| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04177/И |
| Дугаар | 183/ШШ2023/00005 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2023/00005
2022 оны 12 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/00005 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ** хороо, *** 45-155 тоот хаягт байрлах *** ХХК /РД:**3/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо, *** төв, 5 давхар ** тоот хаягт байрлах **** ХХК /РД:..../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 155,986,255 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь цементийн төлбөр 155,986,255 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани буюу *** ХХК нь цемент нийлүүлэхээр харилцан тохиролцож 2022.04.09-ний Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2022.04.09-ны өдрөөс 2022.04.18-ны өдрийг хүртэлх хугацаанд 402.6 тонн цемент нийлүүлж нийт үнийн дүн нь 107.428.550 төгрөг болсон. Гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-иар алданги тооцож 48,557,704 төгрөг болсон болно. ***ХХК-иас гэрээний төлбөрт орон сууц өгч тооцуулах талаар захирлуудын хооронд яригдсан. Тэгээд манай захирал тэр байрыг нь очиж үзээд таалагдаагүй тул бартераар байр авахгүй гэж хэлж байсан. Энэ санал бол талуудын хооронд яригдсан болохоос биш тодорхой шийдвэр гарсан зүйл байхгүй. Шүүхэд өгч байгаа цементийн гаалийн татварыг тэглэсэн гэсэн энэ нийтлэлүүд хэрэгт ач холбогдолгүй байна. Ийм баримтууд яагаад өгснийг ойлгохгүй байна. Манай компани буюу *** ХХК нь цемент нийлүүлэхээр харилцан тохиролцож 2022.04.09-ний өдрийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-иар алданги тооцож 48,557,704 төгрөг болсон. Иймд цементийн үндсэн төлбөр болох 107,428,550 төгрөг, алданги 48,557,704 төгрөг, нийт 155,986,255 төгрөгийг **** ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хариуцагч **** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 155,986,255 төгрөг гаргуулах тухай иргэний маргаанд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Учир нь бид гэрээний дагуу авсан 402 тонн цемент буюу 107.428.550 сая төгрөг дээр огт маргахгүй бөгөөд энэхүү гэрээний төлбөрт бид өөр харилцагч байгууллагаас орж ирсэн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг*** ХХК-д өр төлбөрөө тооцон шилжүүлж өгсөн болно. Гэвч энэхүү эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж өгсөн байрыг *** ХХК-ийн зүгээс хэсэг хугацааны дараа шилжүүлж авахаас татгалзаж энэхүү асуудал үүссэн болно. Энэ нь үүрэг гүйцэтгэгч ***ХХК-иас огт хамаараагүй бөгөөд үүрэг хэтрүүлэх болсон учир шалтгаан нь үүрэг гүйцэтгүүлэгч компани болох *** ХХК-иас болсон асуудал юм. Учир нь бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг бөгөөд төлбөр мөнгөний хувьд ихэвчлэн арилжааны гэрээ буюу бартерын гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээ, автомашин, бараа материал зэргээр төлбөр хийгддэг болно. Мөн 2022 оны 04 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчний улмаас цементийн үнэ хэт ихээр нэмэгдэж бетон зуурмагийн үйлвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа маш ихээр алдагдаж ихэнх зуурмагийн компаниуд хагас зогсолт хийж ажиллаагүй болно. Иймд бидний зүгээс *** ХХК-аас авсан цементийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд харин алданги болох 48,557,704 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2,3/, итгэмжлэл /хх-4/, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5,6/, нэхэмжлэх /хх-07/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, зарлагын баримт /хх-9-12/,
Хариуцагчаас итгэмжлэл /хх-17/, хариу тайлбар /хх-33/, Монгол улсын засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний 348 дугаартай тогтоол, Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэв гарчигтай нийтлэл, Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ гарчигтай нийтлэл, Импортын цементийн албан татварыг тэглэлээ гарчигтай нийтлэл, оlloo.mn цахим хуудсанд нийтэлсэн нийтлэлийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан 155,986,255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *** ХХК нь **** ХХК-д цемент нийлүүлэхээр харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. *** ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэл хугацаанд 402,6 тонн цемент нийлүүлж нийт үнийн дүн нь 107,428,550 төгрөг болсон. Гэрээний 6.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцож 48,557,704 төгрөг болсон. Нийт 155,986,255 төгрөгийг *** ХХК-иас гаргаж өгнө үү гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Нэхэмжлэлээс 107.428.550 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 48,557,704 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ***ХХК-иас орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээг *** ХХК-д өр төлбөрөө тооцон шилжүүлсэн. Гэвч гэрээний дагуу шилжүүлж өгсөн байрыг *** ХХК-ийн зүгээс хэсэг хугацааны дараа шилжүүлж авахаас татгалзсантай холбоотой төлбөр төлөөгүй гэх асуудал үүссэн. Мөн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг тул ихэвчлэн арилжааны гэрээ буюу бартерын гэрээний дагуу төлбөр хийгддэг болно. Мөн 2022 оны 04 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчний улмаас цементийн үнийн хэт ихээр нэмэгдэж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зогсолт хийж ажиллаагүй болно. Иймд алданги 48,557,704 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** ХХК болон **** ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу *** ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийг хүртэл хугацаанд 402,6 тонн цементийг **** ХХК-д нийлүүлж, цементийн нийт үнийн дүн нь 107,428,550 төгрөг болсон.
Талуудын хооронд хүчин төгөлдөр Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу 402,6 тонн цементийг захиалагч **** ХХК-д хүлээлгэн өгсөн, 402.6 тонн цементийн нийт үнэ 107,428,550 төгрөг ба нэг тонн цементийг 266,83 төгрөгөөр захиалагчид нийлүүлсэн, хариуцагч үндсэн төлбөр 107,428,550 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлбэл зохих хугацааг 226 хоног хэтрүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд *** ХХК-иас 107,428,550 төгрөгийн үнэ бүхий 402.6 тонн цементийг **** ХХК-ийн өмчлөлд бэлтгэн нийлүүлсэн байх ба хариуцагч талаас зохих төлбөрийг төлж барагдуулаагүй. Цемент худалдах, худалдан авах гэрээний 4.2-д хариуцагч **** ХХК нь хүлээн авсан цементийн үнийг 2022 оны 04 дүгээр сарын 10, 20, 30-ны өдөр худалдан авагчийн 5021544244 тоот дансанд төлж барагдуулахаар талууд тохиролцсон бөгөөд хариуцагчаас төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй байх тул хариуцагч **** ХХК-иас 107,428,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээний 6.4-д Худалдагч тал нь худалдан авагч талаас захилга өгсөн захиалгын хугацаанд цементээ нийлүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцон худалдан авагчид төлнө. гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 107,428,550 төгрөгийн 0,2 хувийг үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн 226 хоногоор тооцон нийт 45,557,704.6 төгрөгийн алдангийг хариуцагч **** ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ***ХХК-иас орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээг өр төлбөрөө тооцон *** ХХК-д шилжүүлсэн. Гэвч гэрээний дагуу шилжүүлж өгсөн байрыг *** ХХК-ийн зүгээс шилжүүлж авахаас татгалзсан тул төлбөр төлөгдөөгүй гэх тайлбар гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ***ХХК-иас гэрээний төлбөрт орон сууц өгч тооцуулах талаар захирлуудын хооронд яригдсан. Тэгээд манай захирал тэр байрыг нь очиж үзээд таалагдаагүй тул бартераар байр авахгүй гэж хэлж байсан. Энэ санал бол талуудын хооронд яригдсан болохоос биш тодорхой шийдвэр гарсан зүйл байхгүй. гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үлдэгдэл төлбөрт орон сууц тооцож өгөхөөр тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагчаас татгалзлын үндэслэлээ бетон зуурмагийн үйлдвэрлэл нь улирлын чанартай явагддаг, компаниуд арилжааны гэрээ буюу бартерын гэрээний дагуу төлбөр хийгддэг, 2022 оны 4 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчний улмаас цементийн үнийн хэт ихээр нэмэгдэж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зогсолт хийж ажиллаагүй болно. Иймд алданги 48,557,704 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.
Талууд Цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сар бүрийн 10, 20, 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээний 4.2-д заасан байх тул бетон зуурмагийн үйлдвэрлэл нь улирлын чанартай явагддаг, хариуцагчийн гаргасан гэрээг арилжааны гэрээ буюу бартерын гэрээгээр тооцоо хийдэг гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талууд дээрх хэлбэрээр гэрээ байгуулах боломжтой байсан ч төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахаар тохиролцсон болно.
Мөн хариуцагчаас 2022 оны 04 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчний улмаас цементийн үнийн хэт ихээр нэмэгдэж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зогсолт хийж ажиллаагүй гэх тайлбар гаргаж байх боловч энэхүү үйл баримтуудаа баримтаар нотолж мэтгэлцээгүй.
Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ***ХХК-иас 155,986,255 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ***ХХК-иас 155,986,255 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,885 төгрөгөөс 937,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ХХК-иас 937,881 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА