Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/03662

 

 

 

 

 

 

2022 оны 12 дугаар сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/03662

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *** хороо, ** хороолол, *** чөлөө, Төв байр-** хаягт байрлах *** ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **** хороо, ***, 8-4 хаус, Б* овогт Ц* Ү /РД:****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 200,187,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 200,187,720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ц.Ү нь манай компанитай 2018 оны 4-р барын 30-ны өдөр *** тоот Евро блок худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 273,545,150 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авсан. Талууд өгсөн авсан зүйл, үүссэн алданги хохирлоо тооцож, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 200,187,720 төгрөгийн төлбөртэй гарсан болно. Үүнийг *** тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Манай компанийн зүгээс иргэн Ц.Үтай удаа дараа холбогдож гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгүүдээр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй, төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд 200,187,720 төгрөгийг Ц.Үаас гаргуулж *** ХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ц.Ү 2022 оны 1*** сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Зээл авсан тал дээр маргадаггүй төлөх нь үнэн. Үндсэн зээл, алдангийн хамт 200,187,720 төгрөгийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэхдээ цаг хугацааны хувьд тохиролцож чадахгүй байгаа. Яг одоогоор төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байгаа... гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-03/, *** ХХК-ийн тооцоо нийлсэн акт /хх-04/, Евро блок худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-09/, *** ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/769 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай /хх-10/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/604 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10,11/ итгэмжлэл /хх-12/,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/ шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс 2022 оны 1*** сарын 09-ны өдөр шүүх хуралдаан зарлаж, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хойшлуулж шийдвэрлэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 200,187,720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс хариуцагч Ц.Ү-т нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хариуцагч Ц.Үт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хурлын товыг мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин тус шүүхийн 2022 оны 1*** сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *** ХХК-иас Ц.Үтай 2018 оны 4-р барын 30-ны өдөр *** тоот Евро блок худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 273,545,150 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авсан. Талууд өгсөн авсан зүйл, үүссэн алданги хохирлоо тооцож, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 200,187,720 төгрөгийн төлбөртэй гарсан болно. Үүнийг *** тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Иймд гэрээний төлбөрөө төлөхгүй байх тул 200,187,720 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Үндсэн зээл, алдангийн хамт 200,187,720 төгрөгийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэхдээ цаг хугацааны хувьд тохиролцож чадахгүй байгаа тул төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байгаа... гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*** ХХК-иас Ц.Үтай 2018 оны 4-р барын 30-ны өдөр *** тоот Евро блок худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 273,545150 төгрөгийн үнэ бүхий евроблок, цавуу зун, цавуу өвөл, багаж, поддон, хүргэлТийн үйлчилгээг худалдан авсан бөгөөд дээрхээс 141,466,670 төгрөгийн төлөлтийг хийж, үлдэгдэл 133,458,480 төгрөгийн үйлдэгдэлтэй болох, 66,729,240 төгрөгийн алданги тооцсон болох нь *** дугаартай тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримт, үнийн дүнгийн талаар маргаагүй.

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.

Хариуцагч Ц.Ү нь харин үлдэгдэл 133,458,480 төгрөгийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж, Евроблок худалдах, худалдан авах гэрээний 6.2-д Худалдан авагч нь худалдагчтай хавсралтаар тохиролцсон хугацаанд гэрээний үнийг төлж барагдуулаагүй бол ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийн худалдагчид төлнө. гэж тус тус заасны дагуу 66,729,240 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 133,458,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Үаас 133,458,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,158,888.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 1,158,888.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА