Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Баясгалан |
Хэргийн индекс | 127/2023/0022/3 |
Дугаар | 127/ШШ2023/0024 |
Огноо | 2023-05-24 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 127/ШШ2023/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2023/0022/3
Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХАТХХАХТУБ Э.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “...АТХХАХТУБ Э.Э-ийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч ХАТХХАХТУБ Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь ХАТХХАХТУБ Э.Эд холбогдуулан “...ТХХАХТУБ Э.Э-ийн2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. “АК” ХХК нь иргэн Б овогтой А /........./-тай 79.326.000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалгаар бариулах №Б/09 тоот гэрээг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна.
Захиалагч Б.А 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтэст, “АК” ХХК нь орон сууц худалдан авсан үнийн дүнд И-баримт дутуу олгосон тул шийдвэрлэж өгнө үү гэх өргөдөл гаргаж, дээрх өргөдлийн дагуу ТХХАХТУБ Э.Э-ийн2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудас гарч, “АК” ХХК-ийг 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Нэхэмжлэгч “АК” ХХК-ийн захирал Т.Б нь дээрх шийтгэлийн хуудсыг хуудсыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Татварын хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч, аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/99 тоот албан бичгээр “...шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэсэн татгалзсан хариу авсан байна.
4. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б овогтой А /........./ 79.326.000 төгрөгийн үнийн дүн бүхий Орон сууц захиалгаар бариулах №Б/09 тоот гэрээг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд Орон сууцны төлбөр тооцоог эцэслэн дуусгавар болгосон байдаг.
Захиалагч талаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтэст “АК” ХХК нь орон сууц худалдан авсан үнийн дүнд И-баримт дутуу олгосон тул шийдвэрлэж өгнө үү гэх өргөдөл гаргаж дээрх өргөдлийн дагуу Татварын Улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Иргэн Б.Аын гомдлыг манай компани нь:
1. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгөөр,
2. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19.326.000 төгрөгийг И-баримтуудыг тус тус шивж олгосноор бүрэн барагдуулсан мөн А нь ямар нэгэн гомдолгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
... Манай компани нь 2021 оны 4 сараас орон сууцны барилгаа барьж эхэлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд хил хаалттай барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур болон цемент бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн материалын хомсдол үүссэн нь НӨАТ-тэй худалдан авалт хийж чадахгүйд хүргэсэн. Учир нь их хэмжээгээр хэрэгцээт бараа материалууд олдохгүй байсан нь нэг нэгээр нь худалдан авахад хүргэж худалдагч талууд нь байгууллага биш ихэвчлэн иргэд тул И-баримтгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан нь манай байгууллага дээр НӨАТ-тэй И-баримтын худалдан авалтын бүрдэлт бага үнийн дүнгээр үүсэх гол шалтгаан болсон байдаг. Иймд орон сууц худалдан авсан иргэдэд И-баримтын шивэлт хугацаа хойшлох эх үүсвэр болсон болно” гэжээ.
5. Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХАТХХАХТБ Э.Э-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шийтгэлийн хуудас нь орон сууц худалдан авсан иргэн Б.Аын гаргасан гомдлын дагуу шийдвэр байсан. Тухайн асуудлаар Б.Атай уулзаж, нөхцөл байдлын талаар хэлсэн учир ямар нэгэн гомдолгүй гэж татварын хэлтэст өргөдөл өгсөн. Манай компани 2022 оны 06 дугаар сард 60.000.000 (жаран сая )төгрөг нийт үнийн дүнгийн 80%-ийн е-баримтыг шивж өгсөн. Тухайн үед Б.Ат өөрт нь тайлбарлаж хэлсэн боловч дутуу байна гэсэн шаардлагын дагуу гомдол гаргасан. Б.А нь надтай гэрээ байгуулаагүй өмнө нь ажиллаж байсан манай ажлын хүнтэй анх гэрээ байгуулсан байсан. Одоогоор хохирлыг 100% барагдуулсан байгаа.
Б.А нь хохирол, гомдол байхгүй тул “АК” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж Татварын хэлтэст өргөдөл гаргасан. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн. Манай компани нь Б.Аыг Татварын хэлтэст гомдол гаргахаас өмнө е-баримтын төлбөр болох 60,000,000(жаран сая) төгрөгийг буцаан олгосон байсан. Тэгээд үлдэгдлийг нь удахгүй өгнө гэж Б.Атай тохирсон байсан. Мөн дутуу баримтаа гүйцэж олгосон. Бид ковидын хорио цээрээс болж бараа материалаа хугацаанд нь татаж чадаагүй, энд тэндээс барилгын материалаа цуглуулж байж барилгаа барьсан. Тэгээд е-баримтыг бүрдэл болоогүй. Гэсэн ч бид өгөх ёстой олголтоо өгсөн. Зайлшгүй хүндрэлтэй асуудлаас болж ийм байдалд хүрсэн. Манай компани төлбөрийн баримт олгохоос татгалзаагүй. Хуурамч өөр дүнтэй төлбөрийн баримт олгоогүй учир шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу талбартаа: “...Иргэн Б.Ааас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан “АК” ХХК-аас орон сууц худалдаж авсан нийт дүн 79,326,000 сая төгрөгөөс 60,000,000 сая төгрөгний баримтыг гаргаж өгсөн дутуу үнийн дүнтэй баримт өгсөн тул байрны буцаан олголтод хамрагдаж чадахгүй байна. Үлдсэн дүнгээр баримт гаргаж өгнө үү гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг татварын улсын байцаагч явуулсан бөгөөд зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, төлбөрийн баримтын мэдээлэл зэрэг холбогдох бусад баримтуудаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.
Нийт борлуулалт 79.326.000 төгрөг байхад 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгийн дүн бүхий баримт шивж олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2 дахь заалтад заасан зөрчил гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан.
Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн зүйлийн 17.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заасан.
“АК” ХХК-ний захирал Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбар хэсэгтээ: “Манай компани нь 2021 оны 04 сараас орон сууцны барилгаа барьж эхэлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд хил хаалттай барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур болон цемент бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн материалын хомсдол үүссэн нь НӨАТ тай худалдан авалт хийж чадахгүйд хүргэсэн. Учир нь их хэмжээгээр хэрэгцээт бараа материалууд олдохгүй байсан нь нэг нэгээр нь худалдан авахад хүргэж худалдагч талууд нь байгууллага биш ихэвчлэн иргэд тул и баримтгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан нь манай байгууллага дээр НӨАТ тай и баримтын худалдан авалтын бүрдэлт бага үнийн дүнгээр үүсэх гол шалтгаан болсон байдаг. Иймд орон сууц худалдан авсан иргэдэд и баримтын шивэлт хугацаа хойшлох эх үүсвэр болсон болно” гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ нь дээрх зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш, төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.
Иймд татварын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.
7. Хариуцагч Э.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр иргэн Б.А нь 79.326.000 (далан есөн сая гурван зуун хорин зургаан мянга) төгрөгөөс 60.000.000 (жаран сая) төгрөгийн е-баримтыг гаргаж өгсөн дутуу үнийн дүнтэй е-баримт гаргаж өгсөн тул байрны буцаан олголтод хамрагдаж чадахгүй байна. Үлдсэн дүнгээр е-баримтыг гаргаж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн үнийг борлуулалтын үнээс зөрүүтэй олгосон болох нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60.000.000 (жаран сая) төгрөгийн е-баримт, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19.326.000 (арван есөн сая гурван зуун хорин зургаан мянга) төгрөгийг тус тус хуваан өгсөн нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч талаас хохирогчид төлбөрийн е-баримтыг 2 хувааж олгосон хохирогч гомдолгүй гэсэн учраас шийтгэлийн хуудсыг өөрчилж өгнө үү гэсэн. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинжтэй захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцно. Нэгэнт хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэлд эрх бүхий албан тушаалтнаас 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19.326.000 (арван есөн сая гурван зуун хорин зургаан мянга) төгрөгийг гомдол гаргасны дараа нөхөж олгосон нь шийтгэлийг өөрчлөх үндэслэл болохгүй. Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “...Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “АК” ХХК-ний захирал Т.Б нь “Хэнтий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Эрдэнэсүрэнгийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Эрдэнэсүрэн нь иргэн Б.Ааас “...АКаас Орон сууц худалдаж авсан нийт дүн 79.326.000 сая төгрөгөөс 60.000.000 сая төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Дутуу үнийн дүнтэй баримт өгсөн тул байрны буцаан олголтод хамрагдаж чадахгүй байна. Үлдсэн дүнгээр баримт гаргаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авчээ.
Татварын хэлтсийн татварын улсын байцаагч тухайн гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №0044611 тоот шийтгэлийн хуудас[1]-аар “АК” ХХК нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
4. Нэхэмжлэгч: Манай компанитай иргэн Б.А 79.326.000 сая төгрөгийн үнийн дүн бүхий Орон сууц захиалгаар бариулах №Б/09 тоот гэрээг 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан. Талууд Орон сууцны төлбөр тооцоог 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр эцэслэн дуусгавар болгосон. Иргэн Б.Ат 2022 оны 6 дугаар сарын 23-ний өдөр 60.000.000 сая төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ний өдөр үлдэгдэл 19.326.000 төгрөгийн e-баримтуудыг тус тус шивж бүрэн олгосон. Манай компани нь 2021 оны 4 дүгээр сараас орон сууцны барилгаа барьж эхэлсэн. Тухайн үед дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд, хил хаалттай, барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур болон цемент зэрэг бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, материалын хомсдол үүссэн нь НӨАТ-тай худалдан авалт хийж чадахгүйд хүргэсэн. Учир нь их хэмжээгээр хэрэгцээт бараа материалууд олдохгүй байсан. Бараа материалыг нэг нэгээр нь ихэвчлэн иргэдээс худалдаж авч байсан. Худалдагч талууд нь байгууллага биш хувь хүн иргэд байсан тул бүтээгдэхүүн, материалуудаа манай компанид е-баримтгүйгээр борлуулж байсан нь манай байгууллага дээр НӨАТ-тай Е-баримтын худалдан авалтын бүрдэлт бага үнийн дүнгээр үүсэх гол шалтгаан болсон[2]. Иймд орон сууц худалдан авсан иргэдэд Е-баримтын шивэлтийн хугацаа хойшлох эх үүсвэр болсон. Б.А нь манай компанид ямар нэгэн гомдолгүй, хохиролгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагч дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан үндэслэлээ: Иргэн Б.Ааас 2023 01 дүгээр сарын 31-ний өдөр “....АКаас Орон сууц худалдаж авсан нийт дүн 79.326.000 сая төгрөгөөс 60.000.000 сая төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Дутуу үнийн дүнтэй баримт өгсөн тул байрны буцаан олголтод хамрагдаж чадахгүй байна. Үлдсэн дүнгээр баримт гаргаж өгнө үү” гэх гомдлыг гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг татварын улсын байцаагч явуулсан бөгөөд зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, төлбөрийн баримтын мэдээлэл зэрэг холбогдох бусад баримтуудаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон. Нийт борлуулалт 79.326.000 төгрөг байхад 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 сая төгрөгийн дүн бүхий баримт шивж олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2 дахь заалтад заасан зөрчил гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “ ...татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт “...бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн хуулийн 17.5 дахь хэсэгт “...албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заасан. “АК ” ХХК-ний захирал Т.Б нь төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд татварын улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэж тайлбарлажээ[3].
6. Хариуцагч нь шүүхэд “...”АК” ХХК-нийг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан” гэж зөрүүтэй тайлбар ирүүлснийг дурдах нь зүйтэй.
7. Улмаар “АК ” ХХК-ний захирал Т.Б /нэхэмжлэгч / 2023 оны 3 дугаар сарын 17-ний өдөр 2023/08 тоот албан бичгээр[4] ХАТХДт “...Манай байгууллага нь иргэн Б.Атай 79.326.000 сая төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалгаар бариулах №Б/09 тоот гэрээг 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан бөгөөд төлбөрийн үлдэгдлээ /е-баримтыг/ гэрээний үнийн дагуу 2022 онд бүрэн барагдуулсан. Иргэн Б.А нь Хэнтий аймгийн Татварын хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй баримт олгосон тул шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасныг, танай байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтаар хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх шийтгэлийн хуудас бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж албан тоот хүргүүлжээ.
8. ХАТХД 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 01/99 тоот “Гомдол шийдвэрлэх тухай” албан бичгийг[5] “АК” ХХК-ний захирал Т.Бт хүргүүлсэн байна. Үүнд: Танай ирүүлсэн гомдлыг хүлээн авч танилцлаа. Манай байгууллагад иргэн Б.А гомдол гаргасны дагуу татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Танай байгууллага болон иргэн Б.А нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд орон сууцны нийт үнийг 79.326.000 сая төгрөг байхаар заасан байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “ ...татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт “...татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2, 17.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу танай байгууллага борлуулалт хийх тухай бүрдээ төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүгүй баримт олгох ёстой боловч хуулийн заалтыг зөрчиж, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 сая төгрөгийн борлуулалтын үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг шивж олгосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Иймд танай байгууллагын төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэж хариу өгчээ.
9. Өөрөөр хэлбэл талууд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан борлуулалт хийх тухай бүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр гэх ойлголтыг хууль зүйн үүднээс хэрхэн тайлбарлаж, ойлгох тал дээр зөрүүтэй байр суурьтай, дээрх хуулийн зохицуулалтыг өөр өөрийнхөөрөө тайлбарлан маргаж байна.
10. Татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “...төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
11. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:
1. 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн №Б/09 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г[6] “АК ” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал А.Ж/гүйцэтгэгч тал/, нөгөө талаас Б.А /захиалагч тал/ нар Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн захиалагчийн захиалгаар Чингис хотын 4-р баг, 1-р сургуулийн хойд талд баригдаж буй орон сууцны барилгат 79.326.000 сая төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулсан байна.
2.Иргэн Б.Ат 2022 оны 6 дугаар сарын 23-нд “АК” ХХК-наас Орон сууц худалдаж авсан нийт үнийн дүнгийн 79.326.000 сая төгрөгөөс 60.000.000 сая төгрөгний е-баримтыг[7] шивж олгосон байна. Энэ нь иргэн Б.Ат Хэнтий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас тухайн зөрчилд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө олгогдсон гэдэг нь тогтоогдож байна.
3. Мөн “АК ” ХХК нь иргэн Б.Ат Орон сууц худалдаж авсан нийт үнийн дүнгийн 79.326.000 сая төгрөгөөс үлдэгдэл 19.326.000 сая төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ний өдөр шивж[8] е-баримтыг бүрэн олгож дуусгавар болгожээ.
4. Шүүх Б.Ааас 2023 оны 5 дугаар сарын 03-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч Б.Аын “.... би анх 2021 оны 8 сард орон сууц худалдан авах захиалгын гэрээ байгуулсан, ...тухайн орон сууцандаа 2022 оны 3 сард орсон, ...НӨАТ-ийн баримтыг 2022 оны 6 сард 60.000.000 төгрөг, 2023 оны 2 сард үлдэгдэл баримтаа авсан, ... “АК” ХХК-нд ямар нэг гомдол санал байхгүй тийм учраас аймгийн Татварын хэлтэст гаргасан гомдлоосоо татгалзаж өргөдөл өгсөн, ... би өөрөө хүсэлтээ бичиг хэрэгт нь үлдээсэн, ...мөн “АК” ХХК-нд бас гомдолгүй, хохиролгүй гэдэг өргөдөл хүсэлтээ өгсөн”[9] гэж мэдүүлжээ.
5. Хэнтий аймгийн Зөрчлийн хэргийн прокурор Н.А-д “АК” ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2023/09 тоот албан бичгээр 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж дахин хянуулахаар хүсэлт гаргажээ.
6. Мөн Иргэн Б.А “АК” ХХК-нд болон Хэнтий аймгийн Татварын хэлтэст “АК” ХХК-нд ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролгүй тул өмнө нь гаргасан өргөдлөөсөө татгалзаж байна гэсэн өргөдөл дахин гаргажээ[10].
13. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж заасан. Гэтэл Б.Аын тухайн өргөдлийг Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь хүлээж аваагүй, хариу өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
14. Хариуцагч нь иргэн Б.Аын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан “...дутуу үнийн дүнтэй баримт өгсөн” гэх гомдлыг шалгахдаа хэдэн төгрөгт холбогдох худалдан авалтад /огноо, үнийн дүн/ ямар шалтгаанаар төлбөрийн баримт олгоогүй талаар тодорхой тодруулж, гомдол гаргасан иргэнд бодит хохирол яаж учирсан эсэхийг нягталж, энэ талаар баримтжуулж, хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэхээр байжээ. Мөн нэхэмжлэгч нь төлбөрийн баримт олгохоос татгалзаагүй, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгоогүй байна.
Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т “...татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардах хуудас бичих, ...шалгалт хийсэн холбогдох татварын улсын байцаагч .....зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацааг ..тусгах” гэж заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.
15. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа зорилгодоо нийцсэн, тухайн бодит нөхцөл байдлыг тогтоох, хамааралтай тохиолдол бүрийг үндэслэлтэй, нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
16. Иймд ХАТХУБ Э.Э-ийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №0044611 тоот шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн захиргааны акт гэж тогтоогдохгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 24.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 76 дугаар зүйлийн 76.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.2, 79.4.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “АК” ХХК-ний захирал Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ХАТХУБ Э.Э-ийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0044611 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН.
[1] Хавтаст хэргийн 15-р хуудас
[2] Хавтаст хэргийн 1-р хуудас
[3] Хавтаст хэргийн 35-36-р хуудас
[4] Хавтаст хэргийн 16-р хуудас
[5] Хавтаст хэргийн 17-18-р хуудас
[6] Хавтаст хэргийн 5-9-р хуудас.
[7] Хавтаст хэргийн 13-р хуудас
[8] Хавтаст хэргийн 14-р хуудас
[9] Хавтаст хэргийн 41-42-р хуудас
[10] Хавтаст хэргийн 20-21-р хуудас