Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-н Г, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөр овогт Э-ийн Ү нарт холбогдох эрүүгийн 201601000157 дугаартай хэргийг  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Н.Амарсанаа, шүүгдэгч Г.Г, Э.Ү, тэдгээрийн өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ...................................

 

2. Монгол Улсын иргэн, ................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Г.Г нь:

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан:,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм өвс, 1,6 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 32-90 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд хууль бусаар хадгалсан:,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э.Үд өгсөн:,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 639,9 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот гэртээ хууль бусаар хадгалсан:,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 65,6 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодис агуулсан түүхий эд буюу ургамлыг 2014 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот хашаанд хууль бусаар тариалж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хууль бусаар ургуулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Э.Ү нь:

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15,8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 11,9 граммыг өөрийн гар цүнхэнд буюу биедээ, 3,9 граммыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоот дахь Монгол гэрийн унинд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Прокуророос гардуулж өгсөн яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Өөрийн үйлдсэн хууль бус үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруутай байдалдаа маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүхэд нэмж хэлж, ярих зүйл байхгүй байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүхэд энэ хэрэг шийдэгдэхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Өршөөлийн хууль”-д хамрагдана гэж ойлгоод гомдол гаргасан байсан. 

Би одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өмнө нь найзаасаа өвс аваад тухайн өвсөн дунд байсан бөндгөр зүйлийг үр гэж хэлсэн. Би сонирхож авч байсан юм. Тэр үрийг цацаад тэр чигээр нь орхисон байсан. Би ийм хууль байдгийг мэдээгүй. Хэрвээ би хууль дүрмээ мэдсэн бол тухайн үед нь устгах байсан. Тухайн өвсийг хэрэглэхэд муухай байсан. Би дахин ийм хэрэгт холбогдохгүй, энэ төрлийн хориотой мансууруулах бодис хэрэглэхгүй. Прокурорын гаргасан ял хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч, ойлгосон. Миний хувьд өндөр настай эцэг, эхдээ нэмэр түшиг болж, тэд нарыгаа асрамжлан амьдардаг. Цаашид зөв амьдрах хүсэлтэй байгааг минь харгалзан оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

2.  Шүүгдэгч Э.Ү-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би тухайн өвсийг зүгээр сонирхож, Гйн машины урд байхад нь аваад цүнхэндээ хийсэн байсан юм. Тухайн мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхэд муухай байсан. Өмнө хэрэгт холбогдон шалгагдах үедээ жирэмсэн байж байгаад сая 2017 оны 08 сарын 04-нд төрж охинтой болсон. Охин Ариунцэцэг нь одоо 1 сар 3 хоногтой. Хүүхдийн төрсний гэрчилгээ авахаар бичиг баримтаа өгсөн. Одоогоор хүүхдийн төрсний гэрчилгээгээ аваагүй байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг эх баримтаар авчирч шүүхэд өгсөн. Эцэг, эх маань хөдөө амьдардаг, би суралцдаг хоёр дүү, сая төрсөн охины хамт одоо байгаа хаяг дээр түр оршин суугчаар бүртгүүлээд амьдарч байгаа. Улсын яллагчаас гаргасан ял хариуцлагын санал дээр хэлэх зүйл алга, хүлээн зөвшөөрч байна. Нялх хүүхэдтэй байдлыг минь шүүх харгалзан үзнэ үү...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201601000157 дугаартай хэргээс:

 

1. Иргэний нэхэмжлэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Миний нэр дээр эзэмшилтэй 32-90 УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь NHW20009010 арлын дугаартай 01255530 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. 2012 оны 04 сарын 12-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Би машинаа 5.0 сая төгрөгөөр худалдаж аваад сар гаран л болж байна. Энэ машиныг худалдаж авахын тулд би тэтгэврийн зээл аваад, дээрээс нь манай охин цалингийн зээл авч өгөөд, хэдэн талаасаа хамжиж байж авсан юм.

 Би тэтгэврийн зээлийн гэрээ болон охиныхоо цалингийн зээлийн гэрээ зэргийг энэ хэрэгт хавсаргуулахаар өгч байна. Миний бага хүү Г нь 2016 оны 08 сарын 23-нд “бичиг баримт бүрдүүлнэ, нотариатаар баталгаажуулна, таксинд явж хэдэн төгрөг олно” гээд миний машиныг аваад гарсан. 2016 оны 08 сарын 24-ний өглөө намайг унтаж байх хооронд гэртээ ирж, ээжтэйгээ уулзаад бичиг баримтуудаа аваад, цагдаагийн курст бүртгүүлнэ гээд явсан. Орой нь ирэхгүй удаад байхаар нь гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш нь харин хар тамхитай холбоотой хэрэгт холбогдоод хоригдсон талаар мэдээд ирж машинаа хүлээж авлаа. Манай байшингийн ард мансууруулах бодис ургаж байгаа талаар огт мэдээгүй. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүүгээсээ болж хураалгахыг хүсэхгүй байна. Энэ машиныг худалдаж авахад Г-ийн нэг ч төгрөг оролцоогүй. Надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118х/,

 

2. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Зэрлэг олсны ургамал буюу Каннабис нь олсны овгийн, олсны төрлийн ургамал юм. Монгол улсад таримал олс, зэрлэг олс гэж бий. Хамгийн их тархацтай нь зэрлэг олс. Манай улсын 8 аймагт тархан ургадаг. Монгол орны хойд, зүүн, зүүн өмнөд хэсгээр ихэвчлэн ургадаг. Хамгийн их тархацтай нутаг нь Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудаар их тархацтай байдаг. 1 настай ургамал буюу зөвхөн үрээр үрждэг, 40 сантметрээс 1 метр 20 см хүртэл өндөр ургадаг, навч нь гарын сарвуу шиг мөртлөө 3-7 салаатай ургадаг, хонхорцог цэцэгтэй, хонхорцог үртэй, хос билэгтэй, нэг гэртэй ургамал. Хос билэгтэй гэдэг нь 1 цэцгэн дээр эр, эм 2 билэг ургадаг гэсэн үг.

Их онцгой үнэртэй, хүний биед мансууруулах, донтуулах үйлчилгээтэй. Энэ ургамал нь өөрөө их бат бөх, хэр барагтаа тасардаггүй болохоор олсны ургамал гэж нэрлэсэн. Чийгээ их сайн барьдаг учир нойтон үедээ шаталтанд ордоггүй, чийгтэй, тариалангийн талбай, эдэлбэр газарт буюу халгай хаана ургаж байна, тэр байгаа газарт их ургадаг. Эрүүл газар хэр барагтаа ургадаггүй. Одоогоор Улаанбаатар хотод каннабис өвсний тархац орж ирээгүй байгаа. 2016 оны 08 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8-р хороо 4-218 тоотод үзлэг хийгээд хураан авсан зэрлэг олсны ургамал нь тийм ч өндөр ургаагүй, үндэс нь бага, ойр хавийн хашаа, газруудаар үзлэг хийхэд ургаагүй, зөвхөн тэр айлын хашааны ар хэсэгт ургасан байгаа нь үрнээс ургасан өвс байна.

Хэрэв ойр орчмоор нь ургаад, нөхөн сэргээлтийн нахиатай байсан бол байгалиасаа ургасан гэж хэлэх байсан. 1 наст ургамлын гол шинж нь нахиа байдаг юм. Олон наст ургамал бол үндэснийх нь дэргэд нөхөн сэргээлтийн нахиа, мөн үндсэнд нь нөхөн сэргээлтийн нахиа байдаг. Харин 1 наст ургамал буюу энэхүү хураан авсан Каннабис ургамалд тийм нахианууд байхгүй байгаа учир нэг настай бөгөөд энэ жилээс шинээр ургасан байна гэдэг нь харагдаж байна. Энэхүү ургамлын үрийг хаяад хөрсөнд орсон тохиолдолд ургадаг. 0,3 мм-ээс 5 см гүнд үр нь соёолж, үндэс нь ургаад дээшээ иш нь ургадаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х/,

 

3. Гэрч З.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоот газар нь манай нөхөр Баатархуягийн төрсөн дүү Энхриймаагийн газар юм. Энхриймаа нь уг газрыг 2012 онд худалдаж авсан бөгөөд тэрнээс хойш өөрөө амьдарч байгаагүй хүн түрээсээр хашаандаа суулгадаг байсан. Нөхөр Баатархуяг, бид хоёр 2016 оны 03 сарын 17-ны өдөр уг хашаанд гэр барьж амьдарч байгаад 2016 оны 09 сард дулаан газар бараадъя гэж бодоод 13 дугаар хороололд орцны жижүүрээр ажилд орсон. Тэр хашаанд манай гэр одоог болтол бариатай байгаа, өөр айл амьдраагүй. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Энхриймаагийн найзынх нь охин болох Сарнай гээд охин Баянхошуунаас гэрээ нүүлгэж, тэр хашаанд манай гэрийн урд гэрээ бариад хэсэг амьдарч байсан.

Анх ирэхдээ хоёр охинтой цуг гурвуулаа ирсэн. Тэр хоёр охиныг нь Сайхнаа, нэгийг нь Дээгий гэж хэлж байсан. Би анх нүүж ирэхэд нь гэрт нь ороод, “энэ гэрт ямар ямар хүмүүс амьдрах юм бэ” гэж асуухад Сарнай нь “бид гурав л амьдарна, өөр ирэх хүн байхгүй” гэж хэлсэн. Наадам өнгөрсний дараагаар Сарнай нь “хөдөө ажлаар явлаа, манай гэрийг харж байгаарай” гэж захиад яваад өгсөн. Тэрнээс хойш Сарнайг хараагүй, хаана юу хийж явааг нь хэлж мэдэхгүй байна.

Гэрт нь Сайхнаа, Дээгий хоёр үлдсэн ба удалгүй өчнөөн олон охидууд ирэх болсон. Би уурлаад “энд юу болоод олон охидууд ирээд байгаа юм бэ” гэж асуухад намайг нохой хуцаж байгаа чинээ тоох ч үгүй, бид нар найз нь байгаа юмаа гэж хэлж байсан. Тэнд сүүлд ирсэн охидуудтай хамт эрэгтэй хүмүүс ч ирж байсан. Сүүлд ирсэн хүмүүс нь дандаа биеэрээ дүүрэн шивээстэй хүмүүс байсан. Манай нөхөр нэг удаа орж уулзахад Ивээл гэдэг нэртэй нэг охин байсан ба Сарнайтай амьдарч байсан охидуудаас авлагатай юм аа, авлагаа авч байж сална гэж хэлсэн байсан. Авлагынхаа оронд тэр гэрт нь амьдарч байгаа юм гэж хэлсэн байсан. Хар тамхи хэрэглэдэг эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг өдөр л баахан цагдаа нар ирээд бөөн асуудал болоод байсан. Тэрнээс хойш нөгөө охидууд өөрсдийн хувцас хунараа аваад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 125х/,

 

4. Гэрч Т.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Ү, Галтмаа нарыг танина. Ивээл буюу Ариунчимэг эгчийн дүү нар нь гээд Дарь-Эхэд байдаг гэрт ирж байсан. Ариунчимэг эгчтэй болохоор мөн тэр гэрт байхдаа танилцаж байсан. Дарь-Эхэд байдаг гэр гэдэг нь урд биеэ үнэлдэг Сарнай гээд охины гэр нь гэсэн. Тэр гэрт би анх хуучин таньдаг байсан Одко гэх ахаар дамжуулж очиж байсан. Одко нь надтай Саяана, Сайханаа нарыг танилцуулж байсан юм.

Саяана, Сайханаа нар нь Сарнайгийн найзууд, Саяана нь урд байдаг гэсэн. 2016 оны 08 сарын 23-ны өдөр Дөлгөөн, Ука, Анударь, Ариунчимэг эгч, бид нарыг Дарь-Эхэд байх гэрт байхад Галтмаагийн найз нь буюу Бороо /Г/ гээд залуу Приус-20 маркийн машинтайгаа ирээд авч явсан.

Тэгэхэд бид нар анхнаасаа гадуур явж биеэ үнэлэхээр машин хэрэгтэй болоод, Галтмаагаар найзыг нь яриулж тэр өдөр уулзсан. Тэгээд гадуур явж байгаад эхлээд Ука нэг газар хүргүүлсэн. Дараа нь Дөлгөөнөөг Укагийн буусан газарт нь хүргэж өгсөн. Тэгээд Ариунчимэг эгч, Анударь, бид гурав үлдсэн. Анударь бид хоёр хэд хэдэн газраар орж биеэ үнэлсэн.

2016 оны 08 сарын 23-24-нд шилжих шөнө намайг нэг газар луу орчихоод эргээд машин дээрээ ирэхэд машин дотор Ариунчимэг эгч, нөгөө жолоочтой хамт шавар гэх нэртэй хар тамхийг мөнгөлөг цаасан дээр шатаагаад утааг нь сорж хэрэглэж байсан. Тэр хоёр хоёулаа хэрэглэж байсан. Хэн тэр хар тамхийг гаргаж ирсэн талаар хэлж мэдэхгүй байна.

Анударь болохоор тэр хоёрыг хар тамхи хэрэглэж байгааг хараагүй бас л нэг газарлуу орчихсон байсан. Ганцхан би л харсан. Тэгээд би тэр шөнө нийт 150.000 төгрөг олсон бөгөөд таксины жолоочид 20.000 төгрөгийг таксинд явж өгсний хөлс гээд өгсөн.

Бид нар өөрсдөө утсан дээр зар тавьж үйлчлүүлэгчээ олоод явдаг. Бид нарыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан хүн байхгүй. Сайн дураараа биеэ үнэлээд явж байсан. Би шавар гэх бодисноос хэрэглээгүй. Тэр залууг зүгээр л “машинаараа хэдэн газар луу таксинд яваад өгөөч ээ, мөнгийг нь өгье” л гэж хэлсэн. Тэр хоёрыг хаана хар тамхиа хэрэглэж байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан байрнуудын голд байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126-127х/,

 

5. - автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 44-46х/,

 

6. Хэргийн газарт үзлэг /Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сэлбийн 29-р гудамжны 0749 тоот хашаанд байх гэрт/ хийсэн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47-49х/,

 

7. Хэргийн газарт үзлэг /Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг, Сонсголонгийн 4-р гудамж, 218 тоот хашаа байшин/  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн  52-55х/,

 

8. Г.Г болон Э.Ү нарын биед үзлэг хийж, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-60х/,

 

9. Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 4-218 тоот хашаан дахь байшингийн хойд хэсгээс хураан авсан өвс ургамал мэт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 74-75х/,

 

10. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 78х/ Үүнд:

10.1. 32-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан Star since 1988 гэсэн саарал өнгийн дөрвөлжин савтай, 1.6 грамм шаварнаас шинжилгээнд 0,8 граммыг дээжлэн авч, шинжилгээнээс 0.2 грамм буцан ирсэн. Нийт 1,0 грамм шавар гэх мансууруулах бодис /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.2. 32-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан саарал өнгийн савнаас хөх өнгийн уутанд хийсэн 7,6 грамм өвс гэх мансууруулах бодисоос 1.4 граммыг дээжлэн авсан ба шинжилгээнээс 0.4 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 6,6 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.3. гэрт /Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сэлбийн 29-р гудамжны 0749 тоот хашаанд байх/ улаан өнгийн цүнхнээс хураан авч, барын зурагтай төмөр савнаас гялгар уутанд хийсэн 11,9 грамм өвснөөс шинжилгээнд 1,6 граммыг дээжлэн авсан ба шинжилгээнээс 0,6 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 10,9 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.4. гэрийн /Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сэлбийн 29-р гудамжны 0749 тоот хашаанд байх/  баруун урд талын унинд хавчуулсан байсан ямар нэгэн бичиглэлгүй гялгар ууттай 3,9 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 1,1 граммыг авсан ба шинжилгээнээс 0,9 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 2,9 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.5. Bon aqua гэсэн бичигтэй хуванцар сав /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.6. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд байх байшингийн хойд хэсгээс хураан авсан цагаан өнгийн ууттай, нойтон 639,9 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 4,1 граммыг авсан ба шинжилгээнээс 3,1 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 629,9 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.7. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд ургасан байсан 65,6 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 3,6 граммыг авсан ба шинжилгээнээс буцаж ирсэн 2,6 граммыг нийлүүлэхэд 64,6 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

10.8. JN2338939, PS7327796 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт /дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн/,

10.9. AL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт /дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн/,

10.10. AL2378412 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт /дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн/ зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолтой. 

 

11. Шинжилгээнд дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 132х, 144х/,

 

12.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7494 тоот дүгнэлт:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “Дээш №1 0,8 гр шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай дээж, “Дээж №2 1,4 гр өвс” гэсэн хаягтай гялгар ууттай дээж, “Дээж №3 1,6 гр” гэсэн хаягтай гялгар ууттай дээж, “Дээж №4 1,1 гр” гэсэн хаягтай гялгар ууттай дээж, хуванцар саванд хуйлж шургуулсан байсан JN2338939 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, PS7327796 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, AL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, AK2378412 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Мөнхдалай Ариунчимэг РД:СЭ88112364 2016.08.24” гэсэн хаягтай шээс, “Ганбатын Г РД:УЗ90011316 2016.08.24” гэсэн хаягтай шээс, “Эрдэнэбилэгийн Ү РД:НЛ93010501 2016.08.24” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “bon aqua” гэсэн шошготой хуванцар савнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 1-р хавтас 133-142х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7592 тоот дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн AZ05466211 серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AG9170330 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AK1916325. AL2569538 серийн дугаартай 2 ширхэг төгрөгний хуйлсан Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг мөнгөлөг цаас, ягаан өнгийн хуйлсан цаас, напелион тоорт гэсэн бичигтэй 3 ширхэг гялгар уутанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж №1 4,1 грамм” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж №2 3,6 грамм” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутын хамт 9,3972 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж №1 4,1 грамм” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж №2 3,6 грамм” гэж хаялгасан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

4. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-н сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 146-149х/,

 

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 955 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Э.Ү нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоогоор Э.Ү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Э.Ү нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.Ү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Э.Ү нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна.

6. Э.Ү нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТөвд эмчлэгдэх боломжтой.

7. Э.Үд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 154-155х/,

 

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 956 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Г.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоогоор Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Г.Г нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна.

6. Г.Г нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТөвд эмчлэгдэх боломжтой.

7. Г.Г сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 157-158х/,

 

16. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл  /хэргийн 2-р хавтас 135-145х, 146-155х, 168-170х, 174-176х/,

 

17. Баянаа, Мадка, Тулгаа гэгч нарт холбогдох тусгаарлагдсан Эрүүгийн 201701000046 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай тогтоол, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 15 дугаартай тогтоол  /хэргийн 2-р хавтас 202х, 247х/,  

 

18. М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 08 сарын 22-23-нд шилжих шөнө шиг санагдаж байна, ямар ч байсан Ивээл эгч Ү нарыг баригдаж хоригдохын өмнөх шөнө байсан юм 22:00 цагийн үед Ү, Г, бид 3 Гйн машинд сууж байгаад шавар гэх мансууруулах бодис анх удаа хэрэглэж үзсэн. Тэр шавар гэх бодис нь Гд байсан. Бид гурав Дарь-Эхийн нэг гудамжинд машин дотор сууж байгаад мөнгөлөг цаасан дээр шаварнаасаа тавьж, доороос нь халааж гарсан утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн. Тэндээсээ би салаад 3, 4-р хороолол орж найз залуутайгаа уулзсан. Ү, Г хоёр машинд үлдсэн. Уг нь бол тэр өдөр Ү “гадуур явах ажилтай байна, бензинийг нь хийгээд өгчихье, машинтай хүн олоод өгөөч” гэхээр нь би найз Г рүү залгаад асуутал зөвшөөрсөн. Ингээд Ү, бид хоёрыг Сансарын тунель дээрээс Г ирж аваад Дарь-Эхийн гудамж орж шавраа хэрэглэчихээд, би салаад явсан.

Тэр хоёр ажлаа амжуулна гээд үлдсэн. Намайг салаад явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Маргааш нь Ивээл буюу Ариунчимэг эгч над руу залгаад “орой тийшээ нөгөө машинтай залуу чинь гадуур яваад өгч чадах болов уу, чи асуугаад өгөөч, Үүрээ, та хоёр юу хэрэглэсэн юм, би хэрэглэж үзье” гэхээр нь “үгүй ээ, юу байхав, за би асуучихаад эргээд хэлье” гэсэн. Ингээд Г рүү залгаад “чи орой машинтайгаа яваад өгч чадах уу” гэхэд “тэгье” гэж хэлсэн. Би Гд Ивээл эгчийн дугаарыг өгөхөд, тэр 2 өөрсдөө уулзчихсан байсан. Орой 22:00 цагийн үед би шинэ зам дээр тэр хоёртой уулзаж гэр лүүгээ хүргүүлсэн. Намайг хүргэж өгөх үед Г машин бариад, Ивээл /Ариунчимэг/ эгч урд нь суугаад хойд суудал дээр нь Замбага, Ану, Ука гээд охидууд байсан. Тэр хоёр намайг буухаас өмнө 2-р сургуулийн харалдаа буугаад үлдсэн. Дараа нь намайг гэр лүү хүргэж өгсөн. Гэтэл маргааш нь Ү, Г, Ивээл /Ариунчимэг/ эгч нар баригдаад хоригдсон байсан. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлэсээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 224-226х/,

 

17. Шүүгдэгч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 08 сарын 23-ны өдөр орой 22 цагийн үед манай найз Гэрэлээ буюу Галтмаа над руу өөрийнхөө дугаараас яриад “халтууранд явах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл Ивээл гээд манай найз байгаа, чи Дамбын Шунхлай колонкийн  орчимд очоод утсаар яриад уулзчих гэсэн. Тэгээд Ивээл гэх эмэгтэй над руу яриад, бид хоёр уулзсан. Тэгтэл үл таних 3 охинтой хамт байж байсан. Би эхэндээ Ивээл болон тэр 3 охиныг биеэ үнэлж байна гэж мэдээгүй. Сансар, 13-р хороолол, Хүнсний 3 дугаар дэлгүүр, Нарны гүүр зэрэг газруудаар явж, өөрсдөө машинаас буугаад эрэгтэй хүмүүстэй уулзаад, надад таксины мөнгө өгөөд, эргээд утсаар залгаж уулзаж байсан.

Тэгээд би сүүлдээ Ивээл, тэр гурвыг биеэ үнэлээд байна гэж ойлгосон. Тэгээд явсаар байгаад нэг мэдсэн өглөө болсон. Маргааш өглөө нь буюу 24-ний өглөө 08:00 цагийн үед гэртээ харьчихаад эргээд Ивээлтэй 10:00 цагийн үед уулзаж гадуур явж өөрийнхөө ажлыг амжуулсан. Ивээл гэртээ харихаар 5 ханатай гэрт олон хүн байгаа унтах газаргүй хамт явж байя гэсэн. Тэгээд бид хоёр өдөр 13:00 цагийн үед Ивээлийг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь үүдэнд очоод цагдаа нарт баригдсан. Би 2 жилийн өмнө өвс түүж хэрэглэхдээ үрийг нь салгаж аваад хашаандаа тарьж үзэхээр үрийг нь байшингийнхаа хойно цацсан. Нэг жилийн дараа буюу түрүү жил хавар 10-аад орчим ургамал байсан бол энэ жил 30 гарантай, өндөр өвс ургасан байсан.

Машинаас хураасан өвс, шаврыг зүс таних Мадка гэх залуугаас мөнгөөр биш, зүгээр авсан. Машинаас хураан авсан өвс, шавар гэх бодисуудыг машин дотор жолооч талын хаалганы хавтасанд хадгалсан байж байгаад баригдсан өдрөө би өөрөө сайн дураар гаргаж өгсөн. Мөсний тухайд 08 сарын 23-24-нд шилжих шөнө Баянаа гээд найзаасаа мөн л зүгээр авсан. Гэхдээ маш бага хэмжээний 0,1 гр орчмыг ямар нэг үнэ төлбөргүйгээр аваад машин дотор Ариунчимэг бид хоёр хамт хэрэглэсэн. Хэрэглэхдээ новакианы шил ашигласан.

...Би бүх үнэнээ хэлж дахин байцаалт өгмөөр байна. Би анх 2 жилийн өмнө Шарга морьт зусланд амарч байхдаа өвс гэх мансууруулах бодис ургасан байсныг түүж хэрэглэж үзэж байсан. Тэгээд түүж хэрэглэхдээ үрийг нь салгаж цуглуулж байгаад хашааныхаа хойно цацчихсан. Нэг жилийн дараа буюу түрүү жилийн  хавар 10 ширхэг ургасан байсан. Харин энэ жил бүр их, 30 гарантай, өндөр ургасан байна. 

Хашааны хойд хэсгээс хурааж авсан ууттай, нойтон өвсийг бас Мадка өгсөн. Би Мадкатай өмнө нь гэмгүй найз нөхдийн харьцаатай байсан болохоор надтай тааралдаад “ууттай өвс бага зэрэг шавар байна, чи авах уу” гээд өгснөөс би уутанд хийгээд тасалж аваад машинд байсныг Ү хараад өөрөө авчихсан. Баянаа, Мадка нарын бүтэн нэр, утасны дугаар,  гэрийн хаягийг мэдэхгүй. Тогтсон дугаар байхгүй, тэр хүнийг олж чадахгүй.

Мөсний тухайд гэвэл баригдахын өмнөх шөнө Баянаа гэж залуутай хүнсний 4-р дэлгүүр дээр уулзаад, ойролцоогоор 0,1 граммыг Баянаа гаргаж ирээд, Ариунчимэг бид 3 мөсөө сорж хэрэглэсэн. Дараа нь Баянаа яваад Галтмаа, Ариунчимэг, бид нар шавар хэрэглэсэн. Гэхдээ Галтмаа шавар хэрэглэсэн үгүйг мэдэхгүй. Ер нь бол Баянаа, Мадка гэдэг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн хаана амьдарч байгаа, ямар утасны дугаартайг мэдэхгүй, уулзахаа болиод удаж байна.

...Гэхдээ би тэр хүмүүсийг огт таньж мэдэхгүй. Өмнө мөрдөн байцаалтын шатанд тухайн хүмүүсийг таньдаг, мэддэг гэж худал хэлж байсан. Харин тэр хүмүүсийн жинхэнэ нэрийг хэн гэдэг, ямар утасны дугаартай болох, гэр нь хаана байдгийг ямар хаягтайг мэдэхгүй. Ийм явдал болсны дараа цагдаад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хэрэгт холбогдохгүй, төлөв томоотой байж чадна. Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 201-211х, 2-р хавтас 195-196х/,

 

18. Шүүгдэгч Э.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 08 сарын 22-ны өдөр би гадуур явах ажилтай болоод машин байдаггүй, Галтмаа гээд найзаасаа таксинд яваад өгөх хүн байна уу гэж асуухад Г гээд залууг надтай уулзуулсан. Таньдаг болоод удаагүй бөгөөд ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Харин Ариунчимэг эгч, бид хоёр дотно хуурай эгч дүүсийн холбоотой.

2016 оны 08 сарын 22-ны өдөр Г гэж таксины жолооч залуугийн машины урд талын хайрцаган дотор ууттай өвс байхаар нь би харчихаад “энэ юу юм” гэхэд “татдаг өвс байгаа юм” гэхээр нь “надад жоохоныг өгчих” гээд цүнхэндээ байсан төмөр саванд бага зэргийг хийж авсан.

Ган-Эрхээс авсан каннабис өвсөө Дарь-Эхэд очоод ганцаараа тамхины голыг асгаж байгаад дотор нь өвснөөсөө хийгээд татаж үзсэн. Үлдсэн төмөр савтай өвсөө цүнхэндээ хийчихсэн байсан. Маргааш нь буюу 2016 оны  08 сарын 23-ны өдөр Дарь-Эхийн ойролцоо явж байтал Хятадад танилцаж байсан Тулгаа гэх залуутай тааралдсан. Тулгаа машинтайгаа “лагерьтаа очиж амрах гэж байна” гэхээр нь би “хамт явъя” гээд машинд нь суугаад бид 2 лагерынх нь байшинд очсон. Тэгтэл Тулгаа хаанаас ч юм бүү мэд, мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд, тарианы шилэнд хийгээд хэрэглэхээр нь би сонирхоод нэг удаа сорж үзсэн. Тэр шөнөдөө Тулгаатай хамт хоноод, маргааш өглөө нь буюу 8 сарын
24-ний өдөр Дарь-Эхэд Ариунчимэг эгчтэй уулзах гээд ирсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд бид гурвыг барьсан. Би Тулгааг өмнө таньдаг байсан, огт уулзалдахгүй байж байгаад тэр өдөр л зам дээр тааралдсан. Би түүний гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй. 

Тухайн үед миний цүнхэн дотор байсан савтай өвсийг аваад хураасан. Би мансууруулах бодис хэрэглэсэндээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, хүсээд хэрэглээд байх зүйл огт биш байсан. Би Гйн машинаас авсан өвсөө цүнхэндээ болон унинд хавчуулсан байсныг цагдаа нар үзлэг хийгээд хурааж авсан. Надад гомдол санал байхгүй. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 213-216х, 220-222х, 2-р хавтас 197х/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

1. Шүүгдэгч Г.Г нь:

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламж бүхий 0,1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм өвс, 1,6 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 32-90 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд хууль бусаар хадгалсан,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э.Үд өгсөн,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 639,9 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот гэртээ хууль бусаар хадгалсан,

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 65,6 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодис агуулсан түүхий эд буюу ургамлыг 2014 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот хашаанд хууль бусаар тариалж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хууль бусаар ургуулсан гэмт хэргийг:,

 

2. Шүүгдэгч Э.Ү нь:

- Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15,8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 11,9 граммыг өөрийн гар цүнхэнд буюу биедээ,  3,9 граммыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоот дахь Монгол гэрийн унинд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтууд болох гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х/, 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 32-90 УНХ улсын дугаартай приус-20 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 44-46х/, хэргийн газарт үзлэг /Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сэлбийн 29-р гудамжны 0749 тоот хашаанд байх гэрт/ хийсэн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47-49х/, хэргийн газарт үзлэг /Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг, Сонсголонгийн 4-р гудамж, 218 тоот хашаа байшин/  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн  52-55х/, Г.Г болон Э.ҮҮ нарын биед үзлэг хийж, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-60х/, Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 4-218 тоот хашаан дахь байшингийн хойд хэсгээс хураан авсан өвс ургамал мэт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 74-75х/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 78х/, Шинжилгээнд дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 132х, 144х/, ШШҮХ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7494 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 133-142х/, ШШҮХ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7592 тоот дүгнэлт  /хэргийн 1-р хавтас 146-149х/, иргэний нэхэмжлэгч Б.Ганбатын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118х/, гэрч Т.Замбагийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126-127х/, М.Галтмаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн  2-р хавтас 224-226х/ болон нэр бүхий шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, тэдгээрийг яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ба нэр бүхий шүүгдэгч нар өөрсдийн гэм буруу  болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.   

 

Иймд шүүгдэгч Г.Гйг хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалж ургуулсан, шүүгдэгч Э.Үг хориглосон буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ү нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 157х/, шүүгдэгч Г.Г урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 06 сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 31х, 32х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2-р хавтас 35-37х, 39-42х/ баримт тус тус хэрэгт авагдсан байна.   

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн үйл баримттай маргахгүй, мөн хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөр хохирол байхгүй. Миний үйлчлүүлэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын дээд хэмжээг тус бүр 5 жил хүртэл гэж заасан байгаа.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсний дагуу оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам хамаарахгүй бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “...хорих ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх” эрх зүйн зохицуулалт үгүй байна.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн, мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн эрх зүйн зохицуулалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш юм.

 

Түүнчлэн Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/,  мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах /ЭХТА-20.10 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

 

Шүүх, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Э.Ү-ийн 62 /жаран хоёр/, Г.Г-н 172 /нэг зуун далан хоёр/ хоногийг тус тус эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Star since 1988 гэсэн саарал өнгийн дөрвөлжин савтай, 1,0 грамм  шавар гэх мансууруулах бодис /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, тээврийн хэрэгслээс хураан авсан саарал өнгийн савнаас хөх өнгийн уутанд хийсэн 66,6 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, гэрт байх улаан өнгийн цүнхнээс хураан авч барын зурагтай төмөр савнаас гялгар уутанд хийсэн 10,9 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, гэрийн баруун урд талын унинд  хавчуулсан байсан ямар нэгэн бичиглэлгүй гялгар ууттай 2,9 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, Вon aqua гэсэн бичигтэй хуванцар сав /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, цагаан өнгийн ууттай, нойтон 629,9 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд ургасан байсан 64,6 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/ зэргийг устгуулахаар, JN2338939, PS7327796 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт, AL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, AL2378412 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь  нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх”-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд  нэр бүхий шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх хохирол төлбөргүй, Г.Гйн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 32-90 УНХ улсын дугаартай /арлын дугаар NHW2008, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар 1255530/, мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн автомашин нь түүний өмчлөлийн эд хөрөнгө биш, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд Балжиннямын Ганбатын эзэмшил өмчлөлд бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар /хэргийн 1-р хавтас 108-110х/ тогтоогдож байх тул уг автомашиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Г-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болгон Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны барьцаа хохирлын мөнгө байршуулах 2617000528 дугаартай тусгай дансанд байршуулсан 100.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.Г-д буцаан олгох нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Э.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гурав хүртэлх насны буюу 2017 оны 08 сарын 04-ний өдөр төрсөн /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөгчөөс гаргасан эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/, нэг сар 03 хоногтой нялх хүүхэдтэй хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     

                                                     ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Г-н Г-г хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалж ургуулсан гэм буруутайд,

- Мөр овогт Э-ийн Ү-г хориглосон буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Үг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Э.Ү-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосугай.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-н цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/ хоног, Э.Ү-ийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг тэдгээрийн эдэлсэн ялын хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэгт Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

6.1. JN2338939, PS7327796 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт, AL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, AL2378412 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртийг тус тус Монгол банкинд шилжүүлэхээр,

6.2. Star since 1988 гэсэн саарал өнгийн дөрвөлжин савтай, 1,0 грамм  шавар гэх мансууруулах бодис /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.3. Тээврийн хэрэгслээс хураан авсан саарал өнгийн савнаас хөх өнгийн уутанд хийсэн 66,6 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.4. Гэрт байх улаан өнгийн цүнхнээс хураан авч барын зурагтай төмөр савнаас гялгар уутанд хийсэн 10,9 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.5. Гэрийн баруун урд талын унинд  хавчуулсан байсан ямар нэгэн бичиглэлгүй гялгар ууттай 2,9 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.6. Bon aqua гэсэн бичигтэй хуванцар сав /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.7. Цагаан өнгийн ууттай, нойтон 629,9 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

6.8. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд ургасан байсан 64,6 грамм каннабис өвсийг /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/ тус тус зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар Балжиннямын Ганбатын эзэмшил өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, 32-90 УНХ улсын дугаартай /арлын дугаар NHW2008, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар №01255530/,  мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.   

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Э.Ү нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

9. Энэ хэргийн хувьд нэр бүхий шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тэмдэглэсүгэй.  

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Г.Гд урьд авсан барьцаа авах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-н барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа болгож Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617000528 дугаартай тусгай дансанд байршуулсан 100.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.Гд буцаан олгосугай.  

 

12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Г-д авсан цагдан хорих, Э.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД