| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/00393/И |
| Дугаар | 183/ШШ2023/01406 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2023/01406
2023 оны 05 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2023/01406 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .............., Голомт банк ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... тоот хаягт оршин суух, Нт овогт Т-гийн Х/РД:000 /-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9.002.206,02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай 00000000000 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч Т.Х нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 39 сар хугацаа хэтрүүлсэн банкийг хохироож байгаа бөгөө 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2.535.428 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.961.157,81 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 2.505.620,21 төгрөг нийт 9.002.206,02 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.002.206,02 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болон зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.28-ны өдрийн итгэмжлэл, 2021.08.04-ний өдрийн Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал,улсын бүртгэлийн гэрчилгээ,2016.09.12-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт,2022.12.07-ны өдрий Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Голомт банк ХХК-д хандсан албан бичиг, 2018.12.25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Г ХХК зээлийн гэрээний үүрэгт 9.002.206,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Т.Х-рт холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч ГХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 3.000.000 төгрөгийг жилийн 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 9.002.206,02 төгрөгийг зээлдэгч Т.Хүрэлбаатараас гаргуулах гэж тодорхойлсон.
Хариуцагч Т.Х шүүх нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгч, 2023 оны 02 дугаар сарын 14-ний дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч Т.Х-тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 00000000 тоот Кредит картын гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй кредит картыг 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 7-10-р хуудас/
Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй.
Зохигч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ/КР/20160912-006 дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Кредит карт эзэмшигчтэй байгуусан гэрээний хугацаа 2018.09.12-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан, хариуцагч Т.Хоршин суугаа хаягт байхгүйн улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.25-ны өдрийн 182/ШШ2018/00000 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан байх тул мөн хуулийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгч энэ хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч ГХХК нь 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч Т.Х-т шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 2.1, 3.5, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4, 3.9-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээл, зээлийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 2.535.428 төгрөг, хүү 3.961.157,81 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 2.505.620,21 төгрөг нэхэмжилснийг зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр болох 2.505.620,21 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрхийн үндсэн нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй, мөн 2.505.620,21 энэ төгрөгийг хэзээнээс хэзээ хүртэлх үүргээс шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
Иймд хариуцагч Т.Х-аас үндсэн зээл 2.535.428 төгрөг, зээлийн хүү 3.961.175,18 төгрөг, нийт 6.496.585,18 төгрөгийг хангаж шийдвэрлэж, үлдэх 2.505.620,21 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас 118.895 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгож шийдвэрлэв.
Шүүх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Т.Х-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-ас 6.496.585,18 төгрөг гаргуулж, ГХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.505.620,21 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас 118.895 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО