Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ....... овогт А-ийн Б-т холбогдох эрүүгийн 1710000000022 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Ж, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ....................................  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШЭХ” ХХК-ны баригдаж байгаа барилга дээр хамт ажиллаж байсан С.Агийн нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ийн өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугийн талаар маргаан байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид ажилгүй байсан хугацааны цалингийн төлбөрт 500.000 төгрөгийг төлсөн. Бусад эмчилгээ эм тарианы зардлыг нь тухай бүрд нь төлөөд явж байсан. Энэ нь ойролцоогоор 50.000 орчим төгрөг болсон ба хохирогч Алтаншагайд төлсөн хохирлын мөнгөнд оруулж тооцоогүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000022 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч С.Агийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12:00 цагийн үед ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхад хамт ажилладаг Амараа гэх эмэгтэй “замаск наадаг багажаа өгч байгаач” гэхээр нь би “компаниас гаргаж аваарай, би өөрөө юм хийх гэж байна” гэж хэлсэн. Тэгсэн Амараа намайг элдэв үгээр доромжилж, хэрүүл үүсгээд зогсоод байхаар нь “цаашаа зайл, яв аа” гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нөхөр нь болох Буяндэлгэр гүйж ирээд миний нуруу руу хөлөөрөө өшиглөж, газар хэвтэж байсан бүдүүн модоор баруун талын гар луу цохиж, хоолойгоор боосон.

Тэгж байтал хамт ажилладаг Энхбаяр ирж салгаж авсан. Тухайн үед миний бие өвдөөд зовиуртай байхаар нь Цагдаагийн байгууллагад хандахгүйгээр Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд 2 хавирга хугарсан, баруун гарын зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн юм. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан асуудалд гомдолтой байна. Мөн эхнэр маань 1 сартай охиноо хараад гэртээ байдаг. Надаас өөр хөдөлмөрлөж мөнгө олдог хүн байхгүй. Би нэг хэсэг гэрээр эмчилгээ хийлгэсэн. Харин ямар нэгэн нотлох баримт цуглуулж чадаагүй юм. Мөн биеийн байдлаасаа болж 1 сар гаруй хугацаанд ажилгүй, цалингүй байна. Ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин болох 1.0 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-9х/,

 

2. Гэрч Г.Амаржаргалаас хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШЭХ” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгад нөхөр Буяндэлгэрийн хамт туслах ажилтан хийдэг юм. 2017 оны 07 сарын 25-ны өдөр 12:00 цагийн үед ажил дээр байж байсан бөгөөд хамт ажилладаг залуу болох Алтаншагайгаас “замаск наадаг багажаа өгч байгаач” гэж асуухад, Алтаншагай “би чиний багажийг бэлдэх хүн биш, няраваас очиж авахгүй юу” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би “юун сүртэй юм бэ, хэрэглээд буцааж өгнө шүү дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн Алтаншагай намайг “яадаг муу авгай вэ, ажлаа хийж чадахгүй юм бол цаашаа зайл” гэж хэлсэн. Тэгж байтал нөхөр болох Буяндэлгэр нь цаанаас гүйж ирээд, Алтаншагайтай маргалдаж, “чи хөгшин хүнийг дээрэлхээд байна уу, багажаа өгч байхгүй яасан юм бэ” гэж хэлээд Алтаншагайгийн араас нь нэг удаа өшиглөсөн.

Тухайн үед Алтаншагай буруу хараад, явган сууж байсан ба тэнцвэр алдаад босоод ирсэн. Тэгээд тэнд байсан даамал Мөнхтулга, Энхбаяр нар салгасан. Тэгээд байж байтал Алтаншагай “бие өвдөөд байна, эмнэлэг орж үзүүлье” гэхээр нь нөхөр болох Буяндэлгэр нь дагуулж яваад Гэмтлийн эмнэлэг, Гялс төв рүү очиж үзүүлээд, рентген зураг авхуулж, наалт болон өвчин намдаах эм, тариа авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн.

Тэр өдөр орой 21:00 цагийн үед Алтаншагай Буяндэлгэр лүү залгаад “нэг сар ажилдаа явж чадахгүй, та нэг сарын цалинг барагдуулж өг” гэхээр нь нөхөр, бид хоёр зөвшөөрөөд “энэ сарын цалин буухаар өгье” гэж тооцоолсон байхад Алтаншагай Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан. Манай нөхөр Буяндэлгэр нь Алтаншагайгийн нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Харин бүдүүн модоор цохиогүй, тухайн үед Буяндэлгэрийн гарт нь барилгын хаягдал мод байсан ба Алтаншагайг өшиглөх үед газар хаясан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-12х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9619 тоот дүгнэлт:

1. С.А-ийн биед баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

4. Шинжээч эмч Д.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...2017 оны 07 сарын 25-ны өдөр бусдад зодуулсан гэх иргэн С.Агийн биед шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийхэд цээжний баруун хэсгээр өвдөнө, шөнө халуурна, баруун гар өвдөнө, хоолой шүлс залгихад хөндүүрлэж өвдөнө гэх зовиуртай байсан ба үзлэгээр С.Агийн биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул асуусан асуултанд хариулна, байрлал идэвхитэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт илрэхгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалам 2 талд жигд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтод өөрчлөлтгүй байсан. Баруун бугалганы гадна дээд хэсэг 5х4 см хэмжээтэй хүрэн өнгийн цус хурсан, бага зэрэг овойж хавдсан 5х0,2 см-ийн хэмжээтэй дэгээ хэлбэрийн зулгаралттай. Хүзүүний 2 талаар эмзэглэлтэй, цээжний баруун хэсэгт наалт наасан байдалтай байсан.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Гэмтэл согог судлалын үйлчилгээний эмчийн үзлэгийн бичигт “баруун талын 8, 9-р хавирганы хугаралттай” байсан. Энэ нь өөрөөр хэлбэл дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг удаа өшиглөх үед 2 хавирга зэрэг хугарах боломжтой. С.Агийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүссэн шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

5. Шүүгдэгч А.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Миний бие Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШЭХ” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгад, эхнэр Амаржаргалын хамт туслах ажилтан хийдэг юм. 2017 оны 07 сарын 25-ны өдөр 12:00 цагийн үед ажлын байранд арматурын ажил хийж байсан ба эхнэр болох Амаржаргал /Амараа/ хамт ажилладаг залуу болох Алтаншагайгаас замаск наадаг багажыг нь асуухад харамлаад өгөхгүй, /эхнэр/ Амарааг элдэв үгээр доромжилсон.

Тэгэхээр нь би өөрийгөө барьж чадалгүй Алтаншагайгийн араас нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Алтаншагай нь явган сууж байсан ба тэнцвэр алдаад босоод ирэхээр нь захнаас нь барьж хойш нь татсан. Тэгээд бид 2 хоёр тийшээ салсан. Удаагүй байж байхад Алтаншагай “бөөр, нуруу өвдөөд байна” гэхээр нь би Алтаншагайг дагуулж гэмтлийн эмнэлэг орж үзүүлэн рентген зураг авхуулж, өвчин намдаах эм тариа авч өгсөн. Мөн 13-р хороололд байрлах “Гялс” төв орж үзүүлэн рентген зураг авхуулсан. Ингээд Алтаншагай Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан. Алтаншагайг би модоор цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед барилгын хаягдал модыг гартаа барьсан байсан. Дараа нь уг модыг хог руу хаясан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-28х/,

 

6. Хохирогч С.А-аас Хан-Уул дүүргийн прокурорт бичгээр гаргасан “... миний бие хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн хүлээж авсан. Гомдол санал байхгүй, Нэхэмжлэх зүйлгүй. Ял багаар өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзахгүй” гэсэн хүсэлт /хэргийн 45х, 47х/, 

 

7. А.Б урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/ нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж,  А.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны  өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШЭХ” ХХК-ийн баригдаж буй барилга дээр хамт ажиллаж байсан С.Атай “хамт ажилладаг өөрийн эхнэр Амаржаргал нь замаск наадаг багажаа өгөөч гэж гуйхад өгсөнгүй, элдэв үгээр хэлж хөгшин хүнийг дээрэлхэж зохисгүй харьцлаа” гэснээс маргалдаж, С.Агийн нуруун тус газарт нь өшиглөж, “...баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал..”  бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.А /хэргийн 4-9х/, гэрч Г.Амаржаргал /хэргийн 10-12х/, шинжээч эмч Д.Долгормаа /хэргийн 19-20х/ нарын мэдүүлэг, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9619 тоот дүгнэлт /хэргийн 16х/, шүүгдэгч А.Бийн  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос хохирогч С.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан А.Бийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

  

Энэ хэргийн шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч С.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй  тухай хүсэлт гаргаснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хэргийн 45-47х/ 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 193 дугаартай прокурорын тогтоолоор А.Б-т холбогдох эрүүгийн 1710000000022 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.  

 

Иймд шүүх шүүгдэгч А.Б-ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ хэрэгт А.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус аасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. .............. овогт А-ийн Б-ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон А.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД