2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар  2026/ШЦТ/55

 

 

 

 

2025           12         30                                    2026/ШЦТ/55

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч А.Марал шүүгдэгч С.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн “2503000001248” дугаартай, 194/2025/0020/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.О,  

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч С.О 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 22 минутын орчимд ххх дүүргийн хххдүгээр хороо, Гүнтийн зуслангийн замд “Тоуоtа Рrius” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                    

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...10 дугаар сарын 22-ны өдөр манай ахын бие муу байсан яваад өгөөч гээд жолоодсон гэв.

     Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     2.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл.       /хх-ийн 2 дугаар тал/,

   2.2. 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан С.Оыг драйгер багаж ашиглан шалгахад 1.72% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл. /хх-ийн 3 дугаар тал/,

           2.3. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “..Жолоочийн овог, нэр: С.О, зориулалтын багажын заалт 1,72% хувьтай гарсан гэх  багажийн хэвлэмэл хуудас, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4 хуудас/,

           2.4. Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа.  /хх-ийн 9 дүгээр тал/,

           2.5. С.О нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025/ЗШ/1857 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх шийтгэврийн хуулбар. /хх-ийн 21-23 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

          3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:     

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч С.О 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын      26-ны өдөр 11 цаг 22 минутын орчимд ххх дүүргийн ххх дүгээр хороо, Гүнтийн зуслангийн замд “Тоуоtа Рrius” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох“ гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       -  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл.          /хх-ийн 2 дугаар тал/,

    - 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан С.Оыг драйгер багаж ашиглан шалгахад 1.72% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл. /хх-ийн 3 дугаар тал/,

            - Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “..жолоочийн овог, нэр: С.О, зориулалтын багажын заалт 1,72% хувьтай гарсан гэх  багажийн хэвлэмэл хуудас, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 4 хуудас/,

            - Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа.  /хх-ийн 9 дүгээр тал/,

            - С.О нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025/ЗШ/1857 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх шийтгэврийн хуулбар. /хх-ийн 21-23 дугаа тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  талаар шүүгдэгч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож  байгаа  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

   Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч, дахин үйлдсэн  болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч С.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.О нь  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

    Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч С.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хавтас хэрэгт авагдсан баримтаар бусдад учруулсан хор уршиг байхгүй байна гэж шүүх үзлээ.

   Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч С.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000   төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд  биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж торгох ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 6 /зургаа / сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр зүйтэй  гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Оыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

                                                                                                             ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

          5. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ