Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/03469

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/03469 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүргийн *** хороо, *** хороолол, ** байранд байрлах *** /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: * дүүргийн *** хороо, *** хороолол, * дугаар байр, * тоот хаягт оршин суух Б* овогт м.б /РД:З****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны зардал 362,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь сууц өмчлөгчдийн холбооны зардал 362,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн М.Б нь нийт 19 сарын СӨХ-н төлбөр болох 362,000 төгрөгийг төлөөгүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Баярмаа нь төлбөрөө шаардаад ч төлдөггүй хүн юм. Иргэний хуулийн 148-р зүйлийн ...148.2.2.сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй ... гэж тус тус заасан сар бүрийн СӨХ-ны төлбөрөө төлөх үүрэгтэй юм. СӨХ нь 5 төрлийн төлбөр төлдөг. Үүнд: Ус цахилгаан, лифт, хог, татвар, нийгмийн даатгалын гээд нийтдээ сардаа , сая төгрөг орчим болдог. СӨХ-ны төлбөрөө төлөхгүйн улмаас энэ төлбөрүүд нь хуримтлагдаж явдаг. Мөн цахилгаан, багаж төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг засуулах, шинээр авахад СӨХ-ны төлбөр зарцуулагддаг. Үүнээс гадна утас, интернэт, ажилчдын цалин хөлсний г.м зардал нэмэгдэнэ. Мөн хуримтлал үүсгэж чадахгүй, дөнгөн данган СӨХ тогтон ажиллаж байна. Ингээд бид өртэй явж байна. Иймээс үл маргах зарчмаар төлөгдөх төлбөрийг төлүүлэх шаардлагатай байна. Иймд * дүүргийн *** хороо, *** хороолол, * дугаар байр, * тоот хаягт оршин суугч нийт 19 сарын СӨХ-ны төлөгдөөгүй төлбөр 362,900 төгрөгийг гаргуулж, ***нд олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Б хариу тайлбартаа 1.**** СӨХ албан бусаар байгуулагдсан. 2.Хөл хорионы 2 жилд улсаас цахилгааны зардлыг хүртэл тэглэсэн байхад ковидын нөхцөл байдалд СӨХ огт ажиллаагүй байдаг. 3.Ковидын хөл хориогооор иргэн би өөрөө оршин суугаа байрныхаа давхрыг өдөр бүр ариутгаж, 6 айлын хаалга бариул, цахилгаан шат, шатны бариул хана туурга, шалыг угааж ариутгаж ирсэн. 31-тоотын цэцгээ бид 2 өдөр бүр цэвэрлэж аргал хомоолоор хүртэл утаж байсан. 4.Ковидын хөл хорионы үед СӨХ мөнгө нэхэмжлэх эрхгүй учраас би СӨХ-д мэдэгдсэн байгаа. 5.Ковидын 2 жилээс бусад үеийн мөнгийг төлье гэхэд хүлээж аваагүй заавал хөл хорионы үеийн мөнгийг нэхэмжилнэ гэж хариу өгсөн. Цаашлаад СӨХ байгууллагад та орооч гэж манай гэрт хүртэл 3 иргэн орж ирж ярилцаж байсан. Албан ёсны СӨХ-ын хурлын протокол, оршин суугчдын зөвшөөрөл гарын үсэг бүхий бичиг баримтаа Буянт ухаа 3 групп дээр ил тод тавь гэж оршин суугчид 2 жил шаардаад, тавьдаггүй тайлангаа ч ил тод болгодоггүй. Ийм учраас СӨХ-ийн мөнгө төлөхөд иргэдэд итгэл үнэмшил төрөхгүйгээс гадна, нүдэнд харагдах ажил ч хийдэггүй, хамгийн наад захын жишээ нь сар бүр орцны үйлчлэгч солигддог, зарим сар огт үйлчлэгч байдаггүй, одоо ч орцонд архичид хонож, гадаа зогсоол дээр байхад машины гэрэл, 4 дугуй байнга хулгайд алдагдаж, орцны үүдэнд хог овоорч байдаг. Хэрэв албан ёсны СӨХ ажилладаг бол энэ бүх дутагдал, хулгай, хогны асуудал өдийд цэгцэрчих байлаа. Ийм учраас эхлээд СӨХ албан ёсны гэдгээ иргэддээ нотол, үйл ажиллагаа, санхүүгээ тайлагна. Манай хорооллын СӨХ үргэлж хэл амтай хууль бус, байсаар ирсэн. Тодорхой хугацааны мөнгөө бол төлнө. Ковидын үеийн мөнгийг бол өгөхгүй. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3,4/, ***ны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, тус холбооны гүйцэтгэх захирал М.Ц-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, ***ны удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай ээлжит хурлын тогтоол /хх-35/, СӨХ-ийн төлбөрийн задаргаа /хх-36/, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй талаарх баримт /хх-37/,

Хариуцагчаас хариу тайлбар /хх-16/, төлбөр төлсөн баримт /хх-16/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-20/ шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч М.Бд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны зардал 362,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-д Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ: 148.2.2. сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх; 148 дугаар зүйлийн 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан. Иймд нийт 19 сарын СӨХ-ны төлөгдөөгүй төлбөр 362,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч **** СӨХ албан бусаар байгуулагдсан, ковидын нөхцөл байдалд СӨХ 2 жил огт ажиллаагүй байдаг, тухайн үед өөрөө ариутгал цэвэрлэгээ хийдэг байсан, хөл хорионы үед мөнгө нэхэмжлэх эрхгүй, СӨХ-ийн үйл ажиллагаа ил тод бус, үйл ажиллагаа муу, үүнээс шалтгаалан байрны орчим хулгай их гардаг, архичид орцонд хонодог зэрэг үндэслэлээр ковидын үеийн төлбөрөөс бусад хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан.

 * дүүргийн Засаг даргаас **** СӨХ-ийг * дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар *** дугаар гэрчилгээ олгож, гүйцэтгэх захирлаар М.Цг бүртгэсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна., 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ. гэж заажээ.

 Хуулийн дээрх заалтаар, **** СӨХ нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч **** СӨХ-ны УЗ-ийн ээлжит хурлын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн №2 тогтоолыг ирүүлсэн байна.

 Дээрх тогтоолд ...СӨХ-ны төлбөрийг сар бүр бусад СӨХ-ны жишгээр тогтоож, ...1-2 давхрын айлуудын СӨХ-ны төлбөр нь цэвэрлэгээ-8200 төгрөг, засвар 4000 төгрөг, 3 давхрын айлуудын СӨХ-ны төлбөр нь цэвэрлэгээ-8200 төгрөг, засвар 4000 төгрөг, лифт 3900 төгрөг, нийт 16 100 төгрөг, 4 давхраас дээших айлуудын СӨХ-ны төлбөр нь цэвэрлэгээ-8200 төгрөг, засвар 4000 төгрөг, лифт 6 900 төгрөг, нийт 19 100 төгрөг байхаар тогтоосугай. гэж дурдсан буюу Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг тогтоожээ.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б нь сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.Б нь 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд СӨХ-ийн зардал төлөөгүй болох нь тогтоогдохгүй байх тул тус хэсэгт хамаарах 6 сарын зардал болох 114,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Харин үлдэх 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 248,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч **** СӨХ-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ковидын нөхцөл байдалд СӨХ 2 жил огт ажиллаагүй байдаг, тухайн үед өөрөө ариутгал цэвэрлэгээ хийдэг байсан гэж байх боловч баримтаар тогтоогдохгүй.

Мөн СӨХ-ийн үйл ажиллагаа ил тод бус, үйл ажиллагаа муу, үүнээс шалтгаалан байрны орчим хулгай их гардаг, архичид орцонд хонодог байсан гэх үндэслэлээр зардал төлөхөөс татгалзсан.

Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль болон дүрэмд заасны дагуу үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гишүүддээ тухай бүр нээлттэй танилцуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй. Харин тус үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар гишүүн зардлыг төлөхөөс татгалзах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.

Иймд хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгаас 248,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,437 төгрөгөөс 11,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,900 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.Бгаас 11,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА