2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2696

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т д холбогдох 2405010740224 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ** нарын хамт ******** дүүргийн **дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн **** оны **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн **** оны *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 15 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б овогт Б-ын Т  (******).

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Т  нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа тус  ангид хоригдож байсан Ч.Б-ы биед тодорхой шалтгаангүйгээр халдаж гараараа нүүр хэсэгт нь цохиж эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтууд.

1.1. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т н гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шүүгдэгч Б.Т н яллагдагчаар өсгөн мэдүүлэг /хх-226х/-ийг шинжлэн судлав.

 

2. Гэм буруугийн талаар.

 

2.1. Шүүгдэгч Б.Т  нь Ч.Б-ы нүүрэн тус газар гараараа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

2.1.1. Хохирогч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”... 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нарлагаанд гарах гээд тухайн өдөр ээлжээр гарч байсан хамгаалалтын ажилтан өрөөнүүдийн хаалгыг онгойлгон манай өрөө буюу С-3 5 номерын өрөөг онгойлгоод өрөөнийхөө үүдэнд гарч ирээд зогсож байтал, өрөөний үүдэнд, хажуу талын С-3 4 номерын өрөөнд хоригдож байсан /нэрийг нь мэдэхгүй/ намхан бор царайтай, жаахан махлагдуу бүлтгэр нүдтэй залуу зогсож байсан. Тэр хүн надад хандан "чи ямар хэрэгтэй хулгайч вэ гэж хэлэхээр нь би түүнд хандан "за гар барьчихъя, танилцъя гэж өөрийнхөө нэрийг хэлчхээд эргэж хараад явж байтал, гэнэт оч манараад явахаар нь эргээд хартал нөгөө намхан бор залуу байсан бөгөөд нүүрээ хоёр гараараа барихад амнаас цус гарч байсан. Тэгээд амаа хөдөлгөх гэсэн чинь ерөөсөө хөдөлгөж болохгүй, маш ихээр өвдөж байсан бөгөөд хамгаалалтын ажилтан нар ирээд намайг хорих ангийн эмнэлэгт хүргэн, эрүүний хэсгийн рентген зураг авхуулахад баруун талын эрүүний хэсэг 2 удаа хугарсан байсан. Тухайн үед намайг хорих машинд суулган авч яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Green Med эмнэлэг дээр очиж зургаа авхуултал яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай, эрүүг хадна гэж хэлсэн. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад тухайн өдрөө хагалгаанд орох болоод 10 дугаар хорооллын Green Med гэх нэртэй эмнэлэгт хүргэгдэн очиж хагалгаанд орсон. Тухайн үед ерөөсөө маргалдах зүйл болоогүй. Би С-3 5 номерын өрөөнд орж ирэхдээ тус өрөөнд хоригдож байсан 2 хүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоригдож байна гэж хэлсэн. Манай өрөөнд байсан Энхтүвшин тэнд хоригдож байсан хүмүүст хэлэхдээ “энэ ах хүү Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоригдож байгао мм байна, сая А-4 14 номерын өрөөнөөс орж ирсэн хүн байна гэж хэлсэн. Тэгтэл хажуу талын өрөөнд хоригдож байсан Т  чанга дуугаар “А-4-т хоригдож байсан хулгайч яахаараа С-3-ын хэсэгт орж ирдэг юм, наад хүн чинь нохой юм биш үү гэж хэлсэн. Миний ойлгож байгаагаар нохой гэдэг цаад агуулга нь цагдаа тагнуул гэсэн утга бүхий үг гэж ойлгосон. ... Миний эрүү хугарсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

2.1.2. Гэрч О.Э-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр тус хорих ангийн С-3 5 тоот өрөөнд Б орж ирсэн. Орж ирээд тухайн өрөөнд нэг хүнтэй хоёулаа байсан бөгөөд Б надтай миний унтаж байсан 1 давхрын орыг булаацалдаад ах нартай маргалдсан. Тэр үйл явдал болсны дараа 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр усанд орох гэж байхад манай өрөөний Б гэх эрэгтэй хажуу өрөөний Т  ах руу муухай хараад өнгөрсөн. Тэгээд усанд орсны дараа хуваарьт өрөө өрөөндөө ороод байж байтал хажуу өрөөний Т  ах Б-д хандан “Б чи надад юм хэлэх гээд байгаа юм уу? хэлэх зүйл байвал хэлчих гэж хэлсэн. Тэгтэл Б- “чамд юу хэлэх вэ дээ гичий минь” гэх мэт зүйлийг хэлээд өнгөрсөн бөгөөд хажуу өрөөний хүмүүс “одоо хэрэлдэж яах юм бэ” гээд больцгоосон. Улмаар маргааш буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр наралгаанд гарах гээд өрөөний хогийг үүдэнд аваачиж тавьчхаад эргээд өрөө рүүгээ иртэл Б доошоо явган суучихсан, ам хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болсныг асуутал Т  ах Б-тай маргалдаад цохичихсон гэж хүмүүсээс сонссон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

2.1.3. Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Тэгтэл Т  ах юу гэнээ гэж хэлтэл цаанаас хорих ангийн хянагч Б-ыг хурдан усандаа ор гээд аваад явсан. Тэгээд байж байтал Б- ахын өрөө нь манай хажууд байрладаг бөгөөд өрөөндөө орж ирээд Б ах Т д хандан “чи яаж яриад байгаа юм бэ, гэж хэлтэл Т ах “маргааш наралгаанд уулзъя” гэж хэлсэн. Тэгтэл - “чи түрүүлж чадахгүй бол, би түрүүлнэ шүү, би хүн алж чаддаг хулгайч шүү” гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд наралгаанд гарахаар болоод өрөөнд байсан хогоо асгах гээд коридортоо тавих хооронд ард маш чангаар нэг зүйл цохиж байгаа юм шиг чанга дуу гарсан. Тэгээд эргээд хартал Б ах амаа барьчихсан, доошоо амаа бариад суучихсан, Т ах дээрээс нь хараад зогсчихсон бөгөөд нарлагаанд гарах гээд байж байтал Б- ах Т ах дээр ирээд “би чамайг гарч ирж байгаад алнаа” гээд орилоод байхаар хорих ангийн төлөөлөгч М аваад хоёуланг нь аваад явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99-р хуудас/,

2.1.4. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд эд зүйлүүдээ өрөөнөөсөө аваад "С-3 5-с гарах гэтэл П над дээр хоригдогч Т г дагуулж ирээд өрөөний хоригдогч Б-ыг цохичихлоо гэхээр нь би Т гөөс асуутал “миний дургүйг хүргээд байхаар нь цохичихлоо” гэж хэлсэн бөгөөд араас нь Б баруун талын эрүүгээ баруун гараараа барьчихсан над дээр ирээд " даргаа миний эрүү хугарчихсан юм шиг байна, би Т д ямар нэгэн зүйл хийгээгүй, намайг эргээд хартал цохичихсон” гэж хэлсэн. ...Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд эрүүний хэсэгт 2 удаа хугарсан байна гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,

2.1.5. Гэрч М.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгэхээр нь эргээд хартал С-35 номерт хоригдож байсан Б нь амаа дараад доошоо явган суучихсан байхаар нь очоод “хэн цохисон бэ гэж асуутал тэр дундаас хажуу өрөөний С-3 4 номерын хоригдож байсан Т  надад хандан “би Б-ыг цохичихсон” гэж хэлсэн. Улмаар би тухайн үед манай давхрыг хариуцсан ахлах төлөөлөгч М дээр очоод болсон үйл явдлын талаар хэлэхэд М төлөөлөгч надад хандан “Б, Т  нарыг жигүүрээс нь гаргаад голын хэсэгт очоод байлгаж бай” гэж хэлтэл Б- эрүү хэсгээ хоёр гараараа бариад жаахан зовуурилсан маягтай “миний эрүү хугарчихсан байна” гэж хэлэхэд ахлах төлөөлөгч М Б-ыг “эмнэлэгт очоод зургийг нь аваад ир гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/,

2.1.6. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг тоглуулахад 08 цаг 39 минутанд хохирогч Ч.Б дээр Б.Т  ирээд хоорондоо юуны талаар ярилцаж байгаа нь мэдэгдэхгүй өөд өөдөөсөө хараад зогсож байгаа дүрс байв. ...Бичлэгийг тоглуулахад 08 цаг 40 минутанд Б.Т  нь хохирогч Ч.Б-ы араас  нь нүүрний зүүн хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж байгаа дүрс байв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 100-102 хуудас/,

2.1.7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0525/352 дугаартай “...Ч.Б-ы биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93-р хуудас/,

2.1.8. Шүүгдэгч Б.Т н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн өмнөх өдрөөс Өлзийжаргал гэх хүн 24 цагаар үүрэг гүйцэтгээд явж байсан. Энэ хүн С3 гэх жигүүрт гарч байсан хүн байгаа. Б гэх хүнээс мөнгө авах шаардлагатай, найз нөхдийн харилцаатай байсан гэсэн. Жаахан шоглоодох, айлгах төлөвлөгөөтэй байна гэсэн зүйл сонсогдсон. Тэр өдрөө муудалцаад маргааш өглөө нь нарлагаанд гарахдаа цохисны улмаас Б-ы эрүү нь хугарсан. Энэ хүнийг цохиж гэмтээсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 226-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Хууль зүйн дүгнэлт.

3.1. Шүүгдэгч Б.Т  нь хохирогч Ч.Б-ыг зөрөөд өнгөрч байхад үл ялих зүйлээр шалтаглан араас нь Ч.Б-ы эрүүн тус газарт нэг удаа гараараа цохисны улмаас эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

3.2. Энэ гэмт хэргийн объектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг.

Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.2.1-т зааснаар хүндэвтэр хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0525/352 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 92-93х/-ээр тогтоогдсон. Хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Т  гараараа хохирогчийн эрүүн тус газар цохисон нэг удаагийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

3.3. Шүүгдэгч Б.Т  нь өөрийн үйлдлийн буюу хүний эрүүн тус газар гараар хүчтэй цохиход гэмтэл учрах аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн.

3.4. Энэ гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан. Шүүгдэгч Б.Т н үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй. 

 

3.6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Б.Т н хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

4. Хохирол-хор уршиг:

            4.1 Хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй бөгөөд хохирогч Ч.Б нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

            Хохирогч Ч.Б-ы эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,819,000 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэхээр тогтоогдож байгаа, уг зардал төлөгдөөгүй тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Б.Т гөөс 2,819,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохороор шийдвэрлэсэн.

           

            4.2. Шүүгдэгч Б.Т  түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх 05 хүртэл хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч энэхүү гэмт хэрэг нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдэж, хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан. Шүүгдэгчийн зүгээс дээрх хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хорих ангид ял эдэлж байгаа, хохирол барагдуулах мөнгөний эх үүсвэр, баталгааг шүүхэд танилцуулаагүй мөн хохирол төлөх завсарлага авах нь хүсэлт гаргасан болгонд заавал олгох зохицуулалт биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан тул шүүгдэгчийн талаас  гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

5.1 Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Т  нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 13 жил 13 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байсан, нийт 81 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялыг 13 жил 9 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...” санал гаргасан.

5.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Т н хувьд багаасаа өнчин өссөн. Эцэг эхийн хараа хяналтгүй учраас залуу насандаа алдаа гаргасан. Урьд нь нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа тул чангаруулах шаардлагагүй гэж үзэж байна. Урьд шүүхээр шийдвэрлэгдсэн ялын талаар ярих ёсгүй гэж үзэж байна. Энэ нь цаашдын хүмүүжилд нь сайнаар нөлөөлөхгүй тул хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

5.3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, учирсан хохирол хор уршгийн шинж байдлын хувьд  бүрэн нөхөн сэргээгдээгүй, хор уршгийг арилгах талаар идэвх санаачилга гаргаагүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч хувийн байдлын хувьд урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, цагдан хоригдож байх хугацаандаа хорих байгууллагад гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 01 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.

 

5.4. Б.Т д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор 15 жил 01 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Т  нь 2025 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар ялын тооцож бодогдож 13 жил 13 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байгаа болох нь 405 дугаар хаалттай хорих ангийн ялын тооцооны баримт /хх-221/-аар тогтоогдож байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдож байгаа хугацааг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 13 жил, 13 хоногийн хорих ял дээр, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т г 01 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 01 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил, 13 хоногийн хорих ял дээр, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т н биечлэн эдлэх 14 /арван дөрөв/ жил 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т н цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Б.Т гөөс 2,819,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Б.Т н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ч.Б- хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

         8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

         10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                                                                                                                                                           

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ