Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1293

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.05                                               Дугаар 1293                                      Улаанбаатар хот

 

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Ж, А.Б нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн            79 920 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.О, Н.Э

Хариуцагч: А.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 02 дугаар сарын 03-нд дэлгүүрийн үнэ 140 000 000 төгрөг, барааны үнэ 10 000 000 төгрөг нийт 150 000 000 төгрөгийн дэлгүүр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Урьдчилгаа 55 250 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 83 586 650 төгрөгийг сар бүр     2 560 000 төгрөгөөр төлөхөөр гэрээ хийсэн. Дэлгүүр нь 64 м.кв 2 өрөө байр байсан. Урьдчилгаа мөнгийг төлөхдөө 10 000 000 төгрөгийг машин оролцуулаад 45 250 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 10 000 000 төгрөгийн машиныг А.Б дуудаад унаж үзээд авсан. Гэрээ хийсний дараа эхний 3 сарын төлөлтөө хийсэн. А.Б надад Хаан банкны зээлийн эргэн төлөлтийн график өгсөн бодож үзтэл 180 000 000 гаран төгрөг болоод байсан. Ийм их мөнгө төлнө гэж хэлээгүй. 9 сар хүртэл би энэ мөнгийг төлөөд явж байсан. Үлдэгдэл төлбөрөөс хасагдах байх гэж бодоод төлөөд явж байсан. 11 сараас хойш төлөөгүй. Би тэр дэлгүүрийг онгойлгоогүй. Хаачихсан байгаа. Нэхэмжлэгч Хаан банк болон хариуцагч нартай гурвалсан гэрээ байгуулж хариуцагч нарын нэр дээр байгаа зээлийг төлнө гэсэн үүргийг хүлээгээгүй, энэ хүн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй учраас дэлгүүрээ хаагаад төлөлт хийхээ больсон. Одоо худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 79 920 000 төгрөгийг хариуцагч А.Б аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:               45 000 000 төгрөг бэлэн байна. Үлдсэнд нь та миний бенз машиныг авчих гэсэн. Тэгээд саппорогийн нотариат дээр очиж гэрээ хийхээр болсон. н.Х саппорогийн Голомт банкнаас ээжийнхээ данснаас мөнгө аваад өгнө гэсэн. Ингээд Д.Э эгчтэй уулзаад гэрээгээ хийсэн. Гэрээг хийхдээ Хаан банкны төлөлтийн графикийг гаргаж өгч нотариатаар батлуулж өгч байсан. Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэж 2015 оны 09 сар хүртэл графикийн дагуу төлбөрөө төлж ба дэлгүүр анх 8 нэрийн дэлгүүр байсан, нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнээ нэмж чадахгүй байсаар байгаад эргэлтийн хөрөнгөгүй төлбөрийн чадваргүй болсон, гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, үүнийгээ нэхэмжлэгч тал зөвшөөрч байна, нэхэмжлэгч төлбөрөө төлөөд явж байсан, гэрээнээс татгалзах эрх байхгүй байна гэжээ.

Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: эд хөрөнгө нь Хаан банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа. Зээл авсан этгээд нь А.Б . Хэргийн явцыг харахад олон тайлбар хэлэх шаардлагагүй харагдаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 225 дугаар зүйлийн 225.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж, А.Б нарт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 79 920 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа бөгөөд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсч байна. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 11 дүгээр байр 276 тоотод оршин сууж байгаад 2015 онд уг байраа зарж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 46А-23 тоотод байрлах орон сууцыг худалдан аван урьдчилгаа мөнгө болгон өгсөн. Уг байрыг хариуцагч А.Ж, А.Б нартай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт бэлнээр 55 250 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 83 586 650 төгрөгийг cap бүр 2 560 000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний тохиролцооны дагуу А.Б ын зээлийн эргэн төлөлтийн дагуу ХБ ХХК-нд cap бүр 2 560 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 24 040 000 төгрөг төлсөн. Бид орон сууцны үнийг 140 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч ХБ ХХК-нд эргэн төлөлтийн хуваарын дагуу төлвөл нийт   132 354 642 төгрөг буюу илүү 48 767 992 төгрөг төлөх болж, уг байрыг 200 941 292 төгрөгөөр авах болж жилийн хүү 22,8 хувь байсан. Хариуцагч нар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг зарахдаа өндөр ашиг олдог гэж итгүүлэн, мөн орон сууцны нийт талбайн хэмжээ гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээнд заасан 64 м.кв хэмжээнд хүрээгүй 51.19 м.кв байсан буюу 12.81 м.кв дутсан. Би энэ тухайгаа мэдмэгц наймаагаа буцаах саналыг А.Б , А.Ж нарт хэлсэн боловч банкны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хүлээлгээд эцэст нь утсаа авахгүй, сураггүй алга болсон. Мөн надад санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр    буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч А.Ж, А.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 79 920 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Ж-аас худалдаж авсан дэлгүүрийн байр нь банкны зээлийн барьцаанд байснаас зээлдүүлэгч банк нь дэлгүүрийг чөлөөлөх шаардлага тавьсан, өмчлөх эрх шилжиж ирээгүйгээс бусдад худалдах боломжгүй болсон, ...гэсэн бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болсон нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 46А-23 тоот орон сууцыг хариуцагч А.Ж, А.Б нараас 140 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, урьдчилгаа төлбөрт бэлнээр 55 250 000 төгрөгийг төлж, үлдэгдэл   83 586 650 төгрөгийг cap бүр 2 560 000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тохиролцжээ.

Дээрх орон сууц нь А.Б ын зээлийн барьцаанд байсан ба түүний зээлийн төлбөрөөс ХБ ХХК-нд cap бүр 2 560 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх байдлаар гэрээний зүйлийн үлдэх төлбөрийг барагдуулахаар, төлбөр төлөгдсөнөөр өмчлөх эрх худалдан авагчид шилжихээр гэрээнд заасан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

Тодруулбал, гэрээний зүйл нь банкны зээлийн барьцаанд байсан үйл баримт тогтоогдсон ба барьцаалуулагч болох А.Ж нь нэхэмжлэгчид орон сууцыг худалдахдаа Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2-т “барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас” зөвшөөрөл авах гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн хариуцагч А.Ж нь банкны зээлийн өрийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлах ёстой байна.

Шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй байгаа тул Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/2019/07309 тоот захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ