Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 127/ШШ2023/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2023/0004/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХАСУГД-д холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: ХАСУГД-ын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагч ХАСУГД- Т.З, нарийн бичгийн дарга Д.Отгон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.М нь ХАСУГД-д холбогдуулан, Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

            2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ анх 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1413 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1794 тоот захирамжаар тухайн нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

            3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үүний дагуу нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан ч гомдлыг шийдвэрлэсэн тухай хариу өгөөгүй, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа өнгөрсөн тул 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байна.

            4. Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Соёл, урлагийн газарт архив, бичиг хэргийн эрхлэгч, нярваар томилогдон орж, аливаа зөрчил дутагдал гаргаагүй, сайн ажилласан тул 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс Соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд зохих журмын дагуу дэвшин томилогдсон.

            Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, хариуцсан ажлаа хариуцлагатай сайн хийж байсан ба сахилгын шийтгэл хүлээж байсан удаа байхгүй.

            Би бага насны хүүхэдтэй бөгөөд 2022 оны 7 сард охин минь өвдөж, өрхийн эмнэлэгт байнга үзүүлж, эмийн эмчилгээг гэрээр хийж байсан ч өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон.

            2022 оны 08 сарын 04-ний өдөр миний бие дарга Т.Зт хандаж, “хүүхдээ эмнэлэгт асрах болсон тул чөлөө олгоно уу” гэхэд боломжгүй гэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдөл өгч, хүүхдээ 2022 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн.

            Хүүхдээ эмчлүүлж байх хугацаанд байгууллагаас намайг дуудаж, ажлаас чөлөөлөх тушаал гарсан тухай мэдэгдсэн. Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 08 сарын 30-ны өдрийн тушаал нь хууль бус. Би ажлаас халагдах өргөдөл гаргаж байгаагүй, харилцан тохиролцож ажлаас гарсан зүйл байхгүй, харин “ар гэрийн гачигдал үүссэн, хүүхэд асрах чөлөө олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг минь “ажлаас чөлөөлөгдөх өргөдөл” гэсэн агуулгаар тайлбарлан ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм.

            Иймд ХАСУГД-ын 2022 оны 08 сарын 30-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Соёл, урлагийн газрын даргад даалгаж өгнө үү” гэв.

            5. Хариуцагч Хэнтий аймгийн  Соёл, урлагийн газрын дарга Т.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/420 дугаар захирамжаар аймгийн Соёлын хэлтсийг шинээр байгуулж, мөн Соёлын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар аймгийн Соёл, урлагийн газар байгуулагдсан.

            Шинээр байгуулагдаад нийт ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаж  баталгаажаагүй учраас ажлын байрны сул орон тоо зарлагдаагүй байсан. 11 ажилтны орон тоотой байхаас 5 хүн ажиллаж байсан.

            Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс архив, бичиг хэргийн эрхлэгч, байгууллагын нярвын ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн учраас  мөн оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилсон.  

            Ажиллаж байх хугацаандаа Мөнхцацрал нь олон удаа чөлөө авч байсан, тэр болгонд нь чөлөө өгдөг байсан, цалинг нь хасч үзээгүй. Ээлжийн амралтаа 2 хувааж эдлэх хүсэлтийнх нь дагуу эдлүүлсэн. Амарч ирээд 8 дугаар сарын 2-нд уулзаад, “Эргэх холбоо” гэх уулзалтанд явна гэж чөлөө хүсэхээр нь олгох боломжгүй гэхэд хүүхэд асрах чөлөө авья гэсэн.

            Б.М нь соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон байсан тул ажил олгогч түүний ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.М нь ХАСУГД-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар тус байгууллагын архив, бичиг хэргийн эрхлэгч, нярваар томилогдон ажиллаж байгаад, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтны албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба хариуцагч ХАСУГД-ын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

3. Уг тушаалыг нэхэмжлэгч Б.М нь, хүүхэд асрах чөлөө хүсч өргөдөл гаргасан байхад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэсэн утгаар тайлбарлан, ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /Нэхэмжлэгч захиргааны актын дугаарыг Б/29 гэж ташаа бичсэн/

4. Маргаан бүхий захиргааны актад, “Б.Мыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

5. Гэвч нэхэмжлэгч Б.М ажлаас чөлөөлөгдөх хүсэлт  гаргасан тухай баримт байхгүй, харин 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ХАСУГД-д хандаж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан, хүүхэд асрах чөлөө авах” тухай хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч Б.М-ын охин Гэгээн-Эгшиглэн нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд охин нь 2022 оны 08 дугаар сард 1 нас 4 сартай байсан тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө хүсэх эрхтэй ба ажил олгогч уг чөлөөг олгох ёстой байна.

7. Гэтэл хариуцагч Хэнтий аймгийн  Соёл, урлагийн газрын дарга нь нэхэмжлэгч Б.Мыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус байна.

8. Хариуцагч ХАСУГД- Т.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа үндэслэлээ, “нэхэмжлэгч Б.Мыг соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилохдоо түр томилсон, Мөнхцацрал нь ажиллаж байх хугацаандаа олон удаа чөлөө авч байсан, ажил тасалдаг байсан, туршилтын хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, идэвх санаачилгагүй байсан тул албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж тайлбарласан ч,  эдгээр үндэслэлийн талаар маргаан бүхий актад огт дурдаагүй байна.

9. Хариуцагчийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалд  нэхэмжлэгч Б.Мыг “соёл гэгээрэл, бүх нийтийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр түр томилох”-оор тусгасан байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан туршилтын хугацаа хэрэглэх талаарх ямар нэгэн баримт байхгүй байна.

10. Төрийн албан тушаалд анх томилогдсон иргэнд туршилтын хугацаа хэрэглэхэд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг мөрдөх ёстой байхад хариуцагч нь уг журмыг хэрэгжүүлээгүй байна.

11. Нэхэмжлэгч Б.М-ын гүйцэтгэж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан төрийн захиргааны албан тушаал тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

12. Тийм байхад хариуцагч нь маргаан бүхий Б/19 тоот тушаалдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл /Хөдөлмөрийн гэрээний хугацаа/, 78 дугаар зүйл /Хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болох үндэслэл/-ийн холбогдох заалтуудыг үндэслэсэн нь хууль бус юм.

13. Хариуцагчийн гаргасан хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч Б.М нь сард 642388 төгрөгийн цалинтай байсан тул олговрыг түүний ажилгүй байсан хугацаа-2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож /642388х8 сар+321194 төг/, нийт 5460298 /таван сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгөөр тогтоов.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХАСУГД-ын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын ажилгүй байсан хугацааны олговор 5460298 /таван сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгийг хариуцагч ХАСУГ-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.М-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай.            

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАСУГД-ас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Мд, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 37157 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА