Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/01193

 

2023 оны 04 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2023/01193 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..... хаягт байрлах, Д ХХК /РД....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .... хаягт байрлах, Ц ХХК /РД:......../-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.630.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоёр компани 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч нь зочид буудлын ресторанд хийн түлш хийлүүлдэг байсан. Манай борлуулагч хүргэж өгөөд хариуцагч компани нь дансаар шилжүүлж хариуцсан нягтлан бодогч нар нь тооцоо нийлж, акт үйлддэг байсан. Худалдах, худалдан авах гэрээний 5.3 дахь хэсэгт алдангийг 0,5 хувиар төлөхөөр заасан. Хариуцагч компани нь ор сураггүй алга болсон учраас бид нар үлдэгдэл мөнгө болох 3.040.000 төгрөгөө авч чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас алданги 1.520.000 төгрөг нэмэгдүүлээд шүүхэд хандсан боловч оршин суух хаягтаа байхгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээр эрэн сурвалжлуулсан. Тэгээд хариуцагчийн хаяг утасны дугаар тодорхой болсон тул хийн түлшний үлдэгдэл төлбөр 3.040.000 төгрөг, алданги 1.520.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 4.630.200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Ц  ХХК нь нэхэмжлэгч Д  ХХК-иас газ худалдаж авдаг байсан. Ингэхдээ дандаа бэлнээр тооцоогоо хийдэг байсан. Заримдаа дансаар хийсэн тохиолдол баримтад дээрээ данс гэж бичээд баримтаа хүлээж аваад явдаг байсан. Хамгийн сүүлд 2016 онд 8 дугаар сард үлдэгдэл төлбөрөө хийхээр хоёр талаасаа гарын үсэг зурж үйлдсэн байгаа. Энэ үлдэгдлийг 2016 ондоо багтааж төлж барагдуулсан. Дансны хуулгаар баталгаажиж байгаа. Харин 2017 онд бүх төлбөрөө түгээгчид нь бэлнээр нийлдэг байсан. Дансны хуулгыг харахад ямар ч шилжүүлсэн шилжүүлэг байхгүй. Бүх гаазуудаа бэлнээр өгсөн. Тийм учраас манайх 2017 онд ямар нэгэн өр зээл тавиагүй. Учир нь 2017 онд ресторанууд түрээслэхээ болих гэж байсан учраас өөр зээл тавихгүй гэсэн байр суурьтай бүх тооцоогоо шахаад явж байсан. Мөн нэхэмжлэгч ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.14-ний өдрийн итгэмжлэл, 2016.03.15-ны өдрийн 000 худалдах, худалдан авах гэрээ, 2016.09.27-2018.09.30-ны өдрүүдийн Бараа материалын тооцоо бодсон баримт, 2018.10.01-ний өдрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.02.25-ны өдрийн 102/ШШ2019/0000 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022.08.05-ны өдрийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот, 2016.01.01-нээс 2016.09.27-ны Ерөнхий журналын хураангуй бүртгэл, 2018.09.24-ны өдрийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, 2017.02.24-ний өдрийн зарлагын баримт, 2017.01.08-ны өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2017.01.31-ний өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2017.07.13-ны өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2017.03.05-ны өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2017.03.12-ны өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2017.04.02-ны өдрийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй ажиллагааны заавар, 2016.08.05-ны өдрийн дансны хуулга, 2016.06.28-ны өдрийн дансны хуулга, 2016.08.11-ний өдрийн дансны хуулга, 2016.12.26-ны өдрийн дансны хуулга, 2016.12.31-ний өдрийн дансын хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2016.01.01-нээс 2016.12.31-ний өдрийн дансны хуулга, 2016.12.25-2016.12.27-ны өдрийн дансны хуулга, 2016.11.07-2016.11.09-ний өдрийн дансын хуулга гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.630.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Цагаан нуур баялаг ХХК-д холбогдуулан гаргасан.

 

Хариуцагч Ц  ХХК хийн түлшийг худалдан авахдаа тухай бүрд нь мөнгөө бэлнээр өгдөг байсан, одоо төлөх төлбөргүй гэж маргаж байна.

 

2016 оны 3 сарын 15-ны өдөр зохигч 000 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэг кг хийн түлшийг 2400 төгрөгөөр нийлүүлэхээр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, хийн түлшний үнийг дансаар төлөхөөр тохирсон.

 

Зохигч гэрээний дагуу тухай бүр тооцоо нийлж байсан бөгөөд 2017 оны 1 сарын 13-ны өдөр худалдагч тал 2016.12.31-ний өдрийн үлдэгдэл 1.740.000 төгрөг шаардсныг худалдан авагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Д ХХК-ийн зарлагын 2017.01.22-ны 100.000 төгрөг, 2017.02.27-ны 100.000 төгрөг, 2017.03.29-ний 100.000 төгрөг, 2017.03.24-ний 100.000 төгрөг, 2017.03.17-ны 100.000 төгрөг, 2017.03.20-ны 100.000 төгрөг, 2017.02.02-ны 100.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийн баримтууд, 2017 оны 01 сарын 13-ны тооцооны нэхэмжлэх зэргээс үзэхэд Ц ХХК 2.440.000 төгрөгийг хийн түлшний үлдэгдэлтэй байжээ.

 

Хариуцагч ЦХХК 2016.12.31-ний өдөр 500.000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500.000 төгрөг, 2016.11.08-ны өдөр 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг төлж байсан дансны хуулга хэрэгт авагдсан, 2017 оны 1 сарын 13-ны өдрийн нэхэмжлэхээр шаардсан 1.740.000 төгрөг, 2017 оны хийн түлш худалдан авсан 700.000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Ц ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байдлаа баримтаао нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

ЦХХК 2017 оны хийн түлшний үнийг бэлнээр өгч байсан гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тэрээр төлбөрөө дансаар төлөх байжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас гэрээний үүрэгт 2.440.000 төгрөг гаргуулж, Дашваанжил ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Зохигчийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 5.3-т худалдан авагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлнө гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданг гэнэ гэж тус тус заасан.

 

Худалдан авагч нь гэрээ болон хуульд заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байх тул 2.440.000 төгрөгийн алданги 1.220.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Ц ХХК-иас гэрээний үүрэгт 2.440.000 төгрөг, алданги 1.220.000 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжилахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 3.730.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдоогүй 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц ХХК-тиас 3.730.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цг ХХК-иас 74.633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО