| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/01529/И |
| Дугаар | 183/ШШ2023/01314 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2023/01314
2023 оны 4 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2023/01314 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн * хороо, * тоот хаягт оршин суух Б* овгийн М.Х /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо, * дугаар гудамж * тоот хаягт оршин суух Ц овгийн Т.Б /РД:*/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Х,
Хариуцагч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Т.Баас 20,000,000 төгрөгт 10,000,000 төгрөгт приус 30 машин, 10,000,000 төгрөгөөр марк 2 машин тус тус худалдан авч марк 2 машиныг авсан дариудаа унаж үзэхэд моторын асуудалтай болсон тул буцаан өгсөн. Тухайн үед наймаа буцаж мөнгийг маань хэрэглэсэн тул зарж байгаад мөнгийг чинь өгнө гэж хариуцаг хэлсэн. Түүнээс хойш 1 удаа 5 сарын дараа буюу 11 дүгээр сарын 8-нд 500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 9,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй, хариу өгөхгүй, хохирлыг маань барагдуулахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хүнтэй 2022 оны 05 дугаар сард наймаа хийсэн. Өөртөө нь наймаагаа хийсэн. Дүүгээс нь приус 30 маркийн машиныг шилжүүлж авсан. Нөгөө машиныг нь шилжүүлж аваагүй, нотариатаар орсон. Хариуцагч тухайн машиныг надад арай өгөөгүй байсан. Засаж янзлаад өнгө, одоохондоо арай болоогүй байна гээд. Тэгээд янзлаад засаад өгөнгүүт нь би тэр орой нь мөнгө шилжүүлсэн. Маргааш өдөр нь хонуулаад үзэж шалгасан юм. Тэгтэл мотор нь доголдоод байгаа юм уу нэг тийм сонин байсан. Спорт машинууд нь өөрсдөө тоноглочихсон нэг тийм сонин байдаг. Гранд марк-2 гэдэг машин байсан. Нэг сарын дараа гээд худлаа яриад байна. Би яг тэр өдрийнхөө маргааш нь би аваачиж өгсөн. Маш худлаа мэдээлэл өгөөд байхын, би бүүр гайхаж байна. Маргааш нь чамд өгсөн. Танай гараашинд байсан. Тэгээд хариуцагчийн яриад байгаа 30,000,000 төгрөгийг би ойлгохгүй байна. Ковидын дараа гэдэг нь 2021 он гэхэд Ковид нь намжчихсан байсан. 2022 оны 05 дугаар сар бол коронагийн дараа биш, одоо миний худалдаж авсан приус 30 маркийн машин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд монголд орж ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-д орж ирсэн зах зээлийн үнэ нь тухайн үед 10 юм уу 11 сая хавьцаа байсан байх. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Үнэлгээгээрээ гаргаж ирж болох байх. Тухайн үед машин нь сэвтэй, машины урд талын шил нь цуурчихсан, урд талын будаг нь хуурчихсан сэвтэй машин байсан. Тэр үед би Гранд марк-2 10,000,000, приус 30 марк машиныг 10,000,000 төгрөг гэж үзээд нэгийг нь нотариатаар ороод нөгөөг нь шууд машин шилжүүлдэг газраар шилжүүлж авч байсан. Тухайн машиныг хариуцагч надад хэлэхдээ оношлогоогоор орчихсон гэж байсан. Гэтэл тухайн машин нь оношилгоонд оруулаагүй, 7161 улсын дугаартай, нэг сард машиныг үзлэгээр орох байсан боловч би оруулж чадаагүй юм. Сая би 2023 оны 03 дугаар сард оношлуулах гээд, тэгсэн оношилгоонд тэнцээгүй, яагаад оношилгоод тэнцээгүй вэ гэхэд өөрийнх нь яндан байхгүй байна, салхины шил нь цууралттай, гэх мэт шалтгаанууд хэлээд тэнцээгүй. Оношилгоонд орох гээд мөнгө төгрөг төлсөн баримт бүх баримтуудыг надад байгаа. Хэрвээ яндан тавивал 2,500,000 төгрөг гэж байгаа оношилгооны мөнгө төгрөг энэ тэр гэж маргалдах боломжтой гэхдээ би маргалдах шалтгаан гаргаад яах уу гэж бодоод 10,000,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөг өгсөн 9,500,000 төгрөг авъя гэсэн. Манай нөхрөөс машинд юм хийнэ гээд 3,000,000 сая төгрөг авсан гэсэн. Яг үнэнийг хэлэхэд асуусан би тэр хүнээс бэлнээр нэг сая төгрөг, компьютер оношилгоо 5,000,000 төгрөг, картаар, дансаар 2,500,000 төгрөг мөнгө шилжүүлсэн гэсэн. Тэр машиныг ерөөсөө эдэлж хэрэглээгүй ш дээ буцаагаад өгчихсөн. 10,000,000 төгрөгтэй хамт оччихсон шүү дээ, хариу тайлбартаа өөрийгөө тодорхойлоод биччихсэн байна лээ. гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өргөдөл гомдолтой санал нийлэхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Б миний бие нэхэмжлэгч Халиунцэцэгийг танихгүй бөгөөд анх наймаа хийхэд ч огт яриагүй. М.Хийн нөхөр бөгөөд М гэж хүнтэй ярилцаад тохирсны үндсэн дээр наймаа хийсэн. Энэ хугацаанд М нь риус 30, марк 2 маркын авто машин надаас худалдан авахаар тохирсон үүнд миний 2 машин нийлээд 30,000,000 төгрөгөөр үнэлж наймаа хийх болсон би ч мөнгө их хэрэгтэй байсан болохоор зөвшөөрсөн учир нь миний аав хүнд өвчнөөр эмнэлгээр маш их явж байсан. Надад М.Хийн нөхөр болох М хэлэхдээ би эхнэртээ 30,000,000 төгрөгөөр биш 20,000,000 төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн тул үлдсэн 10,000,000 төгрөгийг би өөрөө зохицуулаад удахгүй өгнө харин эхнэрт битгий хэлээрэй гэсэн би ч зөвшөөрөөд машинаа шилүүлээд өгсөн приус 30 машин одоо унаад явж байгаа ингээд 20,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Приус 30 машинаа нэр дээрээ шилжүүлээд унаад явсан нөгөө марк 2 хийх юмтай байсан болохоор өөрийн ажил дээрээ авч үлдээд янзалж өгнө гэж тохирсны дагуу янзалж өгөхөөр хэд хоног юм хийсэн ингээд хийж дуусаад өөрийн биеэр унаад аваачаад өгсөн авахдаа үлдэгдэл 10,000,000 төгрөг өгөөгүй хэд хоногоос өгнө гэсэн. Ингээд нилээн хэд мөнгө асуусан өөдөөс машин болохгүй байна. Буцаая гэж хэлсэн уул нь янзалж болох байсан. Ийм зүйл болсон тул би буцаагаад авсан надад өгөхдөө энэ машиныг анх асааж засвар хийхэд гарч бүх мөнгөө авна гэж хэлсэн би татгалзаагүй тухайн үед эмнэлгээр яваад ажлаа ч хийх боломжгүй байсан багцаагаар 3,000,000 төгрөг болж байсан энэ мөнгийг өгөх ёстой гэж бодоод ажилгүй орлогогүй болохоор үнэхээр боломжгүй байсан ингээд сүүлдээ эхнэр болох эмэгтэй гэр орноор очиж нэхэх болсон учир наад хэлж бага багаар ч хамаагүй өгий гэж хэлсэн харин шүүхэд 10,000,000 төгрөг нэхэмжилж өргөдөл бичсэн би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хүнээс авах, өгөх наймаагаа эргэж буцааж будлиулчхаад одоо ийм их мөнгө дарамталж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэг зүйлийг гайхаад байгаа юм. Тухайн үеийн приус 30 машин 10,000,000 төгрөг байна гэж байхгүй, энэ хүний нөхөртэй нь би наймаа хийсэн. Надтай 30,000,000 төгрөгөөр тохиролцоод 20,000,000 төгрөгийн одоо манай эхнэр өгнө хэлж байсан. 10,000,000 төгрөгийг нь би чам руу нууцаар шилжүүлнэ гээд тэгж хэлсэн. Тэгээд би за за болох юм байлгүй дээ гэж бодоод тэгээд машинаа өгөөд 10,000,00 төгрөгөө аваагүй, тухайн үед 20,000,000 төгрөг авсан. Нөгөө машинаа янзалж, дуусгаад машинаа хүлээлгэж өгчхөөд мөнгөө авах гэсэн мөнгөө өгөхгүй байсан. Тэгсэн яагаад ингээд байгаа юм бэ гэсэн ер нь энэ машиныг болъё энэ машинаа буцаая гэсэн. Тэгэхээр нь би тэгж ойлгосон дотроо за энэ яг үлдэгдэл 10,000,000 төгрөгөө өгч чадахааргүй болчхоод нэг машинаа буцааж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн үед тэгж ойлгоод машинаа буцаагаад авсан. Нэхэмжлэгчийн нөхөр нь өөрөө тэр машиныг унана гэж байсан болохоор жижиг сажиг, зүйл хийсэн тодорхой хэмжээнд хямд үнээр, тэр машинд зарцуулсан бага сага мөнгийг нь гаргаад өгчихье гэж бодсон юм. Тэгээд энэ хүн мөнгийг нь гаргасан байж болно приус 30 машиныг нь унаад явж байж болно. Гэхдээ ийм наймаа яригдаж, наймаа хийгдсэн гэдгийг нь мэдэхгүй байж, гэнэт эхнэр нь гэж хүн гарч ирээд надаас 20,000,000 төгрөгөөр тохиролцоод наймаа хийсэн гээд нэхэмжлээд байх юм. Хоёулаа тохиролцоод 20,000,000 төгрөгөөр тохиролцоогүй биз дээ, танай нөхөр чинь яриад гуйсан юм. Манай эхнэрт 20,000,000 төгрөг байгаа 10,000,000 төгрөгийг би өөрөө намар мөнгө орж ирэхээр нууцаар өгчихье, 30,000,000 төгрөгөөр тохиролцъё гэж гуйсан. Тэгсэн одоо эхнэр нь намайг залилан хийчихсэн юм шиг аягүй хүнд байдалд оруулаад байх юм. Тухайн үед би машинаа зарах гэж зараагүй юм. Миний аав хүнд өвчин тусаад бүх юмаа зараад эмчилгээ зардалд нь хэрэглэсэн юм. Тэгээд ингээд наймаа панзаа буцаагаад өөрсдөө ийм хүнд байдалд оруулчхаад, шүүх цагдаагаар явсан чинь надтай наймаа хийсэн хүн байдаггүй, юуг нь ч ойлгоогүй эхнэр нь гэж хүн гарч ирээд шүүх цагдаагаар яваад байгаа юм. Тэрийг би их гайхаж байна. гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0741 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, М.Хийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мэссежээр харилцсан зураг, ** тоот хашааны зураг,
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Т.Бт холбогдуулан 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т.Бтай 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Приус 30 болон марк 2 автомашиныг тус бүрийг 10,000,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Марк 2 автомашиныг унаж үзэхэд моторын асуудалтай байсан тул буцаан өгсөн. Машины мөнгө 10,000,000 төгрөгийг буцаа өгнө гэсэн боловч тухайн үед хэрэглэсэн байсан тул дараа өгөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь 500,000 төгрөг л өгсөн бөгөөд үлдэх 9,500,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй тул тус мөнгийг хариуцагчаас гаргуулна. гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Т.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Приус 30 автомашиныг 20,000,000 төгрөгөөр, марк 2 автомашиныг 10,000,000 төгрөгөөр тус тус худалдан аваах тохиролцсон. Ингэхдээ уг тохиролцоог би нэхэмжлэгч М.Хийн нөхөр Мтай хийсэн байсан. М нь тус автомашиныг нийтэд нь 30,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа талаар эхнэр М.Хт битгий хэлээрэй гэсэн. Одоо марк 2 автомашиныг буцаан авсан тул нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Х Б.Цогт-Очиртой хариуцагч Т.Бтай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 0741 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж приус 30 автомашиныг, мөн марк 2 маркын автомашиныг хариуцагч Т.Баас худалдан авчээ. Марк 2 автомашиныг моторын доголдолтой гэх шалтгаанаар хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн байна.
Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч нь приус 30, марк 2 автомашиныг шилжүүлэн авсан боловч марк 2 автомашиныг хариуцагчид буцааж өгсөн, марк 2 автомашиныг талууд 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин приус 30 автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлж худалдах худалдан авахаар талууд тохиролцсон талаар маргаж байна.
Гэрээний зүйл болон гэрээний талуудын эрх үүргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь марк 2 автомашиныг гэрээний дагуу шилжүүлэн авсны дараа моторын доголтой гэх шалтгаанаар хариуцагчид буцаан шилжүүлсэн, хариуцагч тухайн автомашиныг хүлээн авсан зэрэг үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар талуудыг марк 2 автомашиныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс марк 2 автомашиныг, хариуцагчаас тус автомашиныг худалдан авахдаа төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Нэхэмжлэгч марк 2 автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгчээ. Харин хариуцагч автомашины төлбөрөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэх 9,500,000 төгрөгийг барагдуулаагүй байна.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа приус 30 автомашиныг 20,000,000 төгрөг, марк 2 автомашины 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан ба тус бүрт 10,000,000 буюу нийт 20,000,000 төгрөг төлсөн байсан. 10,000,000 төгрөг дутуу байсан тул приус 30 машины төлбөрт тооцуулан авсан гэж,
Нэхэмжлэгч М.Х нь автомашин тус бүрийг 10,000,000 төгрөгөөр авсан гэж мэтгэлцэж байна.
Талуудын тайлбараас үзвэл марк 2 автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон. Гэрээнээс татгалзсан учир хариуцагч 500,000 төгрөг өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь марк 2 автомашины үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Т.Бын тус приус 30 автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн тайлбараас үзвэл автомашин худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулж байх боловч дээр дурдсанаар баримтаар тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.
Мөн нэхэмжлэгчээс приус 30 маркын автомашины төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баас 9,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Хт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баас 9,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Хт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА