| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/06480/И |
| Дугаар | 101/шш2023/04954 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 101/шш2023/04954
| 2023 11 13 | 101/ШШ2023/04954 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, *******, 2 давхарт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ************ тоотод оршин суух ******* овогт*******ын ******* /рд:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ************ тоотод оршин суух Урианхан овогт *******гийн /рд:*******/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 274,867,170 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч С., түүний өмгөөлөгч С.Баясгалан, хариуцагч Г.*******ын төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 274,867,170 /хоёр зуун далан дөрвөн сая найман зуун жаран долоон мянга нэг зуун далан/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай
2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Констракшн Коммершл Инвестмент” ББСБ ХХК, иргэн Г.*******, С. нарын хооронд №ЗГ00011413 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж №ҮХБГ2212070925 тоот барьцааны гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ00011413-1 тоот хугацаа сунгах зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан.
Дээрх гэрээгээр 245,000,000 төгрөгийг, сарын хүү 3,0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 20-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.
Гэтэл хариуцагч Г.*******, С. нарт зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон мэдэгдэх хуудас хүргүүлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээл 245,000,000 төгрөг, зээлийн хүү 27,305,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,561,425 төгрөг, нийт 274,867,170 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу зээлийн үлдэгдэл 245,000,000 төгрөг, хүү 27,305,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,561,425 төгрөг нийт 274,867,170 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Г.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4-р хороолол /16063/, ************* тоот хаягт байршилтай, 92,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1а. Зохигчид 2022.12.7-нд зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Мөн зээлийн хугацаа сунгах нэмэлт гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үндсэн зээл төлөөгүй. Үндсэн зээлд 245,000,000 төгрөг, хүү 27,305,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,561,425 төгрөг, нийт 247,867,170 төгрөг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 453.1-д зааснаар хугацаа хэтэрсэн бол хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх8/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх9-11/, зээлийн гэрээний хуулбар /хх12-14/, зээлийн барьцааны гэрээний хуулбар /хх15-17/, зээлийн нэмэлт гэрээний хуулбар /хх19/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********** дугаар гэрчилгээний хуулбар /хх20/, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээллийн хуулбар 2 ширхэг /хх21-24/, зээл, төлбөрийн тухай шаардах мэдэгдлийн хуулбар 2 ширхэг /27,28/, зээл төлөлтийн дансны хуулганы хуулбар /хх29/, зээлийн өр төлбөрийн тооцоо /хх30/, төлбөрийн даалгавар /хх42/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх43/, кассын зарлагын ордерын хуулбар /хх44/-г нотлох баримтаар ирүүлсэн
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 274,867,170 төгрөг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг даалгаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 274,867,170 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Г.*******, С. нар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх 2023 оны 11 дүгээр сарын 08 болон 09-ны өдрүүдэд хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаж тус тус хуралдааныг хойшлуулсан. Улмаар өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч С. оролцсон боловч хэлэлцүүлгийн үед тайлбар гаргахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэж маргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Шүүх хуралдааныг нээж, ирцийг танилцуулсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүгч, хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах эрхийг тайлбарласан. Улмаар татгалзал байгаа эсэхийг асуухад шүүх хуралдаанд оролцогч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагч Г.*******ын төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч С., түүний өмгөөлөгч С.Баясгалан нар хэн аль нь татгалзан гаргах хүсэлтгүй талаар тайлбарласан.
Үүний дараа шүүх хуралдаан үргэлжилж, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргах хүсэлт, шинээр гаргах бичгийн хэлбэрийн нотлох баримт байгаа эсэхийг асуусан. Хариуцагч Г.*******ын төлөөлөгч Б.Оюунбилэг нь хэргийн материалтай танилцах, зохигчид харилцан тооцоо нийлэх, улмаар эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулах, шинжээч томилох, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Харин хариуцагч С.гийн өмгөөлөгч С.Баясгалан нь хэргийн материал танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, цаашлаад нөгөө хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг дэмжсэн.
Шүүх хүсэлтийг Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэлэлцээд бүхэлд нь хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэх тухай захирамжийг танилцуулсан.
Улмаар хэргийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбар гаргаж эхлэх үед хариуцагч Г.*******ын төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч С.гийн өмгөөлөгч С.Баясгалан нар нь хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийг тайлбар гаргаж байх үед шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.
Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс татгалзах болон хүсэлт гаргах шат дууссан талаар тайлбарлан өгсөн боловч дахин хуралдааны дэгийг зөрчсөн. Үүний учир шүүх хуралдаан даргалагч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай 05 дугаар тогтоолыг тайлбарласан боловч хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээд шүүхийн тогтоол хамаагүй, тогтоол нь хуулиас дээгүүр гарахгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хэдий ч татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй гэж маргасан. Улмаар шүүх дээрх тогтоол нь тухайн хуулийг хэрхэн хэрэглэхийг тайлбарласан бөгөөд харин бусад этгээд хуулийн хэрэглээг зөрүүтэйгээр тайлбарлахгүй, түүнчлэн тогтоолын тайлбарлах нь хэсгийг 3 дахь заалтыг дахин тайлбарлан өгч хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэвч хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дахин хуралдааны дэгийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах үйлдлээ үргэлжлүүлсэн тул дэг сахиулагчийг дуудан ирүүлж, тэднийг хуралдааны танхимаас гаргасан болно.
Энд тухайн үед хариуцагч С.гийн өмгөөлөгч С.Баясгалан нь өөрийн үйлчлүүлэгчийг танхимаас дагуулан гарахыг оролцсон бөгөөд шүүх хариуцагч С.д түүнд хуулиар олгогдсон эрх болон хуралдааны дэг зөрчсөний улмаас үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан өгөхөд хариуцагч С. нь танхимд үлдэх хүсэлтээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
5. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ00011413 дугаар, 245,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар сарын 3 хувийн хүү, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ. /хх12-14/
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх8, 9-11/
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү зээлийн гэрээний харилцаанд зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Түүнчлэн зээлийн гэрээний удиртгал хэсэгт зээлдэгчийг Г.******* гэсэн байх боловч гэрээ байгуулсан хэсэгт хамтран зээлдэгчээр хариуцагч С. гарын үсэг зурсан байх тул зээлдэгч нь хариуцагч Г.*******, С. нар юм.
Улмаар зохигчид 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЗГ00011413-1 дугаар зээлийн нэмэлт гэрээ байгуулжээ. /хх19/
Зээлийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн үндсэн болон нэмэлт гэрээнд зээл олгосны шимтгэл 0.3 хувь, хугацаа сунгасны хураамж 1 хувь гэж заасан боловч энэхүү шимтгэл, хураамжийг гаргуулахаар шаардаагүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласныг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дансаар 102,000,000 төгрөг, бэлнээр 143,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******т олгосон болох нь төлбөрийн даалгавар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, кассын зарлагын ордерын хуулбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч С. нь шүүх хуралдаанд асуусан асуултад хариулахдаа үүнийг зөвшөөрсөн. /хх42, 43, 44/
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргээ биелүүлсэн байна.
8. Зээл олгогдож гэрээ хүчин төгөлдөр болсон тул зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн үүргийг тооцвол:
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ нь 9 сар 25 хоног хэрэгжсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Зээлийн гэрээгээр сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 1 сард 7,350,000 /245,000,000*3%/ төгрөг, 9 сард 66,150,000 төгрөг, 1 хоногт /7,350,000*12/365/ 241,643.84 төгрөг, 25 хоногт 6,041,096 төгрөг, нийт 72,191,096 төгрөгийг хүү тооцогдоно. Цаашлаад, гэрээний 3.1.4 зааснаар үндсэн хүүгийн 20 хувиар тооцвол 14,438,219.20 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно. Иймд дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү дээр үндсэн зээлийг нэмж тооцвол хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу нийт 331,629,315.20 төгрөгийн үүрэг үүсжээ.
8а. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нар нь нийт 44,269,160 төгрөг төлсөн гэх бөгөөд хариуцагч нар энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, үүнээс илүү буцаан төлөлт хийсэн талаар тайлбар, баримт гаргаагүй. Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээс 287,360,155.20 төгрөгт холбогдох хэсгийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч нь зээлийн төлөлт тус бүрийн тооцоог үндэслэж зээлийн гэрээний үүрэгт нийт 274,867,170 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч болон хариуцагч Г.******* нар зээлийн гэрээ байгуулсан өдөр дээрх ЗГ00011413 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ҮХБГ2212070925 дугаар барьцааны гэрээ байгуулсан. /хх15-17/
Барьцааны гэрээний зүйл нь хариуцагч Г.*******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол /16063/, Энэбиш гудамж, 81 байр, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 92.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001033331 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх20/
Улмаар дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Г.*******, С. нараас 274,867,170 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Г.*******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол /16063/, Энэбиш гудамж, 81 байр, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 92.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,602,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,602,486 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД