Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.05                                                Дугаар 1294                                     Улаанбаатар хот

Ж.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М-д холбогдох,

30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х, Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өөрийн хамаатны эзэмшлийн 584 м.кв талбайтай газрыг хамтран худалдахаар зар тавьсан бөгөөд уг зарын дагуу “СМГ ХХК-ийн салбарын захирал Г.М гэх хүн надтай холбогдон манай компани шатахуун түгээх станц барих гэж байгаа тул чиний газрыг сонирхож байна гэсэн. Гэвч дараа нь бид авах боломжгүй болсон, харин газрыг чинь би өөрийнхөө найзад 100 000 000.00 төгрөгөөр зарахаар болсон тул чи надад асуудалгүй 30 000 000.00 төгрөгийг өгөөрэй гэсэн юм. Ингээд Ж.А гэх хүн тухайн газрыг худалдан авахаар болж, бид хоёр нотариат дээр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан ба газрын үнэ 100 000 000.00 төгрөгийг ХБ ХХК дахь өөрийн дансаар 80 000 000.00 төгрөг, 20 000 000.00 төгрөгийг ХХБ ХХК дахь дансаар авч, үүнээс 30 000 000.00 төгрөгийг хариуцагч Г.М-ын дансан шилжүүлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа худалдан авагч Ж.А-аас газрын дор шугам, сүлжээ байгаа учраас газрын эрх шилжих боломжгүй юм байна, наймаагаа буцаая гэсэн гомдол гаргаж, үүнээс болж бид нар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Гэвч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч миний бие 100 000 000.00 төгрөгийг буцаан өгөхөөр болсон. Энэ талаар хариуцагч Г.М-д “чи авсан 30 000 000.00 төгрөгийг буцааж өг” гэж хэлэхэд тэрээр “би Ж.А-тай найзууд учраас дундаас нь мөнгө авсан гэвэл хүн чанаргүй юм болно, би чамд 30 000 000.00 төгрөгийг чинь өгье, харин чи Ж.А-т битгий хэлээрэй, би асуудалгүй өгнө” гэсэн. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгийг буцааж өгөөгүй байна. Би, худалдан авагч Ж.А-тай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу түүнд 60 000 000.00 төгрөгийг өгсөн, одоо               30 000 000.00 төгрөгийг хариуцагчаас авч өгөх ёстой. Баянзүрх дүүргийн газрын албанаас газрын эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн тул Ж.А худалдаж аваагүй, намайг та нар хуурсан гэж шүүхэд хандсан. Уг иргэний хэрэг хянан шалгагдаж байхад хариуцагч Г.М нь “намайг хэрэгт битгий оролцуулаач, би мөнгөө удахгүй өгнө” гэж хэлж байсан. Нэхэмжлэгч Ж.О , худалдан авагч Ж.А нарын хоорондын гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудал яригдаж байна. Хариуцагч Г.М-ын тайлбарт “маргаан үүссэн тухай 2018 оны 12 дугаар сард буюу 7 сарын дараа мэдсэн” гэжээ. Гэвч эрт мэдэж байсныг эвлэрлийн гэрээгээр нотолно. Иймд хариуцагчаас 30 000 000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх намайг нэхэмжлэгчид түүний газрыг худалдан авах этгээдэд зуучилж өгөхөд 30 000 000.00 төгрөгийг өгөх үү гэхэд тэрээр за гэсэн тул Ж.А-тай уулзуулсан. Ингээд тэд худалдах, худалдан авах гэрээний үнийг 100 000 000 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгчээс надад зуучлалын хөлс гэж 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би газар худалдан авах хүн олж өгч, зуучлалын хөлсөө авсан. Энэ хэрэгт талуудын хүсэл зориг юу байсан гэдэг нь их чухал. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч Ж.О , хариуцагч Г.М нарын хооронд ямар харилцаа болсон бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаас харахад нэхэмжлэгчид н.Э-ийн  нэр дээрх эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх сонирхол байсан. Тэгэхээр хариуцагч Г.М нь газар эзэмших эрхийг худалдаж авах сонирхолтой этгээдийг олж өгөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу ч нэхэмжлэгч Ж.О  нь 584 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Ж.А-т худалдаж, 70 000 000.00 төгрөгийг өөртөө авч, зуучлалын хөлсөнд 30 000 000.00 төгрөгийг хариуцагчид өгчээ. Зуучлагчийн үүрэг нь хоорондоо сонирхол бүхий иргэдийг холбож өгснөөр дуусгавар болж, хөлс авах эрхтэй болно. Энэ талаар Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан бөгөөд заавал бичгээр гэрээ байгуулахыг шаардахгүй, зуучлагч этгээд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газартай холбоотой хэлцлийн үр дагаварыг хариуцахгүй, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч тал тогтоогоогүй байна. Нөгөө талаар худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тохиолдолд зуучлалын гэрээ мөн адил цуцлагдахгүй, яагаад бэ гэвэл зуучлагч этгээд үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон тул талуудын хоорондын гэрээнээс үүсэх үр дагавар хариуцагч Г.М-д хамааралгүй, тэрээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас 30 000 000.00 төгрөгийг авсан. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.О-ны гаргасан хариуцагч Г.М-д холбогдох 30 000 000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Г.М-ын авсан гэх мөнгө нь Хаанбанкны дансны хуулгаар нотлогдоод, өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан гэрээ хийгдсэн гэж шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Ж.А нь шилжүүлэн авсан боловч шүүхэд хандаж улмаар гэрээ хүчин төгөлдөр бус болж, түүнээс үүдэн гарсан үр дагаварыг харилцан арилгахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ж.О  нь Ж.А-т түүний төлсөн 100 000 000 төгрөгийг буцаан өгч, зарсан гэх газраа буцаан шилжүүлэн авах ажиллагаа хийгдэж байгаа болно. Г.М-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 30 000 000 төгрөгтэй болсон үйлдлийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 13 дугаар зүйлийн 13,1, 410 дугаар зүйлд тус тус заансаар нийцнэ гэж үзэх нь Иргэний хуулийн зарчим, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд нийцэхгүй, нэхэмжлэгчийг илтэд хохироосон үйлдлийг зөвтгөж шийдвэрлээд байгаа нь хууль бус байна. Мөн шүүхийн шийдвэрт Ж.О ыг 70 000 000 төгрөгөөр газраа зарах сонирхолтой байсан. Тэр үнээрээ газрын эрхийг шилжүүлсэн нь хариуцагч Г.М 30 000 000 төгрөгийг зуучлалын хөлс болгон авсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй мэтээр үнэлж дүгнээд байгаа нь шүүхийн шийдвэр хэрэгт авсагдсан баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар мэдүүлэг зэрэг баримтанд тулгуурлан дүгнэлт өгч, хэргийг шийлвэрлэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүхээс өгсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Г.М-аас 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ж.О  нь хариуцагч Г.М-д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Ж.О , Д.Э нарт холбогдох 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өгсөн болон авсан зүйлээ харилцан буцаах талаар зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Түүнчлэн, дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан тохиолдолд Ж.О  нь хариуцагч Г.М-д       30 000 000 төгрөгийг Ж.А-тай зуучилж өгсөний төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, дээрх худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсэх нөхцөлийг Г.М бүрдүүлж мөн гэрээ байгуулагдсан байна. Ж.О  нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож 30 000 000 төгрөгийг зуучилсны хөлс гэж шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь зуучилж өгсөн эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний харилцааны хүлээх эрх, үүргийг хүлээхгүй юм.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар зуучлалын гэрээ цуцлагдах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Иймд хуулийн шаардлага хангасан баримт, нэхэмжлэгчид учирсан бодит гэм хорын хохирлыг нотлох баримтын хүрээнд дүгнэх учиртай тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ