Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 138/2015/00802/и |
Дугаар | 001/ХТ2016/00645 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/00645
Ч.Алтансувдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэр,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 201/МА2016/00011 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Ч.Алтансувдын нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Ганчимэгт холбогдох,
34.565.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Г.Ганчимэгт нийтдээ 24 700 000 төгрөгийг өөрөөсөө болон бусдаас авч дамжуулан зээлдүүлсэн. Үүнд 2014 оны 05 дугаар сарын 02-нд 1 500 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 05-нд А.Нарангэрэлээс 3.0 сая төгрөг, Ш.Уранчимэгээс 6.0 сая төгрөг авч Г.Ганчимэгт өгсөн.2014 оны 6 дугаар сарын 05-нд Г.Ганчимэг Хан-Хэрлэн худалдааны төвийн гадаа таараад “DXN-ээс илүү ашигтай, өндөр урамшуулалтай энергийн бүтээгдэхүүний сүлжээ байна. 9.0 сая төгрөг олоод өгчих, урамшуулал нь маргааш бодогдоно, тал нь урамшуулал болоод эргээд ирнэ, хоёулаа хувааж авна” гэсэн. Би “энергийн бүтээгдэхүүнийг хүмүүс мэдэхгүй, борлогдохгүй байх” гэхэд олон хүний нэр бичсэн цаас харуулаад “энэ хүмүүс бүгд захиалсан байгаа, та мөнгө л олоод өгчих би борлуулалтаа хариуцна. Тэгээд ч би ирэх 7 хоногт Төрийн банкнаас зээл авна, бүр болохгүй бол авсан зээлээсээ төлнө” гээд 75 000 төгрөгийн үнэтэй гэх энергийн бүтээгдэхүүн нэгийг бэлэглэсэн. Тэгээд би А.Нарангэрэлээс 3.0 сая төгрөг, Ш.Уранчимэгээс 6.0 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй авч Г.Ганчимэгт өгсөн.Урамшуулал буух өглөө Г.Ганчимэг надтай таараад сүлжээ задлахаар хотоос Батцэцэг эгч ирсэн, цайллага хийх гэсэн мөнгө байхгүй байна, мөнгө өгөөч гэхээр нь би 200 000 төгрөгөө өгсөн. Тэгээд урамшуулал буугаад урамшууллын мөнгөнөөс А.Нарангэрэл, Ш.Уранчимэг нарын мөнгөний 7 хоногийн хүү болох 630 000 төгрөгийг би Г.Ганчимэгээс авч А.Нарангэрэлд 210 000 төгрөг, Ш.Уранчимэгт 420 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 06-нд төлсөн. Мөн 200.000 төгрөгөө суутгаж авсан. Надад мөнгө өгч байхад утас нь дуугараад хүнтэй ярьсны дараа би мөнгөө хүнд өгөхөөр боллоо, гэртээ хоосон явах нь 200 000 төгрөг өгөөч гээд авсан.Би урамшууллаас 1.0 сая төгрөг л авсан. 2014 оны 08 сард 1.0 сая төгрөгийг А.Нарангэрэлд хүүнд бодож авч өгсөн. Сүүлд нь би “нөгөө хүний зээл удахгүй бүтэх байхаа, хоногийн хүүгээ зогсоогоод гэрээний хугацаагаа 1 сараар сунгая” гэхэд А.Нарангэрэл 10 хувиар, Ш.Уранчимэг 15 хувиар тохирсон.2014 оны 06 дугаар сарын 08-нд Л.Бямбадоржоос 5.0 сая төгрөг, Д.Хандсүрэнгээс 1.0 сая төгрөг авч Г.Ганчимэгт өгсөн. Г.Ганчимэг “та энэ бүтээгдэхүүнийг найдвартай, урамшуулал нь шуурхай гэдгийг нүдээрээ харсан биз дээ, дахиад 9.0 сая төгрөг олоод өгчих дахиад энэ барааг захиалъя” гэсэн. Би хүргэн Л.Бямбадоржтой яриад хоногийн 1 хувийн хүүтэй 5.0 сая төгрөг авсан. Г.Ганчимэг намайг хот руу хамт явъя, зардал мөнгийг даана гэхэд нь хамт явсан. Хотод очоод байхад Г.Ганчимэг “5.0 сая төгрөг арай бага байна, та хүнээс дахиад мөнгө асуугаад үз” гэхэд нь Д.Хандсүрэнгээс 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, 1.0 сая төгрөг авсан.Би бараануудыг нь хартал, хүн авах ч бараа байсан, авахгүй ч бараа байсан. Би энэ удаа бараа авахаа болъё гэсэн. Гэтэл Г.Ганчимэг манайх шүүхийн шийдвэр дээр 2 400 000 төгрөгийн өртэй юмаа, энэ мөнгөнөөс шилжүүлчих үү гэхэд нь би чиний зээл үнэхээр гарна гэвэл энэ мөнгөө хэрэглэж болно гэсэн. Тэгээд Г.Ганчимэг нөхөр рүүгээ 2 400 000 төгрөг шилжүүлсэн, гоо сайхандаа 6.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан.Дорнодод ирсэн хойноо Г.Ганчимэг хотод байхдаа авсан алтан ээмэг бөгжөө ломбарданд тавиад Л.Бямбадоржийн мөнгөний хүүд 350 000 төгрөг төлсөн. Би Л.Бямбадоржид “нөгөө хүний зээл удахгүй бүтнэ гэсэн, зээлээ 1 сараар сунгая” гээд сарын 15 хувиар болгож сунгасан.2014 оны 06 дугаар сарын 18-нд Б.Батдоржоос 5.0 сая төгрөг, Гэрлээгээс 1.4 сая төгрөг авч Г.Ганчимэгт өгсөн. Би Г.Ганчимэгтэй уулзаад “зээлээ аваа” гэсэн чинь “манай байрны ордер ломбарданд 10.0 сая төгрөгийн барьцаанд байгаа. Ломбарднаас ордероо авчих юм бол байраа тавиад зээлээ авах гээд байна” гэсэн. Тэгээд би дахиад Б.Батдоржоос 5.0 сая төгрөг, Гэрлээгээс 1.400.000 төгрөгийг зээлж Г.Ганчимэгт өгсөн. 7 дугаар сарын эхээр Батдоржийн мөнгийг өгөх шаардлагатай болсон. Г.Ганчимэг “Капитал банкнаас 50.0 сая төгрөгийн зээл авахаар болсон. Та хүнээс аваад Батдоржид өгчих. Би зээлээ аваад хүүтэй нь өгчихнө” гэсэн. Тэгээд би 10-р байшингийн ломбарднаас 3.500.000 төгрөгийг өндөр хүүтэй зээлж аваад 2014 оны 07 дугаар сарын 04-нд Батдоржид өгсөн. 2014 оны 09 дүгээр сарын 01-нд Л.Бямбадоржоос 1.8 сая төгрөгийг авч Г.Ганчимэгт өгсөн. Г.Ганчимэг нь Капитал банкнаас зээлээ авахад доод тал нь 2.0 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна гэхээр нь би хүргэн Л.Бямбадоржоос 2.0 сая төгрөг аваад, 1 800 000 төгрөгийг нь Г.Ганчимэгт гарын үсэг зуруулж өгсөн. Г.Ганчимэг нь Л.Бямбадоржоос авсан зээлийн хүүд нийтдээ 5 250 000 төгрөг, А.Нарангэрэлээс авсан зээлийн хүүд 1 210 000 төгрөг, Ш.Уранчимэгээс авсан зээлийн хүүд 420 000 төгрөгийг буюу бүгд зээлийн хүүд 6 880 000 төгрөгийг төлсөн. Б.Батдоржоос авсан үндсэн зээлд 3 500 000 төгрөг төлсөн. Иймээс нийт 24 700 000 төгрөг зээлдүүлснээс Б.Батдоржоос авсан үндсэн зээлд төлсөн 3 500 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 21 200 000 төгрөг нэхэмжилж байна.11 620 000 төгрөгийг бусдад хүүд төлсөн тул үүнийг Г.Ганчимэгээс нэхэмжилж байна. Г.Ганчимэг нь Капитал банкнаас зээл авна гэж надад худлаа хэлсэн байсан. 2014 оны 11 сарын сүүлээр бид хоёр муудалцаж би түүнийг шүүхэд өгнө гэхэд утсаа тасалсан. Г.Ганчимэгийн нөхөр Б.Мөнхтөр нь надтай уулзаад шүүх цагдаад өгөөд яахав, надад ганц л боломж байна гээд санал тавьсаны дагуу манай нөхөр бүгд ярилцаад Г.Ганчимэг, Б.Мөнхтөр нар нь 100 хувийн лизингээр авсан орон сууцаа 30 хувийг нь төлж дуусаад бидэнд шилжүүлэх, бид хоёр Г.Ганчимэгийн 22 000 000 төгрөгийн өрийг хүмүүст төлөхөөр тохиролцсон. Ингээд манайх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Ганчимэгийн байранд нүүж орсон. Бид өөрсдийн байртай болж байна гэж бодоод бусдаас төрөл садан, найз нөхдөөрөө дамжуулан өөрийн нэр дээр 10-20 хувийн хүүтэйгээр нийт 10 200 000 төгрөгийг зээлж, Г.Ганчимэгийн дээрх өрийн ихэнхийг дарсан.Гэтэл Г.Ганчимэг 2015 оны 07 дугаар сард байраа өгөхгүй, та нар манай байрыг дээрэмдэж авсан, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж загнасан. Би 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байрнаас гарч нөхөр Б.Мөнхтөр болон Г.Ганчимэгийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарт хүлээлгэн өгсөн. Г.Ганчимэгийн өрийг дарахад зээлсэн мөнгөний хүүд 11 620 000 төгрөгийг бусдад төлж хохирол хүлээсэн. Энэ мөнгийг Г.Ганчимэгээс нэхэмжилж байна.Мөн Г.Ганчимэгийн байрны лизингийн төлбөрт 1 745 000 төгрөгийг төлсөн. Үүнийг нэхэмжилж байна. Ингээд нийтдээ зээлийн үлдэгдэл 21 200 000 төгрөг, бусдад зээлийн хүүд төлсөн 11 620 000 төгрөг, Г.Ганчимэгийн байрны лизингэд төлсөн 1 745 000 төгрөг буюу 34 565 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ер нь бол “Их-Баяндалай” ХХК-ийн энергийн бүтээгдэхүүний борлуулалтын ажил ашигтай гэж ярилцаад хамтарч ажиллахаар болж хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж, бүтээгдэхүүний захиалга хийсэн. Ч.Алтансувдаас нийт 15 400 000 төгрөг авсан. Үүнээс 9 150 000 төгрөгөөр бүтээгдэхүүний захиалга хийсэн. 3 520 000 төгрөгний урамшуулал авч 2 тэнцүү хувааж авсан. Гэтэл Ч.Алтансувд намайг зээлийн тооцоогоо хариуц, баримт үйлдье, тооцоотой байхад илүүдэхгүй гэсний дагуу бараа нь надад байсан болохоор хүмүүсээс авсан зээлийн дүн, хугацаа, хүүгээ бичээд баримт үйлдсэн. Би гарын үсэг зурж авсан мөнгөө хариуцаж төлсөн.Мөнгө зээлсэн хүмүүсээс ганц хоёроос бусдыг нь огт хараагүй, гэрээ хэлцэл хийх үед нь байгаагүй болохоор Ч.Алтансувдын хэлснээр л хүү төлнө гэж ойлгосон. Би Ч.Алтансувдад мөнгийг төлдөг, тэр цаашаа хүмүүстээ өгдөг байсан. Би нийтдээ 18 565 000 төгрөг төлсөн. Миний хувьд тэмдэглэлд бичсэнээр 18 785 000 төгрөг төлсөн. Нийт төлсөн мөнгө маань 22 116 000 төгрөг болсон. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Алтансаувд нь манай нөхрийг дарамталж байгаад 8 хувийн зээлээр авсан 1 өрөө байранд минь 2014 оны 11 дүгээр сарын 30-нд орсон. Би тухайн үед эмнэлэгт хүүхдээ аваад хэвтэж байсан.Тэгсэн мөртлөө намайг эвлэрүүлэн зуучлахад өгсөн байсан. Тэгэж байгаа бол би байраа буцааж авна гэсэн. Хүний байранд дайрч орчихоод хүүтэй мөнгө хүнээс авсан гэх 11 620 000 төгрөгийн асуудал надад хамаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Алтансувд манай байранд орсноос хойш хүнээс мөнгө зээлсэн гэдэг асуудал надад огт хамаагүй гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Г.Ганчимэгээс 3 946 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Алтансувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 22.950.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтансувдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 78.096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Алтансувдад олгож шийдвэрлэжээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 201/МА2016/00011 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч Г.Ганчимэгээс 11 842 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Алтансувдад олгон, нэхэмжлэлээс үлдэх 22 723 000 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Алтансувдаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 204.442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Алтансувдад олгосугай” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Алтансувдаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хоёр талаас хүлээн зөвшөөрсөн өглөг авлагын асуудалд үндэслэлгүй дүгнэлт өгсөн гэж үзэж байна.Алтансувд надад хөрөнгө олж өгч, би үйл ажиллагааг явуулж хамтран ажиллаж ашгаа 50 хувиар хувааж, алдагдлаа ч хамтран хариуцах байсан. Алтансувд мэдүүлэгтээ “урамшуулалд 1 200 000 төгрөг авсан” гэдгээ зөвшөөрөөд байхад шүүх зөвхөн 1 сая төгрөгөөр л тооцсон байна.Бямбадоржид төлсөн гэх 5 сая төгрөгийг давж заалдах шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд Алтансувдын дансанд хийсэн мөнгөөр тооцсон. Гэтэл Алтансувд шүүхэд гаргасан тайлбартаа малчдын зээл төлөхөд 1 900 000 төгрөг, дансаар 3 сая төгрөг авсан нь үнэн. Нийлбэл 4 900 000 төгрөг гэж бичсэнийг бэлнээр өгсөн юм шиг бичсэн байна.Энэ тайлбарыг нь үнэн гэж үзвэл Алтансувдын дансанд 2014 оны 11 дүгээр сарын 14-нд орсон 3 сая төгрөг л Бямбадоржийн 5 сая төгрөгийн төлөлтөнд малчны зээл гэж өгсөн 1 900 000 төгрөгтэй нийлж тооцогдсон байхад Алтансувдын дансанд орсон 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон 1 сая төгрөгийг нийлүүлэн тооцож зөвхөн нэхэмжлэгч Алтансувдын давж заалдсан гомдолд бичсэнээр шийдсэн нь хэт өрөөсгөл, хайхрамжгүй шийдсэнийг харуулж байна.Алтансувдын тайлбараас үзэхэд Ганчимэг Алтансувдын дансанд 3 удаа тус бүр 1 сая төгрөг хийсэн болох гээд байна. Эндээс 2-3 сая төгрөг Ганчимэг төлсөн нь Алтансувдад төлсөн мөнгөний тооцоонд орсонгүй. Мөн миний бие шүүхэд ирэхээсээ өмнө ч Нацагням, Оюунчимэг нараас мөнгө зээлж Алтансувдад өгснөө хэлсээр байтал давж заалдах шатны шүүх үүнийг огт үнэлж үзсэнгүй.Нацагнямаас 1 200 000 төгрөг аваад Алтансувдад өгсөн ба үүнийг Алтансувд шүүх хурал дээр авсан гэж хэлсэн. Анхан шатны шүүх хурал дээр Алтансувд Улаанбаатар явахдаа 430 000 төгрөг авснаа зөвшөөрсөн. Миний хувьд бид 2 бараагаа авна гээд хоёулаа онгоцоор ниссэн зардал нь 381 800 төгрөг, буцаж ирэхдээ 100 000 төгрөгийн зардал гаргасан. Тухайн үед хамтран ажиллаж ашиг олно гэж хамт явж дээрх замын зардал буюу 481 800 төгрөгийн зарцуулсан тул уг мөнгийг хувааж хариуцах ёстой гэж үзэж байгаа тул Алтансувдаас 240 900 төгрөг гаргаж нэхэмжлэлээс нь суутгаж тооцох ёстой гэж үздэг.Анх нэхэмжлэлээсээ Батдоржийн 3 500 000 төгрөгийг хасаж нэхэмжлэлээ гаргасан бол миний төлөгдсөн тооцоонд орон тооцогдсон учир хасагдаж болох юм. Би мөнгөө Алтансувдад л өгдөг. Алтансувд хэндээ өгдгийг нэг бүрчлэн би мэдэхгүй.Иймд давж заалдах шатны шүүхээс намайг төл гэж шийдсэн зээлийн гэрээний үүрэг гэх 10 097 000 төгрөгнөөс төлсөн 8 000 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв болжээ. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний үүрэг, түүний тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын нотлогдсон байдал, тэдгээрт өгөх эрх зүйн дүгнэлтийг магадлалдаа тодорхой тусгасан байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар хяналтын журмаар гаргасан хэргийн оролцогчийн гомдол нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгатай байх учиртай.
Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдолд шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй тул маргааны үйл баримтын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр үгүйсгэх, улмаар гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 201/МА2016/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН