Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1313

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.10                                                Дугаар 1313                                     Улаанбаатар хот

 

 

 

ПХ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00963 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ПХ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АК ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 273 723 500 төгрөг, алданги 136 861 750 төгрөг нийт 410 585 250 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “АК ” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай А/14/2018 дугаарын гэрээ байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт 1 дүгээр гэрээгээр дизель түлш нийлүүлэх хэмжээ, нийлүүлэх газар, нэг литр түлшний үнэ, төлбөр төлөх хугацаа, хугацаа хожимдуулсан тохиолдолд хүлээх алданги зэргийг харилцан тохиролцсон. 2018 оны 07 дугаар сарын    30-наас 2018 оны 08 дугаар сарын 21-ний хооронд 593 736 000 төгрөгийн үнэ бүхий       304 480 литр дизелийн түлш нийлүүлсэн бөгөөд “АК ” ХХК нь 320 012 500 төгрөг төлсөн. Одоо үлдэх 273 723 500 төгрөг, алданги 136 861 750 төгрөг нийт 410 585 250 төгрөгийг гаргуулна. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А14/2018/01 дугаартай Барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А14/2018/02 дугаартай Баталгааны гэрээгээр хангахаар зохицуулалттай. Барьцааны гэрээний 1.3-д     барьцаалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаанд тавьсан хөрөнгөөс зээлээр нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ, хугацаа хэтэрсэн хоног тутамд бодогдсон алдангийг төлбөрийг тэргүүн ээлжинд хангуулна гэж заасан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан А14/2018/02 дугаартай Баталгааны гэрээний 2.2-д захиалагч зээлээр авсан бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээнд заасан хугацаа хэтэрмэгц барьцаалж буй хөрөнгийг нийлүүлэгч талын өмчлөлд нийлүүлэхийг гэрээгээр баталж байна гэж заасан. Иймд гэрээний үүргийн биелэлтийг барьцааны болон баталгааны гэрээнд заасан Сүхбаатар дүүрэг 220К residence хотхоны 9а байрны 1503 тоот 5 өрөө, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ПХ ” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж нийт 593 736 000 төгрөгийн шатахуун худалдан авч 320 012 500 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар 273 723 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компани нь зөвхөн зам барилгын ажил гүйцэтгэдэг бөгөөд бид гэрээний дагуу зам барилгын ажлыг гүйцэтгэн гүйцэтгэлээрээ санхүүждэг үйл ажиллагааны онцлогтой. Энэ утгаараа бид ПХ ” ХХК-иас зээлээр шатахуун авч ажилладаг ба зарим тохиолдолд санхүүжилт удааширснаас шалтгаалан хугацаандаа шатахууны төлбөрийг төлөхгүй байх тохиолдолд гарч байсан. Дорнод аймаг Халх гол сум Тосон уул-Баянхошуу боомт чиглэлийн 210,8 км хатуу хучилттай авто зам барих төслийн болон Улаанбаатар хот-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хатуу хучилттай хурдны автозамын төслийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт 2018 оны 12 дугаар сард хийгдэх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Бид санхүүжилтээ авах талаар өөрсдөөс шалтгаалах холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн байгаа ба 5 сарын эхээр гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон. Бид гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй гол шалтгаан нь гүйцэтгэлийн санхүүжилт хугацаандаа орж ирээгүйгээс болсон юм. Цаашид манай компани нь ПХ ” ХХК-тай хамтран ажиллах хүсэлтэй байна. Зам барилгын компани нь гүйцэтгэлээр санхүүжин эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хүчээр оролцон дэд бүтцийг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Иймд манай компанийн онцлогийг, санхүүгийн хүндрэлтэй байдал зэргийг харгалзан үзэж алдангийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасан гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр болох 273 723 500 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АК ” ХХК-иас 410 585 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПХ ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2203037989 дугаар бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000626669 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 220К residence хотхоны 9а байрны 1503 тоот хаягт байрлах, 161,4 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 210 877 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АК ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 210 877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПХ ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд харилцан гэрээний үүргээ биелүүлж байсан боловч “АК ” ХХК нь санхүүгийн хүндрэлээс шалтгаалан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн ба энэ тухайгаа ПХ ” ХХК-нд мэдэгдэж талууд 2018 оны 21 дугаар сарын 31-ний өдөр хүртэл алданги тооцохгүйгээр байхаар тохиролцон тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд “АК ” ХХК нь ПХ ” ХХК-нд нийт 393 736 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100 012 500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 273 723 500 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний нийт үлдэгдэл төлбөрт гэрээнд заасны дагуу алданги тооцон бодоход 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 71 135 223 төгрөгийн алданги төлөх тооцоо гарч байна. Иймд талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тооцоо нийлсэн актын дагуу өмнөх төлбөрт алданги тооцохгүй ба 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үлдэгдэл төлбөрт алданги тооцон үзхэд 71 135 223 төгрөг болж байгаа тул шүүхийн шийдвэрт заасан алданги 136 861 750 төгрөгийг 65 726 527 төгрөгөөр багасгаж алдангийн хэмжээг 71 135 223 төгрөг болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудал үүссэн үед шүүх иргэн эрх ашгийг хамгаалж, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байна. Мөн А14/2018 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” А14/2018/01 дугаартай “Барьцааны гэрээ”, А14/2018/02 дугааргай “Баталгааны гэрээ” зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээнүүдэд иргэн Д.А-д гарын үсэг зурж баталтаажуулаагүй ба түүнийг “АК ” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Б.Ц нь орлон гэрээ байгуулсан нь хуулийн хүчин төгөлдөр бус юм. Д.А-д нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул А14/2018 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” А14/2018/01 дугаартай “Барьцааны гэрээ”, А14/2018/02 дугаартай “Баталгааны гэрээ”-нүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн буюу нэхэмжлэлийн зарим хэсэг болох алданги 1 36 861 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч ПХ ” нь хариуцагч “АК ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 273 723 500 төгрөг, алданги 136 861 750 төгрөг нийт 410 585 250 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч алдангийн хэмжээг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” гэрээ байгуулагдсан байна. Мөн нэмэлт 1 дүгээр гэрээгээр 307 692,3 литр дизель түлш нийлүүлж, нэг литр түлшний үнэ 1 950 000 төгрөгөөр худалдан авч төлбөр төлөх, гэрээний 4.10 дахь хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцож, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож Барьцааны гэрээ, Баталгааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Хариуцагч байгууллага нь санхүүжилт орж ирээгүй улмаас гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэх боловч тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Мөн хариуцагч нь дээрх татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

“Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 4.10-т “заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг төлнө” гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гаргасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” “Барьцааны гэрээ”, “Баталгааны гэрээ” зэргийг хүчингүйд тооцуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх санаачилгаараа гуравдагч этгээдийг татан оролцуулах хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ