Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар  2021/ДШМ/26

 

Б.Х-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Хад холбогдох эрүүгийн 2113000650043 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, орчуулагч А.Ахмерей, хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Алтай нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Бын Х /РД:БЮ000000/ нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Б сумын дүгээр багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газраас хохирогч Ж.Ж-ийн малын хашаанаас 4 тооны сэрх ямаа хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогт Бын Х-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхээс ноогдуулсан 10 сарын хорих ялыг тэнсэн Шүүгдэгч Б.Х би өмгөөлөгч С.А-тай зөвлөлдөж энэхүү гомдлыг гаргаж байна. Б.Х би 2021 оны 03 дугаар сарын 05 наас 06 нд шилжих шөнө Буянт сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Жи-ийн сууринаас 4 тооны сэрх ямаа хулгайлсан хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн мэдүүлж байгаа бөгөөд одоо ч гэсэн хүлээн мэдүүлж байна. Учирсан бүх хохирол төлбөрөө төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. дахин хэрэг зөрчил гаргахгүй гэдгээ амлаж байна. Миний анх удаа хийсэн хэрэг болохоор надад маш том сургамжтай хариуцлага болсон. Бусдад өгөх өр зээлээ өгч чадахгүй зовж сандрахдаа зарим хүмүүсийн ярианд уруу татагдаж бүтэх байх гэж сохроор итгэж харамсаж энэ хэргийг хийсэн билээ. Би Шүүхээс оногдуулсан ялыг өөрийн зүгээс хүлээн зөвшөөрөх хэдий ч ар гэрийн буюу эцэг эхийн минь амьдрал маш хэцүү болоод ялыг минь хөнгөрүүлж өгч тэнсэн харгалзаж өгнө үү ” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.              

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс  06-ны өдөрт шилжих шөнө, Баян-Өлгий аймгийн Б сумын дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хатуу” гэх газраас хохирогч Ж.Жийн малын хашаанаас 4 тооны сэрх ямаа хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг зөв тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Х нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ж.Ж /хх 35, 39/, иргэний нэхэмжлэгч К.Мейрамбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 43/, гэрч М.А /хх 46-47/, гэрч Т.З, гэрч Н.Б, гэрч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 63-64/ зэрэг хэрэгт  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Х-ын гэм буруутай байдал нь хэргийн газрын үзлэг болон хохирогч Ж.Ж-ийн малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “хар зүсний зөв талын чихний урдаас сэтэрхий, буруу талын чихний үзүүрээс ухам имтэй, эвэрт нь  ногоон будагтай, нас гүйцсэн 2 тооны ямааг” хураан авсан тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

            Б.Х-ын дээрх үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны зарчмыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг удирдлага болгож, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийг хуульд зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөр барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “Шүүхээс оногдуулсан ялыг өөрийн зүгээс хүлээн зөвшөөрөх хэдий ч ар гэрийн буюу эцэг эхийн минь амьдрал маш хэцүү болоод ялыг минь хөнгөрүүлж өгч тэнсэн харгалзаж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар шүүгдэгч Б.Х-ын цагдан хоригдсон 57 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч С.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын цагдан хоригдсон 57 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

С.ӨМИРБЕК