Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2023/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Хэргийн индекс: 159/2023/0002/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сэлэнгэ таванхан” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, ******* нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ Таванхан” ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 1322601731 дугаартай томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, хяналт шалгалт хийсний дагуу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, ******* нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актаар “Сэлэнгэ Таванхан” ХХК-нд 178,986,031.92 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

“Сэлэнгэ Таванхан” ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын зарим хэсгийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг зөвлөлд хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч “Сэлэнгэ Таванхан” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, ******* нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд  нь хүчингүй болгуулахаар шүүхэд хандан маргаж байна.

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Таванхан” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Сэлэнгэ таванхан” ХХК нь 2009 оноос эхлэн Сэлэнгэ аймагтаа барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Манай байгууллагад 2018-2021 он хүртлэх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, ******* нар нь 1322601731 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд татварын хяналт шалгалт хийж 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актаар 178,986,031.92 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Бид дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба уг зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг бид 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч байгаа тул Татварын өрөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар манай компанийг татварын хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн хэд хэдэн үндэслэл тайлбарлан нийт 178,986,031.92 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тавьсанаас:

1. 2018 онд 42,447,976.39 төгрөгийн, 2019 онд 53,566,168.55 төгрөгийн илүү төлөлттэй байсан тул 2018 онд 4,203,393.33 төгрөгийн, 2019 онд 6,529,846.99 төгрөгийн алданги тус тус тооцсон нь үндэслэлгүй,

2. 2021 онд хувь хүнд олгосон гэрээт ажилтны хөлс болох 130,575,800 төгрөгнөөс татвар суутгаагүй зөрчил хэмээн дүгнэж 18,915,732.69 төгрөгийг акт тавьсан нь үндэслэлгүй хэмээн нийт 29,648,973.01 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн байна. Бусад үндэслэлүүдийг мөн адил хууль бус гэж үзэж бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн хяналт шалгалтын 1322601731 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нар 3739236 тот регистрийн дугаартай “Сэлэнгэ таванхан” ХХК-ийн 2018-2021 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, НА-13220000010 тоот нөхөн ногдуулалтын актаар 119,446,759.40 төгрөгийн нөхөн татвар, 38,428,794.67 төгрөгийн торгууль, 21,110,477,85 төгрөгийн алданги, нийт 178,986,031.92 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Үүнтэй холбоотойгоор тус ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани нь:

1.2018 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,149,959,636.36 төгрөгийн борлуулалтын орлоготой 1,141,719,636.36 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 8,240,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготойгоор, 2019 онд 700,800,363.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 693,970,363.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 6,830,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготойгоор тус тус тайлагнасан байна. Тус онуудад хийгдсэн ажлын гэрээнүүд, харилцах дансны хуулга, татварын удирдлагын нэгдсэн систем дэх хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн тайлагнавал зохих борлуулалтын орлогыг 2018 онд 1,163,129,302.73 төгрөг, 2019 онд 844,864,435.45 төгрөг байхаар тооцсон байна. Үүнээс тайлагнаагүй борлуулалтын орлогын зөрүү 2018 онд 13,169,666.37 төгрөг, 2019 онд 144,064,072.45 төгрөг байхаар тооцож хариуцлага ногдуулсан болно. Хариуцлагыг ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2016 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйл “Үйл ажиллагааны орлого”, 8.1-д “албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг мөн хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”, 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 Татварын ерөнхий хуулийн 74.1 заалтыг тус тус үндэслэн ногдуулсан байна.

2.2020 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 400,014,986.28 төгрөгийн борлуулалтын орлоготой 395,514,986.30 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай 4,500,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2021 онд 713,880,996.37 төгрөгийн борлуулалтын орлоготой, 707,960,596.37 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 5,920,400.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготйогоос тус тус тайлагнаж баталгаажуулсан байна. Үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагын дагуу төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалт, нийгмийн даатгалын тайлангаар тайлагнасан цалингийн орлого, ажил олгогчийн төлөхөөр тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл зэргийг үндэслэн 2020 онд татвар ногдох орлогоос хасагдах зардал 290,496,423.00 төгрөг, 2021 онд 684,650,071.00 төгрөг байхаар тус тус тооцон 2020 онд 105,018,563.30 төгрөгийн, 2021 онд 23,310,525.37 төгрөгийн тус бүр баримтаар нотлогдоогүй зардал хассан зөрчилд хариуцлага ногдуулсан байна. Хариуцлагыг ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3 зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлэээр баталгаажсан байх, 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82.1.2, 74.1 заалтуудыг үндэслэн ногдуулсан байна.

3.2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 952,959,636.45 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,143,990,792.81 төгрөгийн худалдан авалттай 19,103,115.59 төгрөгийн буцаан авалттайгаар тайлагнасан байна. 2018 оны тайлагнавал зохих 1,163,129,302.73 төгрөг, тайлагнасан байна. 2018 оны тайлагнавал зохих 1,163,129,302.73 төгрөг, тайлагнасан 952,959,636.45, төгрөг зөрүү 210,169,666.28 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчилд 21,016,966.63 төгрөгийн нөхөн татвар 31,525,449.95 төгрөгийн төлбөр ногдуулсан ба үүнээс аймгийн маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 4,203,393.33 алдангийг хүчингүй болгосон байна.

4.2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 165,138,677.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 777,009,690.00 төгрөгийн худалдан авалттай, 501,689,091.00 төгрөгийн худалдан авалтын буцаалттай, 11,018,192.16 төгрөгийн буцаан авалттайгаар тайлагнасан байна. 2019 оны харилцах дансны хуулгаар борлуулалтын орлогыг тооцоход тайлагнавал зохих 844,864,435.45 төгрөг, тайлагнасан 165,138,677.00 төгрөг зөрүү 679,725,759.45 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчилд 67,792,575.95 төгрөгийн нөхөн татвар, 20,391,772.8 төгрөгийн торгууль, 13,594,515.19 төгрөгийн алданги нийт 101,958,863.92 төлбөр ногдуулсан ба үүнээс аймгийн маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 6,529,846.99 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, тооцох алдангийг 7,064,668.20 төгрөг байхаар тогтоосон байна.

5.2020 оны 4 дүгээр улирлын цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангаар /ТТ-11/ 2 татвар төлөгчийн 10,080,000.00 төгрөгийн цалингийн орлогоос 90,420.00 төгрөгийн ХХОАТ суутган шилжүүлэхээр тайлагнасан боловч нийгмийн даатгалын 2020 оны сар бүрийн тайланг тулган үзэхэд /даатгуулагчийн төрлийн код 01 буюу аж ахуйн нэгж байгууллагын ажилтан гэсэн төрлөөр/ 3 даатгуулагчийн 13,860,000.00 төгрөгийн цалингийн сангаас даатгал төлөхөөр тайлагнасан байна. Тулгахад Дарханбаатар овогтой Болдбаатарыг сарын 420,000.00 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллуулсан ба 2 тайлангийн цалингийн сангийн зөрүү 3,780,000.00 төгрөгийг цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайланд тайлагнаагүй байна. Цар тахлын улмаас 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалингийн орлогод ногдуулах ХХОАТ чөлөөлсөн тул тус 1 татвар төлөгчийн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудын 1,260,000.00 төгрөгийн /нийгмийн даатгалын шимтгэл 7 хувиар, хассан дүнгээс 10 хувиар ХХОАТ сарын 20,000.00 орлогын албан татварын тухай/ 2019 оны /7.1.1, 14.1, 23.1, 25.1.1-д тус тус заасны дагуу 571,800.00 төгрөгийн зөрчилд 57,180.00 төгрөгийн нөхөн татвар, 22,872.00 төгрөгийн торгууль/ төлбөл зохих дүнгийн 40 хувь алданги 0,044 хувь 8,981.83 төгрөг нийт 89,033.83 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Сэлэнгэ таванхан” ХХК-ийг 119,446,759.4 төгрөгийн нөхөн татвар, 31,631,537.08 төгрөгийн торгууль, 29,907,735.44 төгрөгийн алданги нийт 178,986,031.92 төгрөгийг төлүүлэхээр акт тавьжээ.

            Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ таванхан” ХХК-ийн Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг авч хэлэлцээд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нийт 178,986,031.92 төгрөгийн төлбөрөөс 130,575,800.00 төгрөгийн зөрчилд ногдох 13,057,580.00 төгрөгийн нөхөн татвар, 5,223,032.00 төгрөгийн торгууль, 11,368,361.01 төгрөгийн алданги нийт 29,648,973.01 төгрөгийн төлбөрийг бууруулж нийт 149,337,058.91 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ таванхан” ХХК шүүхэд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтын үзлэг зэргийг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс “Сэлэнгэ таванхан” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 1322601731 дугаартай томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтаар дараахь зөрчлүүд илэрчээ.

            1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1-т “Үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-т “албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-т “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” 12 дугаар зүйлийн 12.1-д “дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан бөгөөд “Сэлэнгэ таванхан” ХХК нь 2018 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,149,959,636.36 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,141,719,636.36 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 8,240,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготойгоор, 2019 онд 700,800,363.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 693,970,363.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 6,830,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлогтойгоор тайлагнасныг татварын улсын байцаагч нар шалгалт хийж тухайн онуудад хийгдсэн ажлын гэрээнүүд, харилцах дансны хуулга, татварын удирдлагын нэгдсэн систем дэх хөндлөнгийн мэдээлэл[1] зэргийг үндэслэж тайлагнавал зохих борлуулалтын орлогыг 2018 онд 1,163,129,302.73 төгрөг, тайлагнаагүй зөрүү 13,169,666.37 төгрөг, 2019 онд борлуулалтын орлого 844,864,435.45 төгрөг, тайлагнаагүй зөрүү 144,064,072.45 төгрөгийн зөрчил илрүүлж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн үндэслэл бүхий байна.

            2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тус тус заасан бөгөөд “Сэлэнгэ таванхан” ХХК нь 2020 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 400,014,986.28 төгрөгийн борлуулалтын орлоготой, 395,514,986.30 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 4,500,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлогтой, 2021 онд 713,880,996.37 төгрөгийн борлуулалтын орлоготой, 707,960,596.37 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 5,920,400.00 төгрөгийн татвар ногдох орлоготойгоор тайлагнасныг татварын улсын байцаагч нар шалгалт хийж, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагын дагуу төлбөрийн баримтаар баталгаажсан худалдан авалт, нийгмийн даатгалын тайлангаар тайлагнасан цалингийн орлого, ажил олгогчийн төлөхөөр тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл[2] зэргийг үндэслэн 2020 онд татвар ногдох орлогоос хасагдах зардал 290,496,423.00 төгрөг байхаар тооцон 105,018,563.30 төгрөгийн баримтаар баталгаажаагүй зардал хассан зөрчил, 2021 онд татвар ногдох орлогоос хасагдах зардал 684,650,071.00 төгрөг байхаар тооцон 23,310,525.37 төгрөгийн баримтаар баталгаажаагүй зардал хассан зөрчилд нөхөн ногдуулалтын акт тавьсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн буруутгах үндэслэлгүй байна.

            3.Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна.”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ” Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд татварын шалгалтаар нэхэмжлэгч “Сэлэнгэ таванхан” ХХК 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 952,959,636.45 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,143,990,792.81 төгрөгийн худалдан авалттай 19,103,115.59 төгрөгийн буцаан авалттай тайлагнасан 2018 оны тайлагнавал зохих 1,163,129,302.73 төгрөг тайлагнасан 952,959,636.45 төгрөг зөрүү 210,169,666.28 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчилд 21,016,966.63 төгрөгийн нөхөн татвар, 6,305,089.99 төгрөгийн торгууль, 4,203,393.33 төгрөгийн алданги нийт 31,525,449.95 төгрөгийн төлбөр ногдуулсан байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 4,203,393.33 төгрөгийн алдангийг хүчингүй болгосон, 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 165,138,677.00 төгрөгийн борлуулалтын орлоготой 777,009,690.00 төгрөгийн худалдан авалттай, 501,689,091.00 төгрөгийн худалдан авалтын буцалттай, 11,018,192.16 төгрөгийн буцаан авалттайгаар тайлагнасан бөгөөд 2019 оны харилцах дансны борлуулалтын орлогыг тооцоход тайлагнавал зохих 844,864,435.45 төгрөг тайлагнасан 165,138,677.00 төгрөг зөрүү 679,725,759.45 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчилд 67,972,595.95 төгрөгийн нөхөн татвар, 20,391,772.8 төгрөгийн торгууль 13,594,515.19 төгрөгийн алданги нийт 101,958,863.92 төлбөр ногдуулсаныг Сэлэнгэ аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 6,529,846.99 төгрөгийн алдангийг хүчингүй болгож 7,064,668.20 төгрөг байхаар багасгасан байх бөгөөд нэхэмжлэгч талын хувьд дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн,  татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар нөхөн төлбөр, торгууль, алданги тавьсан нь үндэслэлтэй байна[3].

            4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д “албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна”, 7.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж тэдгээртэй адилтгах орлого” 7.1.6-д “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Сэлэнгэ таванхан” ХХК 2020 онд 571,800.00 төгрөгийн цалингийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд 89,033.83 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

            Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-т “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, доор дурдсан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлнө” гэж заасан бөгөөд татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар “Сэлэнгэ таванхан” ХХК нь 2021 онд 130,575,800.00 төгрөгийн хувь хүнд олгосон гэрээт ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татварт суутгаагүй, төсөвт шилжүүлж, хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчилд нөхөн татвар 13,057,580.00 төгрөг, торгууль 5,223,032.00 төгрөг, алданги 635,120.69 төгрөг нийт 18,915,732.69 төгрөгийн төлбөр нөхөн ногдуулалтын актаар тавьсан нь,үндэслэлгүй байх бөгөөд дээрх хуулийн заалтаар тухайн байгууллага суутгагчийн үүрэг хүлээхээргүй байх тул маргаан таслах зөвлөлийн уг асуудлаар гаргасан тогтоол үндэслэлтэй байна.

            Мөн Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагч нарын НА-13220000010 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 178,986,031.92 төгрөгийн төлбөрөөс 29,648,973.01 төгрөгийн төлбөрийг бууруулж нийт 149,337,058.91 төгрөгийг төлүүлэхээр өөрчилснийг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.5, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ таванхан” ХХК-иас гаргасан “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн НА-13220000010 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ОДБААТАР

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 67-121 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 129-172 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 142-143 дугаар тал