Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 206

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201719000376 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Төв аймгийн Зуунмод суманд 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “МИАТ” ХХК-д талбайн деспичер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Сэргэлэн сум, Хайрхан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НС84020295 дугаарын регистртэй, Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатар

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Отгонбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Ширээний гол гэх газар цалин мөнгөнөөс болж  маргалдан улмаар Ч.Цогтсайханы нүүр рүү нь цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Отгонбаатарын:

2017 оны 5 сарын 28-ны өдөр хурга, ишиг хөнгөлөх гээд Ширээгийн гол гэх газар байх мал дээрээ очсон юм. Би Цогтсайханд сүүлийн сарын цалинг нь өгнө гээд өгөөгүй байсан юм тэр өдөр би мөнгөгүй очсоноос болоод энэ маргаан болсон. Би Цогтсайханыг цохисон нь үнэн гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Цогтсайханы:

"...Төв аймгийн Сэргэлэн сумын Ширээгийн гол гэх газар би Б.Отгонбаатарын малыг малалдаг юм тэгээд 2017 оны 05 сарын 28-ны өдөр хурга ишиг засах гээд Б.Отгонбаатар Улаанбаатар хотоос найзтайгаа хамт ирээд тэгээд гэрт хоол унд идэж уугаад байж байгаад манай эхнэр Б.Отгонбаатараас мөнгө хэрэгтэй байна цалин мөнгө өгөх үү? гэсэн тэгхээр нь би хажуугаас нь хүүхдийн баяр болох гэж байна мөнгө хэрэгтэй байна цалин мөнгө өгөх үү? гэж согтуурхан аашилсан юм тэгсэн Б.Отгонбаатар зэрэг зэрэг мөнгө нэхээд согтуурхаад битгий бай гээд миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод миний хамар амнаас цус гарч хавдсан юм. Би архи уусан байсан болж бүтэхгүй үг хэлсэн юм тэгсэн чинь намайг зэрэг зэрэг мөнгө нэхлээ архи ууж чадахгүй хэл амаар дормжпоод гээд Б.Отгонбаатар гараараа нүүрлүү нэг удаа цохисон юм. Тэр үед би архи согтууруулах ундаа уусан байсан тэгэхдээ болж байгаа үйл явдалыг мэдэх чадвартай байсан Б.Отгонбаатар архи уугаагүй эрүүл байсан. Намайг Б.Отгонбаатар цохих үед гэрт манай гэрийхэн байсан. Миний хамрын яс хугарсан одоо хамар битүүрнэ нус гоожно хамраар хатгуулж өвднө. Би Төв аймаг Улаанбаатар хот явж үзүүлсэн зардал 3.000.000 / гурван сая / төгрөг нэхэмжилж байна. нэхэмжлэж байгаа мөнгөө Отгонбаатар надад өгвөл гомдол санал гэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Бямбацэцэгийн:

"...Төв аймгийн Сэргэлэн сумын Ширээгийн гол гэх газар нөхөр хүүхдийн хамт Б.Отгонбаатарын малыг малладаг юм. Тэгээд 2017 оны 05 сарын 28-ны өдөр хурга ишиг засаад байж байтал манай нөхрийг ажиллуулдаг Б.Отгонбаатар найзын хамт ирэхээр нь би цалингаа авч ирсэн үү миний дүү гээд асуутал авч ирээгүй гэсэн. Тэгтэл манай нөхөр мөн хүүхдийн баяр болох гэж байна мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь Б.Отгонбаатар та хоёр зэрэг мөнгө нэхлээ гээд уурлаад манай нөхөр Ч.Цогтсайханыг сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохисон юм. Тэр үед Б.Отгонбаатар архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Ч.Цогтсайхан бага зэрэг архи согтууруулах ундаа уусан байсан. Хажууд нь би болон манай хүүхдүүд байсан. Манай нөхөр Ч.Цогтсайхан, Б.Отгонбаатар нар нь өмнө нь маргалдаж байгаагүй бөгөөд 5 сарын 400 000 төгрөгөөс болж ийм асуудал үүссэн...” /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Б.Отгонбаатарын:

"...Төв аймгийн Сэргэлэн сумын Ширээгийн гол гэх газар би малаа Ч.Цогтсайханаар маллуулдаг юм. Тэгээд 2017 оны 05 сарын 28-нд Улаанбаатар хотоос Ч.Цогтсайханыд очоод гэрт нь орхоос өмнө Ч.Цогтсайханыг дуудаад машинд би цалин мөнгийг чинь өгнө 3 хонгийн дараа өгий гэж тохироод тэгээд хурга ишиг засаад гэрт нь байж байсан чинь Ч.Цогтсайханы эхнэр мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгтэл хажуугаас нь Ч.Цогтсайхан мөнгө хэрэгтэй байна пизда минь гээд согтуурхан агсраад тэгхээр нь би мөнгийг чинь өгөхгүй биш өгнө гэж байхад гэсэн чинь Ч.Цогтсайхан ах гараа далайсан тэгхээр нь би намайг цохих гэж байна гээд  Ч.Цогтсайханахын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэр үед би архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Ч.Цогтсайхан ах архи согтууруулах ундаа уусан согтуу байсан. Гэрт нь Ч.Цогтсайханы гэрийхэн байсан надтай цуг явсан манай ажлын залуу гэрийн гадаа байсан. Ч.Цогтсайхан ахад би мал маллуулсан цалинг сар болгон 400.000 / дөрвөн зуун/ мянган төгрөг өгч байсан 5 сарын цалин өгөхгүй гээгүй 3 хонгийн дараа өгнө гэж байсан. Тэгэхэд надаас Ч.Цогтсайхан мөнгө нэхээд агсраад байсан. Ч.Цогтсайханыг цохиж биед нь гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 24-25, 29 дүгээр хуудас/,

 

2.4. Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтэд

            "...Ч.Цогтсайханы биед баруун нүдний ухархайн хугарал, хамар ясны хугарал, дээд урууланд зулгаралт, баруун зовхинд, хамарт хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Отгонбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн баримт /хх-ийн 6, 29, 30, 36 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Ширээгийн гол гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Ч.Цогтсайхан ...намайг эхнэртэйгээ зэрэг зэрэг мөнгө нэхлээ, архи ууж чадахгүй хэл амаар доромжлоод гээд Б.Отгонбаатар гараараа нүүр рүү нэг удаа цохисон..., ...Миний хамрын яс хугарсан одоо хамар битүүрнэ нус гоожно хамраар хатгуулж өвднө... /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

гэрч Б.Бямбацэцэгийн ...Б.Отгонбаатар та хоёр зэрэг мөнгө нэхлээ гээд уурлаад манай нөхөр Ч.Цогтсайханыг сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохисон юм... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

сэжигтэн, яллагдагч Н.Отгонбаатарын ...Ч.Цогтсайхан ах гараа далайсан тэгэхээр нь би намайг цохих гэж байна гээд Ч.Цогтсайхан ахын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон... /хх-ийн 24-25, 28 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ болон хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

    284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

                 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Билэгбаатарын Отгонбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН