2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/56

 

 

 

 

 

2025         12        30                                       2026/ШЦТ/56

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Б.Цэцэгмаа, шүүгдэгч Г.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн “2506 00000 3408” дугаартай, 194/2025/0038/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                                                                                                                                       

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.А, 

           Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх хорооллын гадна талд хохирогч Ц.Нтай маргалдаж улмаар түүний баруун талын чихийг хазаж, биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртлэх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг шарх, зөөлөн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Г.Ань  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 4 дүгээр тал/,

           2.2. “БЗДЦГ ЦХ-3”, урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг  дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 5 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллгааны явцад хохирогч Ц.Нын:...2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад миний танил болох А нь миний гар утас руу залгаж ярих юм байна гээд байрны чинь гадаа байна гэсэн. Би гараад очсон. А 750 граммын Хараа нэртэй архи авсан байсан. Бид хоёр тэр архийг Аын машин дотор хувааж уугаад ажил ярьсан. А надтай уулзахаасаа өмнө архи ууссан байсан болохоор түрүүлээд согтсон. Тэгээд А юм ярьж байна зүүн чихнээс татаж толгой өөрлүүгээ ойртуулж үнсэх гэж байна даа гэж болсон чинь миний баруун чихнээс хазаад чих таслаад хаясан. Тэгэхээр би гайхаад хөөе чи миний чихийг таслаад хаячихлаа гээд машины шалавчин дээр байсан чихний тасархайгаа аваад би машиныхан шалавчин дээр тавьчихаад буугаад яваад өгсөн. Тэгээд би хүүхэддээ хэлсэн чинь хүүхдүүд цагдаад мэдэгдсэн байсан. Би эмнэлэгт зүүн чихэндээ 4 оёдол тавиулсан. Баруун чих бол угаасаа гуравны нэг хэсэг байхгүй болсон. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Миний биед бол учирсан хохирол байна. Би цаашид 3 удаа мэс засалд орно. Эмчилгээний төлбөрөө бүрэн гаргуулж авна гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

           2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0725/13203 дугаартай дүгнэлтэд:...

            1. 2. Ц.Нын биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртэлх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

           4. Баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртэлх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.     

           5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           6. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт. /хх-ийн 24 дүгээр тал/,

          Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.

     3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

          Гэм буруугийн талаар:

          Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

          Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

            Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх хорооллын гадна талд хохирогч Ц.Нтай маргалдаж улмаар түүний баруун талын чихийг хазаж, биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртлэх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг шарх, зөөлөн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 4 дүгээр тал/,

            - “БЗДЦГ ЦХ-3”, урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг  дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 5 дугаар тал/,

            -  хохирогч Ц.Нын:...2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад миний танил болох А нь миний гар утас руу залгаж ярих юм байна гээд байрны чинь гадаа байна гэсэн. Би гараад очсон. А 750 граммын Хараа нэртэй архи авсан байсан. Бид хоёр тэр архийг Аын машин дотор хувааж уугаад ажил ярьсан. А надтай уулзахаасаа өмнө архи ууссан байсан болохоор түрүүлээд согтсон. Тэгээд А юм ярьж байна зүүн чихнээс татаж толгой өөрлүүгээ ойртуулж үнсэх гэж байна даа гэж болсон чинь миний баруун чихнээс хазаад чих таслаад хаясан. Тэгэхээр би гайхаад хөөе чи миний чихийг таслаад хаячихлаа гээд машины шалавчин дээр байсан чихний тасархайгаа аваад би машиныхан шалавчин дээр тавьчихаад буугаад яваад өгсөн. Тэгээд би хүүхэддээ хэлсэн чинь хүүхдүүд цагдаад мэдэгдсэн байсан. Би эмнэлэгт зүүн чихэндээ 4 оёдол тавиулсан. Баруун чих бол угаасаа гуравны нэг хэсэг байхгүй болсон. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Миний биед бол учирсан хохирол байна. Би цаашид 3 удаа мэс засалд орно. Эмчилгээний төлбөрөө бүрэн гаргуулж авна гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

           - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0725/13203 дугаартай дүгнэлтэд:...

            1. 2. Ц.Нын биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртэлх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

           4. Баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртэлх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.     

           5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           6. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт. /хх-ийн 24 дүгээр тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нь хохирогч Ц.Наранбаатарын баруун талын чихийг хазаж, түүний биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртлэх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг шарх, зөөлөн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Наранбаатарыг тодорхой шалтгаагүйгээр баруун талын чихийг хазаж, түүний биед баруун чихний дэлбэнгийн 1/3 хүртлэх эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, тасрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг шарх, зөөлөн няцрал учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Хохирол, хор уршгийн  талаар:

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлийн  улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч нь  296.300 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн нь нотлох баримтыг шаардлага хангаж байх тул шүүгдэгч Г.Ааас 296.300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нт олгох,  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Ц.Н нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

            Энэ хэрэгт битүүмжжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ааас  нийт 296,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нт олгосугай.

          6. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хохирогч Ц.Наранбаатар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

           7. Хохирогч Ц.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ