| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/2532/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2773 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2773
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
хохирогч Э.Ж,
шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508025502076 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ** хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** гудамжны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт С-ийн Г /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоот хашааны хаалгыг машинаараа хааж Э.Ж-ийн хашаанаас машин гарах боломжгүй болгож зогсоосон байхаар “машины дугаарыг нь тайлж аваад” зогсож байхад нь очиж маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславч мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.
3. Шүүгдэгч С.Г нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Э.Ж-ийн эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславч мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан “...Хэрүүл маргаан болоод манай нөхрийг цохисон гэх...” тэмдэглэл /хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудас/
3.2. Хохирогч Э.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж байгаад өдөр 12 цагийн үед ** дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэртээ ирсэн... хашааны үүдэнд хаагаад тавьсан машин байж байхаар нь би тухайн машины урд талын номерыг тайлаад урд талын салхины шилэн дээр нь тавьсан чинь нэг үл таних эрэгтэй гүйгээд ирэхээр нь би тухайн залууд хандаж “би машины чинь урд талын номерыг салхины шилэн дээр чинь тавьсан шүү, номероо хийгээрэй” гэж хэлсэн чинь тухайн залуу *чи яахаараа миний өмчинд дураараа халддаг юм бэ” гээд орилоод намайг хүрч ирээд заамдаад бариад миний эд хөрөнгөнд хүрсэн хүнийг яадагийг хараарай гээд заналхийлсэн. Би тухайн үл таних залуутай маргалдаж байхад мөн тогломын талбайгаас 2 үл таних залуу гүйж ирээд сэгсгэр үстэй залуу нь миний толгойны ар дагз хэсэгт хэд хэдэн удаа цохисон чинь машины эзэн залуу миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд маргаан болж байхад манай эхнэр, ээж хоёр гэрээс гарч ирээд салгах гэтэл машины жолооч залуу дахин намайг цохих гэж байгаад ээж Эрдэнэчимэгийн эрүү хэсэгт мөн цохигдсон... үл таних хүн миний хамар шанаа хэсэгт цохисон. ... намайг хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн учраас хагалгаанд орох мөнгөө нэхэмжилнэ 3 сая гаран төгрөг болох байх...”
...Би тэр өдөр машинтайгаа усанд явах гэтэл хашааны хаалга хаагаад тавьсан байхаар нь усны тэргээр усанд явж ирсэн. Гэтэл ээж гарах ажилтай болчихлоо гэж хэлсэн. Тэгээд гарах гэхэд хаалга таглаад тавьчихсан байхаар нь утас руу нь залгах гэхэд утасны дугаар нь байгаагүй учраас дугаараа бичиж бай гэж сануулах зорилгоор машиных нь номерыг тайлаад хамар дээр нь тавьсан. Гэтэл энэ залуу, нэг өндөр залуутай хамт гарч ирээд хүний өмчид дураараа халдлаа гээд над руу дайраад эхэлсэн. Би зодуулахгүй гээд шилэн хүзүүн дээр нь дарахад нөгөө өндөр залуу нь нүүр ам руу цохиод байхаар нь нөгөө гараараа тэр залууг барихад дахиж нэг залуу хүрч ирээд араас боосон. Араасаа боолгосон учраас нөгөө 2 залууг тавихад намайг зөрүүлээд цохисон. Би энэ залуугийн биед халдсан зүйл байхгүй. Одоо хүртэл хашааны хаалга хааж тавиад байгаа. ...Би тэр машиныг энэ залуугийн машин гэж мэдээгүй. Надад хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй байна. Хамраа янзлуулмаар байна, зардал нь 3.000.000 төгрөг болно гэж сонссон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...Миний хамар луу Г цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 23 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
3.3. Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хүү Э.Ж-ийн хашаанд нь тусдаа гэртээ хоёр хүүхдийн хамт амьдардаг юмаа. Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө явах гээд захаар явж байгаад өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хүү Э.Ж- архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн хоёр хүүхдийн хамт байж байсан. Тэгэхээр нь би хүү Э.Ж-ийг архи уулаа гэж аашилсан. Тэгээд би хүү Э.Ж-ийг эмийн сан орж эм авах хэрэгтэй байна гэж хэлээд гээд бэр Маралмаагаар машин бариулаад хүү, бид хоёр суугаад хашаанаас гарах гэтэл хашааны үүдэнд цагаан машин таглаад тавьсан байсан тэр үед хүү Э.Ж машинаас буугаад тухайн машин дээрээс залгах дугаар олдоогүй тэгээд хэсэг хүлээгээд зогсож байгаад хүн гарч болохоор тухайн машины урд талын улсын дугаарыг нь аваад машиныхан хамар дээр нь тавьсан байхад хоёр залуу хүрч ирээд тухайн хоёр залуу машины номер авсан байна гээд манай хүү Э.Ж руу дайраад барилцаж авахаар нь би салгах гэж дундуур орсон тэгэхэд машины эзэн гэх залуу цохисон. Тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирж авч явсан. Тэгээд би маргааш нь хөдөө явах ажилтай байсан болохоор хөдөө явчихаад 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн... маргалдаж байсан машины эзэн гэх залуу миний нүүр хэсэгт 1 удаа цохисон..би эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
3.4. Гэрч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад өөрийн гэр болох ** дүүргийн ** дугаар хороо ** тоот гэртээ ирэхэд нөхөр Э.Ж хоёр охины хамт байсан ээж Н.Э удалгүй миний хойноос гэрт орж ирсэн. Тэгээд ээж Н.Э эмийн сан явах хэрэгтэй байна гэхээр нь дагуулаад машинд суугаад гарах гэтэл хашааны үүдэнд цагаан өнгийн приус маркийн авто машин хашааны үүд таглаад зогссон байхаар нь залгах гэтэл ямар ч утасны дугаар байхгүй ойр хавийн хүмүүсээс асуухад тухайн машин эзэн олдоогүй тэгээд тухайн машины жолоочийг 20-30 минут хүлээсэн боловч ирээгүй. Тэгсэн манай нөхөр Э.Ж тухайн машины урд талын улсын дугаарыг нь аваад машины хамар дээр тавьчхаад байж байхад хашааны булан эргээд хоёр залуу гараад ирээд машин эзэн гэх залуу намхан буржгар үстэй залуу нөхөр Э.Ж-ид хандаад "яахаараа хүний машины дугаар салгаж авдаг юм бэ” гэж хэлээд нөхөр Э.Ж- руу дайраад эхэлсэн тэхлээр нь манай нөхөр Э.Ж тухайн машины жолоочид хандаад "Машиндаа дугаараа үлдээхгүй яасын яаралтай ажил гарах гээд байхад айлын хашааны үүд таглаад машинаа тавьсан талаар хэлсэн" тухайн машины эзэн гэх залуу манай нөхөр Э.Ж-ийн нүүр, хамар хэсэгт хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд ээж Н.Э бид хоёр салгах гээд дундуур ороход нөхөр Э.Ж-ийг зуурчхаад тавихгүй ноцолдож байхдаа Н.Э-ийн нүүр хэсэгт мөн 1 удаа цохисон. Тэхээр нь цагдаа дуудсан... зодоон болохоос өмнө манай нөхөр Ж-ийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудас/,
3.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн СХД0725/084 дугаартай “...Э.Ж-ийн биед хамар ясны зүүн хажуу хананы алд хугарал, хамрын таславч мурийлт, хамар шарх, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
3.6. Шүүгдэгч С.Г-ийн сэжигтнээр өгсөн “... чи яахаараа манай хашааны урд машины тавьдаг юм гээд маргалдсан. Тэгсэн тэр эрэгтэй хүн нэг гараараа миний хүзүүний ар хэсгээс бариад доош дараад байсан бөгөөд би тонгойсон чинь миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн удалгүй Д гэж дууддаг эрэгтэй хүн ирээд бид хоёрыг салгасан. ... тухайн эрэгтэй хүн миний хоолойноос боогоод байхаар нь би тухайн эрэгтэй хүний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохих гээд гараа савсан чинь тухайн эрэгтэй хүний хажууд зогсож байсан үл таних эмэгтэй хүнийг цохичихсон. ... би тухайн эрэгтэй хүний гарыг барьж байгаад нэг гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Би эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
3.7. Шүүгдэгч С.Г-ийн яллагдагчаар өгсөн “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4. Хууль зүйн дүгнэлт.
4.1. Шүүгдэгч С.Г нь Э.Ж-ийн биед хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславч мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
4.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг. Хохирогч Э.Ж-ийн эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславч мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хохирол учирсан.
Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын СХД0725/084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36 х/-ээр тогтоогдсон. Хохирогч Э.Ж-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Г-ийн хохирогчийн нүүрэн хэсэг рүү цохих үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
4.3. Шүүгдэгч С.Г нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Хүний нүүр лүү цохих нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултайг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн субьектив талын шууд санаатай үйлдэгдсэн гэх шинжийг хангасан.
4.4. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
4.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
Шүүгдэгч С.Г-ийн үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй.
4.6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос С.Г д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Хохирол-хор уршиг.
5.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дүгээр сарын 17-ны өдрийн 3479 дугаартай “...Э-ийн Ж- /РД:**********/-ийн сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 13-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,
5.2. Хохирогч Э.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хамраа янзлуулмаар байна, зардал нь 3,000,000 төгрөг болно гэж сонссон. Сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
5.3. Хохирогч Э.Ж-ийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, харин түүний сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3479 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэвч хохирогч Э.Ж-ийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
6. Эрүүгийн хариуцлагын талаар.
6.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч С.Г-ийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... 1 сар 20 хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 40-р хорооноос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал гаргасан.
6.2. Шүүгдэгчээс: “...Би машинаа зараад мөнгө авах учраас торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
6.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Г нь бусдад учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Э.Ж- нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн цаашид хамрын эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ