2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2663

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Б.Тогтох,

хохирогч Б.Ө ,

шүүгдэгч Б.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж д холбогдох эрүүгийн 2510004250221 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл **, ** хамт ******** дүүргийн ** дугаар хороо ** байрны *** тоотод оршин суух, урьд өмнө ял эдлэж байгаагүй,

Д овогт Б-ы Ж  (РД:****************).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******** дүүргийн ** дугаар хороо , *** хотхоны ** байрны ** тоотод од хамтран амьдрагч Б.Ө ийг бусадтай хардан зодож "тархи, доргилт хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчыг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт хүзүү, баруун бугалга, шуу, гуя 2 өвдөг зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж  нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав:

3.1. Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас “...камерын бичлэг хийж шалгах үед гэр орны шал дэвсгэр нь цус нөж болсон байдалтай иргэн Б.Ө-ийн хамар нь хавдаж баруун тал руугаа хугарч гэмтсэн байсан...” /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Б.Ө ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гэртээ байж байхад манай найз залуу Ж  согтуу ирсэн тэгээд надтай маргалдах гээд өмнөх найз залуудаа хайртай биз дээ гээд хэлээд байсан тэгээд би тоохгүй хүүхдээ унтуулах гээд өөр өрөөнд байх хооронд Ж  нь хөргөгчинд байсан архи ууж байсан тэгэхээр нь чи архи уухаа болиоч гээд хэлсэн чинь Ж  нь чи нааш ир надаас яагаад дөлөөд яваад байгаа юм чи салсан залуудаа хайртай биз дээ би чамайг нийлүүлээд өгье гэх зэргээр маргаан үүсгэх гээд байсан тэгээд би том өрөөнд ороод байж байхад чи нааш ир чи надаас яагаад зугтаад байгаа юм гэж хэлээд байхаар нь би хүүхдээ орон дээр тавихад ... тэгээд ... намайг алгадаж цохисон тэгсэн чинь миний хамраас цус гараад би босоод орноос буухад дахиж намайг хамар хэсэгт цохисон тэгээд би босоод битгий намайг цохиоч гээд хэлсэн чинь агсраад байсан. Тэгсэн хүүхэд уйлсан би хүүхдээ мөөм хөхүүлээдхий чамаас гуйж байна гэж хэлээд хөхүүлж байхад Ж  нь гал тогооноос хутга аваад би чамайг цохиж зодоогүй биз дээ би чамайг ингээгүй биз дээ чи намайг гүтгэх гээд байна уу гээд хутга нууж барьчихаад хэлээд байхаар нь тиймээ чи ингээгүй тайван бай гэж хэлж байгаад би хүүхдээ агаартай өрөөнд оруулаадхья гэж хэлээд гуйж байгаад гарч ирээд би ширээ дээрээс нь гар утсаа аваад хаалганы коридиор хэсэг рүү зугтаж гараад буцаагаад хаах гэхэд цаанаас түлхээд хүүхдийн толгой хаалганд цохиод би тулж түлхсээр байгаад хаалга хаасан. Тэр хооронд би лифт дуудаад айлын хаалгыг онгорхой байвал орж тусламж гуйхаар бариул дарахад нээлттэй хаалга байгаагүй тэгсэн чинь Ж  хувцсаа өмсөөд гарч ирсэн тэгээд би лифтэнд суугаад цагдаад хандчихаад орцноос гарахад эсрэг талын орцноос нэг ах гарч ирж байхад нь би нүцгэн гүйж гараад тухайн хүнээс тусламж хүсээд цагдаа ирэх хүртэл тухайн хүн намайг айлд ирсэн юм гэж хэлээд айл руу дагуулаад явж ороод цагдааг ирэх хүртэл тухайн айлд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Ө ийн дахин өгсөн “...Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Ойролцоогоор миний эмчилгээний зардал 3.500.000 төгрөг болсон энэ зардалаа нөхөн төлүүлмээр байна... Хамар тус хэсэгт гараараа нэг удаа цохисон миний хамар хугарсан, үс зулгаасан, нэмж зодох гэж над руу дайрч биеийн хамаг хэсгээс базсан миний бие тэр үед нилээн их хөх няц болсон байсан. Би тухай үед эсэргүүцэж байж болиулсан...Тухайн өдөр болох 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ согтуу ирсэн. Гаднаас архи авч орж ирсэн мөн гэрт байсан архи уусан. Маш их согтуу байсан. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бид сална гэж өдөр чаталсан байсан. Өмнө дандаа хардаж сэрддэг байсан ер нь бол байнга харддаг байсан. Өмнөх найз залуутай чинь суулгаад өгөх үү? Чи энэ байранд өөр хүнтэй болцон юм уу? Тэрэнтэйгээ уулзаад ирэв үү?, Тэрэнтэйгээ уулзмаар байна уу? гэх мэтчилэн байнгын хардаж дарамталдаг байсан. Хардалттай холбоотойгоор уурлаж бухимдан огцом уурлаж миний биед халдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,

- Хохирогч Б.Ө ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн 12 дугаар сарын 21-ний өдөр Ж  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үедээ машин бариад явж байсан. Дархан руу явах гээд байхаар нь хориглоод байгаа газраас нь дуудлагын жолооч дуудаж авхуулсан. Нэлээн их архи уусан байсан. Гаднаас орж ирэхдээ мөн архи авч орж ирсэн байсан. Гэрт байсан архинаас нэмж аваад уусан. Төрөөд удаагүй хүүхэд маань 3 сартай байсан. Хүүхдээ агаарлуулах гээд байна нөгөө өрөөнд ор гэсэн. Тэгэхэд намайг өдөж хоргоогоод байсан. Тэгэхээр нь би цааш түлхтэл миний хамрыг хугалсан. Тухайн үед нэлээн шоконд орсон. Цохисныхоо дараа хутга сүвлэж авч байгаад манежны ард хутгаа барьчхаад би чамайг ингээгүй биз дээ гээд байсан. Намайг битгий зодооч гэж нэлээн гуйж явсан. Утас маань нөгөө өрөөнд байсан учраас хүүгээ хөхүүлнэ гээд утсаа гялс очиж аваад хаалгаар гарч гүйсэн. Нимгэн нойтон хувцастай, дан өлгийтэй хүүгээ аваад зугтаасан. Лифт хүлээх зуураа 102 дугаарт дуудлага өгч бүртгүүлсэн. Хамар цохих үед 1 цаг өнгөрч байсан. Гэрээсээ 2 цаг 30 минут хүртэл гарч чадахгүй байсан. Орцноос нэлээн цаана байгаа айлаас хүн гарч ирж байхыг нь хараад ахаа туслаач гэж хэлээд тусламж гуйсан. Ах болохоор хүүхэд бид хоёрыг харчхаад нэлээн гайхаад яасан бэ гэхээр нь манай найз залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Ах нь айлаас гарч ирж байна тэгсэн ч гэсэн та хоёрыг оруулъя гээд тухайн айл руу намайг авч орсон. Айлд байх хугацаанд цагдаагийн газраас дуудлага хийгээд 40 орчим минутын дараа цагдаа ирэхэд нөгөө ах бид хоёрыг авч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Ж  хаалгаа онгойлгочихсон зүгээр сууж байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Ээж маань эгчийн хүүхэд халуураад явсан байсан. Айлд хүлээж байх хоорондоо эжийгээ дуудаад ээж маань ирсэн. Шүүх шинжилгээний газар руу тэр өдрөө шинжилгээ өгсөн. Өдийг хүртэл энэ хүн гэм буруу дээрээ гэмшиж байгаа гэж үзэхгүй байна. 3 сартай хүүхдэд нэг удаа ч памперс авч өгч байгаагүй. Хүүхдээ ээждээ үлдээгээд гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэг зэргээр явсан. Тухайн үедээ нэлээн шоконд орсон байсан. Үргэлжилсээр байгаад миний хувьд маш их сэтгэл санааны хохирол учирсан. Би 2017 онд шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ явдлаас хойш миний сэтгэл санаанд нэлээн хохирол учирч маш их сэтгэл санаа тавгүйрхсэн. Би өөрөө 04 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд сав хөөрсөн, гам алдсан байсан ... . Хийж байгаа үйлдлээ хянах чадамжгүй болсон. ... байдалтай байна гэхэд эгч маань нялх хүүхэдтэй учраас явуулахгүй байх боломж байна уу гээд авч үлдсэн. Ж  бид хоёр өөр өөрсдийнхөөрөө тултал нь аппликейшны зээл авсан байсан. Ээж маань тэтгэврийн зээлээ тултал аваад байрны лизинг төлбөрийг хийсэн. Энэ хугацаанд банкны болон аппликейшны зээлүүд над руу байнга залгаж дарамталж байгаа. Байнгын санхүүгийн сэтгэл санааны дарамттай байсан. Хамрын хугарал нь бүрэн тэгшрээгүй байгаа. Хагалгаанд орох заалттай байгаа. Хагалгаанд орох санхүүгийн ямар ч боломж байхгүй байгаа. Уламжлалт эмнэлэгт мөн хэвтэн эмчлүүлсэн. Сэтгэл санааны хувьд үнэхээр хохиролтой байгаа. ...6.457.500 төгрөг нь хувийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, үзлэг, зүү, төөнүүр хийлгэсэн баримт. Ор хоногийн мөнгө, эмчилгээ, тан зэргийн мөнгө, үүнийг  нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3.3. Гэрч Э.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр манай гэрт нялх хүүхэдтэй 25-30 орчим настай эмэгтэй, нөхөртөө зодуулсан гээд гадуураа нимгэн хувцастай орж ирсэн. Мөн хамар, нүүр орчим хөхөрч бага зэрэг хавдсан байсан. Мөн нүүрний доод хэсэгт гэмтэлтэй байсан. Юу болсон талаар асуухад нөхөр зодсон гэсэн...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101-р хуудас/,

3.4. Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай нөхрийн найз Б нэг найзын хамт ирсэн. Тэгээд би нар хоол цай унд идэж уугаад орой 00 цагийн орчимд нөхрийн найз Б хамт ирсэн найзыгаа дагуулаад манайхаас гараад явсан. Төд удалгүй Б, Б хоёр танихгүй 25-30 орчим настай, шар царайтай хүүхэд тэвэрсэн эмэгтэй дагуулж орж ирсэн. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай нөхөр зодсон, надад агсам тавьсан гэхээр нь би өөрийн халаадаа нөмрүүлсэн. Тэгээд тухайн эмэгтэй утсаар ээж рүүгээ ярьсан. Төд удалгүй цагдаа ирсэн...” /хавтаст хэргийн 103-104-р хуудас/,

3.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1191 дугаартай “... Б.Ө ийн биед тархи, доргилт хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчыг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт хүзүү, баруун бугалга, шуу, гуя 2 өвдөг зүүн эрхи хуруунд цус хуралт 2 шүдний эмтрэл эрүүний зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 3. ... хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

3.6. Шинжээч Ө.Сарангэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "...хохирогч Б.Ө ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүснэ. Хохирогч Б.Ө өд үүссэн гэмтэл цаг хугацааны хувьд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

3.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч эмч Ц.Долгорсүрэн, Б.Дөлгөөн нарын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан ЕГ0825/2781 дугаартай Б-ийн Ө ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх гэмтлүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг, бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-109-р хуудас/,

3.8. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн “... гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б овогтой Ө  /РД: *********, 32 настай, эмэгтэй/ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 465,049 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг яллагдагч Б.Ж гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-р хуудас/,

3.9. Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Азжаргалын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 157-165-р хуудас/,

3.10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №824 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 120-122-р хуудас/,

3.11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №842 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 127-130-р хуудас/, бусад бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

5. Гэм буруугийн талаар.

5.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.Ж  нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр архидан согтуурч хамтран амьдрагч Б.Ө ийг бусадтай хардан маргалдан зодож, эрүүл мэндэд нь “тархи, доргилт хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт хүзүү, баруун бугалга, шуу, гуя 2 өвдөг зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Ө ийн мэдүүлэг /хх 7-8, 88-89, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч Э.М-ы мэдүүлэг /хх-ийн 100-101/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /хх-103-104/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18-20/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЕГ0825/2781 дугаартай дүгнэлт /хх-107-109/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-120-122, 127-130/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-157-165/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

6. Хууль зүйн дүгнэлт.

6.1. Шүүгдэгч Б.Ж  нь Б.Ө ийг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талын шинж нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Ж гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ө өд хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын 1191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18-20 х/-ээр тогтоогдсон.  Хохирогч Б.Ө ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Ж-гийн гэм буруутай үйлдлээс үүссэн хохирол тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

6.3. Шүүгдэгч Б.Ж  өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Тухайлбал, хохирогчийн нүүр болон хамар хэсэгт гараараа цохих үйлдлээр “тархи доргилт хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт хүзүү, баруун бугалга, шуу, гуя, 2 өвдөг, зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субьектив талын санаатай байх шинжийг хангасан.

6.4. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Ж гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчимд энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална хэмээн хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарлаж ойлгох  нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг зааж өгсөн ба мөн зүйлийн 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарахаар хуульчилсан.

Мөн хуулийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.6-д “хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг; ойлгоно хэмээн тус тус тодорхойлсон.

6.7. Тухайлбал, хохирогч Б.Ө , шүүгдэгч Б.Ж  нар нь хамтын амьдралтай болох нь тэдний энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг болон дундаасаа хүүхэдтэй, энэ хоёрын хооронд гэр бүлийн бүртгэл байхгүй тул хамтран амьдрагчийн тухай дээрх хуулийн нэр томьёоны тодорхойлолтод нийцэж байгаа.

6.8. Шүүгдэгч Б.Ж гийн хамтран амьдрагч Б.Ө ийн эрүүл мэндэд үл ялих зүйлээр шалтаглан халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Б.Ж гийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

7. Хохирол-хор уршиг.

 

7.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2781 дугаартай “...Б-ийн Ө ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

 

7.2. Хохирогч Б.Ө ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хамрын хугарал нь бүрэн тэгшрээгүй байгаа. Хагалгаанд орох заалттай байгаа. Хагалгаанд орох санхүүгийн ямар ч боломж байхгүй байгаа. Уламжлалт эмнэлэгт мөн хэвтэн эмчлүүлсэн байгаа. Сэтгэл санааны хувьд үнэхээр хохиролтой байгаа. Хагалгаанаас гарах төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. ...6.457.500 төгрөгийн болон 183,000 төгрөгийн баримтууд нь хувийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, үзлэг, зүү, төөнүүр хийлгэсэн баримт. Ор хоногийн мөнгө, эмчилгээ, тан зэргийн мөнгө байгаа... сэтгэл санаа хямарсан, сав хөөрсөн, гам алдсан учир эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

7.3. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн “эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн 6,647,500, 183,000 төгрөгийн” /хх-152х/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

7.4. Түүнчлэн хохирогч Б.Ө ийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2781 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

7.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Хохирогч Б.Ө ийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу ...3-р зэрэглэл 09-15% ... гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ...үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

7.6. Б.Ж гийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа ч архидан согтуурсан үедээ хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд олон удаагийн үйлдлээр халдаж гэмтэл учруулсан, уг гэмт үйлдлийн хор уршиг одоо ч бүрэн арилаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан сэтгэцийн хор уршгийн хохирлыг 20 х 660,000 = 13,200,000 төгрөгөөр тогтоож, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 6,640,500 төгрөг, нийт 19,840,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ө өд олгохоор шийдвэрлэлээ.

 

7.7. Иргэний нэхэмжлэгч ЭМДЕГазрын 465,049 төгрөгийн хор уршиг нөхөн төлөгдсөн /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/, хохирогч Б.Ө  цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

8.2. Шүүгдэгч Б.Ж гаас: “...Ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн.

 

            8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.4. Шүүгдэгч Б.Ж гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, энэ гэмт хэргийн улмаас үүссэн эд материалын болон сэтгэл санааны хор уршиг арилаагүй, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтуурсан байсан, анх удаа ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ы Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ж г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Ж гаас 19,840,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ө өд олгосугай.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.Ө  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ