцагч нь орон сууцыг гэрээний 3.1-д заасан 2022 оны 1 дүгээр улирлын дотор багтаан бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.
7.Хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний 3.1-д заасан үүргийг зөрчсөн буюу орон сууцыг гэрээнд заасан хуваарьт хугацаандаа ашиглалтад оруулаагүй болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 7.2-д “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэхээс өмнө захиалагч тал хэдийд ч энэхүү гэрээг цуцлах эрхтэй. Ийнхүү цуцлахдаа энэхүү гэрээний 2.3-т заасныг баримтлана” гэж зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх үүссэн байна.
7.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Иймд хариуцагч С ХХК нь орон сууц захиалгын гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй, орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нь гэрээнээс татгалзах талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагчид гэрээний үнэд буюу орон сууцны үнэд төлсөн 28 173 600 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 3.3-д зааснаар алдангид 1 676 293 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 3.3-д “хэрэв гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2 сарын дараагаас эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Захиалагчид төлнө” гэж заажээ.
8.1.Хариуцагч нь цар тахалтай нөхцөл байдлаас шалтгаалж гэрээний үүрэг зөрчигдөж, барилгыг хугацаандаа ашиглалтад оруулах боломжгүй байсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын хуралдааны тогтоолууд, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №02/570 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээг тогтоогдоно гэсэн.
8.2.Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 5.2-д “гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн үүнийгээ захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчид энэ талаараа мэдэгдэж байсан гэж тайлбарласан тул хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
8.3.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээс татгалзах нь гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийг агуулдаг буюу гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүссэн шаардах эрх мөн дуусгавар болно.
Иймд нэхэмжлэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алдангид 1 676 293 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар өмгөөлөгчийн хөлс нь нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохиролд тооцогдох боловч өмгөөллийн хөлсөнд 3 000 000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн баримтыг ирүүлээгүй.
Нэхэмжлэгч нь хэрэгт өмгөөлөгч Ж.Этай байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн гэрээ”-г шүүүхэд ирүүлсэн боловч уг гэрээний дагуу хөлсийг шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.
10.Иймд нэхэмжлэгч Ц.Оын хариуцагч С ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 1 676 293 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 4 676 293 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 196 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 298 818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 28 173 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Од олгож, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 1 676 293 төгрөг, өмгөөллийн зардал 3 000 000 төгрөг, нийт 4 676 293 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4322 196 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 298 818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН