Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03403

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ...-ийн зүүн тал өөрийн байр М... ХХК

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ... өөрийн байр Н...

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг ... тоотод оршин суух П....гийн Г...

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2... дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г..., хариуцагчийн төлөөлөгч С.Ө..., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М..., Д.Х...

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М... ХХК нь хариуцагч Н...т холбогдуулан тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2... дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Шүүхийн шийдвэрээр П.Г...ийг Баянгол дүүрэг К... ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай н... үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Г...т бүрдүүлж өгөхийг М... ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

 

1.2. Хариуцагч нь М... ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлагыг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдээгүй атлаа компанийн эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн.

 

1.3. Төлбөр авагчийн захиалгаар хийсэн кадастрын зургийн үнэн зөв эсэх талаар төлбөр төлөгчөөс тайлбар авалгүй, уг зургийг танилцуулалгүйгээр тухайн кадастрын зургийг үндэслэн эзэмших эрхийг шилжүүлэх гэж буй нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээрх кадастрын зурагт М... ХХК-ийн 2011 онд нэмж авсан эзэмших эрхтэй газраас орсон байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг дордуулж байна гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. М... ХХК-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд ирээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийг П.Г...ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн бүртгэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

3.1.

 

4. Нэхэмжлэгчээс М... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00929 дугаар тогтоол, М... ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17/23 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12/23 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/457 дугаартай хариу мэдэгдэх хуудас, мөн газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1103 дугаартай албан бичиг, М... ХХК-ийн 0... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, итгэмжлэл /ХХ-ийн 6-30 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 46-83 дугаар тал/

 

6. Гуравдагч этгээдээс нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч М... ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлагыг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдээгүй атлаа компанийн эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх шийдвэрийг гаргаж хууль зөрчсөн, энэхүү шийдвэрээр төлбөр авагчийн захиалгаар хийсэн кадастрын зургийг үндэслэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба уг зургийн үнэн зөв эсэх талаар төлбөр төлөгчөөс тайлбар авалгүй, зургийг танилцуулалгүйгээр тухайн кадастрын зургийг үндэслэн эзэмших эрхийг шилжүүлэх гэж буй нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээрх кадастрын зурагт М... ХХК-ийн 2011 онд нэмж авсан эзэмших эрхтэй газраас орсон байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг дордуулж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: М... ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг П.Г...ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн бүртгэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Иймд дээрх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г...ийг Баянгол дүүрэг К... ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай н... үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Г...т бүрдүүлж өгөхийг М... ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг хариуцагч М... ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Н... нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/18175 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ГХ2022/00000 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдов. Энэхүү ажиллагааг явуулахдаа М... ХХК-ийн удирдах албан тушаалтныг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулаагүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн, мөн төлбөр авагчийн захиалгаар хийсэн кадастрын зургийг үндэслэн шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэснээс өөр газрыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэж хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Дээрх ажиллагааг явуулахдаа хариуцагч нь төлбөр төлөгч М... ХХК-ийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба тогтоосон хугацаанд ирээгүйн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг мөн баталгаат шуудангаар хүргүүлжээ. Үүний дараа 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид биечлэн хүргэхээр М... ХХК-ийн байранд очсон байх ба жижүүрээс нь удирдах албан тушаалтан байхгүй болохыг мэдэгдэж, ерөнхий нягтлан бодогч н.Б...ийн утасны дугаарыг өгсний дагуу холбогдон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, уг мэдэгдлийг түүний зөвшөөрснөөр ажлын байранд нь үлдээж, түүнтэй ярьсан ярилцлагыг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна. /ХХ-ийн 60-61, 62, 64 дүгээр тал/

 

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр М... ХХК-ийн захирал Г.М..., 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ерөнхий нягтлан бодогч н.Б... нартай утсаар холбогдож шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэхийг мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ. /ХХ-ийн 63, 68 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3 дахь хэсэгт төлбөр төлөгчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь биечлэн эсвэл баталгаат шуудангаар хүргүүлэх ажиллагааг явуулна гэж заасан. Энэхүү ажиллагааг явуулахдаа эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, захирал Г.М...тэй холбогдсон утасны дугаар түүнийх биш гэж хариуцагч маргасан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд заасан утасны дугаар нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн утасны дугаар байх ба хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан. Иймд М... ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Б...т шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүрэлцэн ирэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.4 дэх хэсэгт нийцсэн байна. Дээрх баримтуудаар М... ХХК-ийн захирал Г.М..., ерөнхий нягтлан бодогч н.Б... нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хуульд заасан журмаар мэдэгдсэн байх тул төлбөр төлөгчийг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

М... ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд шийдвэрийг биелүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газрын эзэмших эрхийг төлбөр авагчид шилжүүлэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, мэдэгдэл хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5 дахь хэсэгт нийцнэ. Уг мэдэгдэлд ...гэрчилгээний 0... дугаар, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 4014м2 талбай газраас тодотгол хийсэн 1056м2 талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч П.Г...ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гарган хариу ирүүлэхийг мэдэгдье, ...эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Баянгол дүүрэг К... компанийн зүүн талд орших 432м2 талбайтай н... үйлдвэрийн барилга, 72м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч П.Г...ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гарган хариу ирүүлэхийг мэдэгдье гэжээ. /ХХ-ийн 65-66, 69-70 дугаар тал/

 

Дээрх мэдэгдэлд заасан тодотгол хийсэн 1056м2 талбайтай газар-ын кадастрын зургийг төлбөр авагчийн захиалгаар гүйцэтгэсэн, уг кадастрын зургийг гүйцэтгэхдээ хариуцагчийн 2011 онд шинээр нэмж авсан газраас оруулсан гэсэн тайлбараа нэхэмжлэгчийг баримтаар нотлож чадаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь кадастрын зураг нотлох баримтаар гаргаж өгсөн ба эдгээр зурагт шүүхийн шийдвэрээр төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн газрын байршил, хил зааг, талбайг өөр өөрөөр тогтоосон, хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн кадастрын зурагт шүүхийн шийдвэрээр олгогдоогүй газар орсон болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлож чадаагүй гэж үзэв. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ. /ХХ-ийн 29, 65 дугаар тал/

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2... дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н...т холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2... дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж буй ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА