Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/01486

 

 

 

 

2023 оны 4 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/01486 Улаанбаатарт хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн * хороо, * гудамж, * тоот хаягт оршин суух, Б*н овогт Н.Э /РД:*/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо, * гудамж, * тоот хаягт оршин суух, Ц* овогт Б.М /РД:*-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 143,316,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16ы өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь 143,316,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Э миний бие Б.Мтэй анх 2017 онд танилцаж, бид бие биеэ сайн мэддэг болсон. Б.М нь 2020 оны 06 сараас эхлэн яаралтай мөнгөний хэрэг байна, зээлээч гэж удаа дараа гуйгаад байхаар нь хашаа байшин худалдаж авахаар хадгалж байсан мөнгөнөөсөө 2020 оны 6 сарын 06 өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл Б.М нь уг зээлсэн мөнгөө, хүүтэй нь огт төлөхгүй байсан бөгөөд одоо дахиад мөнгө нэмээд зээлчихвэл ажил бүтэж мөнгийг чинь гаргаад өгнө гэж гуйсаар байгаад нэмж 2021 оны 9 сарын 08-ны өдөр 31,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул Б.М нь надад нийт 143,316,000 төгрөгийг зээлийн өртэй болно. 2020 оны 06 сарын 6 өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээлийн төлбөр огт төлөгдөөгүй бөгөөд түүний хүү нь 11,250,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл дээрээ 31,000,000 төгрөгийг нэмж зээлэн нийт 46,000,000 төгрөгийг үндсэн зээлтэй болсон. 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 46,000,000 төгрөгийн үндсэн зээлийн 9 сарын 5% хүүгийн төлбөр 20,700,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ нь 2022 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 196 хоногоор зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрээд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 0.5% алданги тооцож төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 65,366,000 төгрөг болж байна. Иймд Б.М нь нийт 143,316,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болон алдангийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 111,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Э, Б.Мтэй анх 2017 онд танилцсан. Б.М нь 2020 оны 06 сараас эхлэн яаралтай мөнгөний хэрэг байна зээлээч гэж удаа дараа гуйгаад байхаар нь хашаа байшин худалдаж авахаар хадгалж байсан мөнгөнөөсөө 2020 оны 06 дугаар сарын 06 өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл Б.М нь уг зээлсэн мөнгөө, хүүтэй нь огт төлөхгүй байсан бөгөөд одоо дахиад мөнгө нэмээд зээлчихвэл ажил бүтэж мөнгийг чинь гаргаад өгнө гэж гуйсаар байгаад нэмж 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 31,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул Б.М нь нийт 111,300,000 төгрөгийг зээлийн өртэй болно. 2020 оны 06 дугаар сарын 06 өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээлийн төлбөр огт төлөгдөөгүй бөгөөд түүний хүү нь 11,250,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл дээрээ 31,000,000 төгрөгийг нэмж зээлэн нийт 46,000,000 төгрөгийг үндсэн зээлтэй болсон. 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 46,000,000 төгрөгийн үндсэн зээлийн 9 сарын 5 хувийн хүүгийн төлбөр 20,700,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцож төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 33,350,000 төгрөг болж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 143,316,000 төгрөг нэхэмжилсэн боловч алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг утгаараа түүнд нийцүүлж 111,300,000 төгрөг болгож нэхэмжилсэн. Иймд Б.М нь нийт 111,300,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болон алдангийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчид 2023 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан байдаг. Гардуулснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан зүйл байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Бгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 28э-2/5244 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ20* дугаартай шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ20* дугаартай шүүхийн шийдвэр, зээлийн гэрээ, итгэмжлэл

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Мд холбогдуулан 143,316,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд нэхэмжлэлээ багасгаж 111,300,000 төгрөг шаарджэээ.

Хариуцагч Б.Мд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагт болох шүүх хурлын товыг мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн 9*** дугаарруу тов мэдэгдэж бичсэн зурвас зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Мд 2020 оны 6 сарын 06 өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай, 2021 оны 9 сарын 08-ны өдөр 31,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. 2020 оны 06 сарын 6 өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээлийн хүү 11,250,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл дээрээ 31,000,000 төгрөгийг нэмж зээлэн нийт 46,000,000 төгрөгийг үндсэн зээлтэй болсон. 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн 46,000,000 төгрөгийн үндсэн зээлийн 9 сарын 5% хүүгийн төлбөр 20,700,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ нь 2022 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 196 хоногоор зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрээд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 0.5% алданги тооцож төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 65,366,000 төгрөг болж байна. Иймд Б.М нь нийт 143,316,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болон алдангийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Шүүхээс хариуцагч Б.Мд нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 6-ны өдөр гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд ингэхдээ нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтыг дүгнэж хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дан ганц дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Э болон хариуцагч Б.М нар нь 2020 оны 6 дугаар 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгчээс хариуцагчид 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 31,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрээний зүйл болон гэрээний талуудын эрх үүргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Э нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хариуцагч Б.Мд 15,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тул тус гэрээний дагуу зээлийн хүү болон алдангийг шаардах эрхгүй. Хожим талууд 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээнд дээрх 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, алдангийн талаар дурдаагүй байна.

Харин 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр талууд 31,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа өмнө амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэг 15,000,000 төгрөгийг нэмж нийт 46,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцнэ.

Дээрх гэрээнд тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийн алдангитайгаар тооцож төлнө гэж заасан.

Талууд 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 8 сар 25 хоногийн хугацаатай байгуулсан байна. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас төлөлт хийгээгүй байх ба хариуцагч зээлийн хүүнд 20,316,666 төгрөг төлөхөөр байна.

Мөн хариуцагч зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаандаа биелүүлээгүй тул 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний алдангид 33,158,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Мөнхтайванаас 99,474,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, үлдэх 11,825,001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр тооцож хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Мэс 99,474,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, үлдэх 11,825,001 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 655,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА